Донтолт
8-р алхам: Хохирол учруулсан хүмүүсийнхээ нэрийг жагсаан бичиж, тэдний хохирлыг нөхөн барагдуулах хүсэлтэй бол


“8-р алхам: Хохирол учруулсан хүмүүсийнхээ нэрийг жагсаан бичиж, тэдний хохирлыг нөхөн барагдуулах хүсэлтэй бол,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)

“8-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж

Бүлэгт хандан ярьж буй эмэгтэй

8-р алхам: Хохирол учруулсан хүмүүсийнхээ нэрийг жагсаан бичиж, тэдний хохирлыг нөхөн барагдуулах хүсэлтэй бол.

5:13

Үндсэн зарчим: Засаж залруулахад бэлтгэх

Биднийг донтолтоосоо ангижрахаас өмнө, амьдралын маань энэ хэв маяг бидний харилцааг таслан, ардаа үлэмж хар толбо үлдээж, сүйрүүлэгч асар их хүчтэй хар салхи лугаа адил байлаа. Бид 7-р алхам дээр ажилласнаар Аврагчийн нигүүлслийн эдгээх хүчийг, бусдад хүрч ажиллах, түүнчлэн өмнөх харилцаагаа засаж залруулах хүслийг мэдэрсэн юм. 8-р алхам нь хохирол учруулсан хүмүүс болон байгууллагуудын нэрийг жагсаан бичих, нөхөн барагдуулах, харилцаагаа сэргээх төлөвлөгөө гаргах боломж юм.

Эдгэрэх алхмууд дээр ажилласнаар 12 алхмын тухай бидний олж мэдсэн, сүнсээр нөлөөлөгдсөн нэгэн зүйл бол тэдгээрийн бичсэн дараалал юм. Ихээхэн зориг шаардсан алхмын өмнө бэлтгэл хийх алхам олонтоо тохиолддог. 8-р алхам болон өмнөх бүх алхам нь 9-р алхамд бэлтгэх бөгөөд энэ нь бидний хэр чадлаас хэтэрсэн эр зоригийг шаарддаг.

Бид 8-р алхмыг аль хэдийн гүйцэтгэсэн хүмүүсээс ямар нэг бэлтгэлгүйгээр засаж залруулахад шавдуулах нь залруулахгүй байхтай адил хор хөнөөлтэйг ойлгосон. Тиймээс бид цаг гарган залбирч, дэмждэг болон Сүмийн удирдагчтай адил итгэдэг хүмүүсээсээ зөвлөгөө авахыг эрэлхийлж, төлөвлөгөө гаргадаг. 8-р алхам дээрх бэлтгэл нь биднийг 9-р алхам дээр хүмүүстэй холбоо тогтоож эхлэх үед харилцаандаа улам их хор хохирол учруулахаас сэргийлсэн.

Жагсаалт гаргах

Харилцаагаа сэргээхээс өмнө бид хор хохирол учруулсан харилцааг олж тогтоон, жагсаалт гаргах хэрэгтэй. Бид 4-р алхам дээр бичсэн зан төлөвийн үнэлгээг ашиглан энэ жагсаалтаа гаргасан. Биднийг зан төлөвийн үнэлгээгээ залбирч байгаад хянах үед Сүнс хор хохирол учруулсан харилцаагаа олж танихад маань бидэнд тусалсан. 4-р алхмыг гүйцэтгэж байхдаа хүснэгт гаргасан хүмүүс эдгээр хүн болон байгууллагыг бичихэд илүү хялбар болохыг мэдэрсэн (хүснэгтийн жишээг хавсралтаас үзнэ үү).

