27-р хичээл
Дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь
Оршил
Аврагч нэгэн өдөр хүч болон алдар суунд дэлхийд ирэх болно. Тэр өдөрт бэлтгэлтэй байлгахын тулд Түүний ирэлтийн тэмдгүүдийг судлан, ариун газруудад зогсож, “Ариун Сүнсийг зам заагчаа” (С ба Г 45:57) болгохыг гэгээнтнүүдэд заадаг. Сүм болон Сүмийн гишүүд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх үүрэгтэй хэмээн Их Эзэн тунхагласан байна.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Нийл Л.Андэрсэн, “Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52–55.
-
Даллин Х.Өүкс, “Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 7–10
-
“Preparing for the Second Coming of Christ,” chapter 44 in Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith, (1998), 389–397.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 45:15–46; 56–57
Хоёр дахь ирэлтийн өмнө тэмдгүүд өгөгдөнө
Суралцагчдаас дараах асуултуудыг асуу:
-
Бороо орох гэж байгааг та нар хэрхэн мэдэж чадах вэ?
Хэзээ бороо орохыг мэдэхэд тусалдаг үзүүлэлтүүд байдгийн адил, Есүс Христийн Хоёр дахь ирэлт хэзээ болохыг мэдэхэд бидэнд туслах үзүүлэлтүүд буюу тэмдгүүд бас байдгийг тайлбарла. Суралцагчдад Матай 24-т цэдэглэснээр, Аврагч нас барахынхаа өмнөхөн шавь нартайгаа Чидуны уулан дээр уулзан, Хоёр дахь ирэлтийнхээ тэмдгүүдийг дүрслэн хэлсэн гэдгийг хэл. Сургаал ба Гэрээ 45-т цэдэглэснээр, Тэрээр эдгээр сургаалын заримыг нь бидний үед Иосеф Смитэд давтан хэлсэн байна. Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь Сургаал ба Гэрээний чухал сэдэв болохыг суралцагчдад онцолж хэл. Суралцагчдыг Сургаал ба Гэрээг судлах явцдаа Хоёр дахь ирэлтийн талаарх сургаалыг анхааралдаа авч, хэрхэн түүнд бэлтгэх талаар тунгаан бодоход урь.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:15–17-г дотроо уншаад, Их Эзэний шавь нарын Түүнээс асуусан зүйлийг мөн Тэр хэрхэн тэдэнд хариулсныг олж мэдэхэд урь.
-
Шавь нар нь Есүсээс юу гэж асуусан бэ?
-
Тэр юу гэж хариулсан бэ?
Суралцагчдад Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох тэмдгүүдийг олж тогтооход нь туслахын тулд дараах эшлэлүүдийг самбар дээр бич:
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилж, хос бүрд самбар дээрх судрын хэсгүүдийн нэгийг оноож өг. Тэднээс шүлгийг хамтдаа уншаад, эдгээр шүлэгт дурдагдсан тэмдгүүдийг олж мэдэхийг хүс. Зарим тэмдэг аль хэдийн биелэгдсэн эсвэл биелэгдэх явцдаа байгаа гэдгийг онцол. Та 30-р шүлэгтэй холбоотой дараах мэдээллийг хуваалцаж болох юм: “Харийнхан сайн мэдээг түрүүлэн хүлээн авах үеийг “харийнханы цаг” хэмээн нэрлэдэг. Энэ цаг үед еврей биш хүмүүст … сайн мэдээг хүлээн авч, еврейчүүдэд аврагдах аливаа эрх олгогдохоос өмнө авралаас хүртэх боломж олгогдоно” (Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. [1966], 721–722).
Хосуудад хангалттай цаг гаргаж өгсний дараа, хос бүрээс олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Та суралцагчдад тэмдгүүдийг судартаа тэмдэглэхийг зөвлөж болно.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:34-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас уг хэсгийг дагаж харахыг хүс. Дараа нь асуу:
-
Хоёр дахь ирэлтийн өмнө болох үйл явдлууд эсвэл тэмдгүүдийн талаар унших эсвэл сонсоход та нарт түгшүүртэй санагддаг уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?
