Номын сан
23-р хичээл: Ерөнхийлөгчийн зөвлөлийг залгамжлах нь


23-р хичээл

Ерөнхийлөгчийн зөвлөлийг залгамжлах нь

Оршил

Иосеф Смит амьдралынхаа сүүлчийн үед энэ эрин үеийн санваарын түлхүүрүүдийг Арванхоёр төлөөлөгчийн Чуулгын гишүүдэд өгсөн. Бошиглогчийг егүүтгэгдсэний дараа, 1844 оны 8-р сарын 8-нд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан Бригам Янг Сүмийг удирдах ёстой болохыг баталсан сүнсний нотолгоог олон гэгээнтэн хүлээн авсан байна. Суралцагчид Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийг залгамжлахтай холбоотой зарчмуудыг ойлгосноор, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч болох хүн нэг бүрийг Их Эзэн сонгон, бэлтгэсэн гэдгийг мэдэх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • “Succession in the Presidency,” chapter 3 in Teachings of the Living Prophets Student Manual (Church Educational System manual, 2010), 28–41.

  • “The Twelve to Bear Off the Kingdom,” chapter 23 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 286–296.

  • Brent L. Top and Lawrence R. Flake “‘The Kingdom of God Will Roll On’: Succession in the Presidency,” Ensign, 1996 оны 8-р сар, 22–35.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 107:33; 112:30–32

Төлөөлөгчид энэ эрин үеийн түлхүүрүүдийг атгадаг

Дараах асуултыг асуу:

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн шинэ ерөнхийлөгчийг залгамжлах үйл явц нь өөр аливаа байгууллагын удирдагчдын сонгох арга замаас юугаараа ялгаатай вэ?

Энэ хичээл дээр бошиглогч Иосеф Смитийг нас барсны дараа Сүмийн удирдлагын эрхийг хэрхэн шилжүүлсэн талаар суралцагчид судална гэдгийг хэл. Бошиглогч нас барахаасаа хэдэн жилийн өмнө Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын талаарх олон илчлэлтийг хүлээн авсан байна. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 107:33 болон 112:30–32-ыг судлаад, Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын чуулгын гишүүдийн атгадаг санваарын эрх мэдлийн талаарх Их Эзэний тодорхойлолтыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн хэрхэн Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын эрх мэдлийг тодорхойлсон бэ? (Суралцагчид дараах зарчмыг ойлгосон эсэхийг бататга: Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга нь энэ эрин үеийн санваарын түлхүүрүүдийг атгадаг бөгөөд Арванхоёр нь Тэргүүн Зөвлөлийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг.)

тараах материал, Ерөнхийлөгчийн зөвлөлийг залгамжлах нь

handout iconХичээлийн төгсгөлд байгаа тараах материалыг суралцагч бүрд тарааж өг. Амьдралынхаа сүүлийн хэдэн сард Иосеф Смит Сүмийг удирдахад нь бэлтгэхийн тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдтэй ойр ойрхон уулздаг байсан байна. Нэг суралцагчийг “Арванхоёр төлөөлөгчтэй хийсэн уулзалт, 1844 оны 3-р сар” нэртэй тараах материалыг чанга уншихад урь. Энэ нь бошиглогч Иосеф Смитийн төлөөлөгчид болон Сүмийн удирдагчидтай хийсэн уулзалтын тухай тэр үед төлөөлөгч байсан ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын өгүүлсэн тэмдэглэл гэдгийг суралцагчдад хэл. Уншсаны дараа асуу:

  • Ийнхүү түлхүүрүүдийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдэд өгсөн нь бошиглогч Иосеф Смит тэдэнтэй байхгүй байх үед хэрхэн тэднийг бэлтгэхэд нь тусалсан бэ? (Тэд бошиглогч Иосефын атгаж байсан түлхүүрүүдийг хүлээн авсан.)

  • Эдгээр түлхүүрийг нас барахынхаа өмнө төлөөлөгчдөд өгөх нь яагаад Иосеф Смитэд чухал байсан бэ? (Тухайн үед энэ эрин үеийн санваарын бүх түлхүүрийг атгадаг байсан цорын ганц хүн бол Иосеф Смит байсан. Тэр эдгээр түлхүүрийг бусдад өгөөгүй бол тэдгээрийг сэргээхийн тулд тэнгэр элчүүд дэлхий дээр дахин ирэх байв.)