Бид жагсаалтаа гаргахдаа дараах удирдамжууд тустай болохыг олж мэдсэн. Бид өөрсдөөсөө “Амьдралын маань өнгөрсөн болон одоо үед, ойр орчим байхад тэвдэж, ичиж, тухгүй байдалд ордог хэн нэгэн байдаг уу?” гэж асуусан. Бид тэдний нэрийг бичиж, тэдний тухай өөрийн бодлыг зөвтгөх юм уу тэдэнд хандсан сөрөг үйлдлүүддээ шалтаг олох гэсэн уруу таталтыг эсэргүүцсэн. Бид гомдоосон болон санамсаргүй байдлаар гомдоосон хүмүүсээ жагсаалтдаа оруулсан. Бид нас барсан хүмүүсийг, яаж холбоо барихаа мэдэхгүй байгаа хүмүүсийг оруулсан. Бид 9-р алхмыг хэрэгжүүлэхдээ эдгээр онцгой асуудалд анхаарлаа хандуулсан. Бид 8-р алхам дээр ажиллахдаа чин зүрхнээсээ зориг гаргахад төвлөрсөн.

Бид жижиг зүйлсийг ч үлдээхгүйг хичээсэн. Бид донтолтод автсан үедээ бусад хүнтэй догшин ширүүн харьцаагүй ч тэдэнд учруулсан хор хохирлынхоо тухай үнэнчээр тунгаан бодсон. Атаа хорсол өвөрлөж, хариуцлага алдаж, уурлаж уцаарласан, шүүмжилж, шударга бус хандаж хор хохирол учруулсан хайртай хүмүүс, найз нөхдөө бид жагсаасан. Хэрэв бид өөр нэгний ачаа дарамтыг ямар нэгэн байдлаар хүндрүүлсэн бол тэдгээр хүнийг жагсаалтдаа оруулсан. Бид худал хэлсэн, амлалтаа зөрчсөн, түүнчлэн бусдыг залилан мэхэлж, ашигласан хэнийг ч болов жагсаалтдаа оруулахыг хичээсэн. Мөн бид уучилж чадаагүй хүмүүсээ бодож, тэднийг ч мөн жагсаалтдаа оруулсан.

Хохирол учруулсан бүх хүнийхээ нэрийг жагсаасны дараа, жагсаалтад өөр нэг нэр буюу өөрийнхөө нэрийг нэмж оруулсан. Бид донтолтод автсан үедээ бусдад учруулсантай адил өөртөө ч бас хор хохирол учруулсан шүү дээ. Өөрсдийгөө залруулж болох хамгийн сайн арга зам бол донтолтоос ангид амьдралаар амьдрах юм. Бурхан бидэнд өөрсдийгөө уучилж, засаж залруулахад тусална. Бурханы хайр, уучлалыг мэдэрснээр бидний ичгүүрт мэдрэмж засаж залруулах хүслээр солигдсон.

Хүсэлтэй болох

Бид жагсаалтаа гаргасныхаа дараа засаж залруулах хүсэлтэй болох хэрэгтэй болсон. Бидний олонх нь хор хохирол учруулсан хүмүүстээ дургүйцсэн сэтгэлдээ сатааралгүйгээр тэр хүмүүсийнхээ жагсаалтыг гаргаж чадахгүй юм байна гэдгийг олж мэдсэн. Хүмүүс бие биедээ харилцан дургүйцдэг байх тохиолдол олон байдаг. Иймэрхүү циклийг үгүй болгохын тулд хэн нэгэн нь уучлах хүсэлтэй байх хэрэгтэй.

Эдгээр сөрөг мэдрэмжээ шударгаар гэмшин хүлээх үед Бурхан бидэнд энэхүү дургүйцлийн циклийг арилгахад тусалдаг. Тэрээр биднийг уучилдаг шиг бид бусдыг уучлах хэрэгтэйг тэрээр бидэнд харуулсан. Их Эзэн өрнөөсөө уучлагдан чөлөөлөгдсөн, бусдыг уучлах хэрэгтэй байсан нэгэн эрд ийн хэлжээ. “Чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?” (Maтай 18:32–33).

Гомдоосон хүмүүстээ хандан өөрсдийн үйлдлийг засаж залруулах гэж хичээн чармайж байхдаа бид Христийн бидэнд үзүүлдэг нигүүлсэлтэй адил энэрлээр бусдад хандахад минь туслахыг гуйдаг байлаа. Бид Аврагчийн зөвлөгөөг хэрэгжүүлж; тэдний сайн сайхны төлөө, өөрсдөдөө хүсдэг бүхий л адислалыг тэднийг аваасай гэж хүсэн залбирдаг байлаа (Maтай 5:44-ийг үзнэ үү).