-
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн талаар суралцах нь ямар арга замаар бидэнд айдас, түгшүүрийг даван гарахад тусалж чадах вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:35–38-ыг дотроо уншаад, яагаад Аврагч Хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүдийг өгсөн шалтгааныг олж мэдэхэд урь.
-
Аврагчийн ирэлтийн тэмдгүүд гүйцэлдэж байгааг таних нь яагаад чухал вэ?
Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 45:32, 39, 56–57-г уншиж байхдаа Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх арга замуудыг олж мэдэхийг хүс. Дараа нь дараах зүйлийг ярилц:
-
Та Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэх талаар эдгээр шүлгээс юу олж мэдсэн бэ? (Суралцагчдыг санал бодлоо хуваалцах хооронд дараах зарчмыг онцол: Ариун газруудад зогсон, Ариун Сүнсийг зам заагчаа болгон авах нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нэн чухал.)
-
Ариун Сүнсийг зам заагчаа болгохын тулд бид юу хийх ёстой вэ?
-
Есүс Христийн дагалдагчид хэрхэн “ариун газруудад” зогсож чадна гэж та нар бодож байна вэ? (Ариун газарт ариун сүм, цуглааны байр, гэр орон орно. Хувийн болон гэр бүлийн залбирлыг хийж, судраас суралцаж, үйлчилж, гэр бүлийн үдшийг тогтмол хийснээр гэр орноо ариун болгож болно. Ариун газарт зогсох гэдэг нь бидний хэрхэн амьдарч байгаатай холбоотой. Хэрэв бид Ариун Сүнсний байнгын нөхөрлөлтэй байхуйц зохистой амьдардаг бол ариун газарт байгаа нь тэр. Эдгээр санааг Сургаал ба Гэрээ 45:32-ын хажууд, судрын зайн дээрээ тэмдэглэж авахыг суралцагчдад зөвлөж болно.
-
Хэдийгээр нүгэлт дэлхийд амьдарч байгаа ч та ариун газруудад зогсож байсан уу?
-
Аврагчийн Хоёр дахь ирэлтийг хүлээж байгаа шалтгаан тань юу вэ? Та яагаад Аврагчийг дахин ирнэ гэдэгт баяртай байна вэ?
Сургаал ба Гэрээ 29:7–9; 34:5–7; 39:19–23
Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь
Суралцагчдад энэ ангийн нэр нь Сэргээлтийн үндэс гэдгийг сануул. Суралцагчдаас асуу:
-
Та нар Сайн мэдээний сэргээлт болон Есүс Христийн Хоёр дахь ирэлт хоёр хоорондоо ямар холбоо эсвэл харилцаатай болохыг харж байна вэ?
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Суралцагчдаас тэдгээрийг судлаад, нийтлэг сэдвийг олж мэдэхийг хүс:
Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, хажуу талд сууж буй хүн рүүгээ хараад, судрын эдгээр шүлэг юугаараа нийтлэг болохыг ярилцахыг хүс. Цөөн хэдэн суралцагчаас эдгээр судрын шүлэг дэх захиасыг хэрхэн нэгтгэн дүгнэхийг асуу. (Суралцагчдыг санал бодлоо хуваалцах хооронд тэдэнд дараах зарчмыг олж тогтоож, ойлгоход нь тусал: Бид сайн мэдээг бусдад номлосноороо Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд тусална.)
Суралцагчдаас Сургаал ба Гэрээний 29, 34 болон 39-р хэсгийг дахин уншаад, илчлэлт өгөгдсөн огноонд анхаарлаа хандуулахыг хүс. Асуу:
-
Сүм зохион байгуулагдаад хэр их хугацааны дараа Их Эзэн дөнгөж сая бидний олж тогтоосон зарчмыг зааж эхэлсэн бэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Сүмийн Сэргээлтийн эхэн үеэс эхлэн сайн мэдээг тунхагла гэсэн тушаалд ах нар нухацтай хандсан байна. 1837 онд Сүмийг зохион байгуулагдсанаас долоохон жилийн дараа, ядуу тарчиг байдал, мөрдлөг хавчлагын үед Англид сайн мэдээг заахаар номлогчдыг явуулсан байдаг. Дараагийн хэдэн жил номлогчид Австри, Францын Полинез, Энэтхэг, Барбадос, Чили, Хятад зэрэг олон газарт номлож байв.
