24-р хичээл
Наувуг орхин, өрнөд рүү аялсан нь
Оршил
Бригам Янгийн сүнсээр өдөөгдсөн удирдлага дор Гэгээнтнүүд Наувугийн ариун сүмийг барьж дуусган, өөрсдийн шинэ гэр болох Роки уул руу хийх хүнд хэцүү аяллынхаа өмнө тэндээ ариун гэрээнд орсон байна. Ариун сүмийн тэдгээр гэрээ нь аян замдаа зовлон зүдгүүртэй нүүр тулах үед нь гэгээнтнүүдэд хүч, урам зориг өгч байсан юм. Эдгээр итгэлтэй гэгээнтнүүдийн үлдээсэн өвийг залгамжлан авсан хүмүүсийн хувьд бид тэдний үлгэр жишээнээс сурч, бусдад сайн мэдээний адислалуудыг хүртэх замыг нь бэлдэх ёстой.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Гордон Б.Хинкли, “True to the Faith” Ensign, 1997 оны 5-р сар, 65–67
-
M.Рассэлл Баллард, “You Have Nothing to Fear from the Journey,” Ensign, 1997 оны 5-р сар, 59–61.
-
(Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 302–314, 329–336.
Заах зөвлөмж
Наувугийн ариун сүмийг барьж дуусгасан нь
Анхны зургийг үзүүл Иллиной дахь Наувугийн ариун сүмийн зураг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 118-ыг үзнэ үү). Суралцагчдад хожмын үеийн гэгээнтнүүд Наувуг орхин явсны дараа, тэдний барьсан ариун сүм 1848 онд галд автан, дараа нь 1850 онд хар шуурганд бараг бүхэлдээ нурсан гэдгийг тайлбарла. 150 жилийн дараа анхны ариун сүмтэй бараг адилхан сүм тэнд баригдаж, 2002 онд онцгойлон адислагдсан юм.
Иосеф Смит егүүтгэгдсэний дараа, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлага дор Наувугийн ариун сүмийг аль болохоор хурдан барьж дуусгахаар гэгээнтнүүд ажиллаж байсан гэдгийг тайлбарла. Дараах хэлсэн үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс: Ангийнхныг Наувугийн ариун сүмийг барьж дуусгахын тулд гэгээнтнүүдийн гаргасан золиослолыг тэмдэглэж авахад урь:
“1000 гаруй хүн арав дахь өдөр бүр ажиллаж байлаа. Люиза Деккер гэдэг бага насны охин ээж нь нарийн хийцтэй шаазан тавгууд бас маш сайхан хөнжлөө зарж, ариун сүмд хандив болгон өгсөнд сэтгэл нь их хөдөлжээ. Бусад хожмын үеийн гэгээнтэн ариун сүмийн барилгад туслахын тулд морь, мухлаг тэрэг, үнээ, гахайн мах, үр тариа зэргийг өгч байв. Ариун сүмийн санд зориулж өөрсдийн арван центийн болон нэг центийн зооснуудыг хандивлахыг Наувугийн эмэгтэйчүүдээс хүсжээ” (Бидний өв: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Товч Түүх [1996 он], 68–69).
Элизабет Тэрри Көрби Хюворд өөрт буй өгч болохуйц цорын ганц эд болох, нас бараад удаагүй байсан нөхрийнхөө цагийг өгчээ. Би түүнийг бас өөр өгч болохуйц бүх зүйл бас өөрт байсан хамгийн сүүлчийн ам.доллартойгоо нийлүүлж, нийтдээ 50 доллар Наувугийн ариун сүмд туслахаар өгсөн” (Карол Корнволл Мадсэн, In Their Own Words: Women and the Story of Nauvoo [1994], 180-аас эш татсан).
