Донтолт
Хавсралт: Үр ашигтай үнэлэлт дүгнэлт бичих зарчим


“Хавсралт: Үр ашигтай үнэлэлт дүгнэлт бичих зарчим,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)

“Үр ашигтай үнэлэлт дүгнэлт бичих зарчим,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж

Үр ашигтай үнэлэлт дүгнэлт бичих зарчим

4-р алхмыг эхлүүлэхдээ, энэхүү үнэлэлт дүгнэлтийг хийхэд цорын ганц зөв арга гэж байхгүй гэдгийг мэдэх нь чухал. Үнэлэлт дүгнэлт бол нэн хувийн үйл явц юм. Олон хүн үнэлэлт дүгнэлт дээр хэрхэн ажиллах талаар бодож олохын тулд шантарч, сэтгэлээр унадаг. Энэ нь ердөө үйл явдлыг жагсааж бичих байлаа ч бид та бүхнийг энгийнээр эхлүүлэхэд уриалж байна.

Бид Их Эзэний удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй. Тэрээр бидэнд дурсамж, бодол санаагаа цэгцэлж, өөрийгөө шударгаар үнэлэх үед үнэнч мөн хайраар дүүрэн байхад тусална. Бид мөн аль хэдийн үнэлэлт дүгнэлт гаргасан дэмжигч хүн болон өөр бусад хүнтэй зөвлөлдөж болно. Тэд хэрхэн цааш үргэлжлүүлэхээ ойлгоход маань бидэнд туслах болно.

Үнэлэлт дүгнэлт гаргах нь Бурхантай, өөрсөдтэйгөө болоод бусад хүнтэй холбоотой зүйлийг зөв болгоход туслах зорилготой. Энэ нь бидэнд нэг алхам ухарч байгаад амьдралаа харах боломжийг олгодог. Бид ийн үйлдэж байхдаа амьдралдаа тохиолдсон үйл явдлуудад үзүүлсэн хариу үйлдлийнхээ хэв маягийг олж харан, зан чанарын дутагдал, давуу талуудаа аль алиныг нь тодорхойлдог. Бидэнд үнэлэлт дүгнэлтээ эхлүүлэхэд туслах энгийн зарчмуудыг доор харуулав.

А. Үнэлэлт дүгнэлтээ гаргахад бэлтгэх

Бидэнд үнэлэлт дүгнэлтээ эхлүүлэхдээ дэмжигч хүнтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллах нь чухал юм. Энэ алхам дээр үр дүнтэй ажиллахад дэмжигч хүн бидэнд тусална. Ихэнхдээ дэмжигч хүний өгдөг эхний заавар бол үнэлэлт дүгнэлтийн бүх талыг залбирлаар эхэлж, биднийг үнэн рүү удирдахыг Бурханаас гуйх явдал байлаа. Бид өөрт төрж буй сэтгэгдэл, бодолд итгэж болно.

Мөн залбирал нь үйл явцын туршид найдвараа алдахгүй байхад бидэнд тусална. Бид бүгдээрээ хатуу чанд шударга байхын төлөөх тэмцэлтэй адил хэцүү даалгавартай тулгарсан. Энэхүү үйл явц нь биднийг өөрсөдтэйгөө болон бусадтай мөн Бурхантай үнэнч шударга, баяр баясгалантай харилцаанд эргэн ороход хөтөлсөн баттай зам гэдгийг бид гэрчилж байна.

Б. Үнэлэлт дүгнэлтээ бичих

Өөрсдийн амьдралын үнэлэлт дүгнэлтийг бичих нь хамгийн үр ашигтай. Бичсэн жагсаалтаа гарт ойр байлгаж, дахин хянаж, шаардлага гарсан үед харж болно. Бичиж тэмдэглээгүй санаа бодлууд амархан мартагддаг. Бид үнэлэлт дүгнэлтээ бичихдээ амьдралдаа тохиолдсон үйл явдлуудын талаар илүү тодорхой бодож, тэдгээрт анхаарлаа сарниулалгүйгээр төвлөрөх боломжтой байх болно.

Бидний зарим нь бичих чадвараасаа ичиж эсвэл бичсэн зүйлийг нь өөр хэн нэгэн унших вий хэмээн эмээж үнэлэлт дүгнэлтээ бичихэд дургүй байдаг. Гэхдээ эдгээр айдас биднийг зогсоохыг бид зөвшөөрдөггүй. Бидний зөв бичих чадвар, дүрэм, бичгийн хэв эсвэл бичих чадвар огт хамаагүй.

В. Үндсэн тохиолдлуудыг олж тодорхойлох

Бид амьдралд маань нөлөөлсөн чухал мөчүүдийн талаар бичдэг. Бид үнэлэлт дүгнэлт дээрээ ажиллахдаа үйл явдлаас гадна бодол санаа, мэдрэмж, итгэл үнэмшлээ шалгадаг. Эдгээр нь үнэндээ бидний донтуулагч зан авирын үндэс юм. Бид донтолтоос бүрэн ангижрахын тулд айдас, бардамнал, дургүйцэл, уур хилэн, дураараа авирлах болон өөрийгөө чамлах зангаа шалгах хэрэгтэйг олж мэдсэн.

Бидэнд заримдаа юуг түрүүлж бичихээ шийдэхэд хүндрэлтэй байдаг. Зарим хүн амьдралаа нас, сургуульд сурч байсан жил, амьдарч байсан газар, харилцаа холбоо зэргээр ангилдаг. Бусад нь санаагаа боловсруулахаас эхэлдэг. Бид бүх зүйлийг нэгэн зэрэг санах боломжгүй. Бид үргэлжлүүлэн залбирч, аливаа зүйлийг бидэнд сануулах боломжийг Их Эзэнд олгох хэрэгтэй. Бид энэ үйл явцыг дуусгалгүй үлдээх мөн туршлага, нөхцөл байдлаа санах үедээ үнэлэлт дүгнэлт дээрээ нэмдэг.

