“12-р алхам: Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан сүнслэг байдлын хувьд сэрсний учир бид энэ захиасыг бусадтай хуваалцаж байна,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“12-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
12-р алхам: Эдгээр алхмын үр дүнд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан сүнслэг байдлын хувьд сэрсний учир бид энэ захиасыг бусадтай хуваалцаж, эдгээр зарчмыг өөрийн хийж буй бүх зүйлд хэрэгжүүлдэг.
Үндсэн зарчим: Үйлчлэх
Бид 12-р алхамд ойртох тусам энэ нь бидний аяллын төгсгөл биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бид эдгээр алхмыг хэрэгжүүлсний үр дүнд Бурханы нигүүлсэл, ач ивээлээр дамжуулан донтолтоос ангижирч буй амьдралдаа баярлах болно. Бид алхмууд дээр ганцхан удаа ажиллах нь хэзээ ч хангалттай байдаггүй гэдгийг гэрчилж байна. Бид эдгээр алхам дээр үргэлжлүүлэн ажиллаж, амьдралынхаа бүхий л хүрээнд эдгээр зарчмыг хэрэгжүүлж, бусдад найдварын захиасыг хүргэх нь чухал гэдгийг олж мэдсэн.
Донтолттой тэмцэж буй хүмүүст болон мөнх бус байдлын сорилт бэрхшээлтэй нүүр тулж буй бүх хүнд зориулсан найдварын захиас бидэнд байдаг. Бурхан бол гайхамшгуудын Бурхан бөгөөд Тэр үргэлж ийм байсан юм (Мормон 9:11, 16–19-ийг үзнэ үү). Бидний амьдрал үүний баталгаа болдог. Бид бүгдээрээ Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан шинэчлэгддэг. Бид бусдад үйлчилснээр энэхүү захиасыг хамгийн сайн хуваалцаж чадна. Түүний нигүүлсэл, ач ивээлийн тухай гэрчлэлээ хуваалцах нь бидний санал болгож чадах хамгийн чухал үйлчлэлүүдийн нэг юм. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Бидний хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг бол үйлчлэлээр дамжуулан гэрчлэлээ хуваалцах явдал бөгөөд энэ нь хариуд нь сүнслэг өсөлт, илүү агуу амлалт, зарлигуудыг сахих илүү их чадавхыг бий болгоно” гэж заасан (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 87).
Нинжин сэтгэлийн үйлдлүүд болон амин хувиа хичээгээгүй үйлчлэлээр дамжуулан бусдын ачааг үүрэлцэх нь Христийн дагалдагч (Мозая 18:8-ыг үзнэ үү) болсон шинэ амьдралын маань нэг хэсэг юм. Бусдад туслах хүсэл нь сүнслэг байдлын хувьд сэрсний энгийн нэг үр дүн. Мозаягийн хөвгүүд хөрвөгдсөнийхөө дараа леменчүүдтэй сайн мэдээг хуваалцахыг хүссэн шиг бид ч бас Христийн Цагаатгалаар дамжуулан мэдэрсэн итгэл найдвар, эдгэрэлтийн үйл явцыг хуваалцахыг хүсэж болно (Мозая 28:1–4-ийг үзнэ үү). Бид эргэн тойрныхоо хүмүүсийг адисалж, тэдэнд тусалж, өргөн дэмжихийг хүсдэг байж болно. Бенжамин хааны “Та нар бусдад үйлчилж байгаа үедээ зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17) хэмээн хэлсэн үнэнийг бид ухаарсан.
Бусдад үйлчлэх энгийн нэг арга зам нь донтолтоос ангижрах үйл явцад шинээр орж ирсэн хүмүүст дэмжигч хүн нь болж туслах эсвэл зөвлөх явдал юм. (Дэлгэрэнгүй мэдээллийг “Дэмжигч хүнийг сонгох” баримт бичгээс авна уу.) Бид донтолтоос ангижрах бүлгүүдийн бусад оролцогчид эсвэл орон нутгийнхаа Сүмийн удирдагчдад дэмжигч хүн буюу зөвлөгчийн хувиар туслахыг хүсэж буйгаа мэдэгдэж байна. Бид донтолттой тэмцэж буй хэн нэгний тухай мэдсэн үедээ Донтолтоос ангижрах хөтөлбөрийн тухай мэдээллийг хуваалцдаг. Бид тэдэнд Аврагч Есүс Христээр дамжуулан донтолтоос ангижрах найдварын тухай ярьж, тэднийг бидэнтэй хамт цуглахыг урьдаг.