Гэгээнтнүүдийг мөшгөх мөрдлөг хавчлага, Сүмийн дайснуудын заналхийлэл ширүүсэж байсан тул Сүмийн удирдагчид 1845 оны 9-р сарын 24-нд гэгээнтнүүдэд дараагийн хавраас Наувуг орхиж явна гэдгийг зарласан байна. Суралцагчдаас дараах зүйлийг асуу:
-
Наувуг орхин явах шийдвэр ариун сүмийг барьж дуусгах гэсэн гэгээнтнүүдийн хүчин чармайлтад хэрхэн нөлөөлсөн гэж та нар бодож байна вэ?
Хэдийгээр гэгээнтнүүд Иллинойг орхиж явна гэдгийг мэдэж байсан ч тэд явахынхаа өмнө ариун сүмийг барьж дуусгахаар улам их хүчин чармайлт гаргаж байлаа. Ариун сүмийн өрөөнүүдийг баригдаж дуусангуут нь ёслолуудыг аль болох хурдан хийж гүйцэтгэхээр онцгойлон адисалж байлаа. Бошиглогч Иосеф Смит нас барахынхаа өмнө цомхон, бүлэг эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулан хишиг хүртэх ёслолыг удирдан явуулсан байна. 1845 оны 12-р сарын 10-нд эдгээр эрэгтэй, эмэгтэй хүн сүмийн бусад гишүүнд зориулан онцгойлон адислагдсан ариун сүмийн өрөөнд ёслолуудыг удирдан явуулжээ. Наувуг орхин явахаасаа өмнө аль болох олон хүнд ариун сүмийн ёслолуудыг хүртээхийн тулд гэгээнтнүүд болон удирдагчдын гаргасан хүчин чармайлтыг дүрсэлсэн дараах хоёр догол мөрийг уншихад нэг суралцагчийг урь.
1844–1846 онд, ерөнхийлөгч Бригам Янг болон арванхоёр төлөөлөгчид Наувугийн ариун сүмийн ажлыг яаравчлуулан хийж дуусгахаар төлөвлөжээ. Хишиг хүртэх ёслол болон лацдан холболтууд барилгын ажил дуусахаас өмнө хийгдэж байв. Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) өгүүлсэн нь: “Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах гэсэн гэгээнтнүүдийн хүсэл тэмүүлэл ер бусын их байсан учир бас тэднийг адислах гэсэн бидний хүсэл үлэмж их байснаас бибээр ариун сүм дэх Их Эзэний ажилд өөрийгөө бүрэн зориулж, өдөржин шөнөжин ажиллан, хоногт дунджаар дөрвөөс илүүгүй цаг унтан, долоо хоногт гэртээ нэг л удаа харьдаг байлаа” (History of the Church, 7:567-д).
Ариун сүм дээр ажиллаж байсан эрэгтэйчүүдээс гадна “гучин зургаан эмэгтэй Наувугийн ариун сүмийн ёслолын ажилтан болж, 1845–1846 оны хооронд орхин явахаасаа өмнө аль болох олон ёслолыг удирдан явуулахаар цаг наргүй ажиллаж байв. ‘Би ариун сүмд өдөр бүр, хаалга барих хүртэл нь завсарлахгүйгээр ажилладаг байлаа’ хэмээн гучин зургаагийн нэг болох Элизабет Анн Витний дурссан байдаг. ‘Би өөрийн бие, цаг зав, анхаарлаа тэр үйл хэрэгт өгсөн юм.’ Өөр хэдэн арван эмэгтэй хувцас угаан, хоол хийх гээд энэхүү гайхалтай үйл хэрэгт гар бие оролцож байсан байна” (Карл Корнволл Мадсэн, Faith and Community: Women of Nauvoo,” in Joseph Smith: The Prophet, The Man, ed. Susan Easton Black and Charles D. Tate Jr. [1993], 233–234).
1845 оны 12-р сарын 10 болон 1846 оны 2-р сарын 7-ны хооронд гэгээнтнүүд өрнөд рүү хийх аяндаа гарч эхэлсэн бөгөөд ойролцоогоор 5615 гэгээнтэн Наувугийн ариун сүмд хишиг хүртэж, олон гэр бүл лацдан холбогдсон байдаг.