Өөрийгөө хууран мэхлэх, сэтгэл зүйн гэмтэл авах нь бидний ой санамжид гүн гүнзгий нөлөөлдөг учраас зарим дурсамж маань орж гарч, тодорхой бус байж болохыг бид ухаарсан. Зарим нэг дурсамж нь элэг эмтрэм, ичмээр байдаг тул бид тэдгээрийг хүлээн зөвшөөрч, бичиж буулгахдаа дурамжхан байж ч магадгүй. Биднийг байнга залбирч, дэмжигч хүнээсээ хариулт эрэлхийлэх үед Сүнс биднийг удирдах болно. Эдгээр дэмжлэгийн эх сурвалж нь үнэнийг мэдэхэд бидэнд тусална.

Д. Өөрийгөө шударгаар үнэлэхээс айхгүй байх

Бидний үнэлэлт дүгнэлтийн дараагийн чухал алхам бол өнгөрсөн үеэ илүү сайн ойлгох явдал юм. Юу болсон, бидэнд ямар сэтгэгдэл төрсөн, яагаад ийм зүйл тохиолдсон, энэ нь өөр хэнд нөлөөлсөн зэргийг тодорхойлох нь өөрийгөө нээн илрүүлэх үйл явц билээ. Бид айж эмээлгүй шударгаар өөрийгөө үнэлснээр өнгөрсөн үеийнхээ үнэнийг мөн энэ нь ирээдүйд ямар утга учиртай болохыг хүлээн зөвшөөрсөн. Өөрийгөө үнэлэхдээ шударга байх нь наманчилж, өршөөл эрэлхийлж, илүү бүрэн дүүрэн эдгэрэхэд бидэнд тусалсан.

Энэ нь үнэлж дүгнэх үйл явцын хамгийн хэцүү үе шат байж ч мэднэ. Бид өөрсдийгөө доголдолтой харилцаа, сөрөг туршлагуудын дунд буйг харах нь үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ дэмжигч хүн маань биднийг дэмжиж, анхаарлаа төвлөрүүлж, шударга байхад бидэнд тусалж чадна. Өөрийгөө нээн илрүүлэх энэхүү үйл явц донтолтоос ангижрахад нэн чухал гэдгийг бид тууштай хүлээн зөвшөөрч чадна. Ахлагч Брүс Д.Портэрын хэлснээр, “Өөрийгөө нээн илрүүлэх нь суралцах хүсэлтэй хэн бүхэнд боломжтой гүн гүнзгий сүнслэг туршлага юм. … Хэрэв зорилгоо үнэнчээр биелүүлбэл [бид] аяллынхаа төгсгөлд эрдэнэсийг олох болно” (“Searching Inward,” Ensign,1971 оны 11-р сар, 63, 65).

Өөрийгөө шударгаар үнэлэх замаар өөрийг тань удирдан чиглүүлэхэд туслах асуултуудын жишээг “Жишээ 1—Асуултын формат” гарчигтай хэсгээс үзнэ үү.

Д. Хичээл зүтгэлээ баяр хөөртэй тэмдэглэх

Шударгаар бичсэн үнэлэлт дүгнэлт нь донтолтоос ангижрах үргэлжилсэн үйл явц гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Бид үнэлэлт дүгнэлтээ эргэн харж, дээр нь нэмж бичих хэрэгтэйг олж мэдсэн. Энэ үйл явц нь донтолтоос ангижрах үйл явцаа хадгалж үлдэх тухай ойлголт, чадвараа хүчирхэгжүүлэхэд төдийгүй шинэ, сайжруулсан эрүүл харилцааг хөгжүүлэхэд бидэнд тусалсан юм.

4-р алхам нь үйл явц юм. Бид үнэлэлт дүгнэлт бичихдээ бүх хичээл зүтгэлээ баяртайгаар тэмдэглэж болно. Энэ алхмыг хэрэгжүүлснээр бид өөрсдийнхөө тусгалыг олж харах ба хэрэв бид л зөвшөөрч чадвал энэ нь бидэнд амьдралынхаа чиглэлийг өөрчлөхөд сүнслэгээр нөлөөлж чадна. Аврагчийн хайр, ач ивээлийн ачаар бид хуучин байсан шигээ байх шаардлагагүй болно. Бид амьдралаа дүгнэж, Их Эзэний удирдамжийг эрэлхийлснээр, туршлага маань суралцах боломж гэдгийг ойлгох болно.

Үнэлж дүгнэх үйл явц нь сул талуудаа даруухнаар хүлээн зөвшөөрч, тэднийг давуу тал болгон хувиргахын тулд Бурханы тусламжийг эрэлхийлэх боломжийг бидэнд олгодог. “Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүнд миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдний төлөө сул дорой зүйлсийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27).

Е. Бидэнд мэргэжлийн тусламж хэрэгтэй болж мэднэ

Бидэнд маш хэцүү үйл явдал тохиосон эсвэл бид хэцүү зүйлсийг туулсан байж магадгүй. Тэдгээрийн зарим нь бие махбодын болоод сэтгэл санааны хүчирхийлэлд автсан эсвэл сэтгэл зүйн хүнд өвдөлтөд орсон зэрэг гэмтэл бэртэл авсан тохиолдлууд байж болно. Үнэлэлт дүгнэлтээ бичиж байх үедээ эдгээр хэцүү тохиолдлыг санах нь тэдгээр үйл явдалтай холбоотой зовлон шаналал, айдас, сэтгэл хөдлөлийг эргүүлэн авчирдаг. Тэрхүү хүнд тохиолдол, сэтгэл хөдлөлүүдийг зохих тусламж, дэмжлэггүйгээр сэргээх нь бидэнд илүү хор хөнөөл учруулж ч болзошгүй. Бид ийм төрлийн үйл явдлыг боловсруулахын тулд сэтгэл засалч, зөвлөгч эсвэл эмчээс тусламж хүсэх талаар бодож үзэх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс бидэнд сэтгэл зүйн гэмтлийг зохих хурдаар аюулгүй тунгаан боловсруулахад тусалж чадна. Хэрэв та энэ тусламж хэрэгтэй эсэх талаар эргэлзэж байвал итгэдэг хүнтэйгээ энэ тухай ярилцаарай. Та мөн мэргэжлийн хүнтэй уулзаж, үнэлгээг оношлуулж болох ба тэдний саналыг авч үзэж болно.