Бид 8-р алхам дээр ажиллах явцдаа энэ алхам бол гэм буруу буюу ичгүүрийг хэн нэгэнд—өөртөө юм уу жагсаалтад орсон хүмүүст тохох дасгал биш гэдгийг санахыг хичээв. Бидний харилцаанд учирсан хор хохирлуудыг болон үүнтэй бид хэрхэн холбогдсоныг дахин нэг удаа шударгаар харах юм бол, гэм буруу болон ичгүүрийн ачаа дарамтыг Аврагч өргөж үүрэх болно гэдгийг бидний туршлага харуулсан. 8-р алхам дээр бид өөртөө болон өрөөл бусдад, түүнчлэн амьдралд шинэ зүрх сэтгэлээр хандаж эхэлсэн билээ. Бид зөрчил сөргөлдөөн, сөрөг муу бодол санааг биш, харин амар амгаланг мэдэрч эхэлсэн.

Бид хэн нэгнийг шударга бусаар шүүхээ больж, бусад хүний амьдрал, алдаа дутагдлыг үнэлж дүгнэхээ орхих хүсэлтэй болсон. Бид зан төлөвөө доогуурт тавьдгаа эсвэл үүнийг зөвтгөх шалтаг эрэхээ болиход бэлэн болсон. Засаж залруулах хүсэлтэй болсноор бид бидний хүчин чармайлтад Тэнгэрлэг Эцэг баяртай байдгийг мэдэж авч, үүнээс ирдэг амар амгалангаас ашиг тусыг хүртэх болно. Өнгөрсөн алдаанаас маань чөлөөлөх Аврагчийн олгодог боломжийг ашиглаж, үүнийгээ үйлдэл болгон хэрэгжүүлэхэд энэ алхам бидэнд тусална. Засаж залруулах хүсэл маань биднийг 9-р алхам дээр ажиллахад бэлтгэнэ.

Хэрэгжүүлэх алхмууд

Энэ нь үйлдэх хөтөлбөр юм. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэх эсэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.

Гомдоосон эсвэл хохирол учруулсан байж болох хүмүүсийнхээ жагсаалтыг гаргах

Жагсаалтаа гаргахад бэлтгэхэд дэмжих хүн маань биднийг удирдан чиглүүлсэн ба бид бичих нь хэчнээн их хэрэгтэйг дахин олж мэдэв. Бидний ихэнх нь үйл явцыг энгийн мөртлөө тодорхой байлгахын тулд дараах тоймыг ашигласан.

Эхлээд бид 4-р алхам дээрх үнэлэлт дүгнэлтээ ашиглан, холбоо барих хүмүүс эсвэл байгууллагуудаа жагсаасан.

Бид засаж залруулах шаардлагатай товч шалтгааныг тэмдэглэл бүрийн хажууд бичсэн.

Дараа нь бид Сүнсний удирдамжаар, жагсаалтад байгаа хүмүүстэй биечлэн, утсаар, захидал эсвэл мэйлээр холбоо барих төлөвлөгөө гаргасан. Бид дэмждэг хүмүүс болон удирдагчтайгаа хамт төлөвлөгөөгөө авч хэлэлцсэн.

Сүүлд нь бид зорилтот огноог оруулсан. Бид холбоо тогтоосон огноо, холбогдсоны дараах үр дүнг бичих зай үлдээсэн. (Хавсралт дахь хүснэгт нь тус болох хэрэгсэл болно.)

Уучлах

Биднийг гомдоосон хүмүүсийг уучлах хэцүү. Хэрэв танд үүнтэй тэмцэхэд хэцүү байвал эхлээд уучлах хэрэгтэй хүмүүсийнхээ жагсаалтыг гаргах нь тус болж болох юм; дараа нь та өөрийн уучлал хүсэх хэрэгтэй хүмүүсийн жагсаалтыг гаргаарай. Зарим хүний нэр энэ хоёр жагсаалтад хоёуланд байгааг хараад та гайхаж магадгүй.

