“7-р алхам: Алдаа дутагдлаа арилгахад туслахыг Тэнгэрлэг Эцэгээс даруухнаар хүс,” Аврагчаар дамжуулан эдгээх нь: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“7-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
7-р алхам: Алдаа дутагдлаа арилгахад туслахыг Тэнгэрлэг Эцэгээс даруухнаар хүс.
Үндсэн зарчим: Төлөв даруу байдал
Өмнөх бүх алхам нь биднийг энэ алхамд бэлтгэсэн. 1-р алхам нь даруу байж, донтолтоо даван туулах хүчгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бидэнд тусалсан. 2, 3-р алхам нь Их Эзэнээс тусламж хүсэх хангалттай итгэл, найдвартай байхад бидэнд тусалсан. 4-р алхам дээр хийсэн үнэлэлт дүгнэлт маань бидэнд зан чанар, зан авираа илүү тодорхой харахад тусалсан. 5-р алхам дээр ажиллах нь Бурханд төдийгүй өөрсдөдөө болон өөр хүнд үнэнч шударга хандах зоригийг маань харуулсан. 6-р алхам нь зан чанарын сул дорой байдлаа орхиход бэлэн, орхих хүсэлтэй болоход бидэнд тусалсан. Харин одоо бид 7-р алхмыг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Бид алхам бүр дээр ажиллахдаа “ХЭРХЭН” гэдэгт, тухайлбал даруу төлөв, нээлттэй, хүсэлтэй байх тал дээр анхаарлаа хандуулсан.
Бүх алхамд даруу байхыг шаарддаг ч 7-р алхам нь үүнийг илүү тодорхойгоор “алдаа дутагдал, муу зуршлуудыг арилгаж өгөхийг Тэнгэрлэг Эцэгээс даруухнаар гуйхыг” шаарддаг. Бид донтолтоос ангижрах эхний хэдэн алхмыг хэрэгжүүлж байхдаа бие даан хэчнээн хичээсэн ч Их Эзэний тусламжгүйгээр өөрчлөгдөж, эдгэрч чадахгүй гэдгийг мэдэж авсан. Энэ алхам ч мөн адил юм. Итгэлдээ үнэнч байх нь номд даруу байдлыг дараах байдлаар дүрсэлсэн байдаг. “Даруу байх гэдэг нь Их Эзэнд хамааралтай гэдгээ талархан хүлээн зөвшөөрч, Түүний дэмжлэг туслалцаа байнга хэрэгтэй гэдгийг ойлгох явдал юм” (Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл [2004], 86).
Бидний зарим нь хуучин байдалдаа эргэн орж, өөрсдөө өөрчлөгдөхийг хичээж эхлэв. Гэвч бид олон алдаа дутагдал, сул талуудаа мэдсэнээр Их Эзэний тусламжид найдаж, өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. 7-р алхмыг хэрэгжүүлж байхдаа бид гүйцэлдүүлэх ёстой ажлаасаа чөлөөлөгдөөгүй юм. Бид тэвчээртэй байж, “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх” (2 Нифай 31:20) хэрэгтэй байв. Бурханд хандаж, Түүнээс тусламж хүсэх байнгын сануулга бидэнд хэрэгтэй байсан.
Эдгээр гайхамшиг бидэнд хэрхэн тохиолдох юм бол гэж бид гайхдаг байлаа. Бидний хүн нэг бүрийн хувьд энэ байдал өөр өөр байсан ч нийтлэг зүйл мөн байв. Хүмүүс зан чанартаа огцом, гэнэтийн өөрчлөлт гаргах нь ховор бөгөөд 6, 7-р алхмын алгуур үйл явц ихэвчлэн ахлагч Дэвид А.Бэднарын дүрсэлсэнтэй адил болсон.
“Сүмийн гишүүдийн хувьд бид гайхамшигтай, үр нөлөөтэй сүнслэг илэрхийлэлтийг илүү чухалчлан талархахаа мартаж, Ариун Сүнсний гүйцэлдүүлдэг түүний ажлын ердийн хэв маягийг анзааралгүй өнгөрөх хандлагатай байдаг” (“Илчлэлтийн Ариун Сүнс,” Ерөнхий чуулган, 2011 оны 4-р сар, 88).
