8-р хичээл
Хожмын үе дэх Израилийн цугларалт
Оршил
Их Эзэн Сүм зохион байгуулагдсан эхний жилд гэгээнтнүүдэд Огайогийн бүсэд цугларахыг зарлиглажээ (С ба Г 37:3). Тэр цагаас хойш гэгээнтнүүд амьд бошиглогчийг дагаж, амьдрах аюулгүй газар байгуулахыг эрэлхийлэхдээ өөр өөр газарт цугларчээ. Энэ хичээлээр суралцагчид Их Эзэн Өөрийн хүмүүсийг хүчирхэгжүүлж, ариун сүмийн адислалууд зэрэг илүү агуу адислалуудыг хүлээн авахад бэлтгэхийн тулд тэднийг цуглуулдаг гэдгийг мэдэж авах болно (С ба Г 84:4-ийг үзнэ үү).
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Рассэлл М.Нэлсон, “The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл 2006 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79–82.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 38:31–33; 39:15; 95:8; 110:9
Огайод цугларах дуудлага
Сургаал ба Гэрээний ард байрлах “АНУ-ын Нью-Йорк, Пеннсильвани, Огайо нутаг” (Сүмийн түүхийн газрын зургууд, газрын зураг 3) эсвэл өөр газрын зураг үзүүл.
Суралцагчдыг Анхны үзэгдэл (Нью-Йорк, Манчестер), санваарын сэргээлт (Пеннсильвани, Хармони), Сүм зохион байгуулагдсан (Нью-Йорк, Фейетте) зэрэг Сэргээлтийн дараах чухал үйл явдлуудын ерөнхий байршлыг олж тогтооход урь:
Дараа нь цөөн хэдэн суралцагчаас дараах үгийг ээлжлэн чанга уншихыг хүс:
“Тохинуулагч байсан Көртланд бүсийн шинэхэн хөрвөгч Сидней Ригдон, түүний найз гишүүн бус Эдвард Партриж хоёр бошиглогчтой уулзаж, Сүмийн сургаалуудаас илүү их суралцахыг тэсэн ядан хүлээж байлаа. 1830 оны 12-р сард тэд Иосеф Смит дээр зочлохоор Нью-Йоркийн Фейетте рүү 400 гаруй километр аялжээ. Тэд өөрсдийнх нь болон Көртландын гэгээнтнүүдийн талаарх Их Эзэний хүслийг мэдэж өгөхийг түүнээс хүсжээ. Их Эзэн хариуд нь Нью-Йоркийн гэгээнтнүүд ‘Огайод хамтдаа чуулан цуглах’ (С ба Г 37:3) ёстой хэмээн илчилсэн байна. 1831 оны 1-р сарын 2-нд Нью-Йорк дахь Витмерийн ферм дээр болсон Сүмийн гурав дахь буюу хамгийн сүүлчийн чуулганаар Их Эзэн [Сүмийн гишүүд Огайо руу нүүх ёстой] гэсэн удирдамжийг дахин илчилжээ. … Энэ нь гэгээнтнүүдийг хамтдаа цугларахад зориулсан энэ эрин үе дэх анхны дуудлага байсан юм. …
… 1831 оны 4-р сарын дунд гэхэд Колесвиллийн 68 гишүүн Огайо руу замдаа явж байв. Фейетте салбараас 80 гэгээнтэн, Манчестер салбараас 50 гэгээнтэн Их Эзэний зарлигийг дуулгавартай даган, 1831 оны 5-р сарын эхээр гэр орноо орхин явжээ. … 5-р сарын дунд гэхэд Нью-Йорк дахь бүх салбар Эри нуурыг гатлан, Огайогийн Фэйрфорт Харбор руу завиар аялах боломжтой болсон юм. Тэд тэндээ бусад гэгээнтэнтэй уулзан, Көртланд болон Томпсон суурингууд руу хөдөлжээ. Хожмын үе дэх Израилийн агуу цугларалт эхлэв” (Our Heritage: A Brief History of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1996], 17–19).
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 38:31–33-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг хамт хараад, гэгээнтнүүдийн Огайод цугларах зарлигийг дуулгавартай дагавал адислагдах арга замуудыг олж тогтоохыг хүс. Суралцагчид дөрвөн адислалыг олж тогтоох ёстой: (1) тэд “дайсны хүчнээс зугтааж”; (2) “зөв шударга хүмүүс болж [Бурханд] цугларч”; (3) Бурханы хуулийг хүлээн авч; (4) “тэнгэрийн хүчээр хишиг хүртэх” болно. Та суралцагчдад эдгээр дөрвөн адислалыг судар дээрээ дугаар тавьж тэмдэглэхийг зөвлөж болно. (Тайлбар: Судрууд дээр жагсаалтуудыг олж тогтоох нь Их Эзэний эсвэл бошиглогчийн онцолж буй түлхүүр хэсгүүдийг танихад суралцагчдад тусалдаг.)