Бид донтолттой тэмцэж байгаа хүмүүст туслахаас гадна тэдний гэр бүлийн гишүүд, хайртай хүмүүст нь үйлчилдэг. Ихэнхдээ хүмүүс донтолттой тэмцэж байгаа хүнийг тойрон цугларч, хайртай хүмүүстээ анхаарал халамж тавихаа үл ойшоодог. Бид тэдэнд тулгарч буй бэрхшээлийг баталж, хүлээн зөвшөөрч чадна. Хайртай хүн нь донтолтоос ангижрахыг сонгосон эсэхээс үл хамааран тэд Аврагчид хандаж, амар амгалан, эдгэрэлтийг олж чадна гэсэн найдварыг бид хуваалцаж чадна. Бид Дэмжих удирдамж: Донтолтоос ангижирч буй хүмүүсийн эхнэр нөхөр, ар гэрт зориулсан тусламж гэдгийг хуваалцаж, эхнэр, нөхрийн болон гэр бүлийн цугларалтад тэднийг урьж болно.
Бусдад донтолтоос ангижрахад нь туслахдаа өөрсдөөсөө хэт хамааралтай болгохгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Бидний үүрэг бол тэднийг Тэнгэрлэг Эцэг болон Аврагчаас удирдамж, хүч авахад уриалах явдал юм. Түүнээс гадна бусдаас тусламж эрэлхийлэхэд тэднийг уриалах хэрэгтэй. Сүмийн удирдагчид, дэмжих хүмүүс, гэр бүлийн гишүүд, найз нөхөд болон бусад хүнээр дамжуулан Их Эзэнээс агуу адислалууд ирдэг. Бид энэхүү удирдамжийн хавсралтад байгаа “Донтолтоос ангижрахад үзүүлэх дэмжлэг” баримт бичгийг тэдэнтэй хуваалцаж болно.
Бусдад туслахыг хичээх үедээ тэд эдгээр алхмыг гүйцэтгэхэд бэлэн биш байж болох юм. Бид Аврагчаар дамжуулан донтолтоос ангижрах найдварын тухай захиасыг хуваалцахдаа тэвчээртэй, номхон дөлгөөн байх ёстой. Биеэ тоож, бардамнан сайрхах аливаа мэдрэмж бидний шинэ амьдралд орон зай эзлэх ёсгүй. Бид өөрсдийн боолчлогдож байсныг болон Есүс Христ Өөрийн нигүүлсэл, ач ивээлээр дамжуулан биднийг хэрхэн гэтэлгэснийг санах нь тустай (Мозая 29:20-ийг үзнэ үү).
Бид бусдад туслах урам зоригтоо хөтлөгдөн, захиас хуваалцах болон эдгээр алхмын дагуу амьдралдаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хоёрыг тэнцвэртэй байлгах гэж хичээдэг. Бид донтолтоос ангижрах эдгээр зарчмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Эдгээр санааг бусадтай хуваалцах бидний хүчин чармайлт нь донтолтоос ангижрах үйл явцыг хэр чанд сахисан хэмжээгээр л гагцхүү үр ашигтай байх болно.
Хэрэв хүсэл байвал, энэ хөтөлбөрөөс сурч мэдсэн сүнслэг зарчмуудаа хуваалцах олон боломж бидэнд олдох болно. Биднийг бусдын амьдралыг адислах үед бидний амьдрал адислагддаг. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны заасан зарчмыг бид биеэрээ туулсан. Үүнд: “Бурханд амьдралаа даатгасан хүмүүс амьдралдаа өөрсдийнх нь хийж чадахаас илүү ихийг Тэрээр хийж чадна гэдгийг мэдэх болно. Тэрээр тэдний баяр баясгаланг нэмэгдүүлж, алсын харааг тэлэн, оюун ухааныг хурцалж мөн булчинг хүчирхэгжүүлж, сэтгэл санааг өргөж, адислалуудыг олшруулж, түүнчлэн боломжуудыг нь өсгөн, бодгалийг нь тайтгаруулж, найзуудыг нь өргөн дэмжиж, амар амгаланг тэдэн дээр юүлэх болно. Бурханы үйлчлэлд амьдралаа зориулах хэн боловч мөнх амьдралыг олох болно” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 42–43).
