7-р хичээл
Мөнхийн сайн мэдээг тунхагла
Оршил
Сургаал ба Гэрээ нь гишүүдэд наманчлалыг тунхаглаж, Түүний сонгосон хүмүүсийг цуглуулахыг зарлигласан бөгөөд тодорхой Сүмийн гишүүдэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгсөн Их Эзэний илчлэлтүүдийг агуулдаг. Номлогчид бошиглогч Иосеф Смитээр дуудагдаж, Их Эзэний мутар дахь зэмсэг болсноор Сүм маш хурдацтай өсөв. Өнөөдөр Сүмийн гишүүд сайн мэдээг хуваалцахад туслах үүрэг хариуцлагаа ойлгож, биелүүлснээр номлолын ажлаас адислалуудыг хүлээн авдаг.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Нийл Л.Андэрсэн, “Энэ бол гайхамшиг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88–92.
-
Л.Том Пэрри, “Бодгалиудыг надад авчир,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 29:4–7; 33:2–7
Их Эзэн Өөрийн хүүхдүүдийг цуглуулахад туслуулахаар үйлчлэгчдийг дууддаг
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1910–2008) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:
“Номлолын ажил бол Сүмийн амьдралын эх булаг юм. Энэ нь үүний өсөж хөгждөг гол арга зам юм. Энэхүү үйлчлэлийн ачаар Сүм өнөөдрийн хэмжээнд хүртэл өсөж хөгжсөн” (“Missionary Service,” First Worldwide Leadership Training Meeting, 2003 оны 1-р сарын 11, 17).
-
Таны бодлоор номлолын ажил ямар ямар арга замаар “Сүмийн амьдралын эх булаг“ болдог вэ?
Сэргээлтийн эхэн үед хувь хүмүүс Их Эзэний ажилд хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар өөрсдийнх нь төлөө илчлэлт хүлээн авахыг бошиглогчоос хүсдэг байсан гэдгийг тайлбарла. Заримдаа эдгээр илчлэлт нь хувь хүн эсвэл бүлэг хүмүүст зориулагдан ирдэг байв. Сургаал ба Гэрээ 33 нь Эзра Тайре, Нортроп Свеет гэсэн хоёр хүний төлөө хүлээн авсан илчлэлт гэдгийг тайлбарла.
Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 33:2–7-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, номлолын ажил дахь бидний үүрэг хариуцлагыг мөн хожмын өдрүүдэд сайн мэдээг тунхаглах ач холбогдлыг онцолж буй Их Эзэний ашигласан үг, үг хэллэг, бэлгэдлүүдийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн ямар ямар бэлгэдэл ашигласан бэ? (Та суралцагчдыг хариулах хооронд тэдний хариултыг самбар дээр бичиж болно.)
-
Эдгээр бэлгэдэл нь хэрхэн номлолын ажил дахь бидний үүрэг хариуцлагыг харуулж, сайн мэдээг тунхаглах ач холбогдлыг онцолж байна вэ?
Суралцагчдыг 6-р шүлгийг анхааралтай судлаад, биднийг бусдад сайн мэдээг тунхаглах үед юу гүйцэлддэгийг олж тогтооход урь. Дараа нь тэднээс олж мэдсэнээ өөрсдийнхөө үгээр хэлэхэд урь. (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид Есүс Христийн сайн мэдээг бусдад тунхагласнаараа Их Эзэний сонгосон хүмүүсийг цуглуулахад тусалдаг. Эзра Тайре Иосеф Смитийг болон сайн мэдээг тунхаглаж буй бусад хүнийг сонсох хүмүүсээр “гэр орноо дүүргэсэн” гэдгийг тайлбарлаж болно [Documents, Volume 1: 1828 оны 7-р сар–1831 оны 6-р сар, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers (2013), 206].)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн (1915–1985) Израилийн цугларалтын талаар хэлсэн тодорхойлолтыг суралцагчидтай хуваалц.
“Израилийн цугларалт нь Их Эзэн эртний сонгосон хүмүүстээ санал болгосон тэр бүхэнд итгэж, бүхнийг хүлээн аван мөн тэдгээрийн дагуу амьдрахаас бүрэлдэн тогтдог. … Энэ нь сайн мэдээнд итгэн, Сүмд нэгдэж, хаант улсад ирснээр бүрэлдэн тогтдог” (A New Witness for the Articles of Faith [1985], 515).
