“3-р алхам: Хүсэл эрмэлзэл, амь амьдралаа Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд даатга,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“3-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
3-р алхам: Хүсэл эрмэлзэл, амь амьдралаа Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд даатга.
Үндсэн зарчим: Бурханд итгэх итгэл
3-р алхам нь шийдвэр гаргах алхам юм. Эхний хоёр алхамд бид өөрсдөө юуг хийж чадахгүй болон Бурхан бидний төлөө юу хийж чадахыг хүлээн зөвшөөрсөн билээ. Бурханд зориулж бидний хийж чадах цорын ганц зүйлийг 3-р алхам дээр танилцууллаа. Бид өөрсдийгөө Түүнд нээж өгч, өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх амьдрал, хүсэл эрмэлзлээ Түүнд даатгах шийдвэр гаргаж чадна. 3-р алхам нь сонгох эрх юм. Энэ бол бидний энэ амьдрал дахь хамгийн чухал сонголт юм.
Энэхүү хамгийн чухал шийдвэрийн тухай ахлагч Нийл А.Максвэлл дараах мэдэгдлийг хэлжээ. “Хүн хүслээ захируулна гэдэг бол Бурханы тахилын ширээн дээр бидний тавих ёстой хувь хүний үнэхээр цорын ганц, хосгүй өвөрмөц зүйл юм. Энэ сургаал нь хэцүү хэдий ч үнэн юм. Бурханд бидний зориулдаг бусад олон зүйл байдаг нь сайн хэрэг. Гэвч эдгээр нь үнэн хэрэгтээ бидэнд Түүний аль хэдийн өгсөн зүйлүүд байдаг, мөн Тэрбээр эдгээрийг бидэнд зээлдүүлсэн юм шүү дээ. Гэвч бид өөрсдийн хүслийг Бурханы таалалд нийцүүлэн өөрсдийгөө захируулж эхлэх юм бол, дараа нь бид үнэхээр ямар нэг зүйлийг Түүнд өгч чадна” (“Insights from My Life,” Ensign, 2000 оны 8-р сар, 9).
Хүсэл бодлоо Бурханд захируулахаар шийдсэн шийдвэр нь эрх чөлөөг олгосон тухай ерөнхийлөгч Боид К.Пакэр дүрслэхдээ: “Эцсийн бүлэгт сонгох эрхээ ямар ч албадлага, шахалт шаардлага, дарамтгүйгээр Бурханд даатгах итгэл надад байлаа. Магадгүй энэ нь амьдралд маань байсан хамгийн агуу нээлт болсон байх. Нэг ёсондоо, … хүний сонгох эрхийг авна гэдэг бол … ‘Таны удирдсанаар би явах болно’ гэж хэлэхэд, хариуд нь, тэгвэл чи үүнээс хойш ийм замаар явж сурах юм бол улам их сонгох эрхтэй болно хэмээн хэлэхтэй агаар нэг юм” гэжээ (Obedience, Brigham Young University Speeches of the year [1971 оны 12-р сарын 7], 4).
Донтолтоос ангижрах цуглаануудад анх оролцох үедээ бид сэтгэлд нэг л дарамттай, бусдаар албадуулж энд ирсэн мэт санагдаж байв. Гэвч 3-р алхмыг хэрэгжүүлэхийн тулд бид өөрсдийнхөө төлөө хичээх шийдвэр гаргах хэрэгтэй болсон юм. Амьдралаа өөрчлөх нь бидний гаргах шийдвэр байх ёстой гэдгийг бид ойлгосон. Энэ нь бидний гэр бүл, найз нөхдийн юу гэж бодож, хүсэж байгаа тухай биш байв. Бид өөр хэний ч санал бодол, сонголтыг үл харгалзан донтолтоос ангижрахад бэлэн байх хэрэгтэй байлаа.