Хэрэгжүүлэх алхмууд
Энэ бол үйлдэх хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.
Бусдад үйлчил
Үйлчлэх хүсэл нь Их Эзэнээр дамжуулан эдгэрэх үйл явцын маань энгийн нэг үр дүн юм. Бид донтолтоос ангижирснаар өөрсдөдөө болон бусдад хандах хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн (Алма 5:14-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “[Бид] эхний болон хоёр дахь агуу зарлигийн дагуу амьдрахыг үнэхээр эрэлхийлдэг. Бид Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлах юм бол хариуд нь Тэрээр бидний зүрх сэтгэлийг бусдын сайн сайхны төлөөх буянтай үйлсэд татан оруулдаг” гэж заасан (“Хоёр дахь агуу зарлиг,” Ерөнхий чуулган, 2019 оны 10-р сар,109).
Хэдий тийм ч үйлчлэх нь үргэлж амар хялбар байдаггүй. Бид хүсэлтэй байлаа ч тусламж хэрэгтэй бүх хүнд үйлчлэх боломжгүй. Бусдад үйлчлэхэд Их Эзэний удирдамж, хүч бидэнд үргэлж хэрэгтэй байх болно. Бид Түүний үйлчлээсэй хэмээн хүсдэг арга замуудыг анзаарч, тодорхойлохын тулд тусламж хүсэн залбирч болно. Бид эргэн тойрныхоо хүмүүсээс боломж, хэрэгцээний талаар асууж болно. Бидэнд олон боломж олдож байгааг хараад бид гайхах байх. Бусдад үйлчлэх нь инээмсэглэл мэт энгийн байж болно эсвэл томоохон төсөл мэт илүү оролцоотой байж болно. Бид өөрсдийн хүчин чадал, бололцооноос илүүг хийхээс зайлсхийхийн тулд үйлчлэлдээ ухаалаг шүүлтийг ашиглах ёстой.
Бидний үйлчилж болох хамгийн сайн арга замуудын нэг бол донтолтоос ангижирсан түүхээ хуваалцах явдал юм. Бид донтолтоос ангижрах цуглаанд үргэлжлүүлэн оролцож, Есүс Христийн ач ивээл, эдгээх хүчийг гэрчилж чадна. Бид шинээр ирсэн үедээ алхмуудыг хэрэгжүүлж, донтолтоос ангижирч чадсан хүмүүсээс итгэл найдвар хүлээн авсан билээ. Харин одоо бидэнд түүхээ ярьж, донтолтоос ангижрах захиасыг хуваалцах боломж олдож байна. Бид бас сүмд байхдаа болон гэр бүл, найз нөхөдтэйгөө Аврагчийн хүчний тухай гэрчлэлээ хуваалцдаг.
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролц
Бидний үйлчлэх нэг утга учиртай, хүчирхэг арга зам бол ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан үйлчлэх явдал юм. Энэхүү үйлчлэл нь зөвхөн нас барсан хүмүүсийг адислаад зогсохгүй биднийг ч мөн адисалдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны бидэнд ийн сануулсан. “Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлууд нь сүнсний дэлхий дэх хүмүүсийг адислах хүчтэйгээс гадна амьд хүмүүсийг ч бас адислах хүчтэй. Энэ үйлсэд хүчин зүтгэж буй тэднийг энэхүү ажил ариусган цэвэршүүлэх нөлөөтэй” (“Хайраар холбогдсон үе үеийнхэн,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103). Бидний олонхын хувьд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь бидний донтолтоос ангижрах үйл явцын чухал хэсэг болсон юм.