-
Наувуг удахгүй орхин явна гэдгийг мэдэж байсан ч ариун сүмийг барьж дуусгахын тулд гаргасан гэгээнтнүүдийн золиослолоос бид юуг сурч болох вэ? (Суралцагчид олон зарчмыг олж тодорхойлж болно. Үүнд: Ариун сүмийн адислал нь бидний бүхий л шударга хичээл зүтгэл, золиослолын үнэ цэнэтэй юм. Энэ зарчмыг самбар дээр бичих талаар бодож үз.)
-
Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах нь Наувуг орхин Нэгдсэн Улсын өрнөд рүү, хэдэн мянган километр газрыг туулан, толгой хоргодох газар олохоор явж буй хүмүүсийг ямар арга замаар бэлдсэн гэж та нар бодож байна вэ?
Энэ асуултад хариулахын тулд Сара Рич эгч болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах үгийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь:
“Тэр ариун сүмд Их Эзэний Сүнсний нөлөө болон тусламжаар бидэнд өгөгдсөн итгэл болон мэдлэг байгаагүй бол аялал маань харанхуй ангал руу үсэрч байгаатай адил байх байсан” (Sarah Rich, quoted in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 30).
“Бидний анхдагч өвөг дээдэс Наувуд гэр бүлээрээ хамт ладцан холбогдсон билээ. Наувугийн ариун Сүмд Их Эзэнтэй хийсэн гэрээ нь өрнөд рүү хийх тэдний аяллын хамгаалалт байсантай адил бидний хүн нэг бүрийн, амьдралын туршид мөн адил хамгаалалт байх юм. …
“Тэдгээр эхэн үеийн гэгээнтэнд ариун сүмийн ёслолд оролцох нь зовлон зүдгүүр, уурлан хилэгнэсэн танхайрагчид, Науву дахь тохь тухтай гэр орноосоо хөөгдөж, өмнөх урт бөгөөд хэцүү аялалтай нүүр тулах үед гэрчлэлд нь нэн чухал байлаа. Тэд ариун сүмд хүчний хамт хишиг хүртсэн байв. Эхнэр нөхрүүд бие биетэйгээ, хүүхдүүд эцэг эхтэйгээ лацдан холбуулж байлаа. Тэднээс олон нь гэр бүлийн гишүүдээ замдаа алдсан ч, энэ нь тэдний төгсгөл биш гэдгийг мэдэж байлаа. Тэд ариун сүмд үүрд мөнхөд лацдан холбогдсон байв” (Robert D. Hales, “Temple Blessings,” New Era, 2014 оны 2-р сар, 4).
Суралцагчдаас дараах зүйлийг асуу:
-
Өрнөд рүү холын аянд хүчээр гарах болсон эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүдэд ариун сүмийн ёслолууд ямар нөлөө үзүүлсэн бэ? (Суралцагчдыг хариултуудаа хуваалцах хооронд тэдэнд дараах зарчмыг ойлгоход нь тусал: Ариун сүмийн ёслолууд нь хүнд хэцүү, зовлон бэрхшээлтэй нүүр тулах үед бидэнд хамгаалалт, хүчийг өгдөг.)
-
Ариун сүмийн мөргөлүүд хэрхэн таныг болон таны мэддэг хүмүүсийг зовлон зүдгүүр тохиолдох үед хамгаалж, хүч өгч байсан вэ?
Их Эзэний өргөөн дэх шүтлэг бишрэлээр дамжуулан илүү их сүнслэг хамгаалалт, хүч олж авахын тулд юу хийж болох талаар бодоход суралцагчдыг урь.
