26-р хичээл
Санваарын тухай илчлэлт
Оршил
20-р зуунд, номлолын ажил дэлхий даяар тархаж эхлэхэд африк гаралтай Сүмийн гишүүдийн санваарын томилолт болон ариун сүмийн ёслолын хязгаарлалтын талаар удирдамж авахаар Сүмийн удирдагчид залбирав. 1978 оны 6-р сарын 1-нд Сүмийн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл, Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд мөн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдэд тодорхой илчлэлт ирсэн байна. Суралцагчид энэ хичээлд оролцохын хэрээр сайн мэдээний тухай асуултуудыг хэрхэн итгэлтэй байдлаар шийдвэрлэхийг ойлгож мөн энэхүү тодорхой илчлэлттэй холбоотой нөхцөл байдал болон үнэний талаар олж мэднэ.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Гордон Б.Хинкли, “Priesthood Restoration,” Ensign, 1988 оны 10-р сар, 69–72.
-
“Race and the Priesthood,” Gospel Topics, lds.org/topics.
-
Ахмад Корбитт, “A Personal Essay on Race and the Priesthood,” 1–4-р хэсэг, Perspectives on Church History series, history.lds.org/section/perspectives-on-church-history.
Заах зөвлөмж
Албан Тунхаг 2-ын оршил
Сайн мэдээний тухай асуултуудыг итгэлтэй байдлаар шийдвэрлэх нь
Суралцагчдад дараах нөхцөл байдлыг танилцуул:
Хичээлийн дараа нэгэн өдөр, сүүлийн үед Сүмийн сургаалтай холбоотой зарим нэгэн асуулт гарч ирсэн Сүмийн өөр нэгэн гишүүн Скоттой уулзжээ. Скотт өөрийн найзад тусалж чадсан гэж бодсон боловч дараа нь адил нөхцөл байдалд байгаа Сүмийн өөр нэгэн гишүүнтэй уулзвал яаж илүү сайн туслах вэ гэж бодсон байна.
Сүм эсвэл Сүмийн сургаалын талаар асуулттай Сүмийн гишүүд тэдэнтэй уулзах үед тэдэнд туслахын тулд тэд юу хийж байсныг нь суралцагчдаас асуу.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг үзүүл:
“Асуулттай байна гэдэг нь гэрчлэлийн эх үүсвэр мөн. Зарим хүн сайн мэдээтэй холбоотой асуултуудын хариултыг эрж хайж байгаагаасаа болоод ичиж эсвэл зохисгүй болсон мэт тэдэнд санагдсан ч тэд ингэж мэдрэх хэрэггүй юм. Асуулт тавих нь сул дорой байдлын тэмдэг биш. Энэ нь өсөлт хөгжлийн эх үндэс мөн.
“Бурхан бидэнд асуултуудынхаа хариултыг эрэлхийлж мөн биднийг зөвхөн ‘Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асууж эрэлхийлэхийг’ зарлиг болгосон юм” [Моронай 10:4]. Хэрэв бид үүнийг хийх аваас бүх зүйлийн үнэн ‘Ариун Сүнсний хүчээр’ [Моронай 10:5] бидэнд мэдүүлэгдэх болно.
“Асуулт тавихаас бүү ай. Сониуч бай, харин бүү эргэлз! Үргэлж итгэл болон аль хэдийн хүлээн авсан гэрлээсээ чанга зуур” (“The Reflection in the Water” [(Залуу насанд хүрэгчдэд зориулсан Сүмийн боловсролын системийн галын дэргэдэх ярилцлага, 2009 оны 11-р сарын 1, 2009], 7, ldschurchnewsarchive.com).
-
Сүмийн сургаал, түүх эсвэл нийгмийн асуудлууд дахь байр суурийн талаар асуулттай хэн нэгэнд туслах ямар зүйлийг ерөнхийлөгч Угдорф заасан бэ? (Суралцагчдад дараах зарчмыг ойлгоход нь тусал: Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлбэл, эцсийн дүнд чин сэтгэлийн тань асуултын хариу бидний Тэнгэрлэг Эцэгээс ирнэ.)
Зарим Сүмийн гишүүнд асуулт төрүүлдэг түүхэн үйл явдлын нэг нь 1800 оны дунд үеэс 1978 он хүртэл африк гаралтай хар арьстан эрэгтэйчүүдийг санваарт томилохыг хязгаарладаг байсан Сүмийн бодлогоос үүдэлтэй гэдгийг тайлбарла. Энэ нь мөн хар арьстан эрэгтэй, эмэгтэй хүмүүст ариун сүмийн хишиг хүртэх эсвэл лацдан холболт хийлгэхийг хориглодог байжээ. Нэг суралцагчийг Албан Тунхаг 2-ын (Сургаал ба Гэрээнд буй) оршил хэсэг болох дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Суралцагчдыг хэрхэн энэ мэдээлэл уг түүхэн үйл явдлын талаар асуудалтай хүмүүст тусалж болох талаар бодоход урь.