Сургаал ба Гэрээ 124:127–128

Бригам Янг Сүмийн ерөнхийлөгч болж, Иосеф Смитийг залгамжлав

1835 онд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга анх зохион байгуулагдахад ахлах албаны зэрэг дэвийг насны эрэмбээр тогтоодог байсан болохыг тайлбарла. Тухайн үед хамгийн өндөр настай төлөөлөгч гэж үздэг байсан Томас Б.Маршийг ахмад төлөөлөгчөө гэж үздэг байв (тэр цагаас хойш Дэвид В.Паттен хамгийн өндөр настай төлөөлөгч байсныг олж тогтоосон байна.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 124:127–128-ыг чанга уншихад урь. 1838 оны 10-р сард ерөнхийлөгч Марш Сүмээс урван, Сүмийг орхин явж, харин Дэвид В.Паттен нас барсан байна. Эдгээр шүлэгт тайлбарласнаар, Бригам Янг ахмад төлөөлөгч болов. Төлөөлөгчдийг хамгийн анх сонгосноос хойш өнөөг хүртэл Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлах албыг томилогдсон огноогоор нь тодорхойлдог байна.

1844 оны 6-р сарын 27-нд Иосеф, Хайрум Смит хоёр егүүтгэгдэх үед Жон Тейлор болон Виллям Ричардс хоёроос бусад Арванхоёрын гишүүд Нэгдсэн Улсын зүүн бүсэд номлолд үйлчилж байсан гэдгийг тайлбарла. Гурван долоо хоногийн дотор бүх Арванхоёр эмгэнэлт мэдээг сонсож, маш хурдан Наувуд буцаж ирсэн байна. Төлөөлөгчид эргэн ирэхдээ Сүмийн гишүүд Сүмийг хэн удирдах талаар үймээн сандралд орсон байхыг олж харав. Сүмийн зарим гишүүн удирдах эрх яах аргагүй хууль ёсоор Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад очно гэдэгт итгэж байв. Дараагийн хэдэн сарын турш хэд хэдэн хүн Сүмийг удирдах эрхтэй хэмээн зарга үүсгэсэн байна. Хоёр суралцагчаас “Сидней Ригдоны зарга” болон “Жэймс Странгийн зарга” нэртэй тараах материалыг чанга уншихыг хүс. Ангийнхныг сонсож байх хооронд, хэрэв тэд тэр үед Наувуд байсан бол эдгээр заргын талаар тэдэнд ямар санагдах байсан талаар бодоход урь.

Суралцагчдад асуулт тавьж, шалга:

  • Эдгээр хүний гаргасан зарга нь яагаад үндэслэлгүй байсан бэ? (Хэдийгээр Сидней Ригдон Тэргүүн Зөвлөлийн гишүүн байсан ч Иосеф түүнд түлхүүрүүдийг өгөөгүй байсныг онцолж болно.)

Нэг суралцагчийг “1844 оны 8-р сарын 7” нэртэй тараах материалыг чанга уншихад урь. Дараах асуултуудыг ангиараа ярилц:

  • Яагаад Бригам Янгийн төлөөлөгчийн албаны түлхүүрийн талаарх гэрчлэл чухал байсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах сургаалыг самбар дээр бич: Арванхоёр нь Сүмийг удирдахад шаардлагатай санваарын бүх түлхүүрийг атгадаг.)

Нэг суралцагчийг “1844 оны 8-р сарын 7, өглөөний 10 цаг” нэртэй тараах материалыг чанга уншихад урь.

  • Их Эзэн хэрхэн Сүмийг удирдуулахаар томилсон хүнээ гэгээнтнүүдэд мэдэгдэж, тэднийг адисалсан бэ?

  • Өнөөдрийн Сүмийн удирдагчид Бурханаас дуудагдсан гэдгийг бид хэрхэн мэдэх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич: Бид Ариун Сүнсээр дамжуулан Сүмийг удирдаж буй хүмүүс Бурханаас дуудагдсан гэдгийг мэдэж болно.)