4-р алхмаар үнэлэлт дүгнэлт бичих жишээ

4-р алхам дээр амжилттай үнэлэлт дүгнэлт гаргах олон формат байдаг. Гэсэн хэдий ч дараах элемент нь донтолтоос ангижрахад хамгийн үр дүнтэй үнэлэлт дүгнэлт гаргадаг болохыг бид мэдэж авсан.

  1. Бурхан—Үнэлэлт дүгнэлт гаргах нь хүнд хэцүү ажил бөгөөд бид дангаараа үүнийг хийж чадахгүй. Бидэнд Бурханы дэмжлэг хэрэгтэй. Залбирал бол энэхүү амин чухал хүчин чармайлтын чухал хэсэг юм. Бид Бурханд хандан залбирвал Тэр биднийг хүчирхэгжүүлж, энэхүү чухал ажилд бидэнд туслах болно.

  2. Үнэнч шударга байдал—Үнэлэлт дүгнэлт нь бидний хувьд амьдралыг маш анхааралтай авч үзэх үйл явц бөгөөд бидний эргэн санаж буй таагүй эсвэл сэтгэл түгшээсэн тохиолдол, нөхцөл байдал, харилцаа холбоог багтаах ёстой. Бид аль болох шударга, нягт нямбай байх ёстой. Бид бодгалиа хэдий чинээ гүн гүнзгий эрэлхийлэх хүсэлтэй байна, 4-р алхам төдий чинээ үр дүнтэй байх болно гэдгийг олж мэдсэн.

  3. Бичих—Бичих үйл явц бидэнд илүү их ойлголт, алсын хараа, тодорхой байдлыг өгдөг. Зарим нөхцөл байдал маань үнэлэлт дүгнэлтээ бичихэд хүндрэл учруулдаг. Хэдийгээр бид төрөл бүрийн чадвар, хандлагатай байдаг ч хамгийн хүнд хэцүү тохиолдлуудаа Их Эзэний өмнө бичихэд гаргах бидний хичээл зүтгэл бүрийг Тэрээр адислах болно. Хэрэв танд бичихэд хэцүү байвал дэмжигч хүнээсээ эсвэл өөр хэн нэгнээс тусламж хүс.

  4. Дэмжигч хүн—Дэмжигч хүн нь “12-р алхам”-ыг бүгдийг нь хэрэгжүүлсэн, өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтээ гаргаж дууссан хүн байх ёстой. Дэмжигч хүн нь үйл явцаар дамжуулан биднийг удирдан чиглүүлж, амьдралыг маань алсын хараатай байлгахад хамгийн ихээр тусалж чадна. Хэрэв та эхлээгүй байгаа бол дэмжигч хүнтэй ажиллаж эхлэхийг бид танд зөвлөж байна.

Бид үнэлэлт дүгнэлтээ бичсэний дараа тэдгээрийг донтолтоос ангижрах дараагийн алхмуудад эргэн харахын тулд хадгалдаг. Бидний үнэлэлт дүгнэлт нь 6, 7-р алхам дахь зан чанарын сул болон давуу талуудыг олж тогтооход бидэнд тусалдаг бөгөөд 8, 9-р алхам дээр уучилж, засаж залруулах хэрэгтэй байсан хүмүүс, байгууллагуудыг үнэлэлт дүгнэлтэд оруулах хэрэг гарна. Цаг нь болоход бид өөрсдийн үнэлэлт дүгнэлтийн зарим хэсгийг буюу сөрөг юм уу уур уцаар хүргэж мэдэх үг хэллэг, хувийн зөрчлүүдийн тухай тэмдэглэл болон бусадтай хуваалцах ёсгүй бусад эмзэг асуудлыг устгаж болно. Эдгээр бичсэн зүйлээ устгах нь бидний наманчлалын бэлгэдэл бөгөөд өнгөрсөн үеэ орхих хүчирхэг арга зам болж ч болно.

Өмнө дурдсанчлан, үнэлэлт дүгнэлт бичих олон арга байдаг. Гурван жишээг доор харуулав. Үнэлэлт дүгнэлт бичих энд жагсаагаагүй өөр олон арга бий. Эдгээр жишээ бидэнд эхлэхэд тусална. Бид ямар нэгэн арга барил эсвэл хослуулсан арга барилыг ашигласан ч гэсэн Бурхан биднийг болон нөхцөл байдал бүрийг хэрхэн харж байгааг бидэнд харуулахыг Түүнд зөвшөөрөх нь нэн чухал. Хэрэв бид ийн үйлдвэл Бурхан бидэнд энэ үйл явцад илүү их хүч чадал, итгэл найдвар өгөх болно.

Бид хэрхэн эхлэх вэ? Зарим хүн нас, хичээлийн жил, амьдарч байсан газар эсвэл харилцаа холбоо зэрэгт тохируулан амьдралынхаа он цагийн дарааллаар ажилладаг. Бусад нь санаагаа боловсруулахаас эхэлдэг. Бид бүх зүйлийг нэг зэрэг санахгүй учир үргэлжлүүлэн залбирч, аливаа зүйлийг бидэнд сануулах боломжийг Их Эзэнд олгодог. Бид нөхцөл байдал, туршлагаа санах бүрдээ үнэлэлт дүгнэлт дээрээ нэмж болно.

  • Жишээ 1– Асуултын формат. Энэ арга нь амьдралын хүнд хэцүү тохиолдлуудыг шалгахын тулд асуултуудыг ашигладаг. Энэ нь нөхцөл байдал бүрийг гүнзгий судлахад бидэнд тусалдаг.

  • Жишээ 2—Ажлын хүснэгтийн формат. Энэ арга нь хохирол учруулсан хүмүүс эсвэл байгууллагуудынхаа талаар хүснэгт зохиож, зохион байгуулахад тусалдаг. Энэ нь зан чанарынхаа сул талуудыг олж мэдэхэд бидэнд тусалдаг бөгөөд дараагийн алхмуудад үнэ цэнтэй мэдээллийг өгдөг.

