Донтолт
Хавсралт: Шинээр ирсэн хүнийг танилцуулж, угтан авах


“Хавсралт: Шинээр ирсэн хүнийг танилцуулж, угтан авах,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)

“Шинээр ирсэн хүнийг танилцуулж, угтан авах,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж

Шинээр ирсэн хүнийг танилцуулж, угтан авах

Шинээр ирсэн хүн гэдэг нь донтолтоос ангижрах цуглаанд шинээр нэгдсэн хүнийг хэлнэ. Тэр хүн нь ихэвчлэн өөрчлөлтийн эхний шатанд буй хүн, хуучин зуршилдаа эргэж орсныхоо дараа ирж буй хүн, эсвэл донтолттой тэмцэж байгаа хэн нэгний найз эсвэл гэр бүлийн гишүүн байдаг. Бидний танихгүй хэн ч шинээр ирсэн хүн байж болох ба шинээр ирсэн хүмүүсийн хувьд цуглаанд ирсэн эхний хэдэн уулзалт ихэнхдээ чухал байдаг учраас эдгээр хүнийг ая тухтай, халуун дотноор угтаж авахыг хичээх нь онцгой чухал юм.

Шинээр ирсэн хүмүүс ихэнхдээ эргэлзсэн, айж түгшсэн байдаг. Хүмүүс өөрсдийгөө сүйрүүлэгч зан авиртай байгаагаа болон тэдний амьдрал хараа хяналтаас гарсныг мөн тэдэнд тусламж хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд их зориг шаардагддагийг санаарай. Мөн найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд нь хайртай хүнийхээ амьдралд болон өөрсдийнх нь амьдралд донтолтоос үүдэлтэй үүссэн нөлөөг ярихад зориг их шаардагддагийг сана. Бидний зорилго бол шинээр ирсэн хүмүүсийг буцаж ирэхийг хүсэхэд нь туслах явдал юм.

Бид цуглаан бүрийн өмнө болон цуглааны туршид мөн дараа нь халуун дулаан, хүлээн зөвшөөрөгдсөн уур амьсгалыг бүрдүүлэх үүрэгтэй. Сүнс өөрчлөгдөх үйл явцаар дамжуулан шинээр ирсэн хүмүүсийг удирдан чиглүүлнэ гэдэгт итгэ. Шинээр ирсэн хүмүүс ихэвчлэн аргаа баран цөхөрсөн байдаг учраас тэдэнд хайраар дүүрэн, аядуу зөөлөн хандаарай. Хайр, дэмжлэг, урам зориг нь халуун дотноор угтаж, урам зориг өгөхийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд юм.

Бид донтолтоос ангижрах цуглааныг 18 болон түүнээс дээш насныханд зориулсан гэсэн удирдамжийг Сүмээс хүлээн авсан. Хэрэв тухайн хүн 18-аас доош настай бол эцэг эх, бишоптойгоо мөн сэтгэц, бие бялдрын эрүүл мэндийн тусламж үзүүлэх хүнтэйгээ хэрэгтэй гэсэн бусад сонголтын талаар зөвлөлдөхөд урамшуулан дэмж. Хэрэв тэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал тэднийг өөрсдийн оршин суугаа газрын Гэр бүлд зориулсан үйлчлэлийн менежертэй холбоо барихад урамшуул. Та тэдэнд дүрмийг ойлгуулсны дараа, хэрэв тэд үргэлжлүүлэн цуглаанд оролцсоор байх юм бол дүрмийг дахин сануулах хэрэггүй бас дүрмийг хэрэгжүүлэх гэж хүчлэх хэрэггүй.

Цуглааны өмнө болон дараа нь шинээр ирсэн хүмүүстэй харилцахад дараах зөвлөмжүүд хэрэг болно.

  1. Танихгүй хүнтэй мэндлэхдээ эхлээд өөрийгөө танилцуулаад, урьд нь донтолтоос ангижрах цуглаанд оролцож байсан эсэхийг нь асуу.

