Номын сан
1-р хичээл: Гайхамшигт ажил хийгээд гайхамшиг


1-р хичээл

Гайхамшигт ажил хийгээд гайхамшиг

Оршил

Түүхийн туршид Тэнгэрлэг Эцэг сайн мэдээний бүрэн байдлыг сэргээж, Есүс Христийн Сүмийг зохион байгуулах тэнгэрлэг эрх мэдэлтэй бошиглогчдыг дуудсанаар урвалтын үеийг төгсгөдөг байжээ. Иосеф Смит бол бидний эрин үе дэх ийм бошиглогч юм. Бурхан хэрхэн бошиглогчдоор дамжуулан Өөрийн хүмүүсийг удирдаж, Сүмээ зохион байгуулдгийг ойлгох нь Сэргээлт шаардлагатай байсанд илүү гүн гүнзгий талархаж, Сэргээлтийн талаар бусдад илүү агуу ур чадвараар заахад суралцагчдад туслах болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • М.Рассэлл Баллард, “Ариун Библийн гайхамшиг,” Ensign эсвэл 2007 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80–82.

  • Гордон Б.Хинкли, “At the Summit of the Ages,” Ensign, 1999 оны 11-р сар, 72–74.

  • Нийл А.Максвэлл, “From the Beginning,” Ensign, 1993 оны 11-р сар, 18–20.

  • Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004 он), 31–36.

Заах зөвлөмж

Амос 8:11–12; Иосеф Смит—Түүх 1:5–10

Их урвалт тохиолдон, Сэргээлт шаардлагатай болов

Дараах үгийг самбар дээр бичиж, хичээлээ эхэл.

Өлсгөлөн =

Нэг суралцагчийг Амос 8:11–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, өлсгөлөн гэдэг үгийг хэрхэн бэлгэдлийн утгаар ашигладгийг олж тогтоохыг хүс.

  • Амос ямар төрлийн өлсгөлөн ирэх болно хэмээн бошиглосон бэ? (Суралцагчдын хариултуудыг “Өлсгөлөн =” гэсэн үгийн хажууд самбар дээр бич.)

  • Амос энэхүү өлсгөлөнгөөс болж хүмүүсийг юу хийх болно гэж бошиглосон бэ?

  • Та “Их Эзэний үгийг сонсохын төлөө” хүмүүс өлсгөлөнд нэрвэгдсэн талаар ямар нотолгоог дэлхийгээс олж харсан бэ? (Амос 8:11).

Амос 8:11–12 дахь бошиглол түүхийн туршид олон удаа гүйцэлдсэн ч эдгээрийн хамгийн агуу нь Их урвалт байсан гэдгийг тайлбарла. Та суралцагчдад Урвалт, Их урвалт гэсэн үгсийг Амос 8:11–12-ын хажууд судрын зайн дээрээ бичихийг зөвлөж болно.

Дараах өгүүлбэрүүдийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь. Суралцагчдаас Их урвалтад нөлөөлсөн зарим хүчин зүйлийг олж мэдэхийг хүс.

“Есүс Христийн үхлийн дараа, ёс бус хүмүүс төлөөлөгчид болон Сүмийн гишүүдийг мөшгөн хавчиж, тэднээс олныг нь хөнөөжээ. Төлөөлөгчид үхсэнээр санваарын түлхүүрүүд хийгээд тэргүүлэх санваарын эрх мэдэл дэлхийгээс авагджээ. Төлөөлөгчид сайн мэдээний сургаалуудыг цэврээр нь хадгалж, жаяг ба Сүмийн гишүүдийн зохистой байдлын жишгийг хадгалан үлдээсэн байна. Төлөөлөгчидгүйгээр сургаалууд цаг хугацаа өнгөрөх тусам гуйвуулагдаж, Сүмийн зохион байгуулалт хийгээд баптисм, түүнчлэн Ариун Сүнсний бэлэг хүртээх зэрэг санваарын ёслолуудад эрх мэдэл олгогдоогүй өөрчлөлтүүд хийгдсэн байлаа.

