21-р хичээл
Иосеф Смитийн тухай бошиглолын номлол
Оршил
Иосеф Смитийг алагдсаны дараа, түүнийг алагдахад хамт байсан ахлагч Жон Тэйлор бошиглогчийг (магадгүй нэг эсвэл түүнээс олон гэгээнтэнтэй хамтарч) ийнхүү магтан дуулсан байдаг: “Их Эзэний бошиглогч хийгээд үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн” (С ба Г 135:3). Энэ хичээл нь суралцагчдад бошиглогчийн тохинуулал хэрхэн эртний илчлэлтийг гүйцэлдүүлсэн болохыг ойлгоход нь тусална. Түүнчлэн энэ хичээлд Бурханы хүүхдүүдийн авралд Иосеф Смитийн оруулсан хувь нэмрийн талаар судална.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–35.
-
Тэд Р.Каллистэр, “Иосеф Смит—Сэргээлтийн бошиглогч,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40–42.
-
“С ба Г 135:3. Иосеф Смит хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол, аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн,” Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001), 349–350.
Заах зөвлөмж
2 Нифай 3:1–21
Иосеф Смитийн урьдчилан томилогдсон номлол
Суралцагчдаас Иосеф Смитийн тухай бодоход тэдний оюун ухаанд ямар бодол хамгийн түрүүнд орж ирж байгааг асуу. Хэдэн суралцагчийг Иосеф Смитэд талархаж байсан тохиолдлынхоо талаар хуваалцахад урь.
Суралцагчдад Лихайн хүү Иосефтоо өгсөн зөвлөгөөг бошиглогч Нифай цэдэглэснийг хэл. Тэр зөвлөгөө нь 2 Нифай 3-т цэдэглэгдсэн бөгөөд үүнд Лихайн гэр бүл болон хожмын өдрүүдийн талаарх Египетийн Иосефын тухай бошиглолд багтсан байдаг. Лихай гуулин ялтсуудыг уншихдаа үүнийг олж мэдсэн байж болох юм. 2 Нифай 3-аас бид Египетийн Иосеф Иосеф Смитийн хожмын үед хийх тохинууллын талаар урьдаас мэдсэн болохыг мэдэж авдаг. Нэг суралцагчаас 2 Нифай 3:6–9-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг уг хэсгийг дагаж хараад, Египетийн Иосеф Иосеф Смитийг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхэд урамшуулан дэмж.
-
Египетийн Иосеф Иосеф Смитийг дүрслэхдээ ямар үг, хэллэг ашигласан бэ? (Хариултад “сонгогдсон үзмэрч,” “өндрөөр хүндлэгдэх,” “өөрийн мэлмийд агуу болгох болно,” “Мосегийн адил агуу” зэрэг орсон байх ёстой: Та суралцагчдад эдгээр нэр томьёог 6–9-р шүлгийн хажууд судрын зайн дээрээ бичихийг зөвлөж болно. Тэд бас Иосеф Смит гэж бичиж болно.)
-
Иосеф Смит юугаараа Мосе болон Египетийн Иосефтой адил байсан бэ? (Мөн Иосеф Смитийн орчуулга, Египетээс гарсан нь 50:24–35-ыг [in the Bible appendix] үзнэ үү.)
-
7–8-р шүлэгт цэдэглэснээр, Египетийн Иосеф Иосеф Смитийн тохинууллын талаар юуг урьдчилан харсан бэ? (Суралцагчид дараах үнэнийг ойлгож байгаа эсэхийг бататга: Хүмүүнийг Түүний гэрээнүүдийн мэдлэгт авчран, Түүний ажлыг үйлдүүлэхийн тулд Их Эзэн Иосеф Смитийг өсгөнө.)
Суралцагчдыг хоёр хоёроороо ажиллаж, 2 Нифай 3:7, 11–15, 18–21-ийг судлахад урь. Хос бүрээс судруудад Их Эзэний ажлыг хийж гүйцэтгэхэд нь туслахын тулд ямар зүйлийг Иосеф Смит хийнэ гэж хэлснийг жагсааж бичихийг хүс. Та эдгээр шүлгээс олсон чухал үг хэллэгийг судартаа тэмдэглэн уг жагсаалтыг хийхийг суралцагчдадаа зөвлөж болно. Хосуудад хангалттай цаг гаргаж өгсний дараа, олж мэдсэнээ хуваалцахад урь. (Хариултад дараах зүйлс багтсан байх ёстой: хүмүүсийг гэрээнүүдийн мэдлэгт авчирна [7-р шүлэг]; Мормоны Номыг авчирна [13, 18–21-р шүлгүүд]; Библийн бүрэн бүтэн байдлыг хүмүүст итгүүлнэ [11-р шүлэг]; чадалтай болгогдох болно [13-р шүлэг]; мөн хүмүүсийг авралд авчирна [15-р шүлэг].)