Бид нэрийг нь жагсааж бичсэн хүмүүсээ уучлахыг залбиран хичээж байхдаа тэвчээртэй байх хэрэгтэй. Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст ийн хэлжээ. “Бидний ихэнхэд уй гашуу, хагацлаа туулахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Бид уучлалыг хойшлуулах олон шалтгаан олж чаддаг. Эдгээр шалтгааны нэг нь бид буруутныг уучлахаасаа өмнө тэдний наманчлахыг [мөн бидэнд засаж залруулж өгөхийг] хүлээх гээд байдаг явдал юм. Ингэж хойшлуулснаар бид өөрсдийн амар амгалан, аз жаргалтай байх цаг хугацааг алддаг. Урт удаан хугацаанд гомдол тээж явах нь аз жаргал авчирдаггүй. … Хэрэв бид биднийг зовоож, шархлуулсан хүмүүсийг зүрх сэтгэлдээ уучилбал өөртөө итгэх итгэл, сайн сайхан байдлын хувьд илүү дээд түвшинд хүрэх болно (“Уучлалын эдгээх хүч,” Liahona, 2007 оны 5-р сар, 68)

Хэн нэгнийг уучилна гэдэг нь тэдний буруу сонголтыг өөгшүүлэх эсвэл бидэнтэй зүй бусаар харьцахыг зөвшөөрнө гэсэн үг биш юм. Гэхдээ бусдыг уучилна гэдэг бол бидэнд сүнслэг байдлын хувьд ч сэтгэл санаа, бие махбодын хувьд ч урагшлах боломжийг олгодог. Биднийг гомдоосон хүмүүс боолчлолд ордог шиг тэднийг уучлах хүсэлгүй байх нь бас биднийг олзолдог. Бид уучилснаар, “шархлуулах, тарчлаах, эцэст нь устгах” гэсэн хүчтэй мэдрэмжүүдийг ардаа орхидог (Томас С.Монсон, “Hidden Wedges,” Ensign, 2002 оны 5-р сар, 20). Түүнчлэн уучлах нь Сүнсийг илүү их хүлээн авч, шавь болох зам мөрөө хөөхөд бидэнд тусалдаг. Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорфын хэлсэнчлэн, ”Уучлагдсан мөн бие биеэ уучилдаг хүмүүс тэнгэрт байдгийг сана. Мөн тэд уучилдаг” (“Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77).

Энэрэхийг эрэлхийлэн залбирах

Засаж залруулахаас айж байсан ч гэсэн та нар Аврагчийн тусламжтайгаар боломж гарах үед жагсаалт дээрх хүмүүстэй уулзахад бэлтгэгдэж чадна гэдгийг бид гэрчилж байна. Бусад хүн яах бол, юу гэж хэлэх бол гэж айхаас илүүтэй бид Бурханд итгэж амьдрах зоригтой байхын төлөө залбирч, гэмээ засаж залруулахад бэлтгэгдсэн. Мөн бид ичгүүр болон айдсыг биш, харин сайн мэдээний зарчмуудыг дагахыг хичээсэн. Бидэнд тусалсан нэгэн хүчтэй зарчим бол энэрэл, “Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) юм.

8-р алхам дээр ажиллахаасаа өмнө бидний олонх нь төгс бус байдлаасаа үл хамааран Есүс Христийн хайрыг мэдрээд гайхаж байсан. Түүнээс ирдэг хайр нь Түүнийг хайрлах агуу хайрыг мэдрүүлж, Түүнийг дагах хүслийг бидэнд төрүүлсэн юм. Бид Түүнийг дагахаар чадлаараа хичээснээр биднийг болон бусдыг гэсэн Түүний хайраар дүүрсэн. Бид энэрлийн төлөө залбирч, цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийг илүү их уучилж, гэмээ засаж залруулах хүсэлтэй болсон. Бид мөн өөрсдийгөө илүү их хайрлаж, уучилдаг болсон. Бид Бурханаас бидний жагсаалтад байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийг энэрлийн сэтгэлээр зөөлрүүлэхийг хүсэж, ямар ч үр дагаврыг хүлээн зөвшөөрөх хүч хайрлахыг гуйн залбирсан.

