“9-р алхам: Боломжтой бол учруулсан хохирлоо тухайн бүх хүнд шууд нөхөн барагдуул,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“9-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
9-р алхам: Боломжтой бол учруулсан хохирлоо тухайн бүх хүнд шууд нөхөн барагдуул.
Үндсэн зарчим: Засаж, залруул
9-р алхам руу шилжих үедээ бид уучлал гуйхад бэлэн болсон байлаа. “Учруулсан бүх хор хөнөөлөө залруулахаар чармайн хичээж” (Мозая 27:35), байсан Мозаягийн хөвгүүдтэй адилаар бид наманчилж, засаж залруулахыг хүсэж байв. Хэрэв биднийг Бурхан Өөрийнхөө Сүнсээр адислахгүй юм бол хүслээ гүйцэлдүүлж чадахгүй гэдгийг бид 9-р алхам руу орохдоо мэдэж авсан. Бидэнд зориг, хэрсүү ухаан, соргог мэдрэмж, анхаарал болгоомж, цаг хугацааг оновчтой сонгох нь чухал байлаа. Тэр үед бидний олонх нь эдгээр шинж чанарыг эзэмшээгүй байв. 9-р алхам бидний хувьд өөрсдийгөө даруусгаж, Их Эзэний тусламж, нигүүлслийг эрэлхийлэх хүслийн маань бас нэгэн сорилт болохыг бид ойлгосон юм.
Энэ сорилтот үйл явцын үе дэх өөрсдийн туршлагаас үүдэн бид та нарт хэдэн зөвлөмж өгөхийг хүсэж байна. Засаж залруулахаар хичээх үедээ бид яаруу сандруу юм уу хайхрамжгүй хандаж хэрхэвч болохгүй. Засаж залруулахаа хойш тавихгүй байх нь мөн маш чухал. Засаж залруулахаас эмээснээс болж олон хүн хуучин зуршилдаа эргэн автсан билээ. Бид хэзээ, хэрхэн засаж залруулах талаар Их Эзэний удирдамжийг хүлээн авахын төлөө залбирах хэрэгтэй. Түүнээс гадна, дэмжигч хүмүүстэйгээ болон Сүмийн удирдагчидтай эсвэл итгэдэг бусад хүнтэй ярилцах нь тустай байдаг.
Зарим үед бид жагсаалт дээрх аль нэг хүнтэй уулзахаас зайлсхийхэд уруу татагдаж болно. Гэвч, хэрэв хэн нэгэнтэй уулзахад танд хуулиар хязгаарласан аливаа саад байхгүй л бол та энэ уруу таталтыг эсэргүүцэх хэрэгтэй нь мэдээжийн хэрэг. Бид даруу төлөв, үнэнч шударга байж, биечлэн уулзахыг зохих ёсоор хичээвэл сэвтэж гэмтсэн харилцаагаа засаж чадна. Хүмүүст өмнөх алдаа дутагдлаа засаж залруулахаар хандаж байгаагаа ойлгуул. Хэрэв тэд уг асуудлыг ярилцахыг хүсэхгүй байгаагаа харуулж байвал тэдний хүслийг хүндэтгэ. Хэрэв тэд уучлал гуйх боломжийг бидэнд олговол, үйл явдлын талаар товч бөгөөд тодорхой дурд. Хандаж буй хүмүүстээ шалтаг тоочих, залилан мэхлэхээс болгоомжил. Засаж залруулах зорилго нь зан авираа зөвтгөх эсвэл хүмүүсийг шүүмжлэх явдал биш бөгөөд зорилго нь өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйн, боломжтой тохиолдолд хохирлыг нөхөн барагдуулах явдал юм. Бид бүр тэдний хариу үйлдэл аятай биш юм уу хүлээн авч болмооргүй байсан ч хүмүүстэй маргадаггүй. Бид хүн нэг бүртэй даруухан харьцаж, зөвтгөхийг бус эвлэрэхийг санал болгодог.