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Бригам Янгийн (1801–1877) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:
“Дэлхийн суурь тавигдахаас бүр өмнө Иосеф Смит энэ дэлхийн сүүлчийн эрин үед Бурханы үгийг хүмүүст хүргэн, Бурханы Хүүгийн санваарын түлхүүрүүд болон хүч чадлын бүрэн байдлыг хүлээн авах тэр нэгэн хүн болох ёстой нь үүрд мөнхийн зөвлөгөөнөөр хуульчлан тогтоогдсон юм. … Их Эзэн мэлмийгээ түүн дээр, эцэг дээр нь бас өвөг эцэг дээр нь болон бүр цааш нь … Адам хүртэлх тэдний өвөг дээдэс дээр тогтоон харж байсан юм. Тэрбээр энэ гэр бүлийг, энэ удмынхныг тэрчлэн энэ хүнийг төрүүлсэн удам угсааных нь олон үеийг дээрээс харж байжээ. Тэрээр энэхүү эцсийн үед тэргүүлэхээр үүрд мөнхөд урьдчилан томилогдсон юм” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 343).
Суралцагчдад Иосеф Смитийн урьдчилан томилогдсон тохинууллын үнэн болон ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд дараах зүйлийг ярилц:
-
Иосеф Смит мөнх бус байдлын өмнөх амьдралд Сэргээлтийн бошиглогчоор урьдчилан томилогдож, бэлтгэгдсэн гэдгийг мэдэх нь та нарын хувьд яагаад чухал вэ?
Сургаал ба Гэрээ 135:3
Иосеф Смит “хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн”
Тэдэнд хэдхэн өгүүлбэрт багтаан Иосеф Смитийн талаар ярих буюу гэрчил гэвэл тэд юу гэж хэлэх байснаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Иосеф Смитийг нас барсны дараа түүнд зориулан хүндэтгэл үзүүлэн бичиг үйлдсэн бөгөөд сүүлд уг бичгийг бидэнд зориулан Сургаал ба Гэрээнд хадгалан үлдээсэн юм. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 135:3-ын эхний өгүүлбэрийг чанга уншихыг хүс. Асуу:
-
Энэ өгүүлбэрт Иосеф Смитийн талаар ямар үнэнийг тунхагласан байна вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох хэрэгтэй: Иосеф Смит хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн.)
Бошиглогч Иосеф Смитийн үйл хэрэг болон оруулсан хувь нэмрийг нэгтгэн дүгнэхийн тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Тэднээс Сургаал ба Гэрээг гүйлгэн харж, энэ хичээл дээр ярилцсан зүйлээ эргэж санахыг хүс. Тэднээс Иосеф Смитээр дамжуулан сэргээгдэж, бидний авралд хувь нэмэр оруулсан адислал болон сургаалуудыг жагсаахыг хүс. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, өөрсдийн жагсаалтаас нэг зүйлийг сонгон, энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлж, аврал руу хөтөлж байгааг бүлгийнхэнтэйгээ хуваалцахад урь.
Суралцагчдын хариултыг нэгтгэн дүгнэхийн тулд Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан ахлагч Тэд Р.Каллистэрийн хэлсэн дараах үгийг үзүүл: Нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг мөн ангийнхнаас уг хэсгийг анхаарахыг хүс.
“Иосеф Смитээр дамжин бүх хүч, бүх түлхүүр, бүх сургаал, авралд зайлшгүй шаардлагатай ёслолууд болон өргөмжлөл сэргээгдсэн билээ. Та энэ бүхнийг олж авахын тулд энэ дэлхийн хаашаа ч яваад нэмэргүй. Үүнийг өөр аль ч сүмээс олж авч чадахгүй. Үүнийг ямар ч гүн ухаантан, эрдэмтэн судлаач, цэцэн мэргэн гэгдэх хэнээс ч олж авч чадах нь үгүй, ариун газар руу яваад ч нэмэргүй. Авралыг зөвхөн Их Эзэн Өөрийнх нь зохион байгуулсан, Түүний хэлснээр, “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүмээс” олж болно” (С ба Г 1:30)” (“Иосеф Смит—Сэргээлтийн бошиглогч,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40–42).
