Донтолт
Хавсралт: Донтолтоос ангижрахад үзүүлэх дэмжлэг


“Хавсралт: Донтолтоос ангижрахад үзүүлэх дэмжлэг,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)

“Донтолтоос ангижрахад үзүүлэх дэмжлэг,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж

Донтолтоос ангижрахад үзүүлэх дэмжлэг

Дэмжлэг авахын ач холбогдол

Бусдын дэмжлэг бидэнд ангижрах, эдгэрэх тусламж авахад чухал байдаг. Бидэнд сул дорой үедээ хандах хүнтэй байх нь ихэнхдээ чухал байдаг. Үгүйсгэж, тусгаарлах нь өөрийн мэдэлгүй автдаг, донтсон зуршилтайг илтгэдэг. Бусдын алсын хараа, дэмжлэггүйгээр эдгээр зуршилдаа эргэж автах нь амархан. Эдгэрч байхдаа аль болох хурдан дэмжлэг авах нь бидэнд чухал байдаг.

Бусадтай холбогдох нь биднийг хэрэгтэй урам дэмээр тэтгээд зогсохгүй, Бурханы хүүхдүүдийн хувьд хайрлуулах үнэ цэнтэй гэдгээ санахад тусалдаг. Бид дэмжлэг авахын тулд бусдад хандсанаар адислагдаад зогсохгүй, биднийг дэмждэг хүмүүс ч мөн адил адислагддаг. Бид 12 алхмыг ашиглан бусдын дэмжлэгийг эрэлхийлснээр дэмжлэгийн дараах эх сурвалжууд бидэнд үр өгөөжтэй байж болох юм. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ ба Ариун Сүнс. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав бол биднийг дэмжих хамгийн агуу эх сурвалж юм. Есүс Христ болон Түүний Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдөх боломжтой. Мормоны Номд бошиглогч Алма Христийн талаар “түүний сэтгэл маханбодын дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр маханбодын дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Алма 7:12) хэмээн хуваалцжээ. Бид Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд даруухнаар хандсанаар тусламж, халамжийг мэдрэх болно.

    Аврагчийн Цагаатгалаар дамжин ирдэг тусламжийг үл тоомсорлохгүй байх нь чухал. Тэр бидэнд “Би бол зам, үнэн, амь мөн” (Иохан 14:6) хэмээн заасан. Ариун Сүнс бидэнд тайтгарал, амар амгалан, урагшлах сүнслэг хүчийг өгч чадна.

  • Гэр бүлийн гишүүд. Гэр бүлийн гишүүд хайраар мөн хүлээн зөвшөөрөх байдлаар дэмжих нь дэмжлэгийн эх сурвалж болж чадна. Тэд Дэмжих удирдамж: Донтолтоос ангижирч буй хүмүүсийн эхнэр, нөхөр, гэр бүлд үзүүлэх тусламж дээр заагдсан сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлснээр дэмжих боломжоо нэмэгдүүлэх боломжтой. Хэдийгээр гэр бүлийн бүх гишүүн сэтгэл санаагаар тайтгаруулж чадахгүй ч ингэж чадах гишүүд нь ихэвчлэн хамгийн гайхалтай дэмжих эх сурвалж болдог.

  • Найз нөхөд. Найз нөхөдтэйгөө зовлонгоо уудлах үед нарийн ширийн зүйлсийг дурдаагүй байсан ч тэд бидэнд хайр, дэмжлэг үзүүлж чадна. Найз нөхөд маань бидний болих хэрэгтэй зан чанаруудыг онцлох зориг гаргаж эсвэл биднийг тусламж эрэлхийлэхэд урамшуулснаар бид эдгэрэхдээ ахиц гаргаж чадна. Бид найз нөхдөөсөө хайр, дэмжлэгийг мэдрэх үед энэ нь бидэнд үнэ цэнтэй хүмүүс гэдгийг маань сануулж болно.

  • Шашны удирдагчид. Өөрчлөгдөх явцад шашны удирдагчид чухал дэмжлэг үзүүлж болно. Эдгээр удирдагч бидэнд Аврагчийн хайрыг мэдрэхэд тусалж, наманчлахад маань туслахын тулд гол үүрэг гүйцэтгэж, өөрийн мэдэлгүй автдаг донтсон зуршлуудаасаа сүнслэгээр цэвэршихэд тусалж чадна.