Зарим нэг үйлдэлдээ уучлал гуйх нь бүр ч хэцүү байж болох юм. Жишээ нь: Хулгай, хүчирхийлэл зэрэг хуулийн шийтгэл хүлээх учиртай асуудлуудаар уучлал гуйх шаардлага бидэнд гарч болно. Бид гөжүүрхэх эсвэл шалтаг зааж өөрийгөө зөвтгөх, засаж залруулахаас зайлсхийх зэргээр уруу татагдаж мэднэ. Эдгээр онцгой тохиолдолд аливаа үйлдэл хийхийн өмнө бид залбиралтайгаар санваартны буюу мэргэжлийн хүний зөвлөгөөг эрэлхийлдэг.
Зарим тохиолдолд бид шууд засаж залруулах боломжгүй байж болно. Уучлал гуйх ёстой хүн нь нас барсан ч юм уу тэр хүний хаана амьдарч байгааг бид мэдэх боломжгүй байж болно. Энэ тохиолдолд бид шууд бусаар залруулж болно. Бид харамсаж буйгаа илэрхийлж, захидал тухайн хүнд хүрэхгүй байж болох ч эвлэрэхийг хүссэн захидал бичиж болно. Тэр хүний тухай, мөн түүнд туслахын тулд ямар нэг зүйл хийхийг өөрт тань сануулж чадах хэн нэгнийг бид сураглан олж болно. Эсвэл тухайн хүний гэр бүлийн гишүүнд туслахын тулд нэрээ мэдэгдэлгүйгээр ямар нэг зүйл хийж болно.
Зарим тохиолдолд бид засаж залруулж чадахгүй хор хөнөөл учруулсан байж ч мэднэ. Ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
“Шархлуулсан, гомдоосон нэгний зөв гэж болохооргүй олон буруу зүйл байдаг бөгөөд бүрэн засаж чадахгүй зовлон, шаналал байдаг. Хэдийгээр Их Эзэний оролцоогүйгээр хайр, цэвэр ариун байдал, ариун журам, итгэл найдвар, хүндэтгэлийг сэргээх боломжгүй байж болох ч өөрийн хийж чадах нигүүлсэл, хөнгөвчилж болох зовлонгоо хэзээ ч бүү үгүйсгэ. … Зарим нүглийг уучлуулах цорын ганц арга зам бол бусдын амьдралыг адислах, түүний сайн сайхан, ач ивээлийг бусдад авчрах Их Эзэний мутар дахь зэмсэг байх явдал юм” (The Divine Gift of Forgiveness [2019], 218, 221).
Бид амьдралынхаа шинэ хэв маягт эдгээр зарчмыг хэрэгжүүлэхээр шийдсэн мөчөөс эхлэн засаж залруулж эхэлдэг. Биднийг амьдрах арга замаа засаж өөрчлөн, эдгэрч байгаа үед энэ нь бидний эргэн тойрон дахь бүх хүнийг адисалдаг.
Өөр хүнд хандан засаж залруулах нь уг хүний хувьд сэтгэл эмзэглүүлэм, тэр ч байтугай хор уршигтай байх тохиолдол ч гарч болно. Хэрэв та тийм зүйл болох вий гэж бодвол, дэмжигч хүн эсвэл итгэл хүлээсэн зөвлөхтэйгөө нөхцөл байдлын талаар ярилц. Эдгэрэх энэ алхам нь хэзээ ч бусдад хор хохирол, бухимдал учруулах ёсгүй.
Өнгөрсөн үеийнхээ үйлдлүүдийн ихэнхийг засаж залруулж дууссаны дараа, нэг хоёр хүнтэй нүүр тулан уулзаж чадахгүй юм шиг бидэнд санагдаж мэднэ. Биднээс олон хүн энэ бодит үнэнтэй тулгарсан. Их Эзэнд хандан чин сэтгэлээсээ залбирахыг бид танд зөвлөж байна. Хэн нэгний талаар айдас, уур уцаар танд байгаа бол та түүнтэй уулзахаа хойшлуулж болно. Бид тухайн хүнийг Их Эзэн ямархуу байдлаар хардаг шиг түүнийг тийм байдлаар харахын төлөө залбирснаар сөрөг бодол санааг даван туулж чадна. Залруулах болон эвлэрэх учиртай эерэг шалтгаануудыг бид эрж хайж болно. Хэрэв бид ийн үйлдэж, тэвчээртэй байх аваас, өөрсдийн жагсаалт дахь хүн бүрээс уучлалт хүсэх гайхамшигт боломжийг Их Эзэн Өөрийн арга замаар, Өөрийн цагт бидэнд өгч чадна, өгөх ч болно.
