Донтолт
10-р алхам: Зан төлөвөө үргэлжлүүлэн үнэлж дүгнэн, алдаа гарах бүрд тэр даруй хүлээн зөвшөөр


“10-р алхам: Зан төлөвөө үргэлжлүүлэн үнэлж дүгнэн, алдаа гарах бүрд тэр даруй хүлээн зөвшөөр,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)

“10-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж

Бүлэгт хандан ярьж буй эмэгтэй

10-р алхам: Зан төлөвөө үргэлжлүүлэн үнэлж дүгнэн, алдаа гарах бүрд тэр даруй хүлээн зөвшөөр.

4:45

Үндсэн зарчим: Өдөр тутмын хариуцлага

10-р алхам нь сүнсээр удирдуулсан амьдралынхаа шинэ зам дээр өсөж хөгжихөд бидэнд тусална. Энэ нь өдөр бүр өөртөө хувийн үнэлгээ өгч, олж мэдсэн зүйлээ хүлээн зөвшөөрч, тэр даруй наманчлах замаар хариуцлагатай хандахыг хэлж байгаа юм. Бид төгс биш бөгөөд амьдралдаа ч эдгэрэх үедээ ч алдаа гаргасаар байх болно. Бидний зарим нь алхам бүрийг төгс дуусгахгүй бол эсвэл алдаа гаргахгүйгээр амьдрахгүй л бол эдгэрэх явцдаа өсөж хөгжихгүй байх вий гэж санаа зовж байж магадгүй. Төгс амьдрах гэсэн дарамт шахалтаас 10-р алхам биднийг хамгаалдаг. Эдгэрэх явцад маань Их Эзэн бидэнд үргэлж хэрэгтэй гэдгийг бидэнд сануулсан.

Мормоны Номд Алма хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлдээ мэдрэх нь Христийн Гэтэлгэл болон Амилуулалтад итгэхийг шаарддаг хэмээн заасан байдаг (Алма 5:14–15-ыг үзнэ үү). Алма Шүүлтийн өдрийн жишээг мөн Христийн гэтэлгэх хүчинд хандахын тулд өөртөө тавьж болох олон асуултын жишээг ашиглан өөрийгөө үнэлэх нь чухал гэдгийг онцолжээ. Алмагийн зөвлөснөөр мэдрэмж, бодол санаа, хүсэл эрмэлзэл, зан төрхийнхөө талаар эрэл хайгуулын шинжтэй асуултуудыг өөртөө тавьснаар бид ийн үйлдэж чадна. Бид өдөр тутам өөрсдөдөө өгөх үнэлэлт дүгнэлт, Их Эзэний гэтэлгэлийн тусламжтайгаар эсэргүүцэл, бардам занд уруу татагдахаас зайлсхийж чадна.

Эдгэрэлтийн гайхамшигтай үйл явц нь өөрсдийн бодол санаа, мэдрэмж, зүрх сэтгэлийг өөрчлөх боломжийг Их Эзэнд олгоход тохиодог. Үүний үр дүнд бидний зан авир өөрчлөгдөнө. Биднээс өмнө энэ замаар замнасан хүмүүс биднийг бүх төрлийн бардамналд автахаас цаашид сэрэмжилж, сул талуудаа Тэнгэрлэг Эцэгт хандуулахыг даруухнаар урамшуулан дэмжсэн юм. Өдөр тутмын хариуцлага нь бидэнд тусламж хэрэгтэй үед хуучин зуршил руугаа эргэж орохоос сэргийлдэг.

Сөрөг бодол, мэдрэмж төрөх нь хэвийн зүйл юм. Бид санаа зовох, өөрийгөө чамлах, түгших, дургүйцэх, шунах эсвэл айх үедээ тэр даруй Эцэгт хандаж, амар амгалан, алсын хараагаар адислахыг Түүнээс гуйж болно. Мөн бид сөрөг бодол тээсээр буйгаа олж харж болно. Өөрчлөгдөхийн тулд чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргахад бидэнд туслахыг Тэнгэр дэх Эцэгээсээ бид гуйж болно. 10-р алхмыг хэрэгжүүлснээр бид зөвтгөх, өмгөөлөн хаацайлах, буруутгах хүсэлгүй болно. Бидний зорилго бол зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж, Аврагчид болон Түүний ач ивээлд анхаарлаа төвлөрүүлэх явдал юм.

