Номын сан
9-р хичээл: Амьд бошиглогчийг дага


9-р хичээл

Амьд бошиглогчийг дага

Оршил

Сүм зохион байгуулагдсан өдөр, Их Эзэн бошиглогчийн үгсэд анхаарал тавих тэдэнд сүнслэг хамгаалалтыг амлажээ (С ба Г 21:4–6-г үзнэ үү). Удалгүй Их Эзэн Сүмийн гишүүдэд хууран мэхлэлтээс зайлсхийхэд нь туслахын тулд зөвхөн бошиглогч Сүмд зориулан илчлэлт хүлээн авах эрх мэдэлтэй хэмээн илчлэв (С ба Г 28:1–7-г үзнэ үү). Бошиглогчид судруудыг тайлбарлах эрх мэдэл байдаг. Эдгээр үнэнийг ойлгох нь эдгээр хожмын өдөр нэмэлт сүнслэг аюулгүй байдлыг авчирдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчдыг дэмжин батлах нь,”Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74–77.

  • Эзра Тафт Бэнсон, “Fourteen Fundamentals in Following the Prophet” [Бригам Янгийн Их сургууль, онцгой цугларалт, 1980 оны 2-р сарын 26], speeches.byu.edu; мөн Tambuli, June 1981, 1–8-ыг үзнэ үү.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 21:1–6

Бошиглогчийн үгсэд анхаарал тавь

Бид заримдаа Сүмийн ерөнхийлөгчийн нэрийг хэлэхийн тулд ямар ямар нэр ашигладаг болохыг суралцагчдаас асуу. Суралцагчдын хариултыг самбар дээр бич. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 21:1-ийг чанга уншихад мөн ангийнхныг уг хэсгийг дагаж харахад урь. Нэмэлт нэрсийг самбар дээр жагсааж бич. Дараа нь асуу:

  • Энэ шүлэг дэх нэр бүр хэрхэн Сүмийн ерөнхийлөгчийн ажлыг тодорхойлж байна вэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 21-ийн агуулгыг ойлгоход нь туслахын тулд үүнд цэдэглэгдсэн илчлэлт нь Сүм зохион байгуулагдсан өдөр илчлэгдсэн гэдгийг тайлбарла. (Тайлбар: Суралцагчид судрын агуулгыг ойлгоход суралцсанаар уншсан зүйлийнхээ утга учир, ач холбогдлыг илүү сайн ойлгоно.) Дараа нь асуу:

  • Иосеф Смитийн бошиглогчийн дуудлага Сүмийн бусад удирдагчийн үүргээс маш өөр байсан гэдгийг мэдэх нь яагаад Сүм зохион байгуулагдсан үеийн гишүүдэд чухал байсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 21:4–5-ыг чанга уншихад мөн ангийнхныг уг хэсгийг дагаж харахад урь. Дараа нь дараах асуултуудыг ярилц:

  • Бошиглогчийн зөвлөгөөнд анхаарал тавихад яагаад заримдаа тэвчээр, итгэл шаардагддаг вэ?

Хэрэв шаардлагатай бол ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн (1899–1973) хэлсэн дараах үгийг суралцагчидтай хуваалцах талаар бодож үз.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий

”Бид Их Эзэний бошиглогчоороо дамжуулан өгөх үгс болон зарлигуудад анхаарал хандуулж сурах ёстой. … Сүмийн эрх мэдэлтнүүдээс ирж байгаа зүйл та нарт таалагдахгүй байж болно. Энэ нь та нарын улс төрийн болон нийгмийн үзэл бодолтой нийцэхгүй байж мэднэ. Энэ нь нийгмийн амьдралын тань зарим талд саад болж мэднэ. Хэрэв та эдгээр зүйлийг Их Эзэний өөрийнх нь амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлээрээ сонсвол ‘тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно’ (С ба Г 21:6)” (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 84).

Хэрэв Сүнсний өдөөлт ирвэл дараах тайлбарыг хийж болно:

  1. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид бошиглогчдыг төгс хүн гэдэгт итгэдэггүй. Гэсэн хэдий ч, Их Эзэн хэзээ ч Сүмийг буруу замаар удирдахыг тэдэнд зөвшөөрөхгүй (Албан тунхаг 1, “Тунхаг бичгийн талаарх ерөнхийлөгч Вилфорд Вудраффын гурван удаагийн хэлсэн үгнээс авсан хэсэг”-ийг үзнэ үү).