Бурханд захирагдаж, өөрсдийн хүслийг Түүний таалалтай нийцүүлэхийг сонгох үед бидний өдрүүд дэх хуучин, сөрөг хариу үйлдэл маань зогсож, харин оронд нь туслах, өргөх, хайрлах Түүний хүчинд найдахад урьдаг бяцхан хором мөчөөр дүүрдэг. Рэбэкка Л.Крэйвэн эгч: “Сэтгэлээр бүү унаарай. Өөрчлөлт бол насан туршийн үйл явц юм. Өөрчлөгдөхийн тулд хийх тэмцэлд маань Их Эзэн бидэнд тэвчээртэй ханддаг” гэж заасан (“Хариултыг өөртөө үлдээ,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65).
Бидний донтолт архи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом, бэлгийн хүсэл тачаал, эрүүл бус хооллох зуршил, хэт үрэлгэн байдал зэргээс эсвэл амьдралын стресс бухимдлаасаа зайлсхийхийн тулд ашигладаг бусад донтуулагч зан авир юм уу бодис зэргээс үү гэдгээс үл хамааран Аврагч “сул байдлуудынх нь дагуу [биднийг] халамжлах болно” (Алма 7:12). Бид Есүс Христэд ирж, өөрчлөгдөх хүсэлтэй болсноор Түүний эдгээх хүчийг мэдэрдэг.
Энэ алхам дээр ажиллаж байхдаа ичих хандлагатайгаа тэмцэх хэрэгтэйгээ олон хүн олж мэдсэн. Бид алдаа дутагдлаа олж харах бүрдээ хангалттай сайн биш эсвэл дахин бүтэлгүйтсэн гэсэн мэдрэмжийг авч байлаа. Гэвч алхмууд дээр ажиллаж, Христэд ирэх нь бидэнд өөрсдийгөө харах шинэ арга замыг өгсөн юм. Биднийг хайрладаг Бурханы хайрыг Түүний хайртай охид, хөвгүүдийн хувиар бид мэдэрсэн. Энэ хайр нь ичгүүрт байдал болон өөрийгөө өрөвдөх сэтгэлтэй тэмцэхэд бидэнд тусалсан юм.
Бид алдаа дутагдал, сул талуудаа донтолтоос ангижрах аян замдаа урагш тэмүүлэхэд Бурханаас даруухнаар тусламж гуйх боломж гэж үздэг болов.
Хэрэгжүүлэх алхмууд
Энэ бол үйлддэг хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.
Өөрсдийнхөө төлөө өөрсдөө хийж чадахгүй зүйлийг Бурханаас гуйх
Бид хэрхэн өдөр бүр 7-р алхмын дагуу амьдрах вэ? Амин хувиа хичээх хүсэл маань эргэн төрөх эсвэл сул талуудаа олж мэдсэн мөчид бид өдрийн турш завсарлага авдаг. Эдгээр мөч тохиолдоход бид бууж өгч, сонсдог. Бид ямар ч туслалцаагүйгээр өөрсдийгөө өөрчлөх хүчгүй гэдгээ санаж, Их Эзэн биднийг өөрчилж чадна гэдэгт итгэсэн. Тэгээд бид Түүнд найдан урагш явдаг. Бид хийж чадахгүй зүйлээ орхиж, Бурханаас тусламж гуйдаг.
Ингэхийн тулд Бурханд хандан залбирах шаардлагатай болсон. “Бидний хүн нэг бүрд хүч чадлын илүү дээд эх сурвалжид хандан залбирахгүйгээр шийдэж чадахгүй асуудал, даван туулж чадахгүй сул талууд гэж байдаг” (Жэймс Э.Фауст, “The Lifeline of Prayer,” Ensign, 2002 оны 5-р сар, 59).
Бид утга учиртай, зорилготой залбирвал Бурханы хайрыг олж авч чадна. Бид тэнгэртэй холбогдох амар амгалан цаг хугацаа, газрыг өөрсдөдөө олгосноор Бурхантай харилцах харилцаагаа хөгжүүлж, хүчирхэгжүүлж чадна. “Их Эзэн, Би юу хийх ёстой вэ?” (Үйлс 9:6) эсвэл “Таны таалал гүйцэлдэх болно” (Сургаал ба Гэрээ 109:44) гэх мэт энгийн залбирлаа зүрх сэтгэлдээ хадгалснаар бид Их Эзэнээс бүрэн хамааралтай гэдгээ үргэлж санах болно. Бурханыг хайрлах бидний хайр, биднийг хайрлах Түүний хайр бүхий л сэтгэл зүрхээ өгөх харилцааг бий болгоход бидэнд туслах болно.
Ариун ёслолын залбирлуудыг судлах
Ариун ёслолын залбирлууд бол 7-р алхамд тусгагдсан даруу байдал, зорилгын гайхамшигтай илэрхийлэл юм. Бидэнд долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, ариун ёслолын залбирлуудын үгсийг тунгаан бодох боломж гардаг.