Бидний зарим нь ариун сүмд үйлчлэхэд бэлэн биш байж болно. Бид гэр бүлийн түүхийн ажлаа хаанаас эхлэхээ мэдэхгүй эсвэл урам зориггүй байж болно. Гэхдээ бид эхлэхээр шийдэж болно. Бид үйлчлэх хүслийнхээ талаар бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө уулзаж болно. Их Эзэний хүслийг биелүүлж, үргэлжлүүлэн донтолтоос ангижрах хүсэл маань биднийг сэдэлжүүлж чадна. Бид ариун сүмд орохын тулд амьдралдаа зарим өөрчлөлтийг оруулах хэрэгтэй байж болох юм. Бид гэр бүлийн түүхийн ажлыг хэрхэн хийхээ мэдэхгүй байж болох ч тусламж хүсэж болно. Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчийн чуулгын ерөнхийлөгчид бидэнд хаанаас эхлэхээ мэдэхэд тусалж чадна. FamilySearch.org болон ChurchofJesusChrist.org дээр бидэнд туслах онлайн эх сурвалжууд бий.
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь биднийг донтолтоос ангижрахад хүч, чадал өгдөг. “Та дэлхийн уруу таталт, зовлон зүдгүүрээс хамгаалагдаад зогсохгүй, өөрчлөх хүч, наманчлах хүч, суралцах хүч, ариусгагдах хүчийг болон гэр бүлийнхээ гишүүдийн зүрх сэтгэлийг эргүүлэх, эдгээх хэрэгтэй үед нь эдгээх хүчийг олж авах болно” (Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн адислалууд,” Лиахона, 2017 оны 2-р сар, 39). Энэ удирдамж дээрх зарчмууд нь биднийг Аврагчийг дагаж, ялангуяа ариун сүм дэх адислалуудыг хүлээн авахад хөтөлдөг.
Судлах ба ойлгох
Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тусална. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бид үүнээс хамгийн их ашиг тусыг хүртэхийн тулд бичихдээ үнэн зөв, оновчтой, тодорхой байх ёстойг санах ёстой.
Хөрвөлт ба донтолтоос ангижрах
“Жинхэнэ хөрвөлт гэдэг нь сайн мэдээний зарчмуудын талаар зөвхөн мэдлэгтэй мөн гэрчлэлтэй байхаас ч илүү чухал юм. … Үнэхээр хөрвөгдөнө гэдэг нь бид итгэдэг зүйлийнхээ дагуу үйлдэж мөн түүгээр дамжуулан “өөрсдөдөө, өөрөөр хэлбэл өөрсдийн зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдэх” [Мозая 5:2] боломжийг олгох явдал юм. … [Хөрвөлт] нь цаг хугацаа, хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг” (Бонни Л.Оскарсон, “Хөрвөгдөцгөө, та нар минь,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86 ).
Их Эзэн хөрвөлтөөр болон донтолтоос ангижрах үйл явцаар дамжуулан бидний зүрх сэтгэлийг өөрчилснөөр бид энэ замыг дөнгөж эхлүүлж байгаа хүмүүст хүч чадлын эх сурвалж нь болдог. Аврагч Петрт “Чи өөрөө хөрвөсний дараа, ах дүүсээ батжуул” (Лук 22:32) хэмээн хэлдэг билээ.
-
Оскарсон эгчийн хөрвөлтийн талаарх тодорхойлолт донтолтоос ангижирсан туршлагад маань хэрхэн хэрэгжих вэ?
-
Бусад хүн донтуулагч зан авираас ангижирч байгаа үед тэднийг хүчирхэгжүүлэх талаар би ямар бодолтой байдаг вэ?
Жижиг алхмуудаас ирдэг агуу өсөлт хөгжил
“Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн өчүүхэн зүйлсээс агуу их болох тэрхүү зүйл гарч ирдэг” (Сургаал ба Гэрээ 64:33).
-
Амьдралынхаа бүхий л нөхцөл байдалд эдгээр зарчмаар амьдрахыг бодох үед надад ямар санагддаг вэ?
-
Жижиг алхмуудаас агуу зүйлс улиран тохиодог талаар ойлгоход энэ нь надад хэрхэн тусалдаг вэ?
Гэрчлэлээ хуваалцаж, бусдыг тайтгаруул
“Тийм ээ, мөн магадгүй зарим бодгалийг наманчлалд авчрахад Бурханы мутар дахь зэмсэг байж болох нь миний баясал; мөн энэ нь миний баяр хөөр буюу.
Мөн болгоогтун, ах дүүсийн маань олон нь үнэхээр гэмшихийг, мөн Их Эзэн Бурхандаа ирэхийг харахад бодгаль минь баяслаар дүүрнэм; тэгээд Их Эзэн миний төлөө юу хийснийг, тийм ээ, бүр тэрээр залбирлыг минь сонссоныг би санадаг; тийм ээ, тэгээд миний зүг сунгасан түүний нигүүлсэнгүй мутрыг би санадаг болой” (Алма 29:9–10).