Сургаал ба Гэрээ 136
Их Эзэний өрнөд рүү аялсан хүмүүст өгсөн удирдамж
Суралцагчдаас Сүмийн түүхийн газрын зургийн газрын зураг 6, “Өрнөд рүү хийсэн Сүмийн нүүдэл”-ийг дэлгэж, Науву болон Винтер Квортерсыг олохыг хүс. Үргэлжлэн орох бороо, хоол хүнсний гачигдлын улмаас Наувуг 1846 оны 2-р сард орхин явсан гэгээнтнүүд Айовагаар хөндлөн туулах 482 километр аяллыг хийхэд 4 сар зарцуулсан байна. Энэ үед Мормон суман гэдгээр нь мэдэх 500 гаруй хожмын үеийн гэгээнтэн эрэгтэй, ерөнхийлөгч Бригам Янгийн Нэгдсэн Улсын армид элсэж, Мексиктэй хийж буй дайнд оролцох дуудлага хүлээн авчээ. Зарим эрэгтэйг эхнэр, хүүхдүүд нь дагаж явсан байна. Тэд үйлчилснээрээ Сүмийн ядуу гишүүдэд өрнөд рүү нүүн шилжихэд нь туслах мөнгө олох байсан ч олон гэр бүл баруун зүгт хийх аяныхаа нэг хэсэгт нөхөргүй, эцэггүй хоцорч байв. Ийм учраас Сүмийн удирдагчид баруун тийш Роки уул руу хийх аяллаа 1847 оны хавар хүртэл үргэлжлүүлэхгүй байхаар товлов. Гэгээнтнүүд Винтер Квортерс гэж нэрлэсэн газарт түр суурьшжээ. Тэнд байхдаа ерөнхийлөгч Бригам Янг Сургаал ба Гэрээ 136-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.
Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 136:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, Их Эзэн гэгээнтнүүдэд өрнөд рүү хийх аяллаа үргэлжлүүлэхэд бэлтгэхийн тулд юу хий гэсэн удирдамж өгснийг олж мэдэхийг хүс.
-
Хамтлагууд хэрхэн зохион байгуулагдах ёстой байсан бэ? Энэ зохион байгуулалт нь гэгээнтнүүдийн аяллын үед хэрхэн тус болох байсан гэж та нар бодож байна вэ?
-
Энэ зохион байгуулалт нь өнөө үеийн Сүмийн зохион байгуулалттай юугаараа адилхан байна бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах зарчмыг самбар дээр бичиж болно: Их Эзэн гэгээнтнүүдийн хүн нэг бүрийг удирдаж, санаа тавихын тулд тэднийг бүлгүүдэд хуваан зохион байгуулсан.)
-
4-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэний хүслийг биелүүлэх гэсэн хичээл зүтгэлдээ гэгээнтнүүд хэрхэн хүчийг хүлээн авах байсан бэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 136:6–11-ийг дотроо судлаад, өрнөд рүү хийх аяндаа гэгээнтнүүд нэг нэгнийхээ хэрэгцээг ханган, ядуу дорой нэгэндээ тусалж дэмжихийн тулд ямар байдлаар зохион байгуулагдах ёстой байсныг олж мэдэх даалгавар өг. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, ярилцлага өрнүүлэхийн тулд дараах асуултуудыг тавь:
-
6–11-р шүлгийн ямар үг, хэллэг гэгээнтнүүд нэг нэгэндээ мөн тусламж хэрэгтэй хүмүүст хэрхэн анхаарал халамж тавихыг зааварлаж байна вэ? (Та 6, 7 ба 9-р шүлэг-т орсон “бэлтгэх” гэсэн үгийг онцолж болно. Энэ нь давтагдсан үгийг олж таних судар судлах чадварт анхаарал хандуулна.)
-
11-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн бусдад тусалж, тэдэнд замыг бэлтгэхийг эрэлхийлж буй хүмүүст юуг амласан бэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Бид бусдад тусалж, тэдний замыг бэлтгэвэл Их Эзэн биднийг адисална.)
-
Сайн мэдээний адислалуудыг хүртэхэд тань хэн таны замыг бэлтгэж тусалсан бэ? Танд зориулан замыг бэлтгэхийн тулд тэд юу хийсэн бэ?