  • Өнөөдрийн Сүмийн ерөнхийлөгч Бурханаас дуудагдсан гэдэг Сүнсний гэрчийг хэзээ та нар мэдэрсэн бэ?

8-р сарын 8-ны үдээс хойш 2 цагт болсон цугларалтаар Бригам Янг болон бусад төлөөлөгч үг хэлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг “1844 оны 8-р сарын 8, өдрийн 2 цаг” нэртэй тараах материалыг чанга уншихад урь.

Иосеф Смит нас барах үед Бригам Янг ахмад төлөөлөгчийнхөө хувьд санваарын бүх түлхүүрийг ашиглахад бэлэн байсан гэдгийг тайлбарла. Бошиглогчийн егүүтгэгдсэнээс хойш бараг гурван жилийн турш Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга Бригам Янгийн удирдлага дор Сүмийг тэргүүлсэн юм. Дараа нь, 1847 оны 12-р сарын 5-нд, Бригам Янгийг Сүмийн ерөнхийлөгчөөр дэмжин баталж, Тэргүүн Зөвлөл дахин зохион байгуулагдав.

Сидней Ригдон Пеннсильванийн Питтсбург руу нүүж, төлөөлөгч, бошиглогч, прист, хаадтай Христийн сүмийг байгуулсан байна. Энэ сүм нь 1847 онд бутран алга болжээ. Жэймс Странгийн зөвлөлд гаргасан зарга худал байсан хэдий ч өмнө нь Арванхоёр Төлөөлөгчийн гишүүн байсан Виллям Э.Маклелин, Жон Е.Пейж, Виллям Смит нар түүнийг дэмжиж байв. 1856 онд сэтгэл дундуур дагагчид нь Странгийн амийг хөнөөсөн байна.

Суралцагчдад Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийг залгамжлах үйл явцыг ойлгоход нь туслахын тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн нас барсны дараа юу болсон тухай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг үзүүл: Нэг суралцагчаас хэлсэн үгийг чанга уншихыг хүс.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Юу хийх нь тодорхой байсан. Мэдээж хэрэг хамгийн ахмад төлөөлөгч Сүмийн ерөнхийлөгч болдог. Тэр хуралдаанд Томас Спэнсэр Монсон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгаар дэмжин батлагдсан. … Одоо, сударт өгөгдсөнөөр, тэрээр энэ дэлхий дээрх бүх түлхүүрийг атгах эрх мэдэлтэй болсон. Дэлхий дээр гагцхүү тэр хүн л бүх түлхүүрийг эзэмших эрх мэдэлтэй байдаг. Гэхдээ бид төлөөлөгчдийнхөө хувьд бүгдээрээ тэдгээр түлхүүртэй байдаг. Бидний дундаас нэг хүнийг дуудан, томилж, уг хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч болдог” (“Арванхоёр,” Ensign эсвэл 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83).

  • Сүмийн ерөнхийлөгч нас барсны дараа хэн Сүмийн дараагийн ерөнхийлөгч болдог вэ? (Дараагийн ахмад төлөөлөгч буюу Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч.)

Зарим суралцагч хэзээ Сүмийн ерөнхийлөгч Сүмийг тэргүүлэхэд шаардлагатай түлхүүрүүдийг хүлээн авдаг талаар сонирхож байж магадгүй. Төлөөлөгч бүрд төлөөлөгчөөр томилогдоход нь бүх түлхүүрийг өгдөг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Гэхдээ тэдгээр түлхүүрийг ашиглах эрх зөвхөн Сүмийн ерөнхийлөгчөөр хязгаарлагдсан байдаг. Нас барахад тэр эрх мэдлийг ахмад төлөөлөгч ашиглах эрхтэй болдог. Дараа нь Арванхоёрын Зөвлөлийн хамтран зүтгэгчид нь түүнийг бошиглогч болон ерөнхийлөгчөөр нэрлэн, онцгойлон адисалж, томилдог” (“Come and Partake,” Ensign, 1986 оны 5-р сар, 47).