  • Жишээ 3—Тэмдэглэлийн формат. Тэмдэглэл хөтлөх арга нь бидний амьдралыг гэрэлтүүлж чадна. Энэ нь бидэнд амьдралынхаа нарийн ширийн зүйлсийг тунгаан бодож, боловсруулах боломжийг олгодог.

Жишээ 1—Асуултын формат

Амьдралаа эргэн хараад, өнгөрсөн болон одоо үед таагүй мэдрэмж төрүүлдэг нөхцөл байдлуудынхаа талаар олж мэдэх нь эхний сорилт болдог. Эцсийн эцэст бид өөрсдийн зан чанарын сул талуудыг олж харж; уучлах, хохирол барагдуулах хэрэгтэй хүмүүсээ олж тогтоохыг хичээж байгаа. Дараах жишээ нь айж эмээлгүйгээр өөрийгөө нягт нямбай үнэлэхэд туслах асуултуудыг ашигласан байна. Эдгээр асуулт нь гол хүмүүс, нөхцөл байдал, зарчим, байгууллага эсвэл тохиолдлуудыг олж тогтооход бидэнд тусална. Мөн юу болсон, бидэнд ямар сэтгэгдэл төрсөн, яагаад ийм зүйл тохиолдсон, өөр хэнд нөлөөлснийг дүрслэн өгүүлэхэд тусалдаг. Бид хүн бүрд эсвэл нөхцөл байдал бүрд нэг хуудсыг зориулдаг. Бид хуудас бүр дээр асуултын хариултаа бичдэг. Бид хариултаа 15 үг дотор багтаахыг хичээдэг ба богино хэллэг байхад л хангалттай.

Дараах жишээнд эгч нь санамсаргүй байдлаар нас барсан тухай тохиолдлыг өгүүлнэ.

Анхны асуултууд

  1. Юу болсон бэ? Нөхцөл байдлыг товч тайлбарлана уу.

    Эгч маань машины ослоор амиа алдсан.

  2. Энэ явдал намайг яагаад зовоогоод байсан юм бол?

    Энэ бол надад тохиолдож байсан хамгийн муухай зүйл байлаа.

  3. Энэ явдал надад болон миний харилцаанд (санхүү, сэтгэл санаа, бие махбодын хувьд) хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ үйл явдал миний сэтгэлийг хэрхэн шархлуулсан бэ?

    Би бусдаас хөндийрсөн. Би өөртөө итгэлгүй хэвээр байна. Би өвдөлтийг намдаахын тулд согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн бөгөөд жин ч нэмэгдэж байлаа. Би цааш сурч боловсрох хүсэлгүй болсон. Хэнтэй ч ойртохыг хүсэхгүй байна. Би нухацтай харилцаанд орохоос айж байна.

  4. Энэ явдал болоход надад анх ямар мэдрэмж төрсөн бэ? Энэ үйл явдлын талаар ямар мэдрэмж надад одоо ч төрсөөр байна вэ?

    Энэ явдал болоход би цочирдож, өвдсөн. Би Бурханд уурласан. Шархадсан хэвээр байгаа юм шиг л санагдсан.

  5. Эргээд харахад, миний зан чанарын ямар сул талууд энэ нөхцөл байдалд нөлөөлсөн бэ? (Хэдийгээр энэ нь маш хэцүү байсан ч бид даруу байж, үнэнтэй нүүр тулахын тулд Бурханы тусламжийг залбирч эрэлхийлэх ёстой.)

    • Би шударга бус байсан уу? Би хэнд худал хэлсэн бэ?

      Ихэнхдээ би өөртөө худал хэлсэн. Би өөрөө Есүс Христэд итгэж чадахгүй байсныхаа төлөө Бурханыг болон гэр бүлээ буруутгасан.

    • Би айсан уу?

      Тийм ээ, Тэнгэрлэг Эцэг яагаад түүнийг хамгаалаагүйг би ойлгохгүй байлаа. Хэрэв ийм муу зүйл нэг удаа тохиолдсон л бол дахин тохиолдож ч магадгүй.

    • Би эгдүүцсэн үү?

      Тийм ээ, ихэнхдээ Бурханд төдийгүй нөхөрт нь ч, түүнийг дайрсан машины жолоочид ч бас. Би түүний амиа алдсаныг шударга зүйл гэж бодоогүй.

    • Би амьдралдаа бардамналын ямар нотолгоог олж харж байна вэ? Би зан ааш, үйл хөдлөлдөө өөрийгөө хуурах, зөвтгөх эсвэл чамлах шинж тэмдгүүдийг олж хардаг уу?

      Би үргэлж аз жаргалтай амьдарна гэж бодож байлаа. Надад болон гэр бүлд минь муу зүйл тохиолдох ёстой гэж би бодоогүй. Би өөртөө үнэхээр харамсаж байсан.

  6. Миний гаргасан үйлдэл өөр хэн нэгнийг гомдоож эсвэл тэдэнд сөргөөр нөлөөлсөн үү? Тийм бол хэнд вэ?

    Миний үйлдэл хүргэн ах зэрэг гэр бүлийн маань бусад хүнийг гомдооход хүргэсэн. Би сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байсан ба гэр бүлийнхэндээ уурлан хилэгнэж байлаа. Би нөгөө жолоочийг ч уучлаагүй. Бурханд уурласан уур минь намайг шархлуулсан.

  7. Нөхцөл байдлыг хянахын тулд би юу хийсэн бэ? Би хүссэн зүйлээ олж авахын тулд ямар арга хэмжээ авсан эсвэл юуг орхисон бэ?

    Би нэг бол бусдаас хөндийрч эсвэл бусдыг шүүмжилж байлаа. Би олон ааш гаргасан. Би зүгээр л үүнийг үнэн биш байгаасай гэж хүссэн. Би өнгөрсөнд буцаж очихыг хүссэн. Бурхан түүнийг амилуулаасай гэж би хүсэж байлаа. Бүр аав ээжээсээ хүртэл түүнийг эргэж ирүүлэхийн төлөө залбирахыг хүссэн. Миний бодол бүр самуурч гүйцсэн байлаа!

