“11-р алхам: Эргэцүүлэл, залбирлаар дамжуулан Их Эзэний хүслийг ойлгож, үүнийг гүйцэлдүүлэх хүчийг эрэлхийл,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“11-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
11-р алхам: Эргэцүүлэл, залбирлаар дамжуулан Их Эзэний хүслийг ойлгож, үүнийг гүйцэлдүүлэх хүчийг эрэлхийл.
Үндсэн зарчим: Хувийн илчлэлт
11-р алхамд бид Их Эзэний хүслийг олж мэдэхийг эрэлхийлж, үүнийг гүйцэлдүүлэх хүчийг хүлээн авахын төлөө өдөр бүр залбирна гэж амладаг. Бурхан бидэнтэй ярилцахыг хүсдэг бөгөөд бид Түүнийг хэрхэн сонсох талаар суралцах боломжтойг бид олж мэдсэн. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг үү? Тийм ээ!” гэж тунхаглажээ. (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115) Энэ алхмын зорилго нь Есүс Христийг сонсох, хувийн илчлэлт хүлээн авах, үүний дагуу амьдрах хүчийг хүлээн авах чадвараа дээшлүүлэхэд оршино. Хувийн илчлэлт хүлээн авах энэхүү хүсэл нь бидний донтсон үедээ мэдэрч байсан тэрхүү хүсэл эрмэлзлийн чанх эсрэг зүйл юм.
Өмнө нь бид дэлхийн амьдрал дахь эх сурвалжууд болох согтууруулах ундаа, мансууруулах бодис, шунал тачаал, эрүүл бус хооллолт эсвэл бусад донтуулагч, туйлширсан зан авир зэрэг нь найдвар, баяр баясгалан, амар амгалан, сэтгэл ханамжийг бидэнд өгдөг гэж боддог байсан. Бидний хэв маяг бол сөрөг сэтгэл хөдлөлөө мэдрэхээс зайлсхийж, донтолтоор намдаах явдал байлаа. Бидний зарим нь амьдралынхаа хоосон орон зайг Бурханаас өөр, ямар ч хамаагүй зүйлээр нөхөхийг хичээж байв. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний донтолтын үзүүлэх эерэг нөлөө богино хугацаанд түр зуур үйлчилсэн, хуурамч шийдлүүд байсан ба биднийг хоосруулсныг бид олж мэдсэн.
Илчлэлт эрэлхийлэх нь донтолтоос үүрд ангижрах чухал алхам болдог. Ерөнхийлөгч Нэлсон: “Их Эзэн: ‘Хэрэв чи [асуух] аваас, чи баяр хөөрийг авчирдаг, амьдралыг авчирдаг тэрхүү нууцууд хийгээд амар амгалангийн зүйлүүдийг мэдэж болохын тулд илчлэлт дээр илчлэлт, мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно‘ [Сургаал ба Гэрээ 42:61] гэж амласан учраас би таныг хувийн илчлэлт хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүлэхэд урьж байна” гэж хэлжээ (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 95).
Аврагч Есүс Христ бидэнд хэрэгтэй байдагт бид талархаж, амьдралд маань гүйцэтгэдэг Түүний үүргийг ойлгож эхэлсэн юм. Бидний зарим нь залбирахдаа болхи, дадаагүй мэт санагддаг байсан ч Эцэгтэй ойр дотно харилцахын тулд Есүс Христийн нэрээр Түүнд хандан залбирч эхэлсэн. Бид Түүнгүйгээр хийж чадах зүйлээс илүү ихийг Түүнтэй хамт хийж чадна гэдгийг мэддэг. Донтолтоос ангижрах нь зөвхөн донтолт эсвэл эрүүл ухаантай байх тал дээр төвлөрдөггүйг бид сурч эхэлсэн ба энэ нь Их Эзэний удирдамжийг амьдралынхаа бүх талбарт урихыг багтаадаг.
Христэд ирэхэд залбирах, эргэцүүлэх, судар судлах нь нэн чухал. Тэдгээр нь бидэнд Түүний дуу хоолойг сонсох, Түүний хүслийг биелүүлэх хүчийг хүлээн авахад тусалж чадна. Бид Их Эзэний тэнгэрлэг удирдамж, хүч чадлаас хамааралтайгаа ойлгож, даруухнаар залбирахыг хичээдэг. Бид түр завсарлан, өдрийн турш эргэцүүлж, оюун санаагаа уудалж, намуун, зөөлхөн дуу хоолойг сонсохыг хичээдэг. Бид судруудыг, ялангуяа Их Эзэн бидэнд удирдамж чиглэл, хүч чадал өгөхөд хүсэлтэй байдаг гэдгийг гэрчилдэг Мормоны Номыг судалдаг. Бид ийн үйлдэх үедээ хувийн илчлэлт хүлээн авч, биднийг удирдан чиглүүлж, тайтгаруулах “түүний Сүнсийг [өөрсөдтэйгөө] үргэлж хамт байлгах” (Моронай 4:3) адислалыг хүлээн авдаг.