  • Сүмийн ерөнхийлөгч нас барсны дараа Их Эзэний хаант улс бараг завсарлагагүйгээр урагшилна гэдгийг олж мэдэх нь танд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?

Иосеф Смитийн Бригам Янг болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад хүлээлгэн өгсөн тэрхүү санваарын түлхүүр хийгээд хүч өнөөдөр Сүмийн ерөнхийлөгч, Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд болон Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүдэд байгаа гэдгийг гэрчлэн, энэ хичээлийг дуусгаж болно. Түүнчлэн та Сүмийн удирдагчид Бурханаар дуудагдсан гэдэг гэрчлэлийг хэрхэн олж авснаа хуваалцаж болно. Суралцагчдыг өнөөдөр ярилцсан үнэний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлж, залбирч, эрэлхийлэхэд нь урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал

Ерөнхийлөгчийн зөвлөлийг залгамжлах нь

Сэргээлтийн үндэс—23-р хичээл

Арванхоёр төлөөлөгчтэй хийсэн уулзалт, 1844 оны 3-р сар

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф (1807–1898) дурсан бичихдээ:

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

“[Иосеф Смит] наснаас халихынхаа өмнө бидэнд хандаж хэлсэн сүүлчийнх нь үгийг би байнга санадаг. … Тэр гурван цаг орчим зогсоогоороо ярьж билээ. Өрөө тэр чигээрээ хуйхлан шатаагч галаар дүүрч, түүний нүүр хув лугаа адил гэрэлтэн, Бурханы хүчээр титэмлэгдсэн байлаа. Тэрээр бидний үүргийг тайлбарлалаа. Тэрбээр Бурханы энэхүү агуу ажлыг бүрнээр нь бидэнд тайлбарлав: Мөн тэрбээр бидэнд хандаж хэлсэн үгэндээ: “Бибээр түлхүүр бүрийг, хүч болгоныг, дэлхийн гадаргуу дээр урьд өмнө амьдарч байсан хэн бүхэнд Бурханы соёрхсон амьдрал, авралын зарчмуудыг тэргүүн дээрээ лацадсан билээ. Эдгээр зарчим, энэхүү санваар болон хүч нь тэнгэрийн Бурхан Өөрийн мутраар газар дэлхий дээр үндэслэн байгуулсан энэхүү аугаа, эцсийн эрин үед хамаардаг юм. ‘Эдүгээ, Их Эзэн миний тэргүүн дээр лацадсан түлхүүр бүрийг, хүч бүрийг, бас зарчим бүрийг та нарын тэргүүн дээр лацадлаа’ хэмээн хэлсэн. …

Тэрээр ийнхүү бидэнд хандаж үг хэлсний дараа: ‘Энэхүү хаант улсын ачаа одоо та нарын мөрөн дээр ирлээ гэдгийг хэлж байна. Та нар үүнийг бүх дэлхийд хүргэх үүрэг хариуцлагыг хүлээж байна’ гэв” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 602–-603-аас эш татав).

Сидней Ригдоны зарга

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх болох Сидней Ригдон нь Пеннсильванийн Питтсбургаас 1844 оны 8 сарын 3-нд Наувуд ирэв. Тэрээр 8-р сарын 6-ны мягмар гарагт, Сүмийн гишүүд Сүмийн журам сахиулагчийг сонгож болох онцгой цуглаан хийхээр зарласан байна. Энэ нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд бүгдээрээ Нэгдсэн Улсын зүүн хэсгээр хийж байсан номлолын ажлаасаа буцаж ирэхээс өмнө өөрийн биеийг Сүмийн журам сахиулагчаар гишүүдээр батлуулах гэж энэ цуглааныг хийх гэж байжээ. Гэхдээ ахлагч Виллард Ричардс болон Парлей П.Праттын ачаар цуглааныг 1844 оны 8-р сарын 8-ны пүрэв гараг буюу бараг бүх төлөөлөгч ирж амжсаны дараа хийхээр хойшлуулсан байна.