  2. Бид үргэлжлэн ирсээр буй илчлэлтэд итгэж мөн баясдаг. Нэгэн бошиглогч өмнөх бошиглолын зөвлөгөөг илүү тодотгож эсвэл нэгэн цагт нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ч хожим нь өөрчлөгдөх шаардлагатай болсон сургаал, дэг жаягийг олж тогтоож байсан жишээ Сүмийн түүхэнд байдаг. Жишээлбэл, Сүм зохион байгуулагдсан эхний жилүүдэд гишүүдийг Огайогийн Көртланд эсвэл Миссуригийн Жаксон гүнлэг зэрэг нэг газар цугларахыг урамшуулан дэмждэг байв. Өнөөдөр Сүмийн гишүүдийг орон нутгийнхаа гадас эсвэл дүүргүүдэд цугларахыг урамшуулан дэмждэг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 21:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, бошиглогчийн үгсэд анхаарал тавьдаг тэдгээрт өгөгдсөн амлалтуудыг олж тогтоохыг хүс. Та суралцагчдад олж мэдсэнээ тэмдэглэхийг зөвлөж болно. Дараа нь асуу:

  • Та бошиглогчийн үгсэд анхаарал тавих хүмүүст өгөгдсөн амлалтуудыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид бошиглогчийн үгсэд анхаарал тавибал дайсны эсрэг хамгаалагдах болно. Суралцагчдыг хариулах хооронд сэгсрэх гэдэг үгийн өөр нэг утга нь ямар нэгэн зүйлийг тулгуур эсвэл байрнаас нь хөдөлгөх эсвэл чөлөөлөх гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно. Иймээс 6-р шүлгийн нэг тайлбар нь ”[бидний] сайн сайхны” төлөө тэнгэрийг сэгсрэхэд илчлэлтүүд болон адислалууд тэнгэрээс “чөлөөлөгдөж”, бидэн дээр цутгах болно гэсэн байж болно.

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс:

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Бошиглогчдын зөвлөгөөн дэх аюулгүй байдал руу хөтөлдөг замыг эрэлхийлэх нь хүчирхэг итгэлтэй хүмүүст утга учиртай байдаг. Бошиглогчдыг үг хэлэх үед багахан итгэлтэй хүмүүс зүгээр л нэг ухаантай хүний сайн зөвлөгөөг сонсож байгаа гэж бодож болох юм. …

… Гэвч бошиглолын зөвлөгөөнд анхаарал тавихгүй байх сонголт нь бидний зогсож буй байрыг өөрчилдөг. Энэ нь илүү аюултай болдог. Бошиглолын зөвлөгөөг авахгүй байх нь ирээдүйд сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөөг хүлээн авах бидний хүчийг сулруулдаг” (“Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-р сар, 25).

  • Бошиглогчдын зөвлөгөөг эсэргүүцвэл “бидний зогсож буй газар” яагаад “илүү аюултай” болдог вэ? Энэ нь үнэн гэдгийг ямар жишээ нотолж харуулдаг вэ?

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн хэзээ амьд бошиглогчдын зөвлөгөөнд анхаарал тавьснаараа адислагдаж байсан бэ?

  • Бошиглолын зөвлөгөөнд анхаарал тавих зарчим нь хэрхэн бидний өдрүүд дэх шашны, ёс суртахууны мөн нийгмийн тухай асуулттай холбогдож болох вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 21:6 дээрх амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх ёстойгоо тунгаан бодоход урамшуулан дэмж. Тэд бошиглогчийн үгсэд чин сэтгэлээсээ анхаарал тавьснаараа одоо болон үүрд мөнхөд агуу адислалуудыг хүлээн авах болно гэдгийг тэдэнд баталж хэл. Бошиглогчдын зөвлөгөөнд анхаарал тавих нь бид тэдний үгсийг сохроор дагадаг гэсэн үг биш гэдгийг тайлбарла.

Ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн хэлсэн дараах үгийг чанга унш:

Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Хожмын үеийн гэгээнтнүүд бидний хувьд удирдагчдаа дагаж, тэдний зөвлөгөөг хүлээн авах нь дан ганц хангалттай биш бөгөөд бид эдгээр хүний тэнгэрлэг томилолтын тухай хөдөлшгүй гэрчлэлийг болон тэдний бидэнд хэлсэн зүйл нь Тэнгэрлэг Эцэгийн хүсэл гэдэг гэрчлэлийг өөрсдөдөө олж авах илүү агуу үүрэгтэй байдаг” (Teachings: Harold B. Lee, 45).

