“6-р алхам: Зан төлөвийнхөө сул талуудыг Бурханаар арилгуулахад бүх талаар бэлэн бол,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“6-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
6-р алхам: Зан төлөвийнхөө сул талуудыг Бурханаар арилгуулахад бүх талаар бэлэн бол.
Үндсэн зарчим: Зүрх сэтгэлийн өөрчлөлт
Бидний ихэнх нь 5-р алхмаар дамжуулан эдгэрч, амжилт олсон. Бид өөрсдийнхөө өөрчлөгдсөнд гайхширч, талархаж байлаа. Биднийг уруу татах донтолтын хүч улам суларч, давтамж нь илүү цөөрснийг бид олж мэдсэн. Бидний зарим нь донтолтоос ангижрах адислалуудыг аль хэдийн олж харж эхэлсэн байв. Бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү ойр болж, амьдралдаа илүү амар амгаланг мэдэрсэн. Ийм хүчирхэг өөрчлөлтүүд гарснаар зарим хүн хийх ёстой зүйл маань ердөө л энэ байсан гэж үү хэмээн гайхаж байв. Гэхдээ бидэнд донтолтоос үргэлжлүүлэн ангижирч, энэ байдлаа хадгалахын тулд илүү их эдгээх хүч хэрэгтэй байлаа.
Донтолтоос татгалзах нь бидний зан чанарын сул талуудыг илүү тод харуулдаг болохыг бид анзаарсан. Бид асуудлаас зугтах гэж донтохоо больсон учраас асуудлуудаа илүү тодорхой харж чаддаг болсон. Бид сөрөг бодол санаа, мэдрэмжүүдээ хянахыг оролдсон ч, эдгээр нь донтолтоос ангижирч буй шинэ амьдралыг маань тасалдуулахаар заналхийлж, сэтгэлийн мухарт хоргодон, үе үе цухалзсаар байлаа. Бид зан чанарынхаа сул талуудыг хянаж, стресс бухимдлаа даван туулахын тулд урьдынх шигээ донтсон, амин хувиа хичээсэн зан авираа ашиглахаар уруу татагдсан юм.
Донтолтоос ангижрахын сүнслэг үр дагаврыг ойлгосон хүмүүс бидний амьдралд гарч буй ил тод өөрчлөлт гайхамшиг бөгөөд Есүс Христ биднийг үүнээс бүр илүү ихээр адислахыг хүсэж байгаа гэдгийг бидэнд ойлгуулахаар ухуулдаг байв. Бусад хүн бидэнд донтолтоосоо зайлсхийхээс гадна үүнд дахин автах хүслийг бүрмөсөн хаяхыг хүсэж байгаа бол зүрх сэтгэлийн өөрчлөлтийг биеэрээ амсах ёстой гэдгийг ойлгоход тусалсан. Зүрх сэтгэлээ өөрчлөх энэхүү хүсэл нь 6-р алхмын гол зорилго юм.
Яаж ийм өөрчлөлтийг гаргах юм бол гэж та бодож байж мэднэ. Өмнөх алхмуудын адил 6-р алхам танд дааж давшгүй сорилт мэт санагдаж ч магадгүй. Ийм бодол мэдрэмжид бүү урам хугар. 4, 5-р алхамд та зан чанарынхаа сул талуудыг ойлгож, ухамсарласан нь эдгээрийг орхиход бэлэн гэсэн хэрэг биш гэдгийг бидний нэгэн адил та ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Стресс бухимдлаа даван туулах гэж оролдохдоо бид хуучин арга барилаасаа салахгүй хэвээр байж магадгүй.
Бурханы тусламжгүйгээр бид өөрсдийгөө өөрчлөх гэж хичээж буй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн даруусгагч зүйл юм. 6-р алхам нь бардамнал, зөрүүд зангийн бүх үйлээрээ Бурханд захирагдахыг биднээс шаарддаг. 1, 2-р алхмын нэгэн адил 6-р алхам нь өөрийгөө үргэлжлүүлэн даруусгаж, Христийн гэтэлгэх, өөрчлөх хүч хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. Энэ бүхний эцэст, Түүний цагаатгагч золиослол алхам бүрийг хэрэгжүүлж, энэ шатанд хүрэх боломжийг олгосон билээ. 6-р алхам ч үүнтэй адил юм.