Бидний олонх нь Бурханы хайрыг хүртэх эрхгүй гэдэгт итгэдэг байсан учраас хувийн илчлэлт хүлээн авна гэдэг санаа хүнд тусаж байсан. Бид донтсон үедээ нэг бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнтэй харилцахыг тийм ч их боддоггүй эсвэл өнгөрсөн амьдралынхаа улмаас бид илчлэлт хүлээн авах эрхгүй гэж боддог байлаа. Бидний зарим нь хэзээ ч хувийн илчлэлт хүлээн авч байгаагүй гэж боддог байв. Бид залбирч, эргэцүүлэн бодсон ч юу ч болоогүй юм шиг санагдсан. Бид ямар нэгэн онцгой зүйлийг мэдрээгүйгээс гадна мэдэгдэхүйц хариултыг аваагүй. Ийм зүйл тохиолдоход “Бурхан бусдад тусалж болох ч надад тусалдаггүй” гэсэн хуучин үзэл бодол маань цухалзан гарч байв.
Бидний олонх нь одоо ч гэсэн эдгээр мэдрэмжтэй тэмцэлдсээр байгаа. Гэвч бид Тэрээр биднийг хайрлаж, нигүүлсдэг гэдгийг ухамсарласнаар эдгээр хуурамч итгэл үнэмшил маань нуран унасан юм. Бид 11-р алхмыг амьдралдаа хэрэгжүүлснээр, Тэрээр бидэнтэй харилцахын тулд биднийг хангалттай хайрладаг гэдэгт илүү их итгэдэг болж чадна.
11-р алхам дээрх ажил маань Түүнийг бидэнд хариулна гэдэгт итгэлтэй байхыг биднээс шаарддаг бөгөөд бид Түүний дуу хоолойг таньж сурах боломжтой. Энэ нь хурдан эсвэл тэнгэрээс гайхамшигт тэмдэг үзүүлэх хэлбэрээр тохиолдохгүй байж болно. Гэхдээ бид сонсож, тэвчээртэй байж чадна. Бид бүгд Түүнийг өөр өөр арга замаар сонсдог. Заримдаа бид тодорхой чиглэлийг тэр даруй авдаггүй. Энэ нь Тэр биднийг хайрладаггүй гэсэн үг биш юм. Харин энэ нь Тэр биднийг Өөрт нь итгэж, өгсөн үнэнүүдийг нь хэрэгжүүлж сураасай хэмээн хүсдэг гэсэн үг байж болох юм. Бидний Түүнд итгэх итгэл нь Түүнийг хүлээж, Түүний дуу хоолойг сонсох чадварыг хөгжүүлэхэд бидэнд тусалдаг (нэмэлт мэдээллийг Ричард Г.Скотт, “Learning to Recognize Answers to Prayer,” Ensign, 1989 оны 11-р сар, 30-р хуудсыг үзнэ үү).
Их Эзэн ихэнхдээ бидний залбиралд бусад хүнээр дамжуулан хариулдаг Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Бурхан биднийг анзаарч, харж хандаж байдаг. Гэвч Тэр ихэвчлэн өөр хэн нэгнээр дамжуулан бидний хэрэгцээг хангадаг” хэмээн заасан (“Small Acts of Service,” Ensign, 1974 оны 12-р сар, 5). Бид бусадтай, ялангуяа дэмжлэг үзүүлэх системд маань хамрагдсан хүмүүстэй холбоо тогтоох нь чухал. Бид Түүний дуу хоолойг Сүмийн удирдагч, гэр бүлийн гишүүд, найз нөхдөөр дамжуулан мөн судраас унших, чуулганы захиасыг судлах, ариун дуу хөгжим сонсох зэргээр сонсож чадна. Бид донтолтоос ангижрах цуглаанд оролцож, донтолтоос ангижрах алхмууд дээр дэмжигч хүнтэйгээ хамтран ажиллах үедээ сүнслэг удирдамж, илчлэлтийг тогтмол хүлээн авч чадна.