“Мормоны Ном ‘хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм’ ‘Бурханд бүгд адил’ хэмээн заадаг (2 Нифай 26:33). Сүмийн түүхэнд бүх арьстан, үндэстэн ястны хүн олон улс оронд баптисм хүртэж, Сүмийн итгэлтэй гишүүд болон амьдарсаар ирсэн. Иосеф Смитийг амьд байхад хэд хэдэн хар арьстан эрэгтэй хүнийг санваарт томилсон байдаг. Сүмийн түүхийн эхэн үед удирдагчид санваарыг африк гаралтай, хар арьстан эрэгтэйчүүдэд өгөхөө зогсоосон байна. Сүмийн баримт бичигт энэ журмын үүсэл гарлын талаар тодорхой мэдээлэл байдаггүй” (introduction to Official Declaration 2).
-
Уг мэдэгдэл нь энэ талаар эргэлзэж буй хүмүүст зориулсан ямар чухал үнэнийг агуулсан байна вэ?
“Сүмийн баримт бичигт энэ журмын үүсэл гарлын талаар тодорхой мэдээлэл байдаггүй” гэсэн хэсгийг онцлон хэл. Зарим хүн африк гаралтай эрэгтэйчүүдийг яагаад хэсэг хугацаанд санваарт томилоогүй тухай өөрийн саналыг дэвшүүлж болох ч тэдгээр шалтгаан нь буруу байх магадлалтай. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Хэрэв та судрыг ‘Яагаад Их Эзэн үүнийг зарлиг болгосон юм бол эсвэл яагаад тэгэх зарлиг өгсөн юм бол’ гэсэн асуулт тавин уншвал зуун зарлигт ганц шалтгаан өгсөн байдгийг олж мэднэ. Шалтгааныг өгөх нь Их Эзэний загвар биш юм. [Мөнх бус бид] илчлэлтийн шалтгааныг олж болно. Бид зарлигуудын шалтгааныг олж болно. Эдгээр нь бидэнд тус болохгүй. Зарим хүн бидний энд ярьж буй [арьс өнгө, санваар] зэрэг зүйлийн шалтгааныг олох гэсэн боловч тэдний буруу болж таарсан юм. …
… Илчлэлтийн шалтгааныг олох гэсэн өмнөх алдаагаа энд болон өөр бусад зүйлд давтахаа больцгооё. Шалтгаан нь ихэнхдээ хүнийх болж таардаг” (Life’s Lessons Learned [2011], 68–69).
-
1978 он хүртэл африк гаралтай хүмүүст яагаад санваар өгдөггүй эсвэл ариун сүмийн ёслолуудыг хийлгэх боломж олгодоггүй байсан шалтгааны талаар таамаглал дэвшүүлэхгүй байх нь яагаад зөв бэ? (Хүн хязгаарлагдмал хүрээнээс хардаг бөгөөд Бурхан бидэнд шалтгааныг нь хэлээгүй.)
Өнөөдөр энэ асуудлаар дэвшигдэж байсан дараах онолыг Сүм хүлээн зөвшөөрдөггүй: хар өнгийн арьс нь бурханы хайр хишгийг алдсан эсвэл хараалын бэлгэ тэмдэг; хар өнгийн арьс нь мөнх бус амьдралд хийсэн шударга бус үйлдлийн үр дүнг харуулдаг; хоёр өөр арьстан хоорондоо гэрлэх нь нүгэл; хар эсвэл өөр өнгийн арьстай эсвэл өөр үндэстэн ястны хүмүүс хэн нэгнээс, ямар нэгэн байдлаар доогуур. Өнөөдрийн Сүмийн удирдагчид өмнөх болон өнөө үеийн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэрийг эрс буруушаадаг. (“Race and the Priesthood,” Gospel Topics, lds.org/topics-ийг үзнэ үү.)
-
Хэрхэн Есүс Христэд итгэх итгэл нь хүмүүст 1978 оноос өмнө хүчин төгөлдөр байсан санваарын хязгаарлалтын тухай асуулт болон асуудлыг шийдвэрлэхэд нь тусалж чадах вэ?