3-р алхам дээр ажиллах үедээ бид донтолтоос ангижрах нь өөрсдийн хүчин чармайлт гэхээсээ Их Эзэний хүчин чармайлтын үр дүн юм гэсэн үнэнийг сурч мэдсэн. Түүнийг бид амьдралдаа урьснаар Тэрээр гайхамшгийг үйлдсэн билээ. Бид Бурханд биднийг эдгээх, гэтэлгэх боломжийг олгохыг сонгосон. Тэрээр бидний сонгох эрхийг хүндэтгэдэг гэдгийг бид мэдээж үргэлж санаж байсан тул амьдралыг маань чиглүүлэх боломжийг Түүнд олгохоор шийдсэн юм. Бид энэхүү сүнслэг байдалд төвлөрсөн донтолтоос ангижрах хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр шийдсэн үеэс Түүний мутарт амьдралаа даатгасан.
Энэ алхмыг хийхдээ бид үл мэдэгдэх зүйлээс айж байлаа. Хэрэв бид өөрсдийгөө даруусгаж, амьдрал, хүсэл сонирхлоо Бурханы анхаарал халамжид бүрэн даатгавал юу болох байсан бол? Бидний ихэнх нь хүүхэд ахуйдаа хүнд хэцүү нөхцөлд өссөн байсан ба дахиад л балчир хүүхдүүд шиг эмзэг болох вий гэж айж байв. Өнгөрсөн үеийн туршлагуудаас бид донтолтоос ангижрах амлалт өгөх нь бараг л боломжгүй зүйл гэдэгт итгэсэн байлаа. Бусад хүнийг амлалтаа хэтэрхий их зөрчихийг бид харсан мөн бид ч өөрсдөө хэтэрхий олон удаа амлалтаа зөрчсөн. Гэвч бид донтолтоос ангижирч буй найзуудынхаа “Битгий хэрэглэ. Цуглаанд оч. Тусламж хүс” гэсэн зөвлөгөөг туршиж үзэхээр шийдсэн юм. Биднээс өмнө донтолтоос ангижрах алхмуудыг хэрэгжүүлсэн хүмүүс амьдралын энэ шинэ хэв маягийг туршиж үзэхэд биднийг урьдаг байв. Тэд Бурханыг амьдралдаа бага ч гэсэн оролцуулах хүсэлтэй болоход биднийг тэвчээртэй хүлээсэн.
“Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно” (Илчлэлт 3:20) гэсэн ижил урилгыг Есүс Христ өгдөг.
Эхэндээ бидний хичээл зүтгэл сэтгэл зовмоор, мунгинасан байдалтай байлаа. Бид Есүс Христэд итгэл найдвараа тавьсаар байсан ч дараа нь больсон юм. Түүнийг бидний тогтвор суурьгүй байдалд дургүйцэж, дэмжлэг, хайраа биднээс татан авах болов уу гэж бид санаа зовдог байлаа. Гэвч Тэр тэгээгүй.
Бид Есүс Христэд Өөрийн эдгээх хүчийг, мөн Өөрийнх нь замыг дагаснаар аюулгүй гэдгийг бидэнд харуулах боломжийг аажим аажмаар олгож байлаа. Зөвхөн донтолтоос салах төдийгүй хүсэл сонирхол, амьдралаа бүхэлд нь Бурханд хандуулах хэрэгтэйг бид бүгд ухааран ойлгосон юм. Ийн үйлдэхдээ бид Түүний тэвчээртэйг мөн Түүнд бүхнээ даатгасан бидний ядмагхан хичээл зүтгэлийг үнэлдэг гэдгийг нь ойлгосон.
Харин одоо уруу таталтыг тэсвэрлэх чадвар маань Бурханы хүсэлд даруухнаар захирагдахад бэхлэгдсэн. Бид Аврагчийн Цагаатгалын хүч бидэнд хэрэгтэй гэдгийг илэрхийлдэг ба бидэнд буй уг хүч ирэх уруу таталтын эсрэг биднийг хүчирхэгжүүлж буйг мэдэрч эхэлдэг. Бид Аврагчийн нөхцөлүүд дээр тулгуурлан амьдралыг хүлээн зөвшөөрч сурсан.