Зарим тохиолдолд тухайн хүн биднийг уучлахгүй эсвэл уучилж чадахгүй. Зарим хүн биднийг уучилж болох ч эвлэрэхийг эсвэл бидэнтэй харилцаатай байхыг хүсдэггүй. Энэ нь бидний хувьд урам хугармаар эсвэл зовлонтой байж болох ч тэдний мэдрэмжид хүндэтгэлтэй хандаж, сонгох эрхийг нь хүндэтгэх нь чухал юм. 9-р алхам нь засаж залруулахын тулд өөрсдийн үүргийг биелүүлэх явдал юм. Энэ нь нөгөө хүнээс биднийг уучлах юм уу бидэнтэй эвлэрэхийг шаарддаггүй. Бид засаж залруулахын тулд чин сэтгэлээсээ хичээж чармайхдаа 9-р алхмын дагуу үйлдэж, эдгэрэх аяллаа урагш ахиулдаг.
Хэрэгжүүлэх алхмууд
Энэ бол үйлдэх хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хийхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.
Бусадтай харьцах
8-р алхамд бид жагсаалт гаргаж, өөрсдийн жагсаалтад байгаа хүмүүстэй хэзээ, хэрхэн харьцах талаар залбирч байгаад тунгаан бодсон. Бид төлөвлөгөөг маань дэмжих хүн эсвэл итгэл хүлээсэн зөвлөхүүдтэйгээ ярилцаад, 9-р алхам буюу жагсаалт дээрх хүмүүстэй (боломжтой бөгөөд тохиромжтой бол) холбоо барихад бэлэн болсон байлаа. Бид хүмүүстэй холбоо барьж засаж залруулахдаа донтолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагагүй. Гэхдээ яагаад бид тэдэнтэй ярилцах хэрэгтэй талаарх учрыг илүү сайн ойлгоход нь тэдэнд туслахын тулд хангалттай дэлгэрэнгүй хуваалцах хэрэгтэй.
Бид алдаагаа хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг зөв тийш эргүүлэхийн тулд юу хийж болох талаар асуудаг. Тэд биднийг уучлах эсэх нь тэднээс л шалтгаална. Хандсан хүмүүст маань хариулахад тохиромжтой, биднээс асуух асуулт байж болох юм. Тэдний асуултад хариулахдаа харилцаандаа цаашид хор хөнөөл учруулахгүй байх тал дээр анхаар. Хэрэв танд ямар нэг эргэлзээ байвал энэ талаар илүү их бодож үзэхийг хүсэж байгаагаа мөн тэдэнтэй эргэж холбогдоно гэдгээ хэлээрэй. Дараа нь та эдгээр асуултад хэрхэн, хэзээ хариулах талаар дэмжих хүн эсвэл итгэл хүлээсэн зөвлөхтэйгөө ярилцаж болно.
