“Төгсгөл,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“Төгсгөл,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
Төгсгөл
Бид энэхүү удирдамжийн төгсгөлд ирж буй ч ариун аяллынхаа төгсгөлд ирээгүй гэдгээ гэрчилж байна. Бид анх донтолтоос ангижрах цуглаанд ирэхдээ, бидэнд тохиолдож болох хамгийн агуу гайхамшиг бол донтолтоос ангижрах явдал байх болно гэж төсөөлөн бодож байлаа. Энэхүү адислалыг хүлээн авч байгаа бид илүү их ажил, илүү их гайхамшиг, ач ивээлийг мэдрэх болно гэдгийг мэддэг. “Нүд үзээгүй, чих сонсоогүй, Хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” (1 Коринт 2:9).
Эдгээр алхмыг хэрэгжүүлж донтолтоос ангижирч байгаа бид бүхэн таныг ч мөн донтолтоосоо бүрэн ангижирч, түүний дотор Сүмд бүрэн оролцсоноор ирэх нэмэлт адислалуудаар адислагдаасай хэмээн найдаж, залбирч байна. Цэвэр ариун, эрүүл саруул байх нь Их Эзэний бидэнд зориулсан бүхнийг хүлээн авахын эхлэл юм.
Бидний зарим нь хөтөлбөрт хамрагдан, донтолтоос ангижирсан гэж бодсондоо оролцохоо больж, хуучин зуршилдаа эргэн ордог. Зарим нь донтолтоосоо ангижирдаг ч Сүм дэх бүрэн дүүрэн үйл ажиллагаагаар олж авдаг адислалуудыг хүлээн авахаа больдог. Донтолтоос бүрэн ангижрах гэдэг нь донтолтоос ангижрах 12 алхам, Есүс Христийн сайн мэдээ хоёрын хоорондын тэнцвэр, уялдаа холбоог олох явдал мөн гэдгийг бид олж мэдсэн.
Бид Христ дотор шинэ бүтээл болж байгаа бөгөөд үүний ачаар бид хөшигний хоёр талд буй Их Эзэнд туслах хүчирхэг зэмсэг болж чадна (2 Коринт 5:17-г үзнэ үү). Бид эдгээр сайн мэдээний зарчмыг амьдралынхаа бүхий л хүрээнд, түүний дотор Сүм дэх үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцсоноор олж авч болох нэмэлт хүч чадлын талаар гэрчилж байна. Донтолтоос ангижрах үедээ хэрэгжүүлдэг зарчим, сурсан сургамж, олж авсан туршлагууд маань биднийг Христэд илүү бүрэн дүүрэн ирж, Их Эзэний төлөвлөгөөний дагуу үйлдэхэд чиглүүлдэг. Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн “санаа сэтгэлээ бүрэн зориулдаг” гишүүд болж байна (Сургаал ба Гэрээ 58:27).
Биднийг энэ удирдамжид санал болгосон арга хэрэгслүүдийг ашиглахад Их Эзэн биднийг адисалсан юм. Хэдий тийм ч Есүс Христийн Сүм бидний хувьд эрүүл ухаантай байж гэрээний зам дагуу өсөж хөгжихөд шаардлагатай бүх арга хэрэгслийн агуулах юм. Бид энэ удирдамжийг дүгнэхдээ Донтолтоос ангижрах сүмийн хөтөлбөрийн бүх оролцогчийг “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх”-д (2 Нифай 31:20) урьж байна. Бид ийн үйлдсэнээр “Та нар мөнх амьдралыг хүртэх болно” (20-р шүлэг) гэсэн Их Эзэний бүх амлалтаас хамгийн агуу амлалт бидэнд өгөгдөнө.
Төгсгөлд нь бид Аврагч Есүс Христээр төдийгүй эдгээр зарчмаар дамжуулан донтолтоос ангижрах найдвар бий гэсэн гэрчлэлээ үлдээж байна. Бид сайн мэдээнд оролцож, эдгээр алхмыг хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр нь үр дүнгээ өгдөг гэдгийг мэднэ. Есүс Христийн хязгааргүй ач ивээлээр бүрэн эдгэрч, энэ ажлаа үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэл, бэлэн байдлын төлөө залбирахад бид та бүхнийг урьж байна. Бурхан таны аяллыг адислах болтугай.