Бид энэ алхмыг хэрэгжүүлэхдээ Есүс Христэд ирж, тусламж хүсэх юм бол урам маань хугарахгүй. Хэрэв бид Түүнд итгэж, энэ үйл явцад тэвчээртэй хандвал бардамнал маань даруу байдлаар алгуурхан солигдохыг харах болно. Тэрээр биднийг туслалцаа авалгүйгээр өөрчлөгдөх гэсэн хүчин чармайлтаасаа төвөгшөөх хүртэл тэвчээртэйгээр хүлээх болно. Бид Түүнд хандсанаар Түүний хайр, хүчийг дахин гэрчлэх болно. Зан авирынхаа хуучин зуршлуудтай зууралдахын оронд илүү сайхан амьдрах арга замыг Сүнс намуухнаар зөвлөхөд бид оюун бодлоо нээлттэй байлгаж чадна. Есүс Христ зовлон шаналал, шаргуу хөдөлмөрийг маань ойлгодог гэдгийг ухамсарласнаар өөрчлөлтөөс айх айдас маань багасдаг. Энэ нь цаг хугацааны явцад тохиох бөгөөд бидний хүн нэг бүрийн хувьд өөр байна. Энэ нь өөрсдийн хүслийг Их Эзэнд захируулах дасгал юм. Энэ бол нэг удаагийн үйл явдал биш, харин урт хугацааны үйл явц.
Христэд ирэх үйл явц зүрх сэтгэлд тань хоногших үед сөрөг бодол санаа, мэдрэмжүүдийг өөгшүүлдэг хуурамч итгэл бишрэл үнэнээр солигдоно. Бид Бурханы үгийг үргэлжлүүлэн судалж, хэрэгжүүлснээр хүч чадалд өсөн нэмэгдэх болно. Бид Их Эзэний эдгээгч хүчнээс хүртэх эрхтэй гэдгээ бусдын гэрчлэлээр дамжуулан ойлгоход Тэрээр бидэнд туслах болно. Бусдыг буруутгах эсвэл энэхүү хүнд хэцүү үйл явцаас гарах замаа зөвтгөх хүсэл нь Түүний өмнө хариуцлага хүлээх, Түүний таалалд дуулгавартай байх хүслээр солигдох болно. “Би та нарт … шинэ зүрх өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө” (Езекиел 36:26) хэмээн Их Эзэн бошиглогч Езекиелээр дамжуулан тунхагласан.
Аврагч биднийг адисалж, бидний мөн чанарыг өөрчлөхийг хүсдэг. Бид Түүнд боломж олгох юм бол Тэрээр Тэнгэрлэг Эцэгтэй нэгдсэнтэй адил бид Түүнтэй илүү нэгдмэл болох болно. Аврагч донтолтод маань нөлөөлсөн ганцаардал, айдсаас биднийг амраахыг хүсдэг. Тэрээр цагаатгагч золиослолоороо дамжуулан бидэнд ирэх боломжтой өөрийн ач ивээл, хүч чадлаар биднийг адислахыг хүсдэг.
Бид донтолтоос ангижрахаас гадна зан чанарын сул талуудаасаа салахын тулд Сүнсний өдөөлтүүдийг анхаарч, Бурханаас аврал эрэхэд бэлэн байх аваас Тэрээр бидний зан чанар, хандлагыг өөрчлөх болно. Бидний Бурханаар ариусгагдах их хүсэл жинхэнэ мөн чанартаа өөрчлөлт гаргахад биднийг бэлтгэнэ. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон энэ өөрчлөлтийг ийн дүрсэлжээ.