Бурханд захирагдах нь бидэнд хэцүү байж болох юм. Энэ нь биднээс өөрсдийгөө Түүний таалалд өдөр бүр, заримдаа цаг тутамд, тэр ч байтугай хором бүрд дахин дахин зориулахыг шаарддаг. Бид ийм хүсэлтэй байснаар өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй зүйлийг гүйцэлдүүлэх ач ивээл хийгээд боломжтой болгох хүчийг олж авдаг.
Бурханы таалалд байнга захирагдах нь стресс бухимдлыг тайлж, бидний амьдралыг илүү утга учиртай болгодог. Биднийг зовоодог байсан өчүүхэн зүйлүүдэд ч бид уурлахаа больсон. Бид үйл хэргийнхээ төлөө хариуцлага хүлээдэг болсон. Бид Аврагчийн бусдад яаж хандах байсанчлан, тийм байдлаар ханддаг болов. Мөнх бус байдал бол бэрхшээл сорилттой бөгөөд энэ нь бидэнд уй гашуу, харууслыг, түүнчлэн аз жаргалыг ч авчирч болно гэдэг үнэнд бидний мэлмий, оюун ухаан, зүрх сэтгэл нээгдсэн билээ.
Бид Бурханы таалалд захирагддаг байх амлалтаа өдөр бүр шинэчилдэг. Бидний ихэнх нь “Өдөр өдрөөр” гэж хэлдэг нь ийм л утгатай юм. Донтолтын маань үндэс болсон хувиа борлуулж довоо шарлуулах аминч үзлээсээ бид салахаар шийдсэн. Бид Бурханд итгэх итгэл болон Түүний нинжин сэтгэл, хүч, хайраас ирдэг амар амгалан, хүч чадлын өөр нэгэн өдрийг сэтгэл хангалуун өнгөрүүлэхээр шийдсэн юм.
1, 2, 3-р алхмууд бидэнд итгэлээ хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлгоход тусалдаг. 3-р алхам дээр ажиллаж байгаагийн нэг тод илрэл нь бид дараагийн алхмыг үргэлжлүүлэхийн тулд Бурханд хангалттай итгэхэд бэлэн гэдгээ харуулж байгаа явдал юм.
Хэрэгжүүлэх алхмууд
Энэ бол үйлдэх хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.
Бурханд итгэж, дуулгавартай байх
Райнхолд Нийбурын залбирлаас хялбаршуулан авсан, “Амар тайвны залбирал” хэмээн нэрлэгддэг дараах үгс Бурханд итгэж, Түүнийг дуулгавартай дагахаар шийдэхэд бидэнд тусалж чадна. “Бурхан минь, миний өөрчилж эс чадах юмсыг хүлээн зөвшөөрөх амар тайвныг, миний өөрчилж чадах юмсыг өөрчлөх зоригийг, мөн ялгааг мэдэх мэргэн ухааныг надад соёрхоно уу.” Энэхүү үгс нь бошиглогч Иосеф Смитийн Сургаал ба Гэрээ 123:17-д бичсэн үгс болох “Тиймийн тул, … өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе; мөн тэгээд бид Бурханы авралыг, мөн түүний мутар илчлэгдэхийг харахаар бат итгэлтэйгээр тайван зогсог” гэсэн үгтэй гайхалтай зохицдог.
Бидэнд туслах Түүний чадварт итгэх үед Бурхан бидэнд амар амгаланг өгдөг. Хэдийгээр бид бусдын сонголт, үйлдлийг хянаж чадахгүй ч, үүнийг амар тайвнаар хүлээн зөвшөөрч, өөрсдөдөө тохиолдсон нөхцөл байдал бүрд хэрхэн ажиллахаа шийдэж чадна. Бид Тэнгэр дэх Эцэгтээ итгэж, Түүний тааллын дагуу ажиллахаар зоригтой шийдсэн. Бид хүсэл бодол, амьдралаа Түүний халамжид даатгасан. Бид Түүнд дуулгавартай байж, зарлигуудыг нь дагахаар шийдсэн.