Суралцагчдад Иосеф Смитийн тохинуулал хэрхэн тэдний авралд хувь нэмэр оруулсан талаар тунгаан бодох цаг гаргаж өг.
-
Бошиглогч Иосеф Смитийн тохинуулалгүйгээр та бүхний амьдрал юугаараа өөр байх байсан бэ?
Сургаал ба Гэрээ 122:1–2; Иосеф Смит—Түүх 1:33
Иосефын нэр “бүх үндэстнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагдах болно”
Хэдийгээр Иосеф Смит олон сайн зүйлийг хийсэн боловч ялангуяа түүний амьдралын төгсгөл үед олон гүтгэн гүжирдэгч байсан гэдгийг суралцагчдад хэл. Түүний амьдралын энэ хэсгийг эртний бошиглогчид мөн урьдчилан харсан байдаг [жишээлбэл, 3 Нифай 21:10-ыг үзнэ үү]. Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:33-т цэдэглэснээр, Моронай Иосеф Смитэд эсэргүүцэгчдийнх нь талаар юу гэж хэлснийг чанга уншихад урь. Өөр нэгэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 122:1–2-ыг чанга уншихад урь. Дараах асуултуудыг асуун, эдгээр шүлэг дэх үнэнийг олж хэлэхэд нь суралцагчдад тусал:
-
Иосеф Смитийг хүмүүс хэрхэн хүлээн авах тухай энэ хоёр судрын шүлгээс бид юу олж мэдэж болохыг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөрсдийн дэвшүүлж буй дүгнэлтийг хуваалцах хооронд тэдэнд дараах үнэнийг ойлгоход нь тусал: Дэлхийд олон хүн Иосеф Смитийг элэглэн тохуурхсан хэвээр байх ч үнэнч шударга хүмүүс түүний тохинууллаар дамжуулан боломжтой болсон адислалуудыг эрэлхийлнэ.)
-
Яагаад бошиглогч Иосеф Смитийг нас барснаас хойш олон жил өнгөрсөн хэдий ч түүнийг шүүмжилж, дайсагнан хандах олон хүн байсаар байсан бэ? (Иосеф Смит Бурханы ажлыг хийж гүйцэтгэсэн бошиглогч байсан эсэхээс Сэргээлтийн гэрчлэл хамаардаг. Иймээс Сатан Иосеф Смитийг үгүйсгэхийг хүсдэг.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараах үгийг уншихад урь:
“Сэргээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн ихэнх нь тэнгэрлэг элчүүдийг дэлхий дээрх хүмүүстэй ярьдаг гэдэгт огт итгэдэггүй. Тэнгэр элч алтан ялтсуудыг авчирч, түүнийг Бурханы хүчээр хөрвүүлэх нь яаж ч бодсон боломжгүй зүйл гэж тэд хэлдэг. Энэхүү итгэлгүй байдлаасаа болж тэд Иосефын гэрчлэлийг хүлээн зөвшөөрөлгүй, хурдхан өнгөрөөдөг бөгөөд зарим нь бошиглогчийн амьдралыг ч үгүйсгэж, нэр төрийг нь гутаан доромжлох хүртлээ доошоо ордог нь харамсалтай.
“Иосеф Смитийг нэгэн цагт хүндэлж байсан хүн нь хүртэл өөрийн итгэлээс нүүр буруулж, дараа нь бошиглогчийг муулж эхлэхэд бид маш их харуусдаг.
“Ахлагч Нийл А.Максвелл нэгэн удаа ‘Сүмээс урвасан хүмүүсийн нүдээр Сүмийг харах нь Есүсийг ойлгохын тулд Иудастай ярилцлага хийхтэй адил юм. Урвасан хүмүүс орхисон зүйлийнхээ талаар биш, харин өөрсдийнхөө талаар ярих нь л элбэг байдаг’ (Бригам Янгийн Их сургуулийн онцгой цугларалт, 1977 оны 11-р сарын 8), 3; speeches.byu.edu] хэмээн хэлсэн билээ. …
Аврагчийн Хоёр дахь ирэлт ойртохын хэрээр бошиглогч Иосеф Смитийн талаарх сөрөг мэдээлэл улам бүр ихсэх болно. Хагас дутуу үнэн мэдээллүүд болон нарийн заль мэхүүд багасахгүй. Та нарын тусламж хэрэгтэй гэр бүлийн гишүүд, найз нөхөд ч гарч ирэх болно. Үнэнийг эрэлхийлэгчдэд туслахад [бэлэн байхын тулд] яг одоо өөрийнхөө хүчилтөрөгчийн сүнслэг багийг зөв тааруулж өмссөн байх ёстой билээ” (“Иосеф Смит,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–35).