“Их Эзэн дотроос гадагш ажилладаг. Дэлхийн хандлага гаднаас дотогшоо чиглэдэг. Дэлхий хүмүүсийг ядуурлаас гаргадаг. Христ эхлээд ядуурлыг хүмүүсийн дотроос гаргаж, үүний дараа тэд өөрсдийгөө ядуурлаас гаргадаг. Дэлхий хүмүүсийн орчныг өөрчлөх замаар [тэднийг] төлөвшүүлдэг. Харин Христ эхлээд [хүмүүсийг] өөрчилж, дараа нь хүмүүс хүрээлэн буй орчноо өөрчилдөг. Дэлхий хүмүүсийн зан байдалд нөлөөлж болох ч Христ хүмүүсийн мөн чанарыг өөрчилдөг. …
Есүс бол Христ мөн гэдэгт итгэлтэй байцгаая, Түүнийг дагахаар сонгож, Түүний төлөө өөрчлөгдөж, түүгээр удирдуулан, Түүний дотор шингэж, тэгээд дахин төрөхөд итгэлтэй байцгаая” (“Born of God,” Ensign, 1985 оны 11-р сар, 6–7).
Хэрэгжүүлэх алхмууд
Энэ бол үйлддэг хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.
Бурханы хүчээр өөрчлөгдөх хүсэлтэй бай
Биднийг 6-р алхамд анх суралцахад, зарим маань “Мэдээж, би Бурханаар сул дорой байдлаа арилгуулахад бэлэн байна!” гэж хэлсэн. Бид сул талаа бие даан даван туулах гэсэн бүтэлгүй олон оролдлогодоо ялагдсан гэдгээ мэдэрсэн. Гэсэн хэдий ч бид тунгаан бодож, дэмжих хүмүүсийнхээ зөвлөгөөг анхаарснаар сул дорой байдлаа орхих бодолтой байсан ч чин хүсэлгүй байсан гэдгээ ойлгосон юм.
Бид ихэвчлэн сул дорой байдлаа өөрийгөө өмгөөлөх хэрэгсэл эсвэл аминч үзлээ өөгшүүлэх арга зам болгон ашигладаг байсныг ойлгоход Ариун Сүнс болон бусад хүн бидэнд тусалсан. Жишээ нь: Бидний зарим нь аюул заналхийлсэн үед дургүйцэж, өөрийгөө бусдаас илүү гэж боддог байсан. Хэдийгээр энэ нь ихэнхдээ буруу байсан ч зөв гэдгийг бид мэдрэх дуртай байв.
Бидний зарим нь бусдыг гомдоохгүйн тулд өөрсдийгөө дорд үзэж, бурханлаг мөн чанараа сулруулдаг. Хэрэв бид эхлээд өөрсдийгөө доромжлох юм бол биднийг дорд үзсэн өөр хэн ч гэсэн бидний аль хэдийн хүрсэн дүгнэлтэд хүрнэ гэж бодсон.
Гэвч сорилт бэрхшээлүүдэд үзүүлсэн эдгээр эрүүл бус хариу үйлдэл нь бидний давуу тал биш, харин бидний зан чанарын сул талуудаас үүдэлтэй байсан юм. Хэрэв бид сул талаа орхивол илүү өрөвдөлтэй болох вий гэхээс айж байлаа. Гэвч бид Бурханаар өөрсдийн сул талуудыг арилгуулж, дэмжих хүнтэйгээ хамтран ажиллах үедээ Бурхан бидэнд хэчнээн их санаа тавьдгийг олж мэдсэн.
Бид таныг жинхэнэ үнэ цэнээ ухаарч, өөрөө өөрийгөө хамгаалахад биш, харин Бурханы халамжид итгэхэд урьж байна.
Донтолтоос ангижирч байгаа бусад хүнтэй болон сүм дээр хүмүүстэй холбоо тогтоо
Бид донтолтоос ангижирч байгаа бусад хүнтэй илүү дотно танилцах тусам тэднийг бодсоноос ч илүүгээр бидэнтэй адилхан болохыг ойлгож эхэлсэн юм. Бид түүхээ хуваалцаж, мөн бусад хүний хуваалцах түүхийг сонсоод өрөвч нинжин сэтгэл маань улам нэмэгдсэн. Бидэнд Бурханы бүх хүүхдийн нийтлэг талыг таньж, тэдний эргэн тойронд байхдаа гэртээ байгаа мэт санагдаж эхэлсэн. Гэр бүл, найз нөхөд, Сүмийн удирдагчид биднийг сүмдээ эргэн ирж, одоогийнхоо амлалтуудаа хүчирхэгжүүлэхэд урьсан юм. Бид татгалзах эсвэл шалтаг гаргахын оронд сүмд явахаар шийдэв. Донтолтоос ангижрах цуглаан дээрх дуртай зүйлүүд маань сүмийн шүтлэг бишрэлийн нэгэн хэсэг байсныг аажимдаа бид олж мэдэв.