Бид энэ үйл явцын туршид заримдаа сэтгэл ихэд хөдөлж магадгүй. Бид тайван байж, айлчлалынхаа зорилгод анхаарлаа төвлөрүүлэхийн тулд Их Эзэний тусламжийг гуйн залбирдаг. Бид хэн нэгний ямар нэг үйлдлийг ярих юм уу үүнд анхаарлаа төвлөрүүлснээр өөрсдийн үйлдлийг зөвтгөж, тайлбарлахаар уруу татагдаж болох ч ийм уруу таталтыг эсэргүүцэх ёстой. Бид өөрсдийн гаргасан үйлдлийг засаж залруулахад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
Бид хохирол учруулсан хүнтэйгээ эвлэрч болохын тулд юу хийж болох талаар ярилцдаг. Жишээ нь: Хэрэв бид мөнгө буцааж төлөх хэрэгтэй бол тухайн хүн өрийг маань уучилж болох ба үндсэн төлбөрийг юм уу хүүг төлөхийг шаардах боломжтой. Бид тэдний хүлээж буй зүйлийг хангах шаардлагагүй байж болох ч тэр хүн эвлэрэхийн тулд биднийг юу хийх хэрэгтэй гэж бодож байгааг ойлгох нь чухал бөгөөд энэ талаар залбирч байгаад тунгаан бодох хэрэгтэй.
Бид засаж залруулсныхаа дараа, 4-р алхмаар хийж гүйцэтгэсэн хүснэгтийн сүүлийн хоёр баганыг хийж дуусгана (хүснэгтийн жишээг хавсралтаас үзнэ үү). Бид холбоо барих хүн бүрийн огноо, залруулга, үр дүнг оруулна. Дараа нь үр дүнгээ дэмжигч хүнтэйгээ ярилцана. Бид жагсаалтад байгаа хүмүүстэй эв нэгдэлтэй байхын тулд чадах бүхнээ хийхийг хичээж байгаагаа ойлгодог. Бид бүх зүйлийг зөв болгохын тулд чадах бүхнээ хийсэн бөгөөд бидний эдгээж чадахгүй зүйлийг эдгээнэ гэдэгт Их Эзэнд итгэж болно. Их Эзэнтэй харилцах бидний харилцаанаас амар амгалан ирдэг. Зарим хүн хүссэнээрээ хариулах, сонгох эрхтэй байдаг.
Эдгэрэлтээс ирдэг адислалуудыг таньж мэдэх
Бид алдаагаа засаж залруулахаар зориг гарган цугларах үедээ алхмуудын дагуу ажилласнаар энэ хүртэлх олон адислалыг хүлээн авсан маань урамтай байлаа. Бид эдгэрэлтээс ирдэг адислал бидний бодож байснаас хавьгүй илүү зүйл гэдгийг ойлгож эхэлсэн. Бид та бүхнийг амьдралдаа гарсан өөрчлөлтүүдээ жагсааж эхлэхийг санал болгож байна. Бид эдгэрэх энэ байдалд хүрэхдээ өөрсдөдөө анзаарсан зарим өөрчлөлтийг харуулъя.
-
Бид Бурханы биднийг хайрладаг төгс хайрыг мэдэрдэг.
-
Бид амьдралдаа шинэ баяр баясгалан, аз жаргал, эрх чөлөөг мэдэрдэг.
-
Бид хүмүүс, харилцаа холбоо, нөхцөл байдлыг илүү гүн гүнзгий өнцгөөс харж ойлгон, бусдыг илүү их өрөвддөг болсон.
-
Бид амьдралынхаа зүг чиг, зорилгыг шинээр олж авсан.
-
Бид өөрсдийгөө болон бусдыг илүү ихээр хүлээн зөвшөөрч, хайрладаг.
-
Бид өөрсдөдөө бага анхаарч, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхэд илүү их анхаардаг.
-
Бид Есүс Христийн хязгааргүй Цагаатгалыг илүү хүчтэйгээр хувьдаа мэдэрдэг.
-
Бид мөнхийн ирээдүйдээ илүү их найдаж, итгэдэг.
-
Бидэнд амь насныхаа талаар болон санхүүгийн нөхцөл байдлаас айх айдас бага байдаг.
-
Бид уучлагдсанаа мэдэрч, бусдыг дуртайяа уучилдаг.
-
Бид өөрсдийн хийж чадахгүй зүйлийг Бурханы хүчээр хийж чадна гэдэгт итгэдэг.
Судлах ба ойлгох
Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тус болно. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бид үүнээс хамгийн сайн ашиг тус хүртэхийн тулд бичихдээ үнэнч шударга, тодорхой байх ёстойгоо санах ёстой.