Бид эдгээр зарчмын тухай гэрчлэлээ бусадтай хуваалцах хүсэлтэй байх нь донтолтоос ангижрахад шийдвэрлэх ач холбогдолтойг мэдсэн билээ.
-
Туршлагаа хуваалцах нь донтолтоос ангижрахад бат бөх итгэлтэй хэвээр үлдэхэд маань хэрхэн туслах вэ?
“[Та нар] гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлэн учир буюу, тэгснээр та нар Бурханаар гэтэлгэгдэж, мөн анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд, тийн мөнх амьдралыг авч болохын тулд буюу—
“Эдүгээ би та нарт хэлнэ, хэрэв энэ нь та нарын зүрхний хүслэн байх аваас, тэр өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, та нар түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг сахина хэмээн гэрээ хийснээ түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?” (Moзая 18:9–10).
Донтолтын талаарх таны туршлага донтолттой тэмцэж байгаа хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд тусална. Донтолтоос ангижирсан туршлага тань тэднийг тайвшруулахад тусална.
-
Би донтолтоос ангижрах алхмуудыг дагаснаас хойш Бурханы гэрч болон зогсох хүсэл минь хэрхэн өсөн нэмэгдсэн бэ?
Төгс бус ч гэсэн үйлчил
“Түүний цорын ганц төгс Хүүг эс тооцвол Бурхан төгс бус хүмүүстэй л ажиллаж ирсэн” (Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109).
“Төгс амьдрал, төгс гэр бүл бидний хэнд ч байхгүй. Надад лав байхгүй. Зовлон бэрхшээл, төгс бус байдалтай тулгарсан бусдыгаа өрөвдөхийг эрэлхийлэх нь ганцаараа зовж байгаа биш юм байна гэдгээ мэдрэхэд тэдэнд тусалдаг. Хүн бүр үнэхээр Христийн биеийн нэгэн хэсэг мөн Түүнд хэрэгтэй нэгэн гэдгээ мэдрэх хэрэгтэй” (Ж.Аннэтт Дэннис, “Түүний буулга амархан, ачаа нь хөнгөн,” Лиахона, 2022 оны 11-р сар, 81).
Бид эдгээр зарчмыг төгс байдлаар хэрэгжүүлэх дадлагыг хараахан хийгээгүй учраас донтолтоос ангижрах талаар бусад хүнтэй хуваалцахад бэлэн эсэхээ заримдаа эргэцүүлэн боддог.
-
Аврагч төгс бус хүмүүсээр дамжуулан ажилладаг гэдгийг мэдэх нь надад донтолтоос ангижрах туршлагаа хуваалцахад хэрхэн туслах вэ?
Авралд хөтлөх Бурханы хүч
“Би сайн мэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг … аврах Бурханы хүч мөн” (Ром 1:16).
-
Донтолтоос ангижрах явцад гарсан сүнслэг өөрчлөлтөө эргэн харахад надад ямар бодол, мэдрэмж төрдөг вэ?
-
Би донтолтоос ангижирсан туршлагаасаа хуваалцахдаа дурамжхан байгаа юу? Тийм бол яагаад?
“Миний хүсэх тэр зүг рүү урагшлан явагтун, мөн чиний юу хийх болон хаашаа явах нь Тайтгаруулагчаар чамд өгөгдөх болно.
Чи уруу таталтад орж, мөн шагналаа алдахгүйн тулд ямагт залбирагтун.
Эцсээ хүртэл үнэнч байгтун, мөн харагтун, би чамтай хамт байна. Эдгээр үг нь хүнээс юм уу хүмүүсээс бус, харин надаас, бүр Есүс Христ, чиний Гэтэлгэгчээс, Эцэгийн тааллаар бөлгөө” (Сургаал ба Гэрээ 31:11–13).
Судрууд нь амьдралын сүнслэг замыг хадгалахыг хүсдэг хүмүүсийн хувьд Бурхан руу буцаж очиход нь тэднийг удирдах удирдамжаар дүүрэн байдаг.
-
Эдгээр шүлгээс би ямар тодорхой удирдамж олов?