Бид 10-р алхам дээр ажиллан, өдөр тутам зан төлөвөө үнэлсэн. Бид өдөр бүрийг төлөвлөхдөө үйлдэл, хүсэл эрмэлзлээ залбирч байгаад шалгадаг. Бид хэтэрхий ихийг эсвэл хэтэрхий багыг хийж байна уу? Сүнслэг байдал, сэтгэл хөдлөл, бие бялдрынхаа үндсэн хэрэгцээнд бид анхаарч байна уу? Бид бусдад үйлчилдэг үү? Бидэнд хүнд хэцүү, бухимдаж стрессдсэн нөхцөл байдалтай өдрүүд байсан уу? Эдгээр хэцүү асуудлыг шийдэхийн тулд бид бусдаас тусламж авах хэрэгтэй юү? Бидэнд ямар нэгэн хуучин зан авир, бодлын хэв маяг анзаарагдаж байна уу? Ийм асуултууд нь биднийг зорилготой амьдарч, эрчтэйхэн эдгэрч, Есүс Христэд илүү ойртоход тусалдаг.

Бид сурсан алхмуудынхаа талаар тунгааж, эргэцүүлж, амьдралдаа хэрэгжүүлэх цаг гаргаснаар өөрсдөдөө ямар ч үед үнэлэлт дүгнэлт өгч чадна. Бид хямралд орсон үедээ Бурханаас “Миний зан төлөвийн ямар сул тал надаас илэрч байна вэ? гэж асууж болно. Энэ асуудлыг хүндрүүлэх ямар зүйлийг би хийсэн билээ? Өөртөө болон өрөөл бусдад асуудлыг нааштайгаар шийдэхэд хүргэх ямар нэг зүйлийг би хэлж, хийж чадах уу? Бид өөрсдөдөө “Их Эзэнд бүх хүч байдаг. Би үүнийг Түүнд өгч, Түүнд итгэл найдвар тавья” гэж сануулж чадна.

Хэрэв бид хэн нэгэнд буруу зүйл хийснээ мэдсэн бол аль болох түргэн засаж залруулж болно. Бардам зангаа хойш тавьж, “Миний буруу” гэж чин үнэнээсээ хэлж байх нь харилцааг сэргээн хэвийн болгоход “Би танд хайртай” гэж хэлэхийн адил чухал байдгийг өөртөө сануулж бай.

Өдрийн төгсгөлд бид тухайн өдөр хэрхэн өнгөрснийг дүгнэдэг. Бид ямар байсан бэ? Аливаа сөрөг бодол санаа, мэдрэмжүүдийн талаар Их Эзэнтэй зөвлөх хэрэгцээ бидэнд байсаар байна уу? Мөн бид аливаа зүйлийг өөрсдөдөө илүү тодорхой харахад туслахын тулд гэр бүлийн гишүүн, найз, дэмжигч хүн эсвэл удирдагчтайгаа хэлэлцэж болно.

Бид хамгийн сайнаараа хичээж зүтгэсэн ч алдаа гаргасаар байна. Гэвч өдөр тутмын хариуцлага нь эдгээр алдаа дутагдлынхаа төлөө хариуцлага хүлээх баталгаа юм. Хэрэв бид бодол санаа, үйлдлээ өдөр бүр шалгаж, гарсан асуудлыг шийдэж, Аврагчаар дамжуулан наманчлах юм бол сөрөг бодол санаа, мэдрэмжүүд маань замхран алга болох болно.

“Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг” [2 Нифай 9:23-ыг үзнэ үү]” (Рассэлл М.Нэлсон,“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67).

Өдөр тутмын хариуцлага, өдөр тутмын наманчлал нь Аврагчийн бидэнд санал болгодог баяр хөөр, эрх чөлөөг мэдрэхэд бидэнд тусалдаг. Бид цаашид Их Эзэнээс эсвэл бусад хүнээс тусгаарлагдмал зожиг амьдрахаа болино. Бэрхшээл тохиолдоход түүнийг даван туулах хүч чадал, итгэл бидэнд байх болно. Бид өсөлт дэвшил, итгэл бишрэлдээ баярлаж, дадлага туршлага, тэсвэр тэвчээр маань донтолтоос цаашид үргэлжлүүлэн ангижрах баталгаа болж өгнө.

Хэрэгжүүлэх алхмууд

Энэ бол үйлдэх хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.

Өдөр тутмын сүнслэг бэлтгэл

Өдөр тутмын хариуцлагын нэг чухал хэсэг бол тухайн өдрийг төлөвлөх, төлөвлөгөөгөө дагаж мөрдөх, дараа нь өдрийн төгсгөлд бүх зүйл хэрхэн өрнөснийг эргэн харах явдал юм. Үүнийг бид санаачилгатайгаар хэрэгжүүлбэл хуучин зуршилдаа эргэж орохоос хамгаалагддаг.

Ахлагч Дэвид А.Бэднар тухайн өдрийг эхлүүлэхдээ өглөө эрт Их Эзэнтэй хамт бэлд гэж бидэнд зөвлөсөн. “Өглөөний залбирал утга учиртай байх нь өдөр бүрийг сүнслэгээр бүтээхэд чухал хэсэг нь болдог бөгөөд тухайн өдрийнхөө бодит бүтээл юм уу үйл ажиллагааны эхлэл байдаг (“Үргэлж залбир,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 41).