Бусдад сайнаар нөлөөлөх
“Мөн эдүгээ Их Эзэний Сүнс надад хэлж байна: Хүүхдүүддээ сайныг хийхийг зарлигла, эс тэгвээс тэд олон хүмүүний зүрх сэтгэлийг устгал уруу удирдах вий; тиймийн тул, хүү минь, Бурханаас эмээх айдастайгаар би чамд зарлиглаж байна, чи алдсуудаасаа түдгэлзэх ёстойг буюу;
Чи өөрийн бүх оюун ухаан, чадавх болон хүч чадлаараа Их Эзэнд эргээд хандахыг; чи өөр хэний ч зүрх сэтгэлийг ёс бусыг үйлдэхэд дагуулахгүй байхыг; харин үүний оронд тэдэнд эргэн очиж, мөн өөрийн алдаанууд болон өөрийн үйлдсэн бурууг хүлээхийг буюу” (Алма 39:12–13).
Бидний донтсон зан авирын хамгийн хор хөнөөлтэй үр дагаврын нэг нь бид бусад хүнд донтолтыг өөгшүүлэхэд нөлөөлсөн байж болох явдал юм.
-
Би амьдралдаа хэнд ийм нөлөө үзүүлсэн бэ?
-
Эдгээр шүлэг дээрх Алмагийн сургаалын дагуу, би эдгээр хүнд засаж залруулах зоригийг хаанаас олж авах вэ?
Албадах биш ятгах
“Ирэхийг хүсдэг хэн боловч ирж мөн амьдралын уснаас чөлөөтэйгөөр хүртэж болно; мөн ирэхийг хүсдэггүй хэн боловч мөнхүү тэр нь ирэхээр үл албадуулагддаг; гэвч эцсийн өдөр түүнд хийснийх нь дагуу сэргээгдэх болно” (Алма 42:27).
9-р алхам дээр ажиллахад баттай үндэслэл бүхий олон шалтгаан байвч бид өөрийгөө зөвтгөх юм уу бидэнд сонголт байхгүй болсон гэж худал хэлэх замаар хэзээ ч урхи занганд орох ёсгүй. Донтолтоос ангижрах хөтөлбөр бол албадлагын бус, итгүүлэн үнэмшүүлэх хөтөлбөр.
-
Би өөрийгөө засаж залруулахыг ятгаж, албадаж байна уу?
-
Энэ шүлэгт өгүүлснээр, ятгаж болох зарим шалтгаан юу вэ?
Бурхантай уулзахаар бэлтгэх
“Тийм ээ, та нар ирж мөн зүрх сэтгэлээ цаашид бүү хатууруулаасай хэмээнэ би; учир нь болгоогтун, та нарын авралын өдөр мөн үе нь одоо болой; мөн тиймийн тул, хэрэв та нар наманчилж, зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас гэтэлгэлийн агуу их төлөвлөгөө тэр даруй та нарт үйлчлэх болно.
Учир нь болгоогтун, энэ амьдрал бол хүмүүсийн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун энэ амьдралын өдөр бол хүмүүс өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм” (Алма 34:31–32).
-
Зүрх сэтгэлээ зөөллөж, алдаагаа засаж залруулснаар би юунд хүрэх вэ?
-
Намайг Бурхантай уулзахаар бэлтгэж байгаагаа ухаарсан үед засаж залруулах хүсэл минь хэрхэн өсөн нэмэгддэг вэ?
Сүм дэх үйл ажиллагаа
“Мөн тэд [Залуу Алма болон Мозаягийн хөвгүүд] бүх нутгаар аялж, … бүх нүглээ тоочиж, мөн өөрсдийг нь сонсохыг хүссэн бүхэнд бошиглолууд болон судруудыг тайлбарлаж, сүмд учруулсан тэр бүх хор хөнөөлөө залруулахаар чармайн хичээж байв” (Мозая 27:35).