Илчлэлт болон санваарын эрх мэдэлгүйгээр хүмүүс судрууд хийгээд Есүс Христийн сайн мэдээний зарчмууд болон ёслолуудыг тайлбарлах хүмүүний мэргэн ухаанд найдах болжээ. Худал хуурмаг санаануудыг үнэн мэтээр зааж байлаа. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ, түүнчлэн Ариун Сүнсний үнэн мөн чанар, шинж байдлын тухай мэдлэгийн ихэнх нь алга болсон байв. Есүс Христэд итгэх итгэлийн тухай сургаалууд, наманчлал, баптисм, тэрчлэн Ариун Сүнсний бэлэг мушгин гуйвуулагдсан буюу мартагдсан байлаа. Христийн төлөөлөгчдөд өгөгдсөн санваарын эрх мэдэл дэлхий дээр байхаа больжээ” (Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж [2004 он], 37–38).

  • Суралцагчдаас Их урвалтад нөлөөлсөн зарим хүчин зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Их урвалт үнэхээр тохиолдсон гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга: Их урвалт болсон гэдгийг мэдэх нь бидэнд сайн мэдээний Сэргээлт шаардлагатай байсныг ойлгоход тусалдаг.)

Энэхүү урвалтын үед Тэнгэрлэг Эцэг “хүн бүрд … өгөгдсөн байдаг” (Moронай 7:16) Христийн гэрэл болон сайн мэдээ үнэн гэдгийг гэрчилдэг Ариун Сүнсний хүчээр (Судруудын удирдамж, “Ариун Сүнс,” scriptures.lds.org-ийг үзнэ үү) дамжуулан дэлхий дээр Өөрийн хүч нөлөөг үргэлжлүүлэн үзүүлж байсан гэдгийг тайлбарла. Тэрээр тухайн үед Түүний тусламжийг эрэлхийлж байсан олон төрлийн соёл уламжлалтай эрэгтэй, эмэгтэйд сүнслэгээр нөлөөлж байсан. Христийн шашныг шинэчлэгч Мартин Лютер, Виллиам Тиндэйл нар Христийн шашинтнуудад Библи дээрх туйлын зорилготойгоо илүү ойр амьдрахад туслахын тулд хөдөлмөрлөсөн юм. Шинэчлэгч, гүн ухаантан, тэр бүү хэл Европ болон Хойд Америк дахь улс төрчид дэлхийн олон газарт хүн төрөлхтний үнэ цэнэ, шашны эрх чөлөөнд онцгой ач холбогдол өгч байв. Эдгээр чухал хөгжил дэвшил байсан хэдий ч, Бурхан Өөрийн Сүмийг бүрэн дүүрэн сэргээгээгүй байлаа. (Миний сайн мэдээг номло, 45–49-ийг үзнэ үү.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Олон зууны туршид тэнгэр лацтай хэвээрээ байлаа. Олон агуу мөн гайхамшигтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийн шүтлэг бишрэл, сургаалын талаарх мэдлэгээ засаж залруулан, хүчирхэгжүүлж, сайжруулахыг хичээсээр байсан. Би тэднийг хүндэтгэдэг. Тэдний зоригтой үйлдлийн ачаар дэлхий хэчнээн илүү сайхан газар болсон билээ. Хэдийгээр тэдний ажил тэнгэр нээгдэх, Бурханы айлчлан ирэхтэй хамаагүй байсан ч сүнслэгээр өдөөгдсөн гэдэгт би итгэдэг” (“The Marvelous Foundation of Our Faith,” Ensign, 2002 оны 11-р сар, 80).

1820 онд Иосеф Смит нэртэй нэгэн хөвгүүн үнэн Сүмийг хайж байсан боловч олж чадаагүй гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:5–10-ыг дотроо уншаад, Их урвалтаас болж ирсэн сорилт бэрхшээлийг тодорхойлж буй хэллэгүүдийг олж мэдэхэд урь.

  • Иосеф Смит өөрийнхөө цаг үеийн сүнслэг сорилтуудын талаар хэлэхдээ ямар ямар үг хэллэг ашигласан бэ?

  • Иосеф Смит өөрийг нь хүрээлсэн шашны эмх замбараагүй байдлаас болж төрсөн мэдрэмжээ хэрхэн дүрсэлсэн бэ?