Бид энэрлийг хүсэн залбирч байхдаа жагсаалтаасаа нэг хүнийг сонгож, хоёр долоо хоногийн турш өдөр бүр зориуд өвдөг сөгдөн, тэр хүний төлөө залбирах нь тустайг олж мэдсэн. Залруулгын жагсаалт маань бидэнд шийдвэрлэгдээгүй бүх мэдрэмжээ Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирах залбиралдаа нарийн тодорхой оруулахад тусалсан юм. Залбирахад эхэндээ чин сэтгэлээсээ биш юм шиг санагддаг байсан ч яваандаа бид өрөвч сэтгэлийн гайхамшгаар адислагдсан. Бүр онцгой тохиолдолд ч Бурхан гэмээ засаж залруулахын тулд энэрлийг хүсэн залбирсан хүмүүсийг адисалсан.

Судлах ба ойлгох

Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тусална. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бид үүнээс хамгийн их ашиг тус хүртэхийн тулд бичиж буй зүйлээ үнэн зөв, оновчтой, тодорхой бичих ёстойг санавал зохино.

Христийн амгалан дөлгөөн дагалдагчид

“Иймийн тул, би сүмийнх болох та нарт, Христийн амгалан дөлгөөн дагалдагчид болох та нарт, мөн энэ цагаас хойш та нар тэнгэрт түүнтэй хамтрах болтлоо, Их Эзэний амралтад орж чадахаар хангалттай найдварыг олж авсан та нарт ярья.

Мөн эдүгээ ах дүүс минь, та нар хүмүүсийн үрстэй хамт амгалан дөлгөөн алхдагийн тань учир, та нарын талаар би эдгээр дүгнэлтэд хүрэв” (Моронай 7:3–4).

Эхний долоон алхамд бид Христийн амгалан дөлгөөн дагалдагчид болох үйл явцыг эхлүүлсэн. Бид Их Эзэнтэй хамт амар амгалан байх үед бусад хүнтэй хамт амар амгалан байхад илүү сайн бэлтгэгддэг.

  • Эхний долоон алхмыг хэрэгжүүлэх нь Христийн амгалан дөлгөөн дагалдагч болох үйл явцад минь хэрхэн туслах вэ?

  • Би хүмүүстэй хамт амар амгалан байхын тулд өөр ямар алхмыг дагаж үйлдэх хэрэгтэй вэ?

Бурханы төгс хайр

“Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна.

“Би Бурханыг хайрладаг” … учир нь … эхлээд Тэр биднийг хайрласан тул.” (1 Иохан 4:18–19).

  • Өөртөө болон уучлал гуйж буй хүнд маань зориулсан Бурханы төгс хайранд би хэрхэн итгэж болох вэ?

  • Бурхан намайг болон Өөрийн бүх хүүхдээ хайрладаг гэдгийг мэдэх нь боломжийнхоо хирээр хохирлоо барагдуулах шийдвэрийг минь хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

Бусдад хүрч ажиллах

“Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана.

“Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ” (Лук 6:37–38).

Зарим хүнийг өөрсөдтэй нь эвлэрэх бидний хүчин чармайлтыг няцаах болов уу гэж айж байсан ч энэ айдас нь тэднийг жагсаалтдаа оруулах, тэдэнтэй холбоо тогтооход бэлтгэхэд саад болох ёсгүй. Бидний хүлээж авах адислалууд сэтгэлийн эмзэглэлээс хавьгүй их юм.