Бид донтолтоос ангижирч байхдаа 3-р алхмыг байнга давтан хэрэгжүүлэх хэрэгтэйгээ олж мэдсэн. Заримдаа бидэнд хором бүрийг эсвэл өдөр бүрийг дахин давтах хэрэгтэй юм шиг санагддаг. Бид үүнийг хэдэн удаа үйлдэх нь хамаагүй. Бид ийн үйлдэх бүрдээ Бурханы тусламж, хайрыг мэдэрч, донтолтоос ангижрах явцдаа хүчирхэгжиж байдаг. Ахлагч Нийл А.Максвэлл бидэнд ийн сануулсан. “Сүнслэг байдлын хувьд дуулгавартайгаар захирагдах нь агшин зуур хийгдэх зүйл биш, харин нэг алхмаас нөгөөд шилжих замаар алгуураар шат ахин сайжрах оюуны хөгжил мөн. Шат ахих гэдэг нь нэг удаа нэг зүйлээр өмнөхөөсөө илүү сайн болох гэсэн утгатай. … Ингэсээр эцэст нь, бид ‘бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг … захирагдахад бэлэн’ байх юм бол, бидний хүсэл ‘Эцэгийн таалалд багтаж чадна’ (Мозая 15:7; 3:19-ийг үзнэ үү)” (“Consecrate Thy Performance,” Ensign, 2002 оны 5-р сар, 36).
Бурхантай байгуулсан гэрээгээ эргэн харж, шинэчлэх
Бүх зүйл дээр Бурханд итгэх нь шинэ харааны шил зүүж, юм бүхнийг тод харахтай адил байж болно. Хүсэл бодлоо Бурханд хандуулах шийдвэр гаргаснаар, Тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрэлхийлж, хэрэгжүүлснээс ирдэг тайтгарал, баяр баяслыг бид биеэрээ мэдэрч эхэлнэ. Бурханд итгэх хүслээ харуулах нэг арга зам бол ариун ёслолоос зохистойгоор хүртэхэд бэлтгэх явдал юм.
Донтолтынхоо тухай, Бурханы хүслийг дагах шийдвэрийнхээ тухай бишоп, салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилцаарай. Долоо хоног бүр ариун ёслолын цуглаанд оролцохын тулд чадах бүхнээ хий. Шүтэн бишрэх үедээ ариун ёслолын залбирлуудыг анхааралтай сонсож, Тэнгэрлэг Эцэгийн танд санал болгодог бэлгүүдийг тунгаан бод. Хэрэв бишоп, салбарын ерөнхийлөгч тань таныг ариун ёслолоос хүртэхэд бэлэн гэдгийг хүлээн зөвшөөрвөл үүнээс хүртсэнээр, амьдралынхаа төлөө Түүний хүслийг хүлээн авч, дагах шийдвэр төгс байдлаа шинэчил.
Донтолтоос ангижрах явц тань ахих тусам, Аврагчийн золиослолыг дээдлэн хүндэтгэдэг хүмүүсийн дунд байх хүсэл тань улам ихсэх болно. “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэдэг бодит үнэнийг та биеэрээ мэдэрч эхлэх болно.
Судлах ба ойлгох
Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тусална. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бидний мөн чанар нь донтолтоос ангижрах хамгийн хялбар, зөөлөн сонголтыг олоход оршдог. Харин үнэнч шударга, тодорхой байх нь илүү тустай гэдгийг бид мэддэг болсон. Бид дэмжигч болон бусад хүнтэй хамтран дараах асуултуудад хариулахдаа өөрсдийн үзэл бодол, учир шалтгааныг тодхон харах болно.