Илчлэлт эрэлхийлж, хүлээн авах чадвараа сайжруулахад дадлага, тэвчээр шаарддаг. “Мэдээж хэрэг, заримдаа танд тэнгэр хаагдсан мэт санагдах үе гарч болно. Гэвч та үргэлжлүүлэн дуулгавартай байж, Их Эзэний өгсөн адислал бүрд талархаж, Түүний цагийг тэвчээртэй хүндэтгэх юм бол эрэлхийлсэн мэдлэг, ойлголт тань танд өгөгдөх болно гэдгийг би амлаж байна. Их Эзэний танд зориулсан адислал бүр, тэр байтугай гайхамшгууд өгөгдөх болно. Хувийн илчлэлт хүлээн авах нь адислал, гайхамшгуудыг авчирдаг” (Рассэлл М. Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 95–96).
Хэрэгжүүлэх алхмууд
Энэ бол үйлдэх хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.
Залбирал, мацаг, эргэцүүллээр дамжуулан Есүс Христэд ирэгтүн
Залбирах тал дээр туршлага багатай хүмүүст хандсан ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгс тайтгарлыг авчирдаг. “Мэдэрч байгаа зүйлээ эв хавгүй илэрхийлсэн бол бүү санаа зов. Зүгээр л Эцэгтэйгээ ярилц. Тэр залбирал бүрийг сонсдог бөгөөд үүнийг Өөрийн арга замаар хариулдаг” (“Learning to Recognize Answers to Prayer,” Ensign, 1989 оны 11-р сар, 31). Залбирлын хэсгүүдийг хянан үзэх нь ч мөн их тустай байв. Бид Тэнгэрлэг Эцэгийн нэрээр Түүнд хандан, юунд талархаж буйгаа илэрхийлж, хэрэгтэй адислалуудыг гуйж, дараа нь Есүс Христийн нэрээр залбирлаа төгсгөдөг. Боломжтой бол бид өвдөг сөгддөг. Бид Ариун Сүнсээр дамжуулан Эцэгийн удирдамжийг эрэлхийлэн, Түүнд хандан байнга чангаар залбирдаг (Ром 8:26-г үзнэ үү). Бид уран яруу үгс ашиглах шаардлагагүй. Бид шударга байж, зүрх сэтгэлээ Тэнгэрлэг Эцэгтэй хуваалцаж чадна.
Бидний олонх нь судар судлах, залбирахын тулд эрт босож, ганцаараа чимээгүйхэн цагийг өнгөрөөж сурсан. Бид залбирах, эргэцүүлэн бясалгах цагийг ихэвчлэн өглөө гаргадаг. Энэ үеэр бид өөр хэн нэгнийг эсвэл өөр ямар нэг зүйлийг биш, харин Бурханыг тэр өдөр нэгдүгээрт тавьж чадна. Дараа нь бид эргэцүүлэл бясалгалыг маань удирдан чиглүүлэх судрууд, өнөө үеийн бошиглогчдын сургаалуудыг ашиглан судалдаг. Мацаг барих нь энэхүү хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх хүчирхэг хэрэгсэл байж чадна. Дараа нь бид Түүнийг сонсож, мэдрэхийн тулд зүрх сэтгэл, оюун ухаанаа сонсдог. Бид залбирч, эргэцүүлэхдээ бодол санаа, сэтгэгдлээ бичдэг.
Энэхүү хувийн үнэт цаг дуусахад ч бид залбирахаа зогсоодоггүй. Зүрх сэтгэл, оюун бодлын маань гүн дэх чимээгүй залбирал өдрийн туршид эргэцүүлэн бодох арга зам минь болдог. Бид бусадтай харилцаж, шийдвэр гаргаж; сэтгэл хөдлөл, уруу таталтыг даван туулахдаа Их Эзэнтэй зөвлөлддөг. Бид зөв зүйлийг хийхэд өөрсдийгөө удирдуулахын тулд Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байхад үргэлж урьж, эрэлхийлдэг (Дуулал 46:1; Алма 37:36–37; 3 Нифай 20:1-ийг үзнэ үү).
Анир чимээгүй, нам гүм байдалд бясалгах
Их Эзэнээс илчлэлт, удирдамж эрэлхийлэхэд бясалгал тусалдаг гэдгийг олон хүн олж мэдсэн. Бид анхаарал сарниулахааргүй, нам гүм газрыг хайдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Анир чимээгүй цаг бол ариун нандин цаг” хэмээн хэлжээ (“Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс,” Лиахона, 2021 оны 5-р сар, 80). Тав тухтай байрлалд байх нь тустай байж мэднэ. Бид оюун ухаанаа цэгцэлж, тайвширдаг. Бид аядуу тайван, гүнзгий амьсгаа авдаг.