Дараах зарчмыг самбар дээр бич: Их Эзэн Өөрийн хүмүүсийг хамгаалж, сүнсээр хүчирхэгжүүлэхийн тулд цуглуулдаг. Та судрууд дээр цугларалтын сургаал нь ихэнхдээ хамгаалалттай холбогддог гэдгийг онцолж болно. “Холбогдол гэдэг нь санаа бодол, хүмүүс, зүйл, үйл явдлуудын хоорондох уялдаа холбоог хэлдэг ба судрууд дээр иймэрхүү холбогдол дүүрэн байдаг” (Дэвид А.Бэднар, “A Reservoir of Living Water” (Бригам Янгийн Их сургууль, галын дэргэдэх цугларалт, 2007 оны 2-р сарын 4), 4, speeches.byu.edu).
Их Эзэн эртний Израилийг Синай ууланд авчирч, тэдэнд Өөрийн хуулийг өгсөн шиг хожмын үеийн гэгээнтнүүдэд энэ эрин үе дэх Түүний хуулийг хүлээн авч болохын тулд Огайод цугларахыг зааварласан (С ба Г 38:32-ыг үзнэ үү) гэдгийг тайлбарла. Их Эзэн Өөрийн хуулийг Огайод Сүмд илчилж эхлэв (С ба Г 42-ын толгой гарчгийг үзнэ үү). Дараа нь асуу:
-
Та нарын итгэл болоод жишгийг хуваалцдаг хүмүүстэй хамт цугларах нь та нарыг хэрхэн Сатаны хүчнээс хамгаалахад тусалдаг вэ?
-
Бурханы хуулиудыг хүлээн авах нь хэрхэн биднийг сүнсээрээ хүчирхэгжихэд тусалдаг вэ?
-
Гэгээнтнүүд Огайод “тэнгэрийн хүчээр хишиг хүртэх” болно гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
“Тэнгэрийн хүчээр хишиг хүртэх” амлагдсан адислал нь гэгээнтнүүдийг Огайод цугларснаас хойш таван жилийн дараа Көртландын ариун сүм баригдаж дуусахад гүйцэлдэж эхэлсэн гэдгийг тайлбарла. Тэнгэрлэг элчүүд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт ариун нандин ёслолуудыг гүйцэтгэхэд шаардлагатай түлхүүрүүд болон эрх мэдлийг сэргээхийн тулд бүрэн баригдаж дууссан ариун сүмд хүрэлцэн иржээ. Ариун сүмийг онцгойлон адислах үеэр олон гэгээнтэн дээр сүнсний илэрхийлэлтүүд цутгагдсан байна. Мөн цөөн тооны гэгээнтэн ариун сүмд ариун сүмийн угаалга мөн тослолтыг хүлээн авав. Наувуд хэдэн жилийн дараа, ариун сүмийн хишгийн ёслолууд гэгээнтнүүдэд танилцуулагдах үед тэнгэрийн хүчээр хишиг хүртэх адислал биеллээ олжээ. Нэг суралцагчаас бошиглогч Иосеф Смитийн Наувуд байхдаа хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс:
“Бурханы хүмүүсийг дэлхийн аль нэг эрин зуунд … цуглуулахын зорилго нь юу байсан юм бэ? … Гол зорилго нь Их Эзэн Өөрийн өргөөний ёслолууд болон хаант улсынхаа алдар сууг Өөрийн хүмүүст илчилж, авралын замыг хүмүүст заах өргөөг Түүнд зориулан барих явдал байлаа” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 472).
-
Бурхан хожмын үеийн гэгээнтнүүдийг Өөрийнх нь удирдсаны дагуу хамтдаа цугларч, ариун сүмүүдийг барих үед адисалдаг ямар ямар арга замыг та ажигласан бэ?