  8. Би бусдыг эрхэндээ оруулахын тулд хэрхэн хохирогч шиг (жишээлбэл: анхаарал халамж, өрөвч сэтгэл хүсэх гэх мэт) үйлдэл гаргасан бэ? Миний зөв гэж би зүтгэсэн үү? Үл тоогдож, үл хүлээн зөвшөөрөгдсөн мэт санагдсан уу?

    Би олон ааш гаргаж, өөрийгөө тусгаарлаж, дотнын хүнээ алдсан хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг нэгэн зөвлөхтэй ярилцахаас хүртэл татгалзсан. Би зөвхөн өөрийнхөө мэдрэмж, зовлон шаналлыг л харж байлаа. Би үнэхээр өөр хэн нэгнийг миний төлөө бүх зүйлийг сайхан болгоосой гэж хүссэн.

  9. Энэ нь миний оролцох ёстой зүйл байсан уу? Би зөвхөн өөрийнхөө тухай л бодоод, хэний сэтгэлийг үл ойшоодог байсан бэ?

    Энэ нь миний оролцох ёстой зүйл байсан. Тэр миний эгч байсан бөгөөд би маш их өвдөлт мэдэрсэн. Гэвч аав ээж, ах эгч дүү нар, найз нөхөд, түүний нөхөр гэх мэт бусдын мэдэрч байгаа зовлон шаналлыг бодохоо хэзээ ч болиогүй юм.

  10. Бурханы болон бусдын тусламжийг би эсэргүүцсэн үү?

    Тийм ээ, би Бурханд уурласан байсан болохоор залбирахгүй байлаа. Би хэнтэй ч ярилцаагүй, өөрийгөө ч тайтгаруулаагүй.

Жишээ 2—Ажлын хүснэгтийн формат

Үнэлэлт дүгнэлт гаргах өөр нэг арга бол доорх хүснэгтийг бөглөх явдал юм. Эхлээд зүүн талын эхний баганыг, дараа нь хоёр, гурав, дөрөв дэх баганыг гэх мэтээр бөглөнө үү. Энэ хүснэгтийг бөглөх нь бидний үнэлэлт дүгнэлтээсээ хайх ёстой хэв маягийг харуулахад тусална. Бид хөгжүүлэх шаардлагатай эсвэл бидэнд байгаа эерэг шинж чанаруудыг анхаарч үздэг ба Их Эзэн бидний сул дорой байдлыг хүчирхэг болгож чадна гэдгийг үргэлж санадаг (Ифер 12:27-г үзнэ үү). Бид Их Эзэний зөвлөгөөг уншиж, тунгаан бодох цаг гаргадаг.

Надад сөрөг сэтгэгдэл төрүүлж буй хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим

Юу болсон, би ямар арга хэмжээ авсан бэ? Уг үйл явдлын талаар товчхон тайлбарлана уу. Амьдралаа он цагийн дарааллын дагуу буюу магадгүй 5-10 жилээр жагсаан бичихийг бодоорой.

Үр нөлөө

Тэр хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал эсвэл зарчим яагаад намайг зовоосон бэ? Энэ нь миний сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдалд нөлөөлсөн үү? Энэ нь миний харилцаа холбоо, өөрийгөө үнэлэх үнэлэмж эсвэл ирээдүйн төлөөх хүсэл эрмэлзэлд нөлөөлсөн үү?

Мэдрэмж

Тухайн үед надад ямар мэдрэмж төрж байсан бэ? Энэ талаар надад юу ямар мэдрэгдсээр байна вэ? Би тухайн асуудалд оролцсондоо харамсаж байна уу эсвэл тухайн хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал эсвэл зарчимд дургүйцэж байна уу?

Зан чанарын сул тал

Би амьдралдаа бардамналын ямар нотолгоог олж харж байна вэ? Би зан ааш, үйл хөдлөлдөө өөрийгөө хуурах, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах эсвэл дураараа авирлах шинж тэмдгүүдийг олж хардаг уу? Энэхүү нөхцөл байдал, үйл явдал эсвэл тухайн хүн, байгууллага, зарчмын талаарх миний бодолд нөлөөлсөн амин хувиа хичээсэн айдас юу байсан бэ?

Уучилж, хохирлыг барагдуулах

Би хэнийг уучлах хэрэгтэй вэ? Би хэний хохирлыг барагдуулах ёстой вэ? Энэ баганад өөрийнхөө нэрийг нэмэхээ битгий мартаарай.

Эерэг шинж чанар

Би үнэлэлт дүгнэлтээ гаргахдаа амьдралынхаа хэцүү талуудад анхаарлаа хандуулж болох юм. Гэхдээ би өөрийнхөө давуу тал, эерэг зан чанаруудын талаар мөн бодох хэрэгтэй. Миний зан чанарын давуу талууд юу вэ? Би ямар зан чанарын давуу талуудыг цаашид хөгжүүлэх хэрэгтэй вэ? Эерэг хүч чадал дээрээ анхаарал төвлөрүүлэх нь миний хязгааргүй, усташгүй тэнгэрлэг үнэ цэнийг надад сануулж чадна.

0-10 жил

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус хандах, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Сургууль дээр Сэм гэдэг хүүхэд намайг шоолсоор байсан бөгөөд намайг элдэв хочоор дууддаг байв.

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Энэ нь миний өөрийнхөө тухай бодол болон найзуудтайгаа харилцах харилцаанд нөлөөлсөн юм. Би зоригтой байхыг хүссэн ч чадаагүй.

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Би айж байсан бас хэчнээн их айж байгаагаасаа ичдэг байлаа. Би зүгээр л түүнийг цохисон ч болоосой.

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус хандах, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Өөрийгөө чамлах, өөрийгөө зөвтгөх

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Би Сэмийг уучлах хэрэгтэй. Ирээдүйд би сайхан сэтгэлтэй, үнэнч шударга хүн болохыг хүсдэг.