Баптисм хүртэх үед жинхэнэ хөрвөлт нь насан туршийн үйл явц болохыг цөөн хэдэн хүн л ойлгосон юм. Үүнийг ерөнхийлөгч Марион Ж.Ромни ийн тодорхой тайлбарлажээ. “Жинхэнэ ёсоор бүрэн хөрвөгдсөн хүн Есүс Христийн сайн мэдээнд харш зүйлсийг хүсэхээ больдог. Харин үүнийг, үл өөрчлөгдөх, шийдэмгий байдлаар түүний зарлигуудыг сахих Бурханы хайр орлодог” (in Conference Report, Guatemala Area Conference 1977, 8).
Бид хамгийн түрүүнд донтсон зан авираасаа, дараа нь зан төлөвийн сул дорой талуудаасаа ангижрах гайхамшгийг биеэрээ амссан тохиолдолд жинхэнэ хөрвөлт бидний хувьд биеллээ олох болно. Үрэлгэн хүү “ухаарсан” (Лук 15:17) шиг бид ч сэрж, ухаарах болно.
Судлах ба ойлгох
Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тусална. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бид үүнээс хамгийн их ашиг тус хүртэхийн тулд бичиж буй зүйлээ үнэн зөв, оновчтой, тодорхой бичих ёстойг санах хэрэгтэй.
Бүх нүглээ орхих
“Хаан хэлэв: … Энэ ёс бусын сүнсийг цээжнээсээ үндсээр нь сугалуулан, мөн Бурханаар төрж болохын тулд, мөн түүний Сүнсийг хүлээн авч, баяслаар дүүргэгдэж болохын тулд … би юу хийх билээ? … … би энэхүү агуу баяслыг хүлээн авч болохын тулд би өөрийн эзэмшдэг бүгдийг өгөх болно …
… хаан Их Эзэний өмнө доош бөхийн өвдөг дээрээ сөхрөв; тийм ээ, бүр тэрээр газар сунан хэвтэж, мөн хүчтэйгээр хашхирч, хэлэв:
Ай Бурхан … би нас барагсдаас босгогдож, мөн эцсийн өдөр аврагдаж болохын тулд бүх нүглээ орхих болно” (Алма 22:15, 17–18).
-
Эдгээр шүлгийг дахин дахин анхааралтай уншаарай. Надад зан байдал, бодол мэдрэмжээс гадна, “бүх нүглээ” орхиж, Сүнсийг илүү бүрэн дүүрэн хүлээн авахад юу саад болж байна вэ?
Сүм дэх нөхөрлөлийн нэг хэсэг нь болох
“Мөн эдүгээ, та нарын хийсэн гэрээнийхээ улмаас Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид гэж нэрлэгдэх болно; учир нь болгоогтун, энэ өдөр тэрээр та нарыг сүнслэг байдлаар тань төрүүллээ; учир нь та нарын зүрх сэтгэл түүний нэрд итгэх итгэлээр өөрчлөгдсөн хэмээн та нар хэллээ; тиймийн тул, та нар түүнээс төрсөн мөн түүний хөвгүүд мөн түүний охид болсон бөлгөө” (Мозая 5:7).
Бид Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүний Сүнсээр хүчирхэгжсэн үедээ баптисм хүртэж дэлхий дээрх Түүний гэр бүлийн ах, эгч гэгээнтнүүдтэй адилаар бодож эхэлдэг.
-
Би бусад гэгээнтнийг илүү сайн мэддэг болсноор хэрхэн Сүм дэх нөхөрлөлийн нэгэн хэсэг болох хүсэлтэй болсон бэ?
Гэтэлгэлийг мэдрэх
“Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, тэрээр Ариун Сүнсний таталтад автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн болж, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэний түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн бус аваас үүрд мөн мөнхөд тийм байх болно” (Мозая 3:19).
Бидний олонх нь зөвхөн баптисмаар гэгээнтнүүд гэж нэрлэгдэн, амьдралынхаа үлдсэн хугацааг “эгэл хүмүүнээ орхих”-ын төлөө мөн энэ шүлэгт дурдсан зан төлөвийн чанаруудыг хөгжүүлэхийн төлөө тэмцдэг.