Их Эзэн энэ ажлыг адислан, дэлхий даяар Сүм зохион байгуулагдаж байна. … Аврагчийг гэрчилж буй зохистой номлогчдын дээр нар хэзээ ч жаргах нь үгүй. Их Эзэний Сүнсийг хүртсэн, “Түүгээр хүмүүний үрсэд аврал ирж чадах тэр нэгээхэн ч өөр нэр өгөгдөхгүй, басхүү нэгээхэн ч өөр зам, мөн нэгээхэн ч арга үгүй бөгөөд зөвхөн Төгс Хүчит Их Эзэн Христийн нэрээр мөн энэ нэр дээр буюу’ хэмээн зоригтойгоор тунхаглаж буй 52000 номлогчийн сүнслэг хүчийн талаар бодоцгоо” [Мозая 3:17] … Өөрийн номлогчдоор дамжуулан хийж буй Их Эзэний үйл хэргийн ачаар дэлхий Аврагчийн Хоёр дахь ирэлтэд өргөн далайцтай бэлтгэгдэж байна” (“Дэлхийг Хоёр дахь Ирэлтэд бэлтгэх нь,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51).
Дараах зүйлсийг ярилц:
-
Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох Бурханы шүүлтэд сайн мэдээ хүмүүсийг хэрхэн бэлтгэж байна вэ?
-
Аврагчийг дэлхийд дахин ирэхийн өмнө яагаад Сайн мэдээний сэргээлт болох шаардлагатай байсан бэ?
Нэг суралцагчаас ерөнхийлөгч Ховард В.Хантэрын (1838–1995) хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс:
“Сайн мэдээ нь хүмүүнд Их Эзэний өмнө мөн нэг нэгэнтэйгээ даруу, итгэлтэй, үнэнч, шударга байхыг заадаг бөгөөд уг мэдээний зарчмууд хэрэгжиж байгаагийн хэрээр амар амгалан, шударга ёс дэлхийгээр тархан, бэхжих бөгөөд бүх төрлийн нүгэл, сөргөлдөөн, цуст дайн, ёс суртахууны доройтол үгүй болон, дэлхий цэвэршигдэн, тэнгэрлэг биес болон Мянган жилийн үед Бурхан Их Эзэн маань ирж, бидний дунд амьдрахад дүйцэхүйц өргөө болон хувирах юм” Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 394–395).
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь … Бурханы Хүү үнэхээр, алдар суугаар дэлхийд ирэн, захирч, Өөрийн хүмүүстэй хамт амьдрах замыг нь бэлтгэх ажлыг Өөрийн үйл хэргийн нэг хэсэг хэмээн үздэг” Teachings: Joseph F. Smith, 395).
Суралцагчдаас дараах зүйлийг асуу:
-
Энэ хичээлийн явцад дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах Сүмийн болон Сүмийн гишүүдийн үүргийн талаар та нарт ямар бодол эсвэл сүнслэг мэдрэмж төрсөн бэ?
-
Бусдад Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь туслах нь хэрхэн та нарт өөрсдийгөө бэлтгэхэд тусална гэж бодож байна вэ?
Суралцагчдыг Сэргээлтийн тухай мэдээг өөр шашин шүтлэгтэй хүмүүстэй хуваалцахын тулд юу хийсэн тухай хуваалцахад урин, хичээлийг дуусга.
Суралцагчийн унших материал
-
Сургаал ба Гэрээ 29:7–9; 34:5–7; 39:19–23; 45:15–46, 56–57; 88:81–87.
-
Нийл Л.Андэрсэн, “Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52–55.