Албан Тунхаг 2
Санваар болон ариун сүмийн адислалууд зохистой бүх хүнд боломжтой болсон
1978 оноос өмнө олон улс оронд амьдарч байсан африк гаралтай хэдэн мянган гишүүн сэргээгдсэн сайн мэдээ үнэн болохыг мэддэг байсан гэдгийг тайлбарла. Солт Лэйк хот дахь Сүмийн удирдагчид Нигер болон Гана дахь баптисм хүртээгүй хөрвөгчдөөс Африк руу номлогчид илгээнэ үү гэсэн олон хүсэлтийг хүлээн авдаг байв. Олон жилийн турш Сүмийн удирдагчид энэ асуудлын талаар бодож үзсэн ч Африк руу номлогчдыг илгээх цаг арай болоогүй гэдгийг мэдэрч байлаа. Бразил дахь хар арьстан Сүмийн итгэлтэй гишүүд ариун сүмд орж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч 1975 онд зарласан Сан Паулогийн ариун сүмийг барихад гар бие оролцсон байдаг.
Суралцагчдад Албан Тунхаг 2-т ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл, Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд мөн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын арван гишүүн илчлэлт хүлээн авсан тухай албан ёсны мэдэгдэл орсон болохыг хэлж өг. Энэ илчлэлтийг 1978 оны 6-р сарын 1-нд хүлээн авсан байна. Нэг суралцагчийг “Эрхэм хүндэт ах нар аа” гэсэн үгийн доорх эхний догол мөрийг уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, Сүмийн удирдагчид ямар зүйлийг гэрчилсэн болохыг олж мэдэхийг хүс.
-
Сүмийн удирдагчид ямар зүйл дэлхий даяар болж байгааг гэрчилсэн бэ?
-
Их Эзэний ажил өргөжин тэлж байгааг гэрчилсэн Сүмийн удирдагчид ямар сүнслэг удирдамжийг хүлээн авсан бэ?
Нэг суралцагчийг “Биднээс өмнө хэзээ нэгэн цагт” гэсэн үгээр эхэлж буй дараагийн догол мөрийг чанга уншихад урь: Ангийнхныг Сүмийн удирдагчид хэрхэн сүнсээр удирдагдсан хүслийнхээ дагуу үйлдсэнийг олж мэдэхэд урь. Асуу:
-
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл болон Сүмийн бусад удирдагч хэрхэн сүнсээр удирдагдсан хүслийнхээ дагуу үйлдсэн бэ?
-
Энэ догол мөрний эхний гурван мөрөнд өгүүлснээр, Сумийн удирдагчид санваарын хязгаарлалтын талаар юу мэдэж байсан бэ? (Хэзээ нэгэн цагт зохистой бүх эрэгтэй хүн санваарыг хүлээн авах боломжтой болно гэдгийг тэд мэдэж байсан.)
1978 оноос өмнө өөрчлөлт хийхийн тулд илчлэлт хүлээн авах хэрэгтэй гэдгийг мэдэж байсан Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхан санваарын хязгаарлалтын тухай олон жилийн турш ярилцан, залбирч байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс:
“Өдрөөс өдөрт би ариун сүмийн дээд давхрын өрөөнд агуу хүндэтгэлтэй мөн нухацтайгаар ганцаараа очдог байв. Тэнд би хөтөлбөрийг урагш явуулахын тулд өөрийн бодгаль болон хичээл зүтгэлийг өргөл болгон өгдөг байв. Би Түүний хүссэнийг хийхийг хүсэж байлаа. Би Түүнтэй үүний талаар ярьж, ‘Их Эзэн, би зөвхөн зөв гэсэн зүйлийг л хийх хүсэлтэй байна’ гэж хэлсэн билээ. Бид гайхалтай сэтгэл хөдлөм зүйлийг хүлээхгүй байна. Бид зөвхөн Таны хүссэн зүйлийг, гагцхүү Таны цагт хүсэж байна” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 238.)
-
Ерөнхийлөгч Кимбаллын үгс хэрхэн бошиглогчид илчлэлтийг эрэлхийлдэг талаар бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа та дараах зарчмыг самбар дээр бичиж болно: Бошиглогчид Сүмийг удирдан чиглүүлэхдээ Их Эзэний хүслийг эрэлхийлдэг.)
Нэг суралцагчийг Албан Тунхаг 2-ын “Тэрбээр бидний залбирлуудыг сонссон” гэж эхлэх дараагийн хоёр догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхныг ерөнхийлөгч Кимбалл, Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд мөн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн залбиралд Их Эзэн хэрхэн хариулсан болохыг олж мэдэхэд урь.