Бурханы таалалд нийцүүлэх
“… чөтгөрийн болон маханбодын таалалтай бус, харин Бурханы таалалтай эвлэр; мөн та нар Бурхантай эвлэрснийхээ дараа, та нар зөвхөн Бурханы ач ивээлийн улмаас мөн үүгээр дамжуулан аврагдана гэдгийг санагтун” (2 Нифай 10:24).
-
Эвлэрэх гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ?
-
Бурханы таалалд нийцсэн амьдралаар амьдрах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
-
Би Түүнд хандах үедээ Бурханы боломж олгох хүчийг амьдралдаа хэрхэн мэдрэх вэ?
-
Амьдралаа чиглүүлэх боломжийг Бурханд олгох тухайд би юу гэж боддог вэ?
-
Амьдралаа чиглүүлэх боломжийг Түүнд олгоход надад юу саад болдог вэ?
Бурханы таалалд захирагдах
“… Алма болон түүний ах дүүсийн дээр тавигдаж асан ачаанууд хөнгөлөгдөж байв; тийм ээ, тэд ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар бас тэвчээртэйгээр Их Эзэний бүх таалалд захирагдсан болой” (Мозая 24:15).
Бурхан Алма болон түүний хүмүүсийн ачааг хөнгөлж болох байсан. Гэвч оронд нь Их Эзэн тэднийг ачаагаа амархан дааж чадахын тулд хүчирхэгжүүлсэн. Тэд гомдоллосонгүй, харин Их Эзэний таалалд баяртайгаар бас тэвчээртэйгээр захирагджээ. Ачаа дарамтаа тэр даруй биш, алгуураар хөнгөлөхөд бэлэн байхын тулд даруу байх хэрэгтэй гэдэг талаар тунгаан бод.
-
Бурханд захирагдах гэдэг нь ямар утгатай вэ?
-
Би хэрхэн захирагдах вэ?
-
Бурханы цаг хугацаанд хүслээрээ мөн тэвчээртэйгээр захирагдах талаар би ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-
Би Түүний тааллыг дагахаар үргэлжлүүлэн хичээх зоригийг хэрхэн олж авч болох вэ?
Мацаг барьж, залбирах
“… Сэтгэл оюун нь баясал хийгээд тайтгарлаар дүүрэх хүртлээ, тийм ээ, зүрх сэтгэлээ Бурханд зориулсны учир ирэх ариуслаар зүрх сэтгэл нь бүр ариусаж мөн цэвэрших хүртлээ, тэд ойрхон ойрхон мацаг барьж, мөн залбирч, мөн даруу байдалдаа улам улам хүчирхэг мөн Христэд итгэх итгэлдээ улам улам гуйвшгүй бат болж байв” (Хиламан 3:35).
-
Зүрх сэтгэлээ Бурханд зориулсан хүмүүсийг энэ шүлэг дүрсэлдэг. Зүрх сэтгэлээ Бурханд зориулж, донтолтоос татгалзахад мацаг барилт хэрхэн тусалж чадах вэ?
-
Би уруу татагдах үедээ даруу байдал мөн Христэд итгэх итгэлийн төлөө залбирна гэдгээ амлаж чадах уу? Яагаад вэ эсвэл яагаад үгүй гэж?
-
Донтохын оронд зүрх сэтгэлээ Бурханд зориулах хүсэл маань хэр зэрэг хүчтэй байдаг вэ?
Бурханы өмнө өөрсдийгөө даруусгах
“… Тэд өөрсдийгөө түүний өмнө даруусгасан учир тэднийг тэрээр чөлөөлсөн юм; мөн тэд түүнд хүчтэйгээр гуйж залбирсан учир тэрээр тэднийг боолчлолоос чөлөөлсөн юм; мөн найдлагаа түүнд тавих тэдний зүг Их Эзэн нигүүлслийн мутраа сунгаж хүмүүсийн үрсийн дунд бүх нөхцөлд өөрийн хүчээр ийн ажилладаг” (Мозая 29:20).