Нэг суралцагчийг Сүм зохион байгуулагдсаны дараа дуудагдсан зарим анхны номлогчийн тухай дараах түүхийг чанга уншихад урь. Эдгээр эртний номлогч хэрхэн Их Эзэний сонгосон хүмүүсийг цуглуулахад амжилт олсон тухай сонсохыг ангийнхнаас хүс.
[1830 оны намар] Их Эзэн Оливер Каудери, бага Петр Витмер, Парлей П.Пратт, Зиба Петерсон нар ‘леменчүүд уруу очиж, мөн миний сайн мэдээг тэдэнд заах’ (С ба Г 28:8; 30:5–6; 32:1–3) ёстой хэмээн Иосеф Смитэд илчилжээ. Эдгээр номлогч 2400 орчим км аялж, индианчуудын олон … овогт богинохон хугацаагаар номложээ. Гэвч номлогчид Огайогийн Көртландад зогссон үедээ хамгийн их амжилт олсон аж. Тэнд тэд ихэвчлэн Сидней Ригдоны Шинэчлэгдсэн баптист цугларалтаас 130 орчим хөрвөгчид баптисм хүртээснээр дараагийн жил нь Сүмийн хэдэн зуун гишүүний цугларалтын үүд хаалгыг нээсэн юм. Номлогчид Миссурийн Жаксон гүнлэгийн оршин суугчдын дотроос нэлээд хэдэн хөрвөгчийг олжээ. Энд хожим нь Сионы хот үндэслэн байгуулагдах ёстой байв” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 170; мөн Richard Dilworth Rust, “A Mission to the Lamanites: С ба Г 28, 30, 32,” Revelations in Context series, 2013 оны 2-р сарын 22, history.lds.org-ийг үзнэ үү).
Огайогийн хойд хэсэг дэх эдгээр хөрвөлт нь тухайн үед Сүмийн гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлжээ.
Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 29:4–7-г дотроо уншаад, “Их Эзэний сонгосон хүмүүсийн” тодорхойлолтыг уншихыг хүс.
-
Аврагч сонгосон хүмүүсээ хэрхэн дүрсэлж, тодорхойлсон бэ?
Өмнөд Америкаас гадна үйлчилсэн номлогчдын ажил Их Эзэн хэрхэн Өөрийн сонгосон хүмүүсийг цуглуулахын тулд үйлчлэгчдээ ашигладаг тухай гайхалтай жишээг багтаадаг гэдгийг суралцагчдад тайлбарла. Нэг суралцагчийг дараах товч дүгнэлтийг чанга уншихад урь. Ангийнхнаас энэ хэсгийг дагаж хараад, ахлагч Хибэр С.Кимбаллд (1801–1868) өгсөн бошиглогч Иосеф Смитийн зөвлөгөөг сонсохыг хүс.
“Арванхоёрын Чуулгын гишүүн Хибэр С.Кимбалл ‘1837 оны зургадугаар сарын эхний өдөр намайг Көртландын ариун сүмд сууж байтал бошиглогч Иосеф над дээр хүрч ирээд, “Хибэр ах аа, Их Эзэний Сүнс надад шивнэн, ‘Миний үйлчлэгч Хибэр Англи руу явж, миний сайн мэдээг тунхаглан, тэр үндэстэнд авралыг хаалгыг нээг’ гэж хэллээ хэмээн надад шивнэн хэлсэн’” хэмээн дурсжээ. Мөн энэхүү үүргийн талаар ахлагч Кимбалл бодолд дарагдсан байв: ’Би өөрийгөө Бурханы үйлчлэгчдээс хамгийн сул дорой нь гэж боддог байлаа. Тэнд очоод юу гэж хэлэхээ би Иосефоос асуулаа. Их Эзэн рүү оч, тэгвэл Тэр намайг удирдаж, өөрийг тань [чиглүүлдэг] тэрхүү сүнсээр, надаар дамжуулан ярих болно гэв.”