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би сайн хүн. Би бусдаас сайныг нь ихэвчлэн олж хардаг.

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Уучлал, эр зориг

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Би Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаанд зориулан амттан хийж билээ. Би үүнийг аав, ээж хоёртоо үзүүлэхээр гэртээ аваачихыг хүссэн ч алхаж явах замдаа бага багаар хазсаар байлаа. Эцэст нь би үлдсэнийг нь ч гэсэн идчихлээ.

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Энэ нь миний өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлсөн. Би амжилтаа аав ээжтэйгээ хуваалцахыг хүссэн ч бүтэлгүйтсэн.

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Гэртээ харих замдаа би хийсэн зүйлдээ харамсаж байв. Би ичиж, таргалсан, сул дорой болсноо мэдрэв. Би өөрийгөө бүтэлгүйтсэн гэдгээ мэдэрсэн.

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус хандах, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Бардамнал, өөрийгөө чамлах, ховдог шунахай, биеэ барих чадваргүй байх

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Би

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би зөв зүйл хийхийг хүсдэг. Би өөрийгөө сайхан сэтгэлтэй гэж боддог.

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Даруу байдал, Есүс Христэд итгэх итгэл, хоол хүнсний тал дээр биеэ барих чадвар

10-20 жил

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус байх, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Сургуулийн хүүхдүүд энэ тухай тоглоом шоглоом болгож байх үед би гар хангалга гэж юу болохыг олж мэдсэн юм. Би энэ талаар ээжээсээ асуухад ээж минь уурлаж, хэзээ ч битгий ингэж үйлд бас дахиад хэзээ ч битгий ярь гэж хэлэв.

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Надад энэ нь сайхан санагдсан ч санааг минь зовоож байсан учраас би дотроо зөрчилдөж байлаа. Би Сүмийн найзуудтайгаа энэ талаар ярилцаж байгаагүй болохоор энэ асуудалтай тэмцэж байгаа цорын ганц хүн нь юм шиг санагдаж билээ.

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Би ичиж, ээжээсээ холбоогоо тасалж, ганцаардмал, шударга бус, бүдүүлэг мэт надад санагдсан.

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус байх, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Дураараа авирлах, шударга бус, цэвэр бус, биеэ барих чадваргүй байх

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Би, миний ээж

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би мөс чанар сайтай гэж өөрийгөө бодож байна. Би сайн баймаар байна.

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Бусдад өөрийгөө нээхэд бэлэн, шударга, ариун явдалтай байх, наманчлах

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Би 14 сар орчмын хугацаанд, ажиллаж байсан газартаа төлбөр төлөхгүйгээр бүртгэлээс бэлэн мөнгө эсвэл хэрэглэдэг бүтээгдэхүүнээ тогтмол хулгайлдаг байлаа.

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Би менежерийнхээ эргэн тойронд байхдаа үргэлж сандардаг байв. Би одоо үүнд өөрийгөө буруутгаж байгаа ч тэр бизнес байхгүй болсон учраас үүнийг эргээд хэрхэн зөв болгохоо мэдэхгүй байна.

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Айдас, шунал, хувиа хичээсэн байдал

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус байх, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Шударга бус, дураараа авирлах, өөрийгөө хуурах

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Ажиллаж байсан газар, манай менежер

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би ажилч хичээнгүй хүн.

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Үнэнч шударга, хариуцлагатай

20-30 жил

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус байх, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Би үдэшлэг дээр согтоод, таньдаггүй шахуу хүнтэй хамт сэрлээ.

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Энэ нь миний хамгаалалт, аюулгүй байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлсөн. Би ариун сүмд гэрлэхийг хүссэн ч ийм зүйл тохиолдохгүй мэт санагдаж байлаа.

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Надад завхай, итгэл найдвараа алдсан бас өрөвдөлтэй санагддаг. Би тэр үдэшлэгт хүртэл очсондоо маш их харамсаж байна.

Яагаад надад ийм явдал тохиолдов?

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус байх, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Үл итгэх, өөрийгөө болон найз нөхөд гэгдэх хүмүүсийг жигшин зэвүүцэх, өөрийгөө чамлах

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Би, миний найзууд

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би сайхан сэтгэлтэй хүн. Би яагаад ч юм үүнийг даван туулахыг хүсэж байна. Би авьяасаа хөгжүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн.

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Эрүүл саруул ухаан, үүрэг хариуцлага, дуулгавартай байдал, Бурханыг нэгдүгээрт тавих, ариун явдал

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Эгч маань машины ослоор амиа алдсан. Би түүний нөхөр, хүүхдүүдтэй ойр дотно байгаагаа мэдэрсэн ч тэр манай гэр бүлээс холбоогоо тасалсан юм.

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Энэ нь миний амьдралд маш том сэтгэлийн шарх авчирсан. Би бие болон сэтгэл санааны хувьд итгэлтэй бус байна. Эгчтэйгээ болон түүний гэр бүлийнхэнтэй харилцах харилцаа маань бүрмөсөн алга болсон.

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Би маш их сэтгэлээр унадаг. Согтууруулах ундаа энэ нөхцөл байдалд тус болохгүй ч хэсэг хугацаанд үүнийг арилгадаг гэдгийг би мэднэ.

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус байх, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Түгшүүр, айдас, сэтгэл дундуур байх, өөрийгөө чамлах

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Бурхан, би, эгчийн минь нөхөр, архи ууж гомдоосон хүмүүс

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би сайн оюутан бас ажилсаг хүн. Би хүнийг хайрлаж, ажил дээрээ бусадтай сайн харилцаатай байдаг.

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Есүс Христэд итгэх итгэл, найдвар, саруул ухаан

30-60 жил

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус байх, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Би хүргэндээ дургүйцдэг. Түүнд үргэлж мөнгө хэрэгтэй байдаг ч ажилдаа тогтдоггүй. Тэр үнэхээр хайхрамжгүй ханддаг. Тэр охиныг минь аз жаргалгүй болгож байна гэхээс би айж байна.

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Би санхүүгийн байдалд нь санаа зовж байна. Намайг түүний талаар муугаар бодоход энэ нь охинтойгоо харилцах харилцаанд минь нөлөөлдөг.