Өөрсдийгөө даруусгах нь шийдвэр юм. Бурхан хэдийгээр бусдад тусалдаг ч бид арчаагаа алдаж, ямар ч найдваргүй болсон учраас Тэрээр бидэнд туслахгүй гэдэгт бид уруу татагдаж болно. Энэ нь худал гэдгийг бид ухаарч ойлгож чадна. Үнэн хэрэгтээ бид Бурханы хүүхдүүд билээ.
-
Энэ мэдлэг нь өөрийгөө даруусгаж, Бурханы тусламжийг эрэлхийлэхэд надад хэрхэн туслах вэ?
-
Бурханы тухай мөн миний тухай өөр ямар худал хуурмаг итгэл үнэмшил намайг боолчлолоос чөлөөлөгдөхийн төлөө Бурханд хүчтэйгээр хандан залбирахад саад болж байна вэ?
Бурханд найдахыг сонгох
“… Би та нарыг даруухан, мөн хүлцэнгүй бас зөөлөн; харьцахад амархан, тэсвэр мөн тэвчээрээр дүүрэн; бүх зүйлд өөрийгөө захирч ханддаг; Бурханы зарлигуудыг сахихдаа цаг үргэлж хичээнгүй; сүнсний ба зуурдын амьдралын аль алинд нь хэрэгцээтэй зүйлийг юуг боловч гуйдаг; өөрсдийн хүлээн авдаг ямар ч зүйлийн төлөө Бурханд үргэлж талархалтайгаар хариулдаг байгаасай хэмээнэ” (Алма 7:23).
Бурханд найдах нь сонголт юм. Биднийг Бурханы таалалд захирагдахыг сонгосон үед донтолтоос ангижрах үйл явц тохиодог билээ. Дараа нь бидний шийдвэр амьдралд маань Түүний хүч орж ирэх сувгийг нээдэг. Энэ сударт өөрсдийн амьдрал, хүсэл тааллыг Бурханы халамжид даатгахад бидэнд хэрэгтэй чанаруудыг дүрсэлсэн байдаг.
-
Надад эдгээр чанараас аль нь байхгүй байна вэ?
-
Надад дутагдаж байгаа зан чанарыг хөгжүүлэхэд хэн тусалж чадах вэ?
-
Би өнөөдөр ямар чанарууд дээр ажиллаж болох вэ?
-
Эдгээр чанарыг хөгжүүлж эхлэхийн тулд би одооноос юу хийж чадах вэ?
Хүүхэд шиг болох
“… Эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, тэрээр Ариун Сүнсний таталтад автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн болж, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэний түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн бус аваас үүрд мөн мөнхөд тийм байх болно” (Мозая 3:19).
Эцэг эх, асран хамгаалагчдын хайр халамж дутагдсан олон хүн байсан тул “хүүхэд шиг” болох нь бэрхшээлтэй, тэр ч байтугай зүрхшээмээр байлаа.
-
Би ийм нөхцөл байдалд байсан уу? Надад эцэг эхтэйгээ шийдвэрлээгүй асуудал байна уу?
-
Эцэг эхийнхээ талаарх сэтгэгдлээ Бурханы талаарх сэтгэгдлээс ангид байлгахын тулд би юу хийж чадах вэ?
Бурхантай харилцах
“… [Есүс] өвдөг сөгдөөд ингэж залбирав, Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол, энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв” (Лук 22:41–42).
Аврагч энэ залбиралд, Тэнгэрлэг Эцэгт захирагдах хүслээ харуулжээ. Тэрээр өөрийнхөө хүслийг илэрхийлсэн боловч Эцэгийнхээ хүслийг даруухнаар гүйцэлдүүлсэн. Төрсөн мэдрэмжээ Бурханд хэлэх боломжтой байна гэдэг нь адислал юм.
-
Тэнгэрлэг Эцэг миний айдас, өвчин шаналлыг эсвэл миний мэдэрч байгаа ямар ч зүйлийг ойлгодог гэдгийг мэдэх нь “Таны хүсэл биелэгдэг” гэж шударгаар хэлэхэд надад хэрхэн туслах вэ?