Бид Моронай 4:3; 5:2-ыг уншихыг мөн эдгээр ариун үгийг өөрийн дуу хоолойгоор дараах байдлаар даруухнаар хэлэхийг санал болгоё. “Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс хүртэх хүн бүрийн бодгалийн тусын тулд; тэд таны Хүүгийн биеийг дурсан идэж болохын тулд, түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авахад, мөн үргэлж түүнийг санахад, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг сахихад бэлэн гэдгээ, ай Бурхан, Мөнхийн Эцэг танд гэрчилж болохын тулд энэ талхыг адисалж мөн ариусгахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна” (Моронай 4:3).
Бид ариун ёслолын залбирлуудын талаар ийнхүү бодох үедээ харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Аврагчид илүү их хандаж чадна. Бид сул дорой байдал болон гаргасан алдаануудынхаа талаар бодох үедээ зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлж чадна. Бид наманчилж, илүү сайн байж, эдгээр алдаа дутагдал, муу зуршлаа арилгахад туслахыг Түүнээс гуйж болно.
Судлах ба ойлгох
Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тусална. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бид үүнээс хамгийн их ашиг тусыг хүртэхийн тулд бичихдээ үнэн зөв, оновчтой, тодорхой байх ёстойг санах хэрэгтэй.
Түүний ач ивээл хангалттай
“Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүнд миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдний төлөө сул дорой зүйлсийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27).
Бид мөнх бус, төгс төгөлдөр биш учраас олон сул дорой зүйлсийн эрхшээлд байдаг. Мөнх бус байдлыг биеэрээ туршин үзэх боломжийг бидэнд олгож, ийм сул дорой зүйлүүдтэй тулгарсан үед даруу байхад бидэнд туслах Өөрийн зорилгыг Их Эзэн энэ шүлэгт тайлбарлажээ. Бид өөрсдийгөө даруусгахаар сонгосон гэдгийг анзаараарай.
-
“Бүх хүнд миний ач ивээл хангалттай” гэдэг нь миний хувьд юу гэсэн үг вэ?
-
Их Эзэний ач ивээл надад хангалттай гэдэгт би итгэдэг үү?
-
Их Эзэний өмнө өөрийгөө даруусгана гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Зан чанарынхаа зарим сул талыг жагсаан бич. Христэд ирэх үед эдгээр нь ямар давуу тал болон хувирч болохыг хажууд нь жагсаан бич.
Даруу байхыг сонгох
“Та нар даруу байхаар албадуулагдсан учир адислагдсан хэмээн би та нарт хэлсэнчлэн, үгийн учир өөрсдийгөө үнэхээр даруусгах тэд илүү ихээр адислагдсан хэмээн та нар бодохгүй байна уу? (Алма 32:14).
Донтолтоос ангижрах цуглаануудад бидний олонх цөхөрсөн байдалтай, донтолтынхоо үр дагавруудаар туугдаж ирсэн юм. Даруу байхад бид албадуулагдсан байлаа. Гэхдээ энэ алхамд дурдсан даруу байдал сайн дурын хүсэл байв. Энэ бол өөрсдийгөө даруусгахаар сонгосон сонголтын маань үр дүн.
-
Донтолтоос ангижирч эхэлснээс хойш даруу байдлын мэдрэмж маань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Баяр хөөрөөр дүүрэн
“Мөн тэд өөрсдийгөө зуурдын байдалд буйгаа, бүр газрын тоосноос ч өчүүхнээ цэгнэн бодсон ажгуу. Мөн тэд бүгд нэгэн дуугаар чанга хашхирч, хэлсэн нь: Ай нигүүлсэж хайрла, мөн бид нүглүүдийнхээ өршөөлийг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг бидэнд хамааруулаач; учир нь бид Есүс Христэд, тэнгэр ба газар, мөн бүх зүйлийг бүтээсэн Бурханы Хүүд, хүмүүсийн үрсийн дунд доош ирэх түүнд итгэдэг.
Мөнхүү улиран тохиох дор тэд эдгээр үгсийг ярьсны дараа Их Эзэний Сүнс тэдний дээр ирж, мөн тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, мөн тэд ухамсрын амар амгаланг хүлээн авсан учир, мөн тэд баяр хөөрөөр дүүргэгдсэн байв, Бенжамин хааны тэдэнд ярьсан үгсийн дагуу, ирэх ёстой Есүс Христэд итгэх үлэмж итгэл тэдэнд байсны улмаас бөлгөө” (Мозая 4:2–3).