Бид залбирлаа өдрийн турш зүрх сэтгэлдээ хадгалж, удирдамж, чиглэл хүлээн авахад бэлэн байх ёстой. Заримдаа бүх зүйл бидний төлөвлөснөөр болдоггүй бөгөөд бид уян хатан байж, Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг үргэлж эрэлхийлэх хэрэгтэй.

Ахлагч Бэднар цааш нь “Орой болоход бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэн тайлагнахын тулд дахин өвдөг сөгдөн залбирах хэрэгтэй. Бид тухайн өдөр болж өнгөрсөн үйл явдлуудыг нэгтгэн дүгнэдэг” гэж зөвлөжээ (“Үргэлж залбир,” 42). Бид Их Эзэнтэй хамт байж, өөрсдийн өдрийг нэгтгэн дүгнэх юм бол өөрсдийн амжилтыг тэмдэглэхийн сацуу хаана бүтэлгүйтсэнээ мэдэж авч чадна. Бид наманчлах, засаж залруулахын тулд юу хийх хэрэгтэй, дараагийн удаа хэрхэн илүү сайн байж болох талаар Их Эзэнтэй зөвлөлддөг.

Өдөр тутмын наманчлал

“Өдөр өдрөөр” гэдэг нь нэг хором мөчид нэг л зүйл дээр анхаарах гэсэн утгатай танил хэллэг юм. Бид өөрсдийн бодол санаа, мэдрэмж, зан авирыг байнга харгалзан үзсэнээр наманчилж, Тэнгэр дэх Эцэгтээ илүү ойртох боломжтой. Бид наманчлах үедээ наманчлал нь гунигтай, хязгаарлагдмал сорилт биш харин баяр хөөртэй, эрх чөлөөг хүлээн авахыг хүсэн хүлээж буй тэрхүү туршлага гэдгийг мэдэж авдаг.

Бид өдөр бүр наманчилснаар алдаа дутагдлаа олж мэдэх эсвэл анхаарал хэрэгтэй байгаа өнгөрсөн үйлдлүүдээ санаж, зарим тохиолдолд гэмшдэг. Алдаа дутагдлаа арилгах эсвэл хохирлыг нөхөн барагдуулах өмнөх алхмууддаа дахин анхаарлаа хандуулах нь бидний өдөр тутмын наманчлалын нэг хэсэг болж болно. Өдөр бүр наманчлах хичээл зүтгэлээсээ сурч мэдсэн зүйлээ дэмжигч хүнтэйгээ хамт нэгтгэн дүгнэснээр, бүрэн наманчлахын тулд өөр юу хийх хэрэгтэйг тодруулж чадна. Мөн бид зохих санваарын эрх мэдэлтний өмнө буруугаа хүлээх хэрэгтэй байж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “Өдөр бүр арай илүү сайныг үйлдэж, сайн байснаар өдөр тутмын наманчлалын хүчийг мэдэр” гэж уриалсан (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67). Бид өдөр бүр өөрсдийгөө даруусгаж, шударга байхыг хичээснээр Аврагчид илүү ойртдог. Аврагч шавь нартаа “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл, тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Лук 9:23) гэж зааварчилсан. Аврагчийг дагахын тулд өдөр бүр наманчилж, загалмайгаа авах нь биднийг 11-р алхамд бэлтгэдэг.

Судлах ба ойлгох

Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тусална. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бид үүнээс сайн ашиг тусыг хүртэхийн тулд бичихдээ үнэнч шударга, тодорхой байх ёстойгоо санах ёстой.

Өөрсдийн бодол, үгс, үйлийг хянах

“… Хэрэв та нар бүр амьдралынхаа эцсийг хүртэл өөрсдийгөө, бодол, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж, мөн Бурханы зарлигуудыг мөрдөж, бас Их Эзэний маань ирэлтийн талаар сонссон түүндээ үргэлж итгэлтэй байхгүй аваас, та нар мөхөх ёстой болно. Мөн эдүгээ, ай хүмүүн, санагтун, мөн бүү мөхөгтүн” (Мозая 4:30).

Машин барьж яваа үедээ юу хийж байгаагаа анхаарахгүй бол энэ нь амь насанд тань аюул учруулж болно. Өөрийгөө ухамсарлах талаар бич.

  • Өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх нь дахин донтохоос (мөн мөхөж доройтохоос) зайлсхийхэд хэрхэн туслах вэ?

Даруу байж, өөрийгөө хянах

“Даруу байхыг албадуулалгүйгээр өөрсдийгөө даруу болгох тэд адислагдсан болой” (Алма 32:16).