Сургаал ба Гэрээ 28:2, 6–7; 43:1–7

Их Эзэн дэг журмаар илчлэлт өгдөг

Сүм зохион байгуулагдсанаас хойш удалгүй Сүмийн зарим гишүүн хуурамч бошиглолын удирдамжийг өгөх дайсны оролдлогод хууртсан байв. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 28-ын толгой гарчгийг чанга уншихад мөн ангийнхныг уг хэсгийг дагаж харахад урь (мөн Жэффри Г.Каннон, “All Things Must Be Done in Order: С ба Г 28, 43,” Revelations in Context series, 2013 оны 4-р сарын 4, history.lds.org-ийг үзнэ үү). Дараа нь асуу:

  • Хэрэв Сүмийн гишүүд Хайрум Пейжийн жинхэнэ гэж заасан илчлэлтүүдэд итгэсээр байсан бол ямар асуудал үүсэх байсан бэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 28:2, 6–7-г судлах цаг гаргаж өг. Дараа нь асуу:

  • Их Эзэнээс ирсэн энэхүү захиас хэрхэн Сүмийн ерөнхийлөгчийн үүргийг тодруулж байна вэ? (Суралцагчид дараах сургаалыг ойлгох хэрэгтэй: Сүмийн ерөнхийлөгч Сүмд зориулан илчлэлт хүлээн авах түлхүүрүүдийг атгадаг.)

Суралцагчдад энэ сургаалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 43-ын дараах түүхэн нөхцөл байдлыг чанга уншихад урь:

1831 оны 2-р сард, хатагтай Хаббл хэмээх нэгэн эмэгтэй Огайогийн Көртланд дахь гэгээнтнүүд дээр иржээ. Тэр өөрийгөө Сүмд зориулан илчлэлт хүлээн авсан мөн Мормоны Ном үнэн гэдгийг мөн Сүмд багш болох ёстойгоо мэдсэн бошиглогч эмэгтэй гэж мэдэгджээ. Тэр эмэгтэй гэгээнтнүүдийн заримыг мэхэлж чадав. Иосеф Смит болон бусад зарим хүн түүний нөлөө болон гэгээнтнүүдийн дунд тарсан бусад худал илчлэлтийн талаар санаа зовж байв. Бошиглогч Их Эзэнээс юу хийх ёстойгоо асуухаар шийдсэн бөгөөд одоо Сургаал ба Гэрээ 43-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ (Documents, Volume 1: 1828 оны долдугаар сар– 1831 оны зургаадугаар сар, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 257-г үзнэ үү).

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 43:1–7-г дотроо уншаад, тухайн үед Их Эзэний тайлбарласан сургаалуудыг олж мэдэхэд урь. Та суралцагчдад олж мэдсэнээ тэмдэглэхийг зөвлөж болно. Та мөн Сургаал ба Гэрээ 28:2-т эдгээр шүлгийг солбицсон эшлэл болгохыг тэдэнд зөвлөж болно. 28-р хэсэгт цэдэглэгдсэн илчлэлт нь Нью-Йорк дахь гэгээнтнүүдэд өгөгдсөн ба 43-р хэсэгт цэдэглэгдсэн илчлэлт нь Көртланд дахь гэгээнтнүүдэд өгөгдсөн гэдгийг онцол. Дараа нь асуу:

  • Сургаал ба Гэрээ 43 дахь илчлэлт өгөгдөх үед хэн Сүмд зориулж зарлиг, илчлэлтүүдийг хүлээн авахаар томилогдсон бэ?

  • Бид эдгээр шүлгээс ямар ямар сургаалыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах сургаалуудыг олж тогтоох хэрэгтэй: Сүмд зориулж илчлэлт хүлээн авах нэг л хүн эрин үе бүрд томилогддог. Сүмийн ерөнхийлөгчид анхаарал тавих хүмүүс мэхлэгдэхгүй байх болно.

Арванхоёр төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн хэлсэн дараах үгийг хуваалцах талаар бодож үз.

Ахлагч Л.Том Пэрри

“Их Эзэний Өөрийн хүслийг хүн төрөлхтөнд илчилдэг арга замд дэг журам гэж байдаг. Бид бүгд Их Эзэнд залбирч, өөрсдийнхөө үүрэг хариуцлагын хүрээнд Түүний Сүнсээр дамжуулан сүнслэг өдөөлт хүлээн авах эрхтэй байдаг. Эцэг, эхчүүд гэр бүлийнхээ төлөө, бишоп томилогдсон цуглааныхаа төлөө, Тэргүүн Зөвлөл Сүмд зориулан илчлэлт хүлээн авч болно. … Бошиглогч Иосеф Смит:

‘Сүмийн аль нэг гишүүн эсвэл хэн нэгэн хүн өөрсдөөсөө дээгүүр, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнөөс заавар хүлээж авах нь Бурханы жаягт харш юм’ [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 223] гэж тунхаглажээ (“We Believe All That God Has Revealed,” Ensign эсвэл 2003 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85–86).