Сургаал ба Гэрээ 45:62–67
Их Эзэн Шинэ Иерусалим буюу Сионыг дүрслэн хэлэв
Нью-Йоркийн гэгээнтнүүдийг Огайод цугларсны дараахан сонины олон худал нийтлэл болон цуурхал Сүмийг буруутган, гүжирдэж байв. Тэр үед бошиглогч Иосеф Смит амар амгалангийн болон аюулгүй сонгогдсон цугларах газрын тухай илчлэлт хүлээн авчээ.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:62–67-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, “өрнөд нутгууд уруу яв” (С ба Г 45:64) хэмээх гэгээнтнүүдэд зарлигласан Их Эзэний зорилгуудыг олж тогтоохыг хүс. Дараах асуултуудыг асуу:
-
Их Эзэн юу “бүр та нарын хаалган дээр” байна хэмээн хэлсэн бэ? “Бүр та нарын хаалган дээр” гэсэн үг хэллэг нь та нарын хувьд юу гэсэн үг вэ?
-
Их Эзэн гэгээнтнүүдийг өрнөд нутгуудад хамтдаа цугларахдаа юу хийгээсэй хэмээн хүссэн бэ?
-
Тэд яагаад эд баялгуудаа цуглуулах ёстой байсан бэ? (Өв гэдэг үг нь тэдний амьдрахын тулд мөн Их Эзэнийг шүтэн бишрэхийн тулд худалдан авах ёстой газрыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.)
-
Гэгээнтнүүдийн өвийн нутгийг юу гэж нэрлэж байсан бэ?
Судрууд дээр Сион гэдэг үг өөр өөр утгатай байж болно гэдгийг тайлбарла. Заримдаа энэ үг нь Сионы хүмүүс гэдэг утгыг илэрхийлдэг бөгөөд тэднийг “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (С ба Г 97:21) байгаагаар дүрсэлдэг. Бусад газар Сион гэдэг үг нь Сүмийг бүхэлд нь бас дэлхий даяарх Сүмийн гадаснуудыг илэрхийлдэг (С ба Г 82:14-ийг үзнэ үү). Сион гэдэг үг нь бас тодорхой газар зүйн байрлалыг хэлж болно. Сургаал ба Гэрээ 45:66–67 дээр Сион гэдэг үг нь заримдаа Шинэ Иерусалим хэмээн нэрлэгддэг гэгээнтнүүдийн зохион байгуулж, цугларах ёстой бодит хотыг хэлж байгаа юм (мөн 3 Нифай 20:22; 21:23; Ифер 13:1–8; Bible Dictionary, “Zion”-ийг үзнэ үү). Дараах асуултуудыг ярилц:
-
Их Эзэн Шинэ Иерусалим буюу Сионыг хэрхэн дүрсэлсэн бэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой: Шинэ Иерусалим амар амгалан, тайтгарал, аюулгүй байдлын газар байх ба Их Эзэний алдар суу тэнд байх болно.)
-
Сүмийн гишүүн байх нь ямар ямар арга замаар та нарыг Сион дахь аюулгүй байдал, амар амгалангаар хангадаг вэ?
Огайогийн Көртландад 1831 оны 6-р сард болсон Сүмийн дөрөв дэх гадасны чуулганы хаалтын ажиллагааны үеэр Их Эзэн хоёр хоёроороо Миссури рүү 1450 километр аялж, замдаа номлохыг Иосеф Смит болон бусад ахлагчид зарлиглажээ (С ба Г 52, шүлгийн тоймыг үзнэ үү) гэдгийг тайлбарла. Бошиглогч Миссурид ирснийхээ дараа Миссури нь “амлалтын нутаг, мөн Сионы хот” мөн Миссуригийн Индепенденс нь “төв газар” (С ба Г 57:1–3) болохыг олж мэдсэн нэгэн илчлэлтийг хүлээн авчээ. Дараагийн хэдэн жилд Сионыг барьж байгуулах хүсэлтэй олон зуун хожмын үеийн гэгээнтэн Миссуригийн Жаксон гүнлэг рүү нүүжээ. Харамсалтай нь, Сүмийн гишүүд, тус бүс нутгийн бусад иргэний хооронд зөрчилдөөн үүсч, нөхцөл байдал эцэстээ бүр хүчирхийлэл болон хувирчээ. 1833 оны 11 болон 12-р сард гэгээнтнүүд Жаксон гүнлэг дэх гэр орноо орхиж явахаар албадуулагдав.
Сургаал ба Гэрээ 115:5–6
Өнөөдөр Бурханы хүмүүс Сионы гадаснуудад цуглардаг
Өөр бусад аюулгүй байдал болон амар амгалангийн газарт цугларах гэсэн гэгээнтнүүдийн хичээл зүтгэлийг харуулахын тулд Сургаал ба Гэрээ судрын арын хэсэгт байдаг “Өрнөд уруу хийсэн Сүмийн нүүдэл” (Сүмийн түүхийн газрын зургууд, газрын зураг 6)-ийг үзүүл.