Дараа нь бид өөрсдөдөө юу чухал болохыг тунгаан бодож, оюун ухаанд орж ирж буй бодлуудыг сонсдог. Бид тулгарч буй сорилт бэрхшээлүүдийнхээ талаар, ялангуяа бидний донтолтоос ангижрах үйл явц, харилцааныхаа талаар бодож болно. Бид судалж байгаа судрын шүлгүүд эсвэл ерөнхий чуулганы захиасны талаар бодож болно. Бид ирэх өдрүүдийн талаар эсвэл хэрэгтэй удирдамжийн талаар бодож болно. Бид оюун санаандаа орж ирдэг бодлуудыг илүү тодорхой болгон тэмдэглэлдээ бичиж болно. Энэ анир чимээгүй цагийн дараа бид “бодол болгондоо [Түүнд] хандахыг” (Сургаал ба Гэрээ 6:36) хичээх үедээ Их Эзэний удирдамж, хүчийг өдрийн турш эрэлхийлдэг.
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Нам гүм байдалд байж, Сүнсийг сонсож мөн дагах нь чухал. Дэлхийн түүхийн аль ч цаг үеийн хүмүүсийн амьдралд байгаагүй бидний анхаарлыг сарниулах зүйлс амьдралд маань хэтэрхий олон байна. Хүн бүрд бясалгах мөн эргэцүүлэн бодох цаг хэрэгтэй. … Бид бүгдэд өөрсдөөсөө асуух эсвэл өөрсөдтэйгөө тогтмол ярилцдаг байх цаг хэрэгтэй. Бид ихэвчлэн маш завгүй байдаг ба дэлхий маш их дуу чимээтэй байдаг учраас “Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд” гэсэн тэнгэрлэг үгсийг сонсох нь хэцүү байдаг [Дуулал 46:10]” гэж заасан (“Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд” [Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2014 оны 5-р сарын 4], broadcasts.ChurchofJesusChrist.org).
Судлах ба ойлгох
Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тусална. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бид үүнээс хамгийн их ашиг тус хүртэхийн тулд бичихдээ үнэн зөв, оновчтой, тодорхой байх ёстойг санах ёстой.
Их Эзэнтэй ойр байх
“Надад ойрт, мөн би та нарт ойртох болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн; мөн та нар намайг олох болно, гуй, тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно” (Сургаал ба Гэрээ 88:63).
Их Эзэн бидний хүсэл эрмэлзэл, сонгох эрхийг хүндэтгэдэг. Тэрээр бидэнд албадлагагүйгээр Өөрт нь хандахыг сонгох боломжийг олгодог. Биднийг Түүнийг өөрсдөдөө ойр байлгахаар урихад Тэрээр бидэнд ойртдог.
-
Би өнөөдөр Түүнд хэрхэн ойртож болох вэ?
Талархах
“Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө” (1 Тесалоник 5:17–19).
Амьдралынхаа бүх зүйлд, тэр ч байтугай өөрийнхөө ойлгодоггүй юмст ч талархдаг байхыг санасан үед, “зогсолтгүй” залбирах гэж Паулын нэрлэсэн, Бурхантай байнга харилцаатай байх боломж бидэнд олдох болно. Өдрийн турш Бурханд талархахыг хичээ.
-
Энэхүү талархах дадал нь Сүнстэй ойр дотно болоход минь хэрхэн нөлөөлөх вэ?
Христийн үгс дээр найрлах
“Тэнгэр элч нар Ариун Сүнсний хүчээр ярьдаг; иймийн тул, тэд Христийн үгсийг ярьдаг. Иймийн тул, би та нарт Христийн үгэн дээр найрла хэмээн хэлсэн, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3).
Бид Христийн үгс дээр найрлах юм бол, бидний мэдэх хэрэгтэй, бидний хийх хэрэгтэй бүх зүйлд эдгээр үг биднийг удирдах болно гэдгийг Нифай энэ шүлэгт заажээ. Бүх л өдрийн турш Есүс Христ тантай хамт алхаж, тантай ярилцаж явбал ямар байхыг төсөөл.
-
Энэ зураглалыг эргэцүүлэхэд надад ямар санагдаж байна вэ?