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Би бухимдаж байна. Би дургүйцдэг. Би дургүйцсэндээ өөртөө уурладаг. Би урхинд орсон мэт санагдаж, ямар ч сайн шийдлийг олж чадахгүй байна.

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус байх, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Өөрийгөө зөвтгөх, чамлах, бардамнах, дургүйцэх

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Миний хүргэн, миний охин, миний хань

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би ер нь их өгөөмөр хүн. Би гэртээ болон Сүмд шаргуу ажилладаг.

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Энэрэх, өршөөх, хувийн илчлэлт хүлээн авах

Хувь хүн, байгууллага, нөхцөл байдал, үйл явдал, зарчим (Юу болсон бэ? Хэнийг гомдоосон бэ? гэх мэт)

Хань минь тусдаа амьдрах, салах талаар ярьж байна. Би төгс байгаагүй гэдгээ мэднэ, гэхдээ би дандаа асуудал үүсгэдэггүй.

Үр нөлөө (сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн аюулгүй байдал; харилцаа холбоо, өөрийн үнэ цэн эсвэл хүсэл эрмэлзэл)

Миний харилцаа аймшигтай. Миний өөрийгөө үнэлэх үнэлэмж санхүүгийн болон сэтгэл санааны аюулгүй байдалд маань нөлөөлдөг.

Мэдрэмж (дургүйцэл, айдас, харамсал, гомдол гэх мэт)

Би маш их айж байна. Хэрвээ би хүүхдүүдтэйгээ уулзахгүй бол яах вэ? Би салалтыг яаж тэсэж гарахаа ч мэдэхгүй байна.

Зан чанарын сул тал (дураараа авирлах, бардамнах, шударга бус байх, өөрийгөө зөвтгөх, өөрийгөө чамлах, өөрийгөө хуурах гэх мэт)

Айдас, өөрийгөө чамлах, дургүйцэх, түгших

Уучилж, хохирлыг барагдуулах (Би хэнийг уучлах эсвэл хэний хохирлыг барагдуулах хэрэгтэй вэ?)

Би, миний хань, миний үр хүүхдүүд

Эерэг шинж чанар (энэрэл, даруу байдал, үнэнч шударга байдал, эр зориг, Есүс Христэд итгэх итгэл гэх мэт)

Би өөрчлөх гэж маш их хичээсэн. Би бүр зөвлөгөө авахаар явсан.

Би ямар шинж чанарыг цаашдаа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Энэрэл, хайр, амар амгалан, Бурханд итгэх илүү агуу итгэл

Жишээ 3—Тэмдэглэлийн формат

Бичих нь ойлгож, эдгээх хүчирхэг хэрэгсэл болдог. Үнэлэлт дүгнэлт дээрээ ажиллахаас өмнө эсвэл дараа нь залбирч тэмдэглэл хөтлөх нь маш их тустай. Бид амьдралаа эргэн харахдаа олж мэдсэн нөхцөл байдал, мэдэрсэн мэдрэмжийнхээ талаар л бичиж эхэлдэг. Үүнд ямар ч систем байхгүй. Бид зүгээр л үзэг аваад, залбираад, бичиж эхэлдэг. Аясаар нь л явуул! Бид тэмдэглэл хөтлөх замаар амьдралд маань сөрөг сэтгэгдэл төрүүлж буй хүмүүс, байгууллага, нөхцөл байдал, тохиолдлууд эсвэл зарчмуудыг олж хардаг. Бид сэтгэл хөдлөл, мэдрэмжид маань энэ нь хэрхэн нөлөөлдөг тухай бичдэг бөгөөд зан чанарын сул талууд маань юу болох, ямар давуу талуудыг хөгжүүлэхийг хүсэж байгаагаа ойлгохыг хичээдэг. Мөн бид хэнийг уучлах хэрэгтэй, хэний хохирлыг барагдуулах хэрэгтэйг мэдэхийн төлөө залбирдаг. Тэмдэглэл хөтлөх хэдэн жишээг харуулав. Үүнд:

  • Би сүүлийн үед хүүхэд насандаа тохиолдсон явдлынхаа талаар боддог болсон. Би нэг хүүхдийг санаж байгаа ч нэрийг нь санахгүй байна. Гэхдээ тэр надаас том байсан. Тэр үнэхээр бүдүүлэг хүүхэд байсан. Тэр намайг нялх хүүхэд гэж, бас бүр дорд хочоор дуудаж байв. Би өдөр бүр аль болох сургуулиас гэр хүртэл хурдан гүйх хэрэгтэй болдог байв. Тэр үед надад ямар ч найз байхгүй, тэр ч байтугай найз нөхөдтэй болж чадахгүй юм шиг санагдаж эхэлсэн гэж бодогддог. Би асуудлаас зугтахаас үзэн яддаг. Би айх дургүй ч зарим хүн илүү том биетэй, бүдүүлэг байх нь шударга бус зүйл. Би үргэлж нөхөрсөг байхыг хичээдэг. Би өөрийгөө өрөвдөж байгаа байх. Хүмүүс яагаад надад сайхан ханддаггүйг би ойлгохгүй байна. Би сайн хүн шүү дээ.

  • Би бага зэрэг тарган хүүхэд байсан. Би бага зэрэг илүүдэл жинтэй хэвээрээ л байгаа. Гэхдээ дуртай зүйлээ идэхээ болих нь надад хэцүү байдаг. Би Хүүхдийн хэсэгт байхдаа ч хэзээ ч гэр бүлтэйгээ хуваалцах амттан авч явж чаддаггүй байсан. Энэ нь надад бүтэлгүйтэл мэт санагдсан. Би идэж уухдаа бас жингээсээ үргэлж ичдэг байсан. Зарим хүн хүссэн бүхнээ идэж чаддаг ч тэр нь тэдний жинд нөлөөлдөггүй. Энэ нь намайг үнэхээр галзууруулдаг!