  • Бурханаас ирэх илчлэлт нь үргэлж хүлээн зөвшөөрөгдсөн санваарын шугамаар ирдэг гэдгийг мэдэх нь таныг хэрхэн хууран мэхлэлтээс зайлсхийхэд туслах вэ? Энэ мэдлэг хэрхэн таны амьдралд амар амгалан авчирдаг вэ?

  • Их Эзэний илчлэлтийн загвар нь хэрхэн Сүмд дэг журмыг хадгалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 90:1–6

Их Эзэн Сүмд дэг журмыг тогтоов

Сүм өсөхийн хэрээр Их Эзэн санваар болон Сүмийн гишүүнчлэлийг зохион байгуулахад бошиглогч Иосеф Смитийг удирдсан гэдгийг тайлбарла.

Дараах үгийг чанга унш эсвэл нэгтгэн дүгнэ:

“Сүмийн гишүүд нэмэгдэхийн хэрээр бошиглогч санваарын албан тушаалуудын талаар илчлэлт хүлээн авч байв. Их Эзэний удирдсанаар тэрээр Тэргүүн Зөвлөлийг зохион байгуулсан ба энэ нь өөрийг нь ерөнхийлөгчөөр мөн Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс хоёрыг зөвлөхөөр дуудав. Тэрээр мөн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, Далын нэгдүгээр чуулгыг зохион байгуулав. Тэрээр бишоп болон түүний зөвлөх, дээд прист, патриарх, дээд зөвлөл болон ахлагчдыг дуудав. Тэрээр Сүмийн анхны гадаснуудыг зохион байгуулж эхлэв” (Our Heritage: A Brief History of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1996], 26).

Тэргүүн Зөвлөл Сүмд онцгой байр суурийг эзэлдэг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 90:1–6-г судлаад, Тэргүүн Зөвлөлийн хүлээдэг онцгой үүргийг олж тогтооход урь. (Тэргүүн Зөвлөл “хаант улсын түлхүүрүүдийг авч яв[даг]” [2-р шүлэг] ба энэ нь үүгээр дамжуулан “зөгнөлүүд” Сүмд өгөгддөг гэсэн үг юм [4-р шүлэг]). Суралцагчдыг хариулах хооронд та “зөгнөлүүд” гэдэг үг нь Бурханы бошиглогчдоор дамжуулан Бурханаас ирэх илчлэлтүүдийг хэлдэг гэдгийг тайлбарлаж болно.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Сүмд сургаал зохион байгуулагдсан хоёр өөр арга замыг сонсохыг хүс.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“1954 онд Тэргүүн Зөвлөлийн зөвлөх байсан ерөнхийлөгч Бага Ж.Рүбэн Кларк тайлбарлахдаа Сүмд шинэ сургаал хэрхэн ирдэг мөн Сүмийн ерөнхийлөгч үүнд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаар ярьсан юм. Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын талаар тэр ийн хэлжээ: ‘Ерөнхий эрх мэдэлтнүүдийн зарим нь маш онцгой дуудлагыг хүлээн авсан гэдгийг бид санаж байх хэрэгтэй; тэд онцгой бэлгийг хүлээн авсан байдаг; тэд бошиглогч, үзмэрч, илчлэгчээр дэмжин батлагддаг бөгөөд тэгснээр хүмүүст заах онцгой сүнслэг бэлэг хүлээн авдаг. Тэдэнд Бурханы оюун ухаан болон тааллыг Түүний хүмүүст заах эрх мэдэл, хүч байдаг бөгөөд тэд Сүмийн ерөнхийлөгчийн бүхий л хүч болон эрх мэдэлд харьяалагддаг. …’

… Сүмийн ерөнхийлөгч өөрт нь илэрхийлэгдсэний дагуу сургаалыг тунхаглаж, тайлбарлаж болно (жишээлбэл, С ба Г 138-ыг үзнэ үү). Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга хоёр хамтран хуралдсанаар сургаалын талаар тайлбарыг гаргаж болно (жишээлбэл, Албан Тунхаг 2-ыг үзнэ үү)” (“Христийн сургаал,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 94–95).

  • “Бурханы оюун ухаан болон тааллыг” дэлхийд тунхаглах эрх мэдэл хэнд байдгийг санах нь яагаад чухал вэ?

Суралцагчдаас амьд бошиглогч, төлөөлөгчдийн захиасаас юу мэдэж авснаа бодож үзэхийг хүсэн, хичээлээ дуусга. Суралцагчдыг эдгээр захиас хэрхэн тэднийг адисалсан тухай гэрчлэлээ хуваалцахад урь.

Суралцагчийн унших материал