Бошиглогч бас Оорсон Хайд, Виллард Ричардс, Жозеф Фийлдинг, Канадад байсан Айзик Расселл, Жон Снайдер, Жон Гудсон нарт дуудлага өгөв. Эдгээр ах ахлагч Кимбаллтай Англи руу номлолд явах болжээ. Тэд Нью-Йорк хотод цуглаад, Garrick далайн хөлгөөр 1837 оны долдугаар сарын 1-нд Их Британийг зорин хөдөлжээ. Номлогчид Хойд Америкаас өөр газар хийсэн анхны номлолоороо Англид 2000 орчим хөрвөгчийг эхний жилдээ Сүмд авчирсан ажээ. Ахлагч Кимбалл бошиглогчид: ‘Алдар суу Бурханд оршиг, Иосеф оо, Их Эзэн үндэстнүүдийн дунд бидэнтэй хамт байна!’ хэмээн баяр хөөртэй бичиж байжээ.
Бригам Янгийн удирдлаган дор Арванхоёрын хамгийн олон гишүүнийг оролцуулсан Британи дахь төлөөлөгчдийн хоёр дахь номлолыг бошиглогч Наувугаас удирдаж байв. 1839 оны намар явсан Арванхоёр 1840 онд Англид иржээ. Тэдний хөдөлмөрийн үр дүнд 1841 он гэхэд тэнд 6000 гаруй хөрвөгчийг Сүмд авчирчээ” (Сургаалаас: Иосеф Смит, 371–372).
-
Хибэр С.Кимбалл ямар зөвлөгөөг бошиглогч Иосеф Смитээс авсан бэ?
-
Сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэлдээ Их Эзэний тусламжийг хүлээн авсан тухайгаа хуваалц.
Сургаал ба Гэрээ 4:1–7; 18:10–16; 31:1–12; 34:5–6; 39:20–23; 88:81
Сэрэмжлүүлэгдсэн тэд хөршөө сэрэмжлүүлэх ёстой
Сургаал ба Гэрээ нь Сүмийн гишүүдэд номлолын ажилд оролцох үүрэг хариуцлага болон үүнээс ирэх адислалуудын талаар дахин дахин сануулдаг гэдгийг тайлбарла. Сайн мэдээг бусадтай хуваалцах бидний үүрэг хариуцлага нь Сургаал ба Гэрээнд цэдэглэгдсэн нийтлэг болоод загвар мөн сэдэв юм. Загвар, сэдвүүдийг таньж сурах нь Христийн үгэн дээр илүү сайн найрлах боломжийг олгодог (Дэвид А.Бэднар, “A Reservoir of Living Water” [Бригам Янгийн Их сургууль, галын дэргэдэх цугларалт, 2007 оны 2-р сарын 4], speeches.byu.edu-г үзнэ үү).
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:81-ийг дотроо уншаад, энэ нь хэрхэн одоогийн Сүмийн гишүүдтэй холбогдож байгааг өөрсдийн үгээр нэгтгэн дүгнэхэд урь. (Суралцагчдын өгч болох нэг хариулт нь Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүн бүр үүнийг бусадтай хуваалцах үүрэг хариуцлагатай байдаг байж болно.)
Дараах хүснэгтийг үзүүл эсвэл самбар дээр зур. Ангийг гурван бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд судрын хэсэг өг. Суралцагчдыг оноогдсон хэсгээ уншаад, сайн мэдээг хуваалцах үүрэг болон үүнээс ирэх амлагдсан адислалыг олж мэдэхийг хүс.
Үүрэг хариуцлага |
Адислал | |
---|---|---|
Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, олж мэдсэнээ ангийнхантай хуваалцахад урь.
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас сайн мэдээг хуваалцах хувь хүн бүрийн үүрэг хариуцлагын талаар хэлсэн ахлагч Бэднарын тодорхойлолтыг сонсохыг хүс.
“Есүс Христийн үнэнч шавь нар үргэлж зоригтой номлогчид байсаар ирсэн мөн үргэлж тийм л байх болно. Номлогч нь Есүс Христийн дагалдагч бөгөөд Түүнийг Гэтэлгэгч болохыг гэрчилж, Түүний сайн мэдээний үнэнийг тунхагладаг.