Сидней Ригдон өөрийгөө өмнө нь Иосеф Смитийг төлөөлж үг хэлэхээр дуудагдан, томилогдож байсан учраас (С ба Г 100:9-ийг үзнэ үү), “сүмийг зөв арга замаар удирдах нь” түүний үүрэг хэмээн заргалдаж байв” (History of the Church, 7:229).

Жэймс Странгийн зарга

1844 оны 2-р сард баптисм хүртсэн Жэймс Странг нь Иосеф Смитийг нас барсны дараа, өөрийг нь залгамжлагчаа болгосон гэсэн захиаг Иосеф Смитээс авсан гэж зарга мэдүүлжээ. Захиа нь хуурамч байсан ч Иосеф Смитийн гарын үсэгтэй мэт байсан учраас Странг түүнийгээ Сүмийн гишүүдэд үзүүлэхэд зарим нь хууртагдсан байна. Түүнчлэн, Странг тэнгэр элч түүн дээр ирж, түлхүүрүүдийг өгсөн гэж хэлж байжээ.

1844 оны 8-р сарын 7

Сидней Ригдон Наувуд ирэхэд ахлагч Жон Тейлор, Виллард Ричардс, Парлей П.Пратт, Жорж А.Смит нар аль хэдийн ирсэн байв. Ихэнх төлөөлөгч үүний дотор Бригам Янг 1844 оны 8-р сарын 6-ны орой буцаж ирэв. Дараагийн өдөр 8-р сарын 7-нд төлөөлөгчид Жон Тейлорын гэрт зөвлөгөөн хийсэн байна. Тэр өдрийнхөө үдээс хойш Арванхоёр төлөөлөгч, Дээд зөвлөл, дээд пристүүд хамтдаа уулзжээ. Ерөнхийлөгч Янг Сидней Ригдоноос өөрийн захиасыг гэгээнтнүүдэд хандан хэлэхийг хүссэн байна. Сидней Ригдон үзэгдэл харсан бөгөөд ямар ч хүн Иосеф Смитийн дараа ерөнхийлөгчийн үүргийг залгамжлахгүй гэж эрс шийдэмгий хэлэв. Дараа нь тэрээр өөрийгөө журам тогтоогчоор томилохыг санал болгосон аж.

Сидней Ригдон өөрийн үгийг хэлж дууссаны дараа Бригам Янг (1801–1877) ийнхүү хэлэв:

Ерөнхийлөгч Бригам Янг

“Надад хэн Сүмийг удирдах нь хамаагүй ч, … үүний талаар Бурхан юу гэж хэлэх нь миний мэдэхийг хүсэж байгаа цорын ганц зүйл юм. Энэ талаар Бурханы бодлыг хүлээн авах түлхүүр хийгээд арга зам надад өгөгдсөн билээ. …

Иосеф бидний тэргүүн дээр төлөөлөгчийн албанд харьяалагдах бүхий л түлхүүр, хүчийг түүнээс авагдахаас өмнө бидэнд өгсөн бөгөөд энэ дэлхийд хийгээд дараах дэлхийд ямар ч хүн эсвэл хэсэг бүлэг хүн Иосеф болон Арванхоёрын дундуур орж ирэх нь үгүй.

Иосеф хэд хэдэн удаа Арванхоёрт хандан ‘Би үндэс суурийг нь тавьсан, харин үүнээс цааш та нар өөрийн мөр дээр хаант улсыг үүрэх ёстой’ гэж хэлсэн билээ” (History of the Church, 7:230-д).

1844 оны 8-р сарын 8, өглөөний 10 цаг

1844 оны 8-р сарын 8-нд Науву дахь гэгээнтнүүд өглөөний 10 цагт Сидней Ригдоны гэрийн гадна цугларч, Сүмийн журам сахиулагчийн заргыг сонсохоор ирсэн байна. Тэрээр хэдэн мянгаараа цугларсан гэгээнтнүүдэд хандан нэг цаг хагасын турш чухам яагаад тэрээр Сүмийн журам сахиулагч байх ёстойг тайлбарлажээ. Хэд хэдэн хүн түүний үг сүнсээр өдөөгдөөгүй хэмээн дүрсэлсэн байдаг.