  • Дэмжигч хүн. Дэмжигч хүн гэдэг нь 12 алхам дээр ажиллаж донтолтоос ангижирч чадсан хүн юм. Тэд туршлагатай учраас бидэнд эдгээр алхам дээр ажиллаж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хэрхэн туслахаа мэддэг. Тэд ихэнхдээ шударга бус байдлыг ялган таньж, бидний бусад асуудлыг мэдэхгүй байсан ч ойлгож чаддаг.

  • Донтолтоос ангижрах цуглаан. Донтолтоос ангижрах цуглаан нь биднийг хүлээн зөвшөөрөх, хайрлах, дэмжих аюулгүй газар юм. Цуглаан дээр бид Аврагч Есүс Христээр дамжуулан эдгэрнэ гэдэгт итгэж найдан, амьдралдаа 12 алхмыг хэрэгжүүлснээр туршлагаасаа хуваалцдаг. Туршлагаа хуваалцах нь бидэнд шаардлагатай өөрчлөлтүүд дээрээ ажиллаж, ангижирч, эдгэрэх боломжтой гэсэн итгэл найдварыг тээхэд тусалж болно.

  • Сэтгэцийн эрүүл мэндийн болон эмнэлгийн мэргэжилтэн. Сэтгэцийн эрүүл мэндийн болон эмнэлгийн мэргэжилтнүүд ихэвчлэн өөрийн мэдэлгүй автдаг, донтуулдаг зуршлаасаа ангижрах, эдгэрэхэд шаардлагатай ойлголт, тусгай ур чадвараар хангаж чадна. Бид Донтолтоос ангижрах хөтөлбөрт хамрагдсан ч өөрийн мэдэлгүй автдаг, донтуулдаг зуршилтайгаа тэмцсэн хэвээр байвал сэтгэцийн эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн мэргэжлийн хүнээс мэргэжлийн тусламж авах талаар бодож үзвэл зохино. Сүмийн гишүүд мэргэжлийн тусламж эрэлхийлэхдээ сайн мэдээний зарчмуудыг дэмждэг хүнийг сонгох хэрэгтэй.

Таныг дэмжих хэн нэгнийг сонгох

Сүмийн Донтолтоос ангижрах хөтөлбөрөөр танд дэмжигч хүн эсвэл дэмжих системийг оноож өгдөггүй. Хэзээ хэнээс тусламж хүсэхээ шийдэх нь хувь хүний сонголт юм. Таны эргэн тойронд тусламж хүсэхэд хамгийн таатай санагддаг эсвэл танд хамгийн их тус болох хүмүүсийн талаар бодож, залбираарай. Ер нь бол таныг олон хүн дэмжих тусам эдгэрэх магадлал өндөр байдаг. Дэмжүүлмээр байгаа хүнээ сонгосны дараа тэднээс тусламж хүсэх нь даруусмаар бас сүрдмээр санагдаж болох юм. Гэвч та тусламж хүссэнээр таныг хайрлах хайр, хүлээн зөвшөөрч буй байдлыг нь мэдрээд гайхширч магадгүй. Бусадтай холбоо тогтоох тусам таны хайрлагдах боломж улам нэмэгдэнэ.

Таныг дэмжих туйлын найдвартай хүмүүсийг сонгоорой. Таныг дэмжих хамгийн үр нөлөөтэй хүмүүс бол тантай одоо холбоотой байгаа (эцэг эх, эхнэр нөхөр, гэр бүлийн гишүүд, Сүмийн удирдагчид), таныг амжилтад хүрээсэй гэж хүсдэг, Сүмд бүрэн идэвхтэй байдаг, танд тулгамдсан асуудлын мөн чанарыг ойлгодог эсвэл ойлгохыг хүсдэг тэр хүмүүс юм. Өөрийнхөө асуудлыг даван туулсан хүн бусдын асуудалд өрөвч сэтгэлээр хандаж чаддаг. Тантай ижил төстэй асуудалтай хүмүүс таны зовлонг ойлгох илүү чадвартай байдаг.

Өөрчлөгдөх үйл явцыг эхлүүлснээр таны бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдал эмзэг мэдрэмтгий болж магадгүй. Таныг дэмжиж буй хэн нэгэнтэй зохисгүй харилцаа үүсгэхээс болгоомжлоорой.