Есүс Христийн Сүм үргэлж номлогчдын сүм байсаар ирсэн мөн үргэлж тийм байх болно. Шинэ Гэрээнд бичигдсэнчлэн, Аврагчийн Сүмийн гишүүн нэг бүр Их Эзэний Өөрийн дагалдагчдад өгсөн тэнгэрлэг даалгаврыг биелүүлэхэд туслах албан ёсны үүргийг хүлээн авсан билээ:
‘Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,
Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно. Aмен’ (Матай 28:19–20).
Хожмын үеийн гэгээнтнүүд Их Эзэн Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар бүх улс үндэстний хүн бүрд заах энэхүү үүрэг хариуцлагыг чухалчлан авч үздэг. …
Чухамдаа бид энэ захиасаа бүх үндэстэн, ястан, хэлтэн хийгээд хүмүүст хүргэх ариун үүрэг хариуцлагатай юм” (“Ирээд, хар,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 124).
-
Аврагчийн Сүмийн гишүүд яагаад номлолын ажлыг ариун үүрэг хариуцлага гэж үзэх ёстой вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас энэ хэсгийг дагаж хараад, тэд яагаад сайн мэдээг хуваалцахдаа илүү хичээнгүй байхыг хүсэж болохоо тунгаан бодохыг хүс.
“Сайн мэдээ нь бидний Аврагч Их Эзэний Цагаатгал дээр үндэслэсэн байдаг. Цагаатгал нь нүглээс ангижруулах, эдгээх болон мөнх амьдралыг өгөх хүчээр хангадаг. Цагаатгалын төсөөлшгүй ивээлүүд нь Сайн мэдээний зарчмаар амьдарч, ёслолуудыг хүлээн авсан хүмүүст өгөгдөх билээ. Үүнд: Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсийг хүлээн авах болон эцсээ хүртэл тэвчих зарчмууд орно. Бидний дэлхийд номлох агуу захиас бол бүхий л хүн төрөлхтөн аврагдан, Сайн Хоньчин Есүс Христийн сүрэгт орохоор уригдсан гэдгийг тунхаглах юм.
Манай номлол нь Сэргээлтийн мэдлэгээр бэхэждэг. Бурхан эртний үетэй адилхан, өнөөдөр ч Өөрийн бошиглогчидтой ярьдаг гэдгийг бид мэддэг. Бид бас Түүний сайн мэдээ нь сэргээгдсэн санваарын эрх мэдэл мөн хүчээр гүйцэтгэдэг гэдгийг мэддэг. Дэлхий дээр өнөөдөр амьдарч байгаа хүн болгонд мөнхийн ач холбогдлыг өгдөг үүнээс өөр захиас байхгүй ээ” (“Бодгалиудыг надад авчир,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 121).
-
Бидний хүн нэг бүр яагаад сайн мэдээг хуваалцахдаа илүү хичээнгүй байх ёстой гэж та бодож байна вэ? (Хариултууд нь дараах хариултыг багтаах ёстой: Бид бусадтай сайн мэдээг хуваалцахдаа Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг тэдэнд санал болгодог.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 34:5–6; 39:20–23-ыг судлаад, Их Эзэний бидэнд сайн мэдээний захиасыг бусадтай хуваалцахыг зарлигласан өөр нэгэн чухал шалтгааныг олж мэдэхэд урь. (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой: Бид сайн мэдээний захиасыг бусадтай хуваалцсанаар тэдэнд Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тусалдаг.)
-
Сайн мэдээний мөнхийн ач холбогдлыг ойлгох нь хэрхэн таныг бидэнтэй итгэл нэг бус хүмүүст үүнийг хуваалцахад урамшуулдаг вэ?
-
Сайн мэдээний захиасыг бусадтай хуваалцсан туршлагаа хуваалц.
Суралцагчдад сайн мэдээг хуваалцахад оролцохын тулд юу хийж болохоо тунгаан бодож, бичих цаг өг. Жишээлбэл, тэд Сүмийн гишүүн хараахан болж амжаагүй таньдаг хэн нэгнийхээ нэрийг бичээд, энэ хүнтэй сайн мэдээ хуваалцах амлалт өгч болно. Цөөн хэдэн суралцагчийг юу хийхээр төлөвлөж байгаагаа хуваалцахад урь. Суралцагчдыг хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэж, сайн мэдээг бусадтай хуваалцах боломжийн төлөө өдөр бүр залбирахад урамшуулан дэмж.