Иосеф Смитийн үнэний төлөөх эрэл хайгуул Анхны үзэгдлийг болон бошиглогчийн дуудлагыг түүнд авчирсан гэдгийг суралцагчдад сануул. (Эдгээрийн тухай дараагийн хичээл дээр ярилцах болно.) Бошиглогч Иосеф Смитийн дуудлага болон сайн мэдээний Сэргээлт нь түүхийн туршид байсаар ирсэн Бурханы зохион байгуулсан загварыг дагасан гэдгийг онцол. Жишээлбэл, Енох (Мосе 6:26–32) болон Ноагийн дуудлага (Мосе 8:17–20-ийг үзнэ үү) энэ загварыг дагасан. Энэ загварын тухай дараах тайлбарыг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

“Бурхан өөрийн бошиглогчидтой ярилцсан олон тохиолдлыг Библийн түүх цэдэглэсэн байдаг бөгөөд энэ нь бас урвалтын олон тохиолдлын тухай өгүүлдэг. Нийтийг хамарсан урвалт бүрийн төгсгөлд Бурхан өөр бошиглогчийг дуудаж, Есүс Христийн сайн мэдээг сэргээн, санваарын заах эрх мэдлийг шинээр түүнд олгон, Өөрийн хүүхдүүдийг хайрлах хайраа харуулсаар иржээ. Чухамдаа бол, уг бошиглогч дэлхий дээрх Бурханы хаант улсыг харж хандах даамлын хувиар үйлддэг. Ийнхүү бошиглолын үүрэг хариуцлагаар тэргүүлүүлсэн цаг хугацааг эрин үе гэж нэрлэдэг” (Миний сайн мэдээг номло 35; мөн Bible Dictionary, “Dispensations”-ийг үзнэ үү).

  • Иосеф Смитээр дамжин ирсэн Сэргээлт нь хэрхэн өмнөх эрин үеүдийн загварыг дагасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга: Урвалтын цаг үе бүрийн дараа Бурхан бошиглогчдыг дуудаж, тэдэнд сайн мэдээг сэргээх, заах эрх мэдэл өгдөг. Суралцагчид Иосеф Смит бидний эрин үед сайн мэдээг сэргээхийн тулд Бурханаар дуудагдсан гэсэн сургаалыг ойлгох хэрэгтэй.)

  • Энэ загварыг ойлгох нь хэрхэн өөр итгэл бишрэлтэй хэн нэгэнд сайн мэдээний Сэргээлтийн талаар тайлбарлахад тань туслах вэ?

Иосеф Смит Анхны үзэгдлээр үнэн Сүм дэлхий дээр байгаагүйг, Христийн сайн мэдээний бүрэн байдал сэргээгдэх шаардлагатай гэдгийг мэдэж авсан гэдгийг онцол. Библи Их урвалтын тухай бошиглолуудыг агуулсан байдаг ч энэхүү урвалт тохиолдсон хамгийн чухал нотолгоо нь Иосеф Смит бошиглогчоор дуудагдаж, сайн мэдээний бүрэн байдал сэргээгдсэн явдал юм.

2 Нифай 27:25–26; Сургаал ба Гэрээ 1:12–30

Сайн мэдээний Сэргээлт бол “гайхамшигт ажил хийгээд гайхамшиг” юм

Судрууд Их Эзэний хожмын үед сайн мэдээгээ сэргээх зарим учир шалтгааны тухай өгүүлдэг гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 27:25–26 дахь Сэргээлтийн тухай Исаиагийн бошиглолыг дотроо уншаад, Сэргээлтийн цаг үе дэх дэлхийн сүнслэг нөхцөл байдлын тухай тодорхойлсон Их Эзэний тодорхойлолтыг олж мэдэхэд урь. Та эдгээр сүнслэг нөхцөл байдлыг тодорхойлсон үг, үг хэллэгүүдийг тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно. (Тэмдэглэл: Судруудаас суралцсан зүйлээ санаж, хадгалж явахад нь суралцагчдад туслах хамгийн тустай аргуудын нэг нь чухал үг, үг хэллэгүүдийг тэмдэглэж авах явдал юм.) Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

  • Сайн мэдээний Сэргээлтийг яагаад “гайхамшигт ажил хийгээд гайхамшиг” хэмээн хэлсэн гэж та бодож байна вэ?