Донтолтын улмаас олон хүн Сүмд явахаа больсон байдаг. Зарим хүн сүмд алдаг оног оролцдог байдлаа зөвтгөхийн тулд бусдын алдаа дутагдлыг ашигладаг.
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд зохиогдож буй үйл ажиллагаа надад ямар байсан бэ?
-
Донтолтоос ангижрах үйл явцаар дамжуулан Аврагчид илүү ойртсон нь Түүний Сүмд дахин нэгдэх хэрэгтэйг мэдрэхэд тань хэрхэн тусалсан бэ?
-
Сүмд идэвхтэй байх нь илүү бүрэн засаж залруулахад надад хэрхэн туслах вэ?
Нөхөн төлөх хүсэл
“Хулгайлсан, эвдсэн буюу бузарласан бүхнийг та аль болох боломжоороо бүгдийг нөхөн төлөх ёстой. Нөхөн төлөх хүсэл бол наманчилж болох бүх зүйлийг сэргээснийг Их Эзэнд харуулах баттай нотолгоо юм” (Ричард Г.Скотт, “Finding Forgiveness,” Ensign, 1995 оны 5-р сар, 76).
-
Засаж залруулах нь хэрхэн даруу байж, үнэнч шударга амьдрахад тууштай байгаагаа Их Эзэнд төдийгүй өөртөө бас өрөөл бусдад нотолсон нотолгоо болж байна вэ?
Бидний зүрх сэтгэлийн бодол
“Наманчилдаг мөн Их Эзэний зарлигуудыг биелүүлдэг тэр нь өршөөгдөх болно” (Сургаал ба Гэрээ 1:32).
Засаж залруулах үед биднийг уучлахгүй хүмүүстэй бид бүхэн учирч болно. Тэдний зүрх сэтгэл бидэнд гомдолтой хэвээр байж болно, эсвэл тэд бидний үнэн хүсэлд итгэхгүй байж болно.
-
Зүрх сэтгэлийн минь үнэн бодлыг бусад хүн ойлгохгүй байлаа ч Их Эзэн ойлгодгийг мөн миний наманчлах, нөхөн төлөх хүслийг Тэрээр хүлээн авах болно гэдгийг мэдэх нь надад хэрхэн туслах вэ?
Аврагч бидний төлөө юу хийж чадах вэ?
“Хүмүүс өөрсдийн нүглийг уучилж чадахгүй, тэд нүглийнхээ үр дагавруудаас өөрсдийгөө цэвэршүүлж чадахгүй. Хүмүүс нүгэл үйлдэхээ больж, ирээдүйд зөвийг хийж чадна. Ингэснээр тэдний үйлдлүүд Их Эзэний өмнө хүлээн авагдахуйц зохистой болдог. Гэвч өөрсдөдөө болон өрөөл бусдад үйлдсэн буруутай үйлдлүүдийг засаж залруулах нь өөрсдийнх нь хувьд боломжгүй юм бол тэдгээрийг хэн засаж залруулах хэрэг вэ? Наманчилсан хүмүүсийн нүглүүд Есүс Христийн Цагаатгалаар угаагдаж цэвэршин, хүрэн улаан байснаа ноос шиг цагаан болно. Энэ бол та нарт өгсөн амлалт юм” (Жозеф Ф.Смит, Conference Report, 1899 оны 10-р сар, 41).
Та засаж залруулахдаа, “Энэ чинь боломжгүй хэрэг! Энэ хүнд үйлдсэн буруугаа би бүрэн засаж залруулах арга байхгүй!” гэсэн бодлоор санаагаа бүү зовоо, бүү гутар. Хэдийгээр энэ нь үнэн байж болох ч таны засаж залруулж чадахгүй зүйлсийг Есүс Христийн хүч засаж залруулдаг гэдгийг бодож үз. Бидний хийж чадахгүй зүйлийг Есүс Христ хийх болно гэдэгт бид итгэх ёстой.
-
Бид Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн Түүнд харуулж чадах вэ? Энэ итгэлийг би хэрхэн нэмэгдүүлж болох вэ?