Дараах асуултуудыг ярилц:
-
Иосеф Смитийг нас барснаас хойш олон жил өнгөрсөн ч Сүмийн дайснууд түүний нэр төрийг гутаахыг оролдсон хэвээр байгааг мэдэж байх нь яагаад хэрэгтэй вэ?
-
Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг мэдэхээр үнэнийг эрэлхийлж буй хүмүүст туслахын тулд бид юу хийж чадах вэ?
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:
“Үнэнийг олж мэдэх хүсэлтэй хүн сэргээгдсэн сургаал дэлхий даяар тархсан явдлыг бошиглогчоороо дамжуулан хийсэн Их Эзэний ажлын үр дүн хэмээн харах ёстой. …
Есүс хэлэхдээ:
“Сайн мод муу үр жимс ургуулж үл чадна, муу мод ч сайн үр жимс ургуулж үл чадна. …
‘та нар тэднийг сайн үр жимсээр нь танина’ (Maтай 7:18) гэжээ.
Эдгээр тайлбар үнэмшилтэй байсан ч гэсэн, үнэнийг олж мэдэх хүсэлтэй хүн дан ганц эдгээр баримт дээр суурилан, үнэний эрэл хайгуулаа зогсоож болохгүй юм.
Итгэгч бүр бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг үйл хэрэг, зан чанарын талаарх сүнслэг баталгааг авах ёстой. Энэ нь бүх үеийн, бүх насны хүмүүст хамаатай. Сүнслэг асуултуудад Бурханаас сүнслэг хариулт өгөгдөх ёстой” (“Иосеф Смит,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–35).
Дараах асуултуудыг асуун, бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ хуваалцах боломжийг суралцагчдад олго:
-
Та нар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн аль талаас нь Иосеф Смитийн тухай бошиглолын номлолын нотолгоог харж байна вэ?
-
Таны бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлд ямар туршлага хувь нэмэр оруулсан бэ?
Халамжийн нийгэмлэгийн дөрөв дэх ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Батшэба В.Смит (1822–1910) болон ерөнхийлөгч Бригам Янгийн (1801–1977) хэлсэн дараах үгийг үзүүлэн, хичээлийг дуусга. Смит эгч болон ерөнхийлөгч Янг хоёул Иосеф Смитийг амьд сэрүүнд нь мэддэг байжээ. Нэг суралцагчийг эдгээр хэлсэн үгийг чанга уншихад урь.
“Би сайн мэдээг сонсоод үнэн гэдгийг нь мэдэж байсан. Мормоны Номыг анх уншаад Бурханы сүнсээр өдөөгдсөн гэдгийг нь мэдэж байв. Би анх удаа Иосеф Смитийг харахдаа амьд Бурханы бошиглогчтой нүүр тулан уулзаж байгаагаа мэдэж байсан бөгөөд түүний эрх мэдлийн талаар миний оюун ухаанд ямар ч эргэлзээ төрөөгүй юм” (Батшэба В.Смит, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society-аас эш татав, [2011], 34.)
“Их Эзэн түүнийг өсгөн өндийлгөж, томилсон бөгөөд дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулж, авч явах хүч, түлхүүрүүд өгөгдсөн бошиглогч Иосеф Смитийг би танина шүү дээ гэж бодсон хэдийд ч би хашгирмаар, бүр уухайлан хашгирмаар санагддаг” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит-ээс эш татав [2007], 561).
Суралцагчдыг бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлийнхээ талаар бодож, гэрчлэлээ бусадтай хуваалцахын тулд хэн нэгэнтэй уулзах эсвэл олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах талаар бодоход урь. Тэднийг энэ гэрчлэлээ хуваалцах хэн нэгнийг олж тодорхойлон, дараа нь энэ хүслээ биелүүлэхэд нь урамшуулан дэмж.
Суралцагчийн унших материал
-
2 Нифай 3:1–21; Сургаал ба Гэрээ 122:1–2; 135:3; Иосеф Смит—Түүх 1:33.
-
Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–35.