7-р алхам дээр ажиллах үедээ бидний хэлсэн залбиралтай адил залбирлыг Бенжамин хааны хүмүүс хэлжээ. Их Эзэний Сүнс тэдэн дээр ирж, нүглүүдийнх нь ангижралыг өгсөн үед тэд амар амгалан, баяр баяслыг мэдэрсэн аж.
-
Надад амар амгалан, баяр баяслыг мэдэрсэн ямар үйл явдал байдаг вэ?
-
Өдөр бүр амар амгалан, баяр баясгалантай байх нь ямар санагдах бол?
Зарлигуудыг дуулгавартай дагах
“Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.
Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. …
Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно.
Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв” (Иохан 15:4–5, 10–11).
-
Хэрэв би Аврагчийн зарлигуудыг дагавал “[Би] [Түүний] хайранд байх болно” (10-р шүлэг) гэдэг нь миний хувьд ямар утгатай вэ?
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр, Түүний дотор байвал ямар адислалуудыг амласан бэ?
-
Өнөөдөр би Аврагчийн зарлигийг сахих тухайд ямар бодолтой байгаа вэ?
-
Зарлигуудыг сахих нь хэрхэн Бурханыг хайрлах миний хайрын илэрхийлэл болдог вэ?
Бурханы хайр
“Бид Бурханыг нэгдүгээрт тавьсан үед бусад бүх зүйл зохих байрандаа ордог эсвэл бидний амьдралаас гээгдэж алга болдог. Их Эзэнийг хайрлах бидний хайр бидний зовлон зүдгүүрийг нимгэлж, цаг зав, сонирхдог зүйлсийг шаардан, энэ тэргүүнд анхаарах зүйлсийг ямар дэс дараагаар хийхийг зохицуулах болно” (Ezra Taft Benson, “The Great Commandment—Love the Lord,” Ensign, 1988 оны 5-р сар,4).
Бурханы нигүүлсэл, нинжин сэтгэлийг мэдсэнээр бид Бурханыг хайрлах хайрыг мөн Түүний хайрыг мэдэрч эхэлсэн.
-
Би алхмуудын дагуу үйлдэж байхдаа илүү их хайрыг мэдэрч байсан уу? Тийм бол яагаад?
-
7-р алхам дээр ажиллах нь эн тэргүүнд тавих зүйлсээ дахин эрэмбэлж, Бурханыг амьдралынхаа эн тэргүүнд тавихад надад хэрхэн тусалсан бэ?
Христийн нэрийг өөрсөд дээрээ авах
“Мөн эдүгээ, та нарын хийсэн гэрээнийхээ улмаас Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид гэж нэрлэгдэх болно; …
… Амьдралынхаа төгсгөлийг хүртэл дуулгавартай байхаар Бурхантай гэрээнд орсон та нар бүгдийг Христийн нэрийг өөрсөд дээрээ хүлээн аваасай хэмээнэ. …
Мөнхүү улиран тохиох дор үүнийг хийдэг нь Бурханы баруун гар талд олдох болно, учир нь тэрээр өөрийн нэрлэгдсэн нэрээ мэдэх болно; учир нь тэрээр Христийн нэрээр нэрлэгдэх болно” (Мозая 5:7–9).
-
Христийн нэрээр дуудагдаж, Түүнийг төлөөлөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
-
Бурханы баруун гар талд олдохын тулд би юу хийх хэрэгтэй вэ?
-
Баптисм хүртэхдээ бас ариун ёслолоос хүртэхдээ би юу хийхээр гэрээ байгуулдаг вэ? (Мозая 5:7-9; 18:8–10, 13; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү.)
-
Алдаа дутагдлуудаа орхих гэх зэрэг Түүнд дуулгавартай байж, түүнд үйлчлэх гэрээ байгуулахын тулд Аврагч надад Өөрийн нэрийг өгөхөд бэлэн байсан тухай бодоход надад ямар санагддаг вэ?
Сул талуудаа даатгах
“Бүх зүйлээр золиослол гаргахыг шаарддаггүй шашинд амьдрал ба авралд шаардагдах итгэлийг бий болгох хангалттай хүч хэзээ ч байдаггүй” (Lectures on Faith [1985], 69).
-
Зарим хүн эдгээр үгийг уншаад, “бүх зүйл” гэдгийг өмч хөрөнгө гэж боддог. Бүх сул талаа Их Эзэнд даатгаснаар, бүх зүйлээ золиослох гэдэг нь ямар утгатайг ойлгох ойлголтыг маань хэрхэн нэмэгдүүлсэн бэ?