-
Бошиглогчийнхоо залбиралд Их Эзэн юу гэж хариулсан бэ? (Энэ илчлэлтэд буй Их Эзэний захиасыг онцол: Есүс Христийн сайн мэдээний адислалуудыг Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд хүлээн авах боломжтой.)
Суралцагчдад Албан Тунхаг 2-т цэдэглэгдсэн илчлэлтийг хэрхэн хүлээн авсныг ойлгоход нь туслахын тулд илчлэлтийг хүлээн авах өдөр ариун сүмд байсан ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг хуваалц:
“Өрөөнд ариун нандин, ариусгагдсан мэт уур амьсгал байлаа. Миний хувьд ах нартайгаа хамт өвдөг сөгдөн, учирлан гуйж буй Бурханы бошиглогч, бурханлаг сэнтий хоёрын хооронд суваг нээгдсэн мэт санагдаж байв. Бурханы Сүнс тэнд байлаа. Тэнд буй Ариун Сүнсний хүчээр түүний залбирсан зүйл нь зөв, цагаа олсон мөн одоо санваарын гайхамшигт адислалууд дэлхийн өнцөг бүрд байх бүх зохистой эрэгтэй хүнд, гарал үүслээс хамаарахгүйгээр өгөгдөх ёстой гэсэн баталгаа бошиглогчид ирсэн юм. …
Бид бүгдээрээ өөрчлөгдөх цаг нь болсон мөн энэ шийдвэр нь тэнгэрээс ирсэн гэдгийг мэдэж байлаа. Хариулт нь тодорхой байв. Бидний туршлага, ойлголт маань төгс нэгдсэн байв” (“Priesthood Restoration,” Ensign, 1988 оны 10-р сар, 70).
Санваарын хязгаарлалтыг төгсгөл болгосон илчлэлтийг хүлээн авсны дараа удалгүй Африк руу номлогчдыг илгээсэн гэдгийг тайлбарла. Түүнээс хойш тэр тивд ариун сүмүүд баригдан, зуу гаруй гадас зохион байгуулагдаж, хэдэн зуун мянган хүн сайн мэдээний ёслолуудыг өөрсдөдөө болон нас барсан өвөг дээдэстээ хүлээн авсан юм. (Жишээлбэл, “Mormons in Africa: A Bright Land of Hope,” mormonnewsroom.org; “Emerging with Faith in Africa,” 1–3-р хэсэг, lds.org/prophets-and-apostles/unto-all-the-world-ийг үзнэ үү.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Бүх тив, далайн арлууд даяар итгэлтэй хүмүүс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд цугларан нэгдэж байна. Соёл, хэл яриа, хүйс, нүүр царайны онцлог шинж чанар нь гишүүд хайрт Аврагчийнхаа үйлчлэлд өөрийн биеийг үл хайрлан зүтгэхэд ач холбогдлоо алдан бүдгэрэн алга болдог. Паулын тунхаглал ийнхүү биеллээ оллоо: ‘Христ уруу баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христ уруу Христийг өмссөн юм.
‘Иудей ч гэж байхгүй, грек ч гэж байхгүй, боол ч гэж байхгүй, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой’ [Галат 3:27–28].
Зөвхөн Бурхан Эцэг байхын үнэн мөн чанарыг ойлгосноор хүмүүний ахан дүүсийн барилдлагыг бүрэн утгаар нь ойлгох юм. Тэрхүү ойлголт нь ялгаварлан тусгаарлах биш харин хамтран ажиллах гүүрийг байгуулах хүслийг өдөөдөг билээ” (“Teach Us Tolerance and Love,” Ensign, 1994 оны 5-р сар, 70).
-
Сайн мэдээ хэрхэн биднийг өөр гарал үүсэлтэй хүмүүстэй нэгдэхэд бэлтгэдэг вэ?
-
Өөр өөр гарал үүсэлтэй Сүмийн гишүүд эв нэгдэл, нөхөрлөлд хамт өсөж байгаа жишээг хэзээ та нар харсан бэ?
Төгсгөлд нь тэднээс яагаад Сүм нь хэсэг хугацаанд африк гаралтай эрэгтэйчүүдийг санваарт томилоогүй талаар асуувал хэрхэн хариулахыг тунгаан бодоход суралцагчдыг урь. Бид яагаад санваарыг хязгаарлах болсныг мэдэхгүй гэдгийг тайлбарлан, мэддэг үнэнээ гэрчлэх нь зүйтэй болохыг бататгаж өг.
Суралцагчийн унших материал
-
“Race and the Priesthood,” Gospel Topics, lds.org/topics.