Сөрөг муу бодол санааг хор уршигтай зан авир болж хувирахаас өмнө эдгээрийг үгүй болгох нь албадлагагүйгээр өөрсдийгөө даруусгах нэг арга зам мөн. Өөрийгөө даруусгах хүслийнхээ тухай бичнэ үү. Нэг өдөр сөрөг зүйл бодохгүй байж үз.

  • Надад ямар адислалууд ирэх вэ?

Энэ цаг үедээ амьдрах

“Хүн хэдий чинээ гэгээрсэн байх тусам, наманчлалын бэлгийг төдий чинээ ихээр эрэлхийлдэг, бурханлаг хүсэл хэдий чинээ хомс байна, нүглээс өөрийгөө чөлөөлөхийг төдий чинээ бага чармайдаг. … Үүнээс үүдэлтэйгээр Бурханаас эмээдэг хүмүүсийн нүгэл, түүнчлэн зөв шударга хүмүүсийн нүгэл байнга арилдаг, учир нь тэд наманчилж, Их Эзэнийг өдөр бүр, цаг тутам шинээр эрэлхийлдэг” (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, [1973], 3:342–43).

Эдгээр алхамд дүрсэлсэн зарчмуудаар оюун санаа, сэтгэл хөдлөл, сүнслэг байдлын хувьд хамгийн ашигтай үр нөлөөний нэг нь бид энэ цаг үедээ амьдарч сурдаг явдал мөн.

  • Шаардлага гарсан үед нэг цагт нэг удаа амьдралаа зохицуулахад 10-р алхам надад хэрхэн туслах вэ?

  • Эдгээр зарчмын дагуу өдөр бүр амьдрах ёстойг мэдэх нь надад хэрхэн тусалдаг вэ?

Байнгын наманчлал ба өршөөл

“Харин тэд үнэн сэтгэлээсээ наманчилж мөн өршөөлийг эрэлхийлэх болгондоо, тэд уучлагддаг байлаа” (Моронай 6:8).

Үнэн хүсэлтэйгээр наманчилсан үед Их Эзэн биднийг уучлахад бэлэн байдгийг мэдэх нь амьдралдаа алдах бүрд бидэнд дахин оролдоод үзэх хүч чадлыг өгч чадна.

  • Үнэн сэтгэлээсээ өршөөл эрэлхийлж, наманчлах гэдэг нь миний хувьд юу гэсэн утгатай вэ?

Тэвчээртэй байх

“Мөн эдүгээ би та нарыг даруухан, мөн хүлцэнгүй бас зөөлөн; харьцахад амархан, тэсвэр мөн тэвчээрээр дүүрэн; бүх зүйлд өөрийгөө захирч ханддаг … байгаасай хэмээнэ” (Алма 7:23).

“Хэрэв бид ямар нэг зүйлийг хийх дадлагыг байнга хэрэгжүүлэх юм бол, үүнийг төгс үйлдэх чадвартай болно” гэсэн хуучны үгийг зохиогч байнга дадлага хийхэд хэчнээн их тэвчээр шаардагддагийг дурдаагүй. Бид тэвчээртэй байж, өдөр бүр засаж залруулж, үнэлж дүгнэснээр эдгэрэх замдаа өсөж дэвжих болно.

  • Өөртөө үнэлэлт дүгнэлт өгч, өдөр бүр буруу зүйлийг залруулах нь даруу зан болон сүнслэг байдлаа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд хэрхэн баталгаа өгдөг вэ?

  • Өдөр бүрийн төгсгөлд тухайн өдрөө үнэлж дүгнэх нь уур хилэн болон бусад хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг тээх хандлагыг даван туулахад надад хэрхэн туслах вэ?

Насан туршдаа өсөж хөгжих

“Сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа болон үйл хэрэг, үг хэл, ерөөсөө үйлддэг бүхэндээ заавал хэрэгжүүлдэг байхыг би хожмын үеийн гэгээнтнүүдээс хичээнгүйлэн хүсэж байна. Мөн энэ нь Есүс Христэд байдаг үнэний мэдлэгт ирэхийн тулд өсөж хөгжихөд бие сэтгэлээ зориулахыг бүх хүмүүнээс бүх амьдралынх нь туршид шаарддаг” (Discourses of Brigham Young, эмхэтгэсэн. Жон А.Видцөү [1954], 11).

Эдгээр алхмыг хэрэгжүүлэх нь сайн мэдээний зарчмуудыг “зайлшгүй хэрэгжүүлэх” явдал хэмээн дүрсэлж болно.

  • Өдөр бүр өөрийн түвшин бүрд (үйл хэрэг, үг хэл, бодол санаа, мэдрэмж, итгэлд) өөрөө өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх хүсэлтэй байх нь насан туршдаа өсөж хөгжихөд өөрийгөө зориулахад надад хэрхэн туслах вэ?