-
Зөвхөн Христийн Цагаатгалаар дамжуулан Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой нэг болсноор гэтэлгэлийг мэдрэх боломжтойг хүлээн зөвшөөрөхөд энэ тэмцэл намайг хэрхэн бэлтгэсэн бэ?
Христэд ирэгтүн
Ахлагч Ричард Г.Скотт: “Хүнд хэцүү бэрхшээлийн эх сурвалж юу болох нь хамаагүй, та эмчилгээний мэргэшсэн засалч, эмч, санваартан удирдагч, найз нөхөр, халамжтай эцэг эх эсвэл хайртай нэгнээрээ дамжуулан тайтгарлыг эхэлж олж авсан ч бай мөн та яаж эхэлсэн эсэх нь ч хамаагүй, шийдэл нь хэзээ ч бүрэн хариултыг өгдөггүй. Эцсийн бүрэн эдгэрэлт Есүс Христэд итгэх итгэл, Түүний сургаалуудаар дамжин харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр бас Түүний зарлигуудад дуулгавартай байснаар ирдэг билээ” (“To Be Healed,” Ensign, 1994 оны 5-р сар 9).
Донтолтоос ангижрах бүлгүүд, Сүмийн цугларалтууд зэрэг дэмжлэг, нөхөрлөл нь хэзээ ч авралыг авчрахгүй. Донтолтоос ангижрах аянд маань бусад хүн биднийг дэмжиж, адисалж болно, гэвч эцсийн эцэст бид Христэд Өөр дээр нь ирэх ёстой.
-
Миний донтолтоос ангижрах аялал хэрхэн эхэлсэн бэ?
-
Наманчлал болоод донтолтоос ангижрах зам дээр гарахад маань хэн тусалсан бэ? Тэдний үлгэр жишээ намайг Аврагч уруу хэрхэн чиглүүлсэн бэ?
-
Би Аврагчаас зан чанараа өөрчлөх хүсэл, чадварт маань тусалсан эсвэл нөлөөлсөн ямар зүйлийг мэдэж суралцсан бэ?
Үйл явцад тэвчээртэй хандах
“Болгоогтун, та нар бяцхан хүүхдүүд, мөн эдүгээ та нар бүх зүйлийг даах нь үгүй болой; та нар ач ивээлд мөн үнэний мэдлэгт өсөх ёстой.
“Бяцхан хүүхдүүд бүү эмээ, учир нь та нар минийх болой, мөн бибээр дэлхийг ялсан, …
“Эцэгийн надад өгсөн тэднээс хэн нь ч алдагдах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 50:40–42).
Донтолтоос ангижрах нь удаан үргэлжилдэг үйл явц учраас бид заримдаа тэвчээр алдаж эсвэл шантардаг. “Бяцхан хүүхдүүд” болох бидний талаар Есүс Христийн болон Тэнгэрлэг Эцэгийн тэвчээрийг дээрх шүлгүүд харуулж байна. Эдгээр шүлгийг өөртөө хувьчлан хандсан байдлаар бичиж, хэрэгжүүл:
-
Шантарч зориг мохсон үед маань энэ судар дахь амлалтууд намайг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?
Есүс Христээс тусламж хүлээн авах
“Мөн эдүгээ хайрт ах дүү нар минь, та нарыг энэ давчуу бөгөөд нарийн замд орсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь аврах чадал бүхий түүний гавьяат үйлсэд бүрэн дүүрнээр найдан, Христэд гуйвшгүй итгэлтэйгээр түүний үгийн дагуу байсан болохоор л та нар өдий зэрэгт хүрсэн болой.
Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэг ийн ийн хэлдэг болой: Та нар мөнх амьдралыг хүртэх болно” (2 Нифай 31:19–20).
-
Есүс Христ давчуу бөгөөд нарийн замаар явах үед надад хэрхэн тусалдаг вэ?
-
Бурханыг болон бусдыг хайрлах өсөн нэмэгдэж буй хайр минь намайг донтолтоос ангижрах, үүнээс үргэлжлүүлэн татгалзахад хэрхэн тусалж, мөнх амьдралын найдварыг сэргээдэг вэ?