Эцэстээ гэгээнтнүүд Миссурид байсантай л адил Огайогийн Көртландыг орхиж явахаар албадуулагдсан гэдгийг тайлбарла. 1839 онд гэгээнтнүүд Иллинойн Наувуд цугларч эхэлсэн бөгөөд тэндээ нэгэн томоохон хотыг байгуулжээ. Гэвч бошиглогч Иосеф Смитийг нас барсны дараахан, Сүмийн гишүүд мөн л гэр орноо орхиж явахаар албадуулагдсан байна. Тэд Роки Маунтэн рүү нүүж, Хойд Америк даяар суурьшин, Солт Лэйк хотод Сүмийн удирдах газрыг байгуулжээ.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 115:5–6-г дотроо уншихад урь. Дараа нь асуу:
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Сионы гадаснуудад цугларах хүмүүст ямар ямар адислал амлагдсан бэ? (Хариултууд нь дараах үнэнийг багтаах ёстой: Бид хилэнцтийн эсрэг хамгаалалт, хоргодох байрыг эрэн Сионы гадаснуудад цуглардаг.)
-
Сионы гадаснууд нь ямар ямар арга замаар Сүмийн гишүүдийг эх оронд нь хамгаалалт болон хоргодох байраар хангадаг вэ?
-
Та хэзээ өөрийн тойрог эсвэл салбарт гэгээнтнүүдтэй хамт цугларснаар хүч чадал, хамгаалалтыг мэдэрсэн бэ?
Өнөөдөр Сионы гадаснуудад цугларах гэдэг нь Сүмийн гишүүдийн хувьд ямар утга учиртайг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:
“Энэхүү эцсийн эрин үеийн эхний жилүүдэд Сионы цугларалт нь Нэгдсэн Улс дахь хэд хэдэн газрыг багтааж байлаа: Көртланд, Миссури, Науву, уул нуруудын толгод. Эдгээр нь үргэлж хожмын ариун сүм барих цугларалтууд байв. Ихэнх улс үндэстэн дэх гадас, ариун сүм, олон тооны Сүмийн гишүүд байгаа учраас өнөө үед өгсөн зарлиг бол нэг газар цугларах биш харин эх орондоо гадаснуудад цугларах явдал юм. Сүмийн гишүүд эх орондоо Их Эзэний өргөөнд мөнхийн адислалуудын бүрэн байдалд баясаж чадна. … Энэ замаар Сионы гадаснууд ‘батлан хамгаалалтын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар’ (С ба Г 115:6) болдог” (“Preparation for the Second Coming,” Ensign эсвэл 2004 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8).
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Израилийн цугларалт нь үнэн сүмд нэгдэж мөн үнэн Бурханы тухай мэдлэгт ирэхээс бүрэлдэн тогтдог. … Тиймээс сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсан, Их Эзэнийг өөрсдийн хэл дээрээ мөн амьдардаг газрынхаа улс үндэстнүүд дэх гэгээнтнүүдтэй шүтэн бишрэхийг одоо эрэлхийлж байгаа аливаа хүн Израилийн цугларалтын хуулиудыг дагадаг мөн хожмын өдрүүдэд гэгээнтнүүдэд амласан бүх адислалыг өвлөгч байдаг” (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 439).
-
Та амьдралдаа Сүмийн барьсан олон тооны ариун сүмд юу тохиолдож байхыг харсан бэ?
-
Та Сионы гадас эсвэл дүүргийн гишүүн байснаараа хэрхэн адислагдсан бэ? Та ариун сүмийн ачаар хэрхэн адислагдсан бэ?
Суралцагчдаас бусдад Сионы гадаснуудад итгэлтэй оролцож, ариун сүмд шүтэн биширснээр ирдэг сүнслэг хамгаалалт болон хүч чадлыг хүлээн авахад нь туслахын тулд юу хийж болохоо тунгаан бодохыг хүсэн, хичээлээ дуусга. Суралцагчдыг хүлээн авах Сүнсний өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд урь.
Суралцагчийн унших материал
-
Сургаал ба Гэрээ 37:1–3; 38:31–33; 39:15; 45:62–67; 95:8; 110:9; 115:5–6.
-
Рассэлл М.Нэлсон, “The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл 2006 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79–82.