Та анхдагч гэдэг үг нь түрүүнд явж, бусад хүнд зориулан замыг бэлтгэдэг эсвэл дагах замыг нь нээж өгдөг хүнийг хэлдэг ба бид бүгдээрээ ямар нэгэн байдлаар анхдагч байх боломжтой гэдгийг тайлбарлаж өгч болно. Суралцагчдад бусдад тусалж, тэднийг сайн мэдээний адислалуудаас хүртэхэд нь бэлтгэхийн тулд юу хийж чадах талаар тунгаан бодох хугацаа гаргаж өг. Цөөн хэдэн суралцагчийг санал бодлоо хуваалцахад урь. Их Эзэн биднийг насан туршдаа Түүний хүүхэд нэг бүрд зориулан сайн мэдээг хүлээн авах замыг нь бэлтгэхэд туслахын тулд хичээхийг хүсдэг талаар өөрийн гэрчлэлийг хуваалц.
Гэгээнтнүүд Их Эзэний зарлигийг дагаж, нэг нэгэндээ туслан, тэдний дараа ирэх хүмүүст зориулан замыг бэлдсэн гэдгийг тайлбарла. Анхдагчдын эхний бүлэг хүн Винтер Квортерсыг 1847 оны 4-р сарын 5-нд орхин явсан байдаг. Тэд 1600 гаруй километр аялан, Солт Лэйкийн Хөндийд 1847 оны 7-р сарын 24-нд иржээ. Ерөнхийлөгч Бригам Янг Солт Лэйкийн Хөндийд 1847 оны 7-р сарын 24-нд ирж, гэгээнтнүүд өөрсдийн шинэ гэр болох газрыг оллоо гэсэн батламж хүлээн авчээ.
Нэг суралцагчаас Далын гишүүн байсан ахлагч Виллиам Р.Вокэрын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.
“Та нар сүмийн анхдагчдын үр удам мөн ч бай, биш ч бай, мормон анхдагчдын итгэл, золиослолын өв бол та бидний өв юм. Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эрхэм өв билээ” (“Итгэлдээ үнэнч амьдрагтун,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117).
-
Сүмийн гишүүн бүр “Мормон анхдагчдын итгэл, золиослолын өв” нь тэдний өвөг дээдэс хэн байхаас үл хамааран тэдний өв гэдгийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна?
-
Мормон анхдагчдын аяллын талаар суралцах нь ямар байдлаар өнөөдрийн Сүмийн гишүүдийг бусдад үйлчилж, тэдний Тэнгэрлэг Эцэг рүүгээ буцаж очих аянд туслах хүчин зүтгэлд нь урам зориг өгөх вэ?
Нэг суралцагчаас ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс:
“Өнөөдөр бид [анхдагчдын] агуу хүчин зүтгэлийн үр шимийг хүртэгчдийнхээ хувьд зогсож байна. Бид талархаж байгаа хэмээн найдаж байна. Бидний төлөө тэдний хийсэн бүх зүйлд зүрх сэтгэлийнхээ гүнд талархаж байгаа гэдэгт би найдаж байна. …
Хайрт ах, эгч нар аа, бид ямар их адислагдсан хүмүүс вэ! Ямар гайхамшигтай өв бидэнд байна вэ! Үүнд золиослол, зовлон зүдгүүр, үхэл хагацал, алсын хараа, итгэл, мэдлэг болон Мөнхийн Эцэг Бурхан болон Түүний Хүү, амилсан Их Эзэн Есүс Христийн талаарх гэрчлэл орсон юм. …
Бид үнэний үйл хэрэгт бүхий л чадлаараа үйлчилснээр өмнөх хүмүүстээ хамгийн сайн хүндэтгэл үзүүлж чадна” (“True to the Faith,” Ensign, 1997 оны 5-р сар, 66–67).
Сүмийн гишүүн нэг бүр сайн мэдээний адислалыг хүртэх замыг нь өмнө нь бэлдсэн хүмүүсээр адислагдсан гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг өөрийн үр удам болон бусдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэлтэй, дуулгавартай амьдрахад нь бэлтгэхийн тулд тэд юу хийж болох талаар тунгаан бодоход урь.
Суралцагчийн унших материал
-
Гордон Б.Хинкли, “True to the Faith” Ensign, 1997 оны 5-р сар, 65–67