  • Надад бэлгийн дур хүслийн тал дээр асуудал байгаа. Үнэндээ надад хэцүү байгаа нь миний буруу биш. Сургуулийн хүүхдүүд энэ тухай тоглоом шоглоом болгох үед би гар хангалга гэж юу болохыг олж мэдсэн юм. Энэ талаар ээжээсээ асуухад ээж минь уурлаж, хэзээ ч битгий ийн үйлд бас дахиад хэзээ ч битгий ярь гэж хэлэв. Гэвч дараа нь бишопыг надтай ярилцах үед би яах байсан бэ? Би түүнд хэлэх ёстой байсан уу?

  • Би аав, ээж хоёрын хооронд болж буй үйл явдлаас маш их ичдэг байсан болохоор намайг тайвшруулдаг цорын ганц зүйл нь тамхи татах байлаа. Би хэдэн тамхи олж, тэдгээр нь надад түлхэц өгсөн бөгөөд надад ямар их зовлонтой байгааг мэдрэхэд тусалсан юм. Шөнө босоод нойр хүрэхгүй байдаг тул би өөрийн гэсэн нууцлаг амьдралтай болсон. Би тамхинаас хэзээ ч хамаагүй гарч чадна гэж боддог байсан ч үнэхээр чадахгүй байлаа. Тэгээд олсон тамхи маань дуусаж, илүү их мөнгөтэй болохын тулд хулгай хийх хэрэгтэй болов. Би ажиллаж байсан газраасаа эд зүйлс хулгайлсан. Гэр бүлийнхнийхээ хэн нэгэнд, бүр муугаар бодоход цагдаад баригдах вий гэж би маш их сандардаг байсан. Би шударга бус байдлыг үзэн яддаг байсан ч тамхи татах цаг зөвхөн надад л хэрэгтэй байлаа. Би өөрийгөө өрөвдсөн байх.

  • Намайг коллежид сурч байхад бас нэг муухай дурсамжтай зүйл тохиосон юм. Би өрөөний найзуудтайгаа адилхан болохыг хүсдэг байсан ч олон үдэшлэгт уригддаггүй байлаа. Эцэст нь би архидалт болдог үдэшлэгт очсон тэр шөнийг санаж байна. “Яагаад болохгүй гэж?” гэж би бодов. Би олны нэг хэсэг байхыг л хүссэн. Би ганц удаа хөгжилтэй байхыг л хүссэн. Дараа нь юу болсныг санахгүй байгаа ч би үнэхээр танихгүй хүнтэй хамт сэрсэн. Байдал улам дордсон байв. Би яагаад завсарлага авч зогсоож чадахгүй байна вэ? Надад юу ч тус болж чадахгүй.

  • Эгчийгээ нас барсан тухай мэдээг сонсоод дэлхийн төгсгөл ирсэн мэт санагдаж билээ. Түүнийг зам дагуу алхаад явж байхад нэг машин дайрчихсан. Манай гэр бүл цөхөрч, бидний зарим нь өмнөхөөсөө ч илүү их болчимгүй үйлдэл гаргасан. Нөхөр нь маш их уурласан болохоор хүүхдүүдээ бидэнтэй дахин хэзээ ч яриулахгүй гэж хэлсэн. Манай гэр бүл тэдний амьдралд гай зовлон учруулдаг гэж тэр хэллээ.

  • Хүүхдүүд маань гэр бүлийн уламжлалаа үргэлжлүүлж байгаа юм шиг санагддаг. Охин маань жинхэнэ азгүй хүнтэй гэрлэсэн. Тэдэнд хэзээ ч хангалттай мөнгө байдаггүй. Үнэнийг хэлэхэд, би ч бас тэднийг үргэлжлүүлэн дэмжээд байх чадалгүй болсон. Тэр яагаад ажилд орчхоод ажилдаа удаан тогтдоггүй юм бол? Би үнэхээр бухимдаж байна. Би охиныхоо сайн эцэг эх байхыг хүсдэг ч мөнгөтэй холбоотой асуудлууд бидний хооронд байнга асуудал үүсгэдэг. Би нөхрийг нь зүгээр л хүлээн зөвшөөрдөг ч болоосой. Даана ч би чадахгүй юм. Намайг уучлаарай.

  • Ням гараг бол гэр бүлийн хувьд сайхан өдөр байх ёстой, тийм үү? Би ийм зүйл тохиолдоно гэж огт төсөөлж байсангүй. Хань минь өчигдөр орой бидэнд тус тусдаа амьдрах орон зай хэрэгтэй байна гэж хэлсэн. Юу вэ? Итгэмээргүй юм! Мэдээж би төгс биш ч хэн ч төгс биш. Хайрт Бурхан минь, би юу хийж чадах вэ?

  • Би амьдралдаа үнэлэлт дүгнэлт гаргах талаар дэмжигч хүнтэйгээ ярилцлаа. Надад төрдөг бодол мэдрэмжүүд нэг төрлийн хэв маягтай бөгөөд зарим зүйлийн талаар бишоптойгоо ярилцах хэрэгтэй гэж дэмжигч хүн маань хэлж билээ. Би сүүлийн хэдэн долоо хоногийн турш тэмдэглэлээ эргэн уншиж байхдаа өөрийгөө өрөвдөх хандлагатай байгаагаа олж харсан юм. Зарим муу зүйл надад тохиолдох нь тодорхой ч би Их Эзэнд өөрийгөө хандуулбал Тэр миний зарим өвчин шаналлыг авч чадна гэдгийг ойлгож эхэлж байна. Би донтолтдоо автах шаардлагагүй. Надад бууж өгөх хүч байхгүй ч Их Эзэнд тийм хүч бий.

  • Судрууд болон бошиглогчдын үгс одоо надад илүү ойлгомжтой болж эхэлж байна. Энэ нь миний амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг би харж байна. Би өмнө нь анзаардаггүй байсан зан чанарынхаа сул талуудыг одоо илүү сайн мэддэг болсон. Заримдаа би үүнийгээ илүү тодорхой хардаг учраас улам дордож байгаа юм болов уу гэж боддог. Би үнэхээр донтолтоос ангижрахын тулд дараагийн алхмуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэйг мэднэ.