  • Та Сэргээлтээс ямар “гайхамшигтай” бөгөөд “ер бусын” зүйлийг олж харж байна вэ? (Суралцагчдыг хариулах хооронд “гайхамшигт ажил хийгээд гайхамшиг” болох сайн мэдээний Сэргээлт нь Сургаал ба Гэрээнд хэд хэдэн удаа дурдагдсан сэдэв гэдгийг онцол.) “Сэдвүүд гэдэг нь чухал, хэд хэдэн удаа давтагдсан мөн нэгдмэл талууд буюу санаанууд юм” [Дэвид A.Бэднар, “A Reservoir of Living Water” (Бригам Янгийн Их сургууль, галын дэргэдэх цугларалт, 2007 оны 2-р сарын 4), 6, speeches.byu.edu].)

Ангийн хэсэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:12–17-г дотроо уншаад, Их Эзэний сайн мэдээний Сэргээлтийг авчрах ёстой байсан шалтгааныг олж мэдэхэд урь. Ангийн бусад суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:18–30-ийг дотроо уншаад, сайн мэдээний Сэргээлтийн Бурханы хүүхдүүдийг адислах арга замуудыг олж мэдэхэд урь. (Тэмдэглэл: Сургаал ба Гэрээ 1:30-ийг 6-р хичээл дээр илүү дэлгэрэнгүй судлах болно.)

Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, олж мэдсэнээ хуваалцахад урь. Суралцагчид дараах үнэнийг ойлгож байгаа эсэхийг бататга: Сайн мэдээний Сэргээлт нь Христэд итгэдэг хүмүүст итгэлээ өсгөх, хожмын өдрүүд дэх гай зовлонгуудыг давж гарахад нь тусалдаг.

Бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) хэлсэн дараах үгийг чанга унш:

Бошиглогч Иосеф Смит

“[Бошиглогчид] өдгөө бидний амьдарч байгаа үеийг баяртайгаар хүсэн хүлээж, тэнгэрээс сүнсээр нөлөөлөгдөн, манай өнөө үеийн тухай дуулж, бошиглож байсан билээ” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 210–211).

  • Өнгөрсөн үеийн бошиглогчид хэрхэн бидний амьдарч байгаа үеийг хүсэн хүлээж байсан бэ? (Суралцагчдын олж тогтоож болох нэг санаа нь Сэргээлт дэлхий даяар тархаж, дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх болно гэсэн санаа юм.)

Цөөн хэдэн суралцагчаас ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг ээлжлэн чанга уншихыг хүс:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Ах, эгч нар аа, бидэнд юу байгааг та нар ухаардаг уу? Та нар хүн төрөлхтний түүхийн агуу жүжигт ямар дүрийг бүтээж байгаагаа ухаарч байна уу? Энэ бол өнгөрсөн бүх зүйлийн оргил цэг юм. …

… Эрт дээр үеэс бошиглогч, төлөөлөгчдийн бошиглосон Бүхнийг Чадагчийн хожмын өдрүүд дэх ажил ирлээ. Энэ нь аль хэдийн ирсэн байна. Бидэнд мэдэгдэхгүй ч Бурханы мэргэн ухаанд буй зарим шалтгаанаар бид энэ гайхамшигтай үед дэлхийд иржээ. …

Бид өөрсдөдөө байгаа мөн мэддэг зүйлийнхээ ачаар одоо байгаагаасаа илүү дээр хүмүүс болох ёстой. Бид Христтэй илүү адилж болж, эргэн тойрондоо байгаа хүмүүсийг илүү их уучилж, тэдэнд илүү тусалж, анхаарах ёстой.

Бид түүхийн агуу мөн чухал цаг үе болох түүхийн оргил хэсэгт амьдарч байна. Өнгөрсөн цаг үе тэр чигээрээ тулгуурласан эцсийн мөн сүүлийн эрин үед бид амьдарч байна. Би эдгээр зүйлийн бодит байдал, үнэнийг гэрчилж байна” (“At the Summit of the Ages,” Ensign, 1999 оны 11-р сар, 74).

  • “Бид түүхийн оргил хэсэгт амьдарч байна” гэх өгүүлбэр танд ямар бодол, мэдрэмж төрүүлж байна вэ?

  • Хэрэв хэт хувийн шинжтэй биш бол Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлийг тань хүчирхэгжүүлж байсан туршлагаа хуваалц.

  • Бид сайн мэдээний Сэргээлтэд талархах сэтгэлээ харуулахын тулд юу хийж болох вэ?

Суралцагчийн унших материал