“Бид Тэнгэрлэг Эцэгт хэчнээн ойртох тусам, мөхөж буй бодгалиудыг төдий чинээ их өрөвч сэтгэлээр харах хүсэлтэй болдог— тэднийг бид мөрөн дээрээ авч явмаар бас нүглүүдийг нь ардаа авч хаямаар санагддаг. … Хэрэв та Бурханы нигүүлслийг өөр дээрээ байлгахыг хүсвэл, өөр хэн нэгэнд нигүүлслийг үзүүл” (Joseph Smith, in History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume C-1 Addenda, 74 josephsmithpapers.org).

  • Бид бүгд Есүс Христийн нигүүлсэл хэрэгтэй төгс бус бодгалиуд. 8-р алхмын дагуу үйлдсэнээр Есүс Христийн нигүүлсэл, ач ивээлийг хүлээн авах үүд хаалгыг нээж өгч байгаагаа мэдэх нь надад хэрхэн тус болох вэ?

Уучлах ба уучлахыг хүсэх

“Дараа нь Петр ирж, Түүнд-Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь,

Есүс айлдсан нь -Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье” (Матай 18:21–22).

Ганцхан удаагийн буруу зүйлийг уучлах мөн үүний төлөө уучлал гуйх нь олон удаагийн гэм буруугаар дүүрэн, удаан үргэлжилсэн нөхцөлд уучлах, уучлал гуйхаас илүү амар хялбар юм. Өнгөрсөн үед мөн одоо үед болсон уучлах шаардлагатай, олон удаагийн гэм буруутай үйлдлийг тээсэн харилцааны талаар бод.

  • Уучлах, уучлал гуйх хүч чадлыг би хэрхэн олж болох вэ?

  • Есүс Христ хэрхэн уучлахын хамгийн агуу жишээ болдог вэ? Түүний үлгэр жишээ намайг бусдыг уучлахад хэрхэн тусалж чадах вэ?

“Иймийн тул, та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би; учир нь ах дүүсийнхээ зөрчлийг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсох буюу; учир нь түүнд илүү их нүгэл үлддэг болой.

Их Эзэн бибээр өршөөх түүнийгээ өршөөх болно, харин бүх хүнийг уучлах нь та нараас шаардагддаг болой” (Сургаал ба Гэрээ 64:9–10).

Бусдыг уучлахгүй байх нь анх учруулсан гомдлоос илүү ноцтой нүгэл юм хэмээн Есүс заасан байдаг.

  • Өөрийгөө эсвэл өөр хэн нэгнийг уучлахаас татгалзах нь Аврагчийн Цагаатгалыг үгүйсгэхтэй хэрхэн адилхан бэ?

  • Дургүйцэл, гомдол намайг бие бялдар, сэтгэл хөдлөл, сүнслэг байдлын хувьд хэрхэн эвддэг вэ?

Гэм буруу болон гомдлыг даван туулах

Нинжин сэтгэл нь наманчлал, уучлал өөд хэрхэн хөтөлж болдгийг бошиглогч Иосеф Смит ийн дүрсэлжээ.

“Хүмүүсийн гараас барьж, тэдэнд эелдэг ялдамхнаар анхаарал тавихаас өөр юу ч тэднийг нүглээ орхиход тийм хүчтэй хөтөлдөггүй. Харин үүний эсрэг тал нь хүмүүс найрсаг бус харьцаа, хамгийн бага хайрыг харуулахад, ай энэ нь оюун ухааны минь дээр хүчтэйгээр нөлөөлж зүрх өвтгөм муу муухай бодлыг өдөөж, хүмүүний оюуныг дарангуйлах хандлагатай болдог” ((Joseph Smith, in History, 1838–1856 [Manuscript of the Church], volume C-1 Addenda, 74 josephsmithpapers.org).

  • Би гэм буруу болон гомдлын үеийг даван туулагч байхыг хүсэж байна уу?

  • Нинжин сэтгэл, хайрыг надад харуулсан хүмүүс хэрхэн намайг өөрөөр үйлдэхэд сүнслэгээр нөлөөлсөн бэ?

  • Намайг бусдад хайр, нинжин сэтгэлээр хандахад амьдралыг минь төвөгтэй болгож, сэвтүүлсэн харилцаа ямар байдлаар өөрчлөгдөж болох вэ?