Ерөнхийлөгч Янг Наувуд шинэ удирдагчийг сонгохоор биш харин бошиглогчийн үхэлд гашуудах гэж буцаж ирэхийг илүүд үзэх байсан гэдгээ товчхон хэлжээ. Тэрээр удирдагчид болон гишүүдийн чуулга уулзалт тухайн өдрийн үдээс хойш 2 цагт болохыг мэдэгдсэн байна. Бригам Янгийг үг хэлж байх үед түүний дүр төрх, дуу хоолой нь бошиглогч Иосеф Смитийн царай, дуу хоолой болон өөрчлөгдсөнийг харсан гэдгийг хэд хэдэн гишүүн гэрчилжээ.

Эмили Смит Хойт: “Түүний тайлбарлаж байгаа байдал, нүүрний хөдөлгөөн, дуу хоолой миний бүхий л биеийг донслуулсан. … Би Иосеф Смит нас барсныг мэдэж байсан. Тэгсэн хэдий ч би байн байн түүнийг Иосеф мөн үү хэмээн гайхаж, индэр рүү өөрийн эрхгүй харж билээ. Гэвч тэр Иосеф Смит биш харин Бригам Янг байв” гэж дурссан байна (Линн Воткинс Жоргэнсэн, “The Mantle of the Prophet Joseph Passes to Brother Brigham: A Collective Spiritual Witness,” BYU Studies, vol. 36, no. 4 [1996–1997], 142).

Вилфорд Вудрафф: “Би өөрийн нүдээр хараагүй бол хэн ч түүнийг надад Иосеф Смит биш гэдэгт итгүүлж чадахгүй байх байсан бөгөөд энэ хоёрыг сайн мэддэг хэн ч гэсэн үүнийг гэрчилнэ” гэж бичжээ (in History of the Church, 7:236).

1844 оны 8-р сарын 8, өдрийн 2 цаг

Үдээс хойш 2 цагийн үеэр гэгээнтнүүд тэдний хувьд чухал болохыг мэдэж байсан уулзалтанд цугларав. Бригам Янг Сидней Ригдоны журам тогтоогч болох саналыг мөн тэр Иосеф Смитээс сүүлийн 2 жил холдсон талаар шулуухан ярьж, дараа нь ийнхүү хэлжээ:

“Хэрэв хүмүүс ерөнхийлөгч Ригдоноор өөрсдийгөө удирдуулахыг хүсэж байвал түүнийг сонгож болно. Гэхдээ би та нарт Арванхоёрын чуулгад дэлхий дээрх Бурханы хаант улсын түлхүүрүүд байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Арванхоёр нь Бурханы мутраар томилогдсон. Энэ Бригамын өвдөг суларч байсан үе бий бил үү? Түүний уруул чичирч байсан үе бий бил үү? Энд Хебер [С.Кимбалл] болон Арванхоёрын бусад гишүүд байна. Тэдний тус бүрд санваарын түлхүүрүүд, бүр бүх дэлхийг аврах Бурханы хаант улсын түлхүүрүүд бий. Энэ бол үнэн, тиймээс Бурхан минь надад туслаач. Тэд Иосефын хажууд, Тэргүүн Зөвлөлийнхөө хувьд зогсож байна” (in History of the Church, 7:233).

Олон гэгээнтэн тэр үед Бригам Янг Иосеф Смиттэй адилхан харагдаж, сонсогдож байсан талаар дурдсан байдаг. Энэхүү гайхалтай тохиолдлоос гадна олон гэгээнтэн Бригам Янг болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгыг Сүмийг удирдуулахаар Бурханаар дуудагдсан хэмээх Ариун Сүнсний гэрчийг мэдэрсэн байв. Энэ цугларалтын дараа, Науву дахь гэгээнтнүүд Бригам Янг тэргүүтэй Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгыг Сүмийг удирдуулахаар санал нэгтэй сонгон, дэмжин баталсан байна. Гэсэн хэдий ч, Сүмийн бүх гишүүн төлөөлөгчдийг дагах сонголтыг хийгээгүй юм. Зарим хүн Сидней Ригдон болон Жэймс Странг гэх өөрийн сүмийг байгуулсан хувь хүнийг дагах шийдвэр гаргасан байна.