Хувийн илчлэлт хүлээн авах
“Их Эзэн ‘Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно’ (С ба Г 8:2, налуу бичилт нэмэгдсэн) хэмээн хэлсэн билээ. … Оюун бодолд орж ирэх мэдрэмж сэтгэгдэл маш нарийн, тодорхой байдаг. Зааврыг нь хэлж бичүүлж байгаа мэт нарийн өнгө аяс бүхий үгсийг сонсож, мэдэрч бас бичиж авч болдог. Зүрх сэтгэлд хүрсэн харилцаа илүү өргөн ойлголт сэтгэгдэл төрүүлдэг” (Ричард Г.Скотт, “Helping Others to Be Spiritually Led” нь [Сүмийн Боловсролын Системийн хуралдаанд хэлсэн үг, 1998 оны 8-р сарын 11], 3–4).
Хувиараа илчлэлт хүлээн авах тухай бидний ойлголт өсөн нэмэгдэх тусам, бид үүнийг бүр олон дахин, олон арга замаар ухааран ойлгох болно.
-
Би Их Эзэнээс хэрхэн сүнслэг мэдрэмж, илчлэлт хүлээн авсан бэ?
“Би та нарт хэлнэ [миний ярьсан эдгээр зүйл] Бурханы Ариун Сүнсээр надад мэдүүлэгдсэн билээ. Болгоогтун, би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан. Мөн эдүгээ би өөрөө тэдгээр нь үнэнийг мэднэ; учир нь Их Эзэн Бурхан өөрийн Ариун Сүнсээр надад тэдгээрийг илэрхийлсэн юм; мөн энэ нь надад байгаа тэрхүү илчлэлийн суу билиг бөлгөө” (Алма 5:46).
Их Эзэний томилсон арга замаар мацаг барих нь бидэнд өөрөөр байж чадахгүй байсан агуу хүчийг авчирч чадна (Maтай 17:14–21-ийг үзнэ үү). Үнэндээ бид донтолтыг даван туулахын тулд мацаг барьж чадна. Исаиа: “Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу? (Исаиа 58:6) хэмээн заажээ.
-
Мацаг барьж, залбирах нь илчлэлт хүлээн авах чадварыг маань хэрхэн нэмэгдүүлсэн бэ?
“Судар унших нь сүнслэг нөлөө болон илчлэлт өөд хөтөлдөг гэсэн санаа нь судар бол зөвхөн бичигдсэн үеийнхээ аль нэг зүйлийн утга учраар хязгаарлагддаггүй төдийгүй өнөө үеийн аль нэг зүйлийн утга учрыг уншигчид өгүүлдэг тэрхүү үнэний үүд хаалгыг нээдэг. Тэр ч байтугай, судар унших нь яг тэр үед Их Эзэн тухайн уншигчтай харилцахыг хүссэн ямар нэг зүйлийн талаарх илчлэлт өөд бас хөтөлж болно. Энэ тохиолдолд, судрууд бол хувиараа илчлэлт хүлээн авахад бид бүхэнд туслах Урим ба Туммим байж болно хэмээн хэлснээрээ бид энэ талаар хэтрүүлэн хэлж байгаа хэрэг биш юм” (Даллин Х.Өүкс, “Scripture Reading and Revelation,” Ensign, 1995 оны 1-р сар, 8).
Судруудын хэлийг ойлгох нь гадаад хэл сурахтай адил. Ойлгох хамгийн сайн арга бол судруудад шимтэн дурлаж, өдөр бүр уншиж, судлах явдал мөн.
-
Би хэзээ судрын хэсгээс илчлэлт хүлээн авсан бэ?
Их Эзэнээс зөвлөгөө авах
“Иймийн тул, ах дүүс минь, Их Эзэнд зөвлөхөөр бус, харин түүний мутраас зөвлөгөөг авахаар эрэлхийл. Учир нь болгоогтун, тэрбээр өөрийн бүх бүтээлд мэргэн ухаанаар, мөн шударга ёсоор, мөн агуу их нигүүлслээр зөвлөдгийг та нар өөрсдөө мэддэг шүү дээ” (Иаков 4:10).
Бид өөрсдийн шийдвэр, хэрэг явдлын талаар Түүний тааллыг эрэлхийлэхийн оронд Их Эзэнд хүсэж буй зүйлээ тулгаж, зөвлөхөд илүү их цаг зарцуулдаг байсан учраас бидний залбирлууд өмнө нь үр ашиггүй байсан юм.
-
Би ойрд залбирч үзсэн бил үү? Залбирсан бол тэр залбирал маань Их Эзэнд өгсөн зөвлөгөөгөөр дүүрэн байсан уу эсвэл Их Эзэнээс зөвлөгөө авахыг хүссэн хүслээр дүүрэн байсан уу?
-
Би Түүний зөвлөгөөг сонсож, хүлээн авахад бэлэн байна уу?