  2. Аюулгүй газар байгааг нь шинээр ирсэн хүмүүст батлан хэл. Бид нууцлалын зарчмыг чанд баримталдаг бөгөөд тэд зөвхөн өөрсдийн нэрийг ашиглаж болно гэдгийг тайлбарла. Цуглаан дээр унших, хуваалцахад таатай биш байвал зүгээр л сонсоод сууж болно гэдгийг мэдэгд.

  3. Шинээр ирсэн хүмүүст зөвхөн хүссэн зүйлээ хуваалцах боломжийг гаргаж өг. Цуглаанд явах болсон шалтгаанаа тайлбарлахад ихэнхдээ тухгүй санагддагийг нь ойлго.

  4. Шинээр ирсэн хүмүүст бусад оролцогчтой нийтлэг зүйлээ сонсохыг санал болго. Шинээр ирсэн хүмүүс хувийн түүхээ хуваалцаж буй хүмүүстэй санал нийлсэн тохиолдолд цуглаанд буцаж ирэх хандлагатай байдаг. Бидний цуглаан янз бүрийн төрлийн сүйрүүлэгч зан авираас болж зовж шаналж буй хүмүүст нээлттэй байдаг тул бүлгийн гишүүд үргэлж харилцан адил туршлагагүй байж болно. Гэвч бусдын сонголт, зан авираас үүдэлтэй сэтгэл хөдлөлийг байнга мэдрэх болно гэдгийг тайлбарла. Шинээр ирсэн хүмүүст асуулт байвал цуглааны дараа үлдэхийг хүс.

  5. Шинээр ирсэн хүмүүс хөтөлбөрийг бүх талаас нь сонсохгүйгээр ойлгох болно гэдэгт итгэ. Шинээр ирсэн хүмүүст Аврагчаар дамжуулан эдгээх нь: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж эсвэл Дэмжих удирдамж: Донтолтоос ангижирч буй хүмүүсийн эхнэр нөхөр, ар гэрт зориулсан тусламжийг үзүүлээд, эдгээр эх сурвалжийг ашиглахад урамшуул (Gospel Library дээрх Life Help хэсгээс үзнэ үү). Шинээр ирсэн хүмүүст Сүнсийг сонсох, цуглаанд оролцох, удирдамжийг судлах зэрэг өөрчлөгдөхөд хүргэдэг зарчим, дадлагуудыг илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж чаддаг болж болно гэдгийг тайлбарлаж өг.

  6. Шинээр ирсэн хүмүүсийг зохицуулагчтай танилцуул. Зохицуулагчид анхны цуглаанд ирэх ямар байдгийг сайн санадаг. Тэд цуглаанд оролцогчдод үлгэр жишээ болж, хөтөлбөр нь тэдний амьдралд ямар өөрчлөлт авчирсныг гэрчилдэг.

  7. Хэрэв шинээр ирсэн хүмүүст туршлагаа хуваалцахтай холбоотой асуудлууд байвал аль болох эелдэг хандаарай. Ихэнх асуудал, асуултыг цуглааны үеэр биш, харин цуглааны дараа илүү үр дүнтэй шийдвэрлэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам шинээр ирсэн хүмүүс цуглааны ёс зүйг ойлгодог болно.

  8. Эхнэр нөхөр болон ар гэрт зориулсан дэмжих бүлгийн цуглаанууд байдаг гэдгийг гэр бүлийн гишүүд эсвэл хайртай дотнын хэн нэгэн нь порнограф эсвэл мансууруулах бодисыг зүй бусаар хэрэглэх асуудалтай байгаа шинээр ирж буй хүмүүстэй хуваалц.

  9. Цуглааны дараа шинээр ирсэн хүмүүст цуглаанд ирсэнд нь таларх.

  10. Шинээр ирсэн хүмүүс бүлэгт адислал болж буй гэдгийг сана. Шинээр ирсэн хүмүүс үйлчлэх, дэмжих, суралцах боломжийг бие биедээ тасралтгүй олгодог.