Номын сан
18-р хичээл: Халамжийн нийгэмлэг ба Сүм


18-р хичээл

Халамжийн нийгэмлэг ба Сүм

Оршил

“Халамжийн нийгэмлэг нь эмэгтэйчүүдэд итгэл, хувийн шударга зан чанараа хөгжүүлэхэд нь тусалж, гэр бүлүүдийг бэхжүүлэн, тусламж хэрэгтэй хүмүүст туслах замаар мөнх амьдралын адислалуудад эмэгтэйчүүдийг бэлтгэдэг” (“The Purpose of Relief Society,” lds.org/callings/relief-society/purposes). Энэ хичээл нь суралцагчдад Халамжийн нийгэмлэгийн тогтолцоо болон зорилгыг илүү сайн ойлгоход тусална. Үүнээс гадна эмэгтэйчүүд Бурханы хаант улсыг байгуулахад өөрийн гэсэн өвөрмөц боломж, үүрэг хариуцлагатай болохыг суралцагчид олж харна.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 25

Их Эзэний Эмма Смитэд өгсөн удирдамж

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Дэлхийн олон сайн эмэгтэй олноороо Сүмд татагдан ирэх учраас сүүлчийн өдрүүдэд агуу өсөлт хөгжилт Сүмд тохиох болно. Энэ нь Сүмийн эмэгтэйчүүд өөрсдийн амьдралд зөв шударга болон тодорхой байдлыг тусгасан учраас, мөн Сүмийн эмэгтэйчүүд бусдаас буюу дэлхийн эмэгтэйчүүдээс аз жаргалтай арга замуудаар өөр гэдгээ харуулсан учраас тохиох болно” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 222–223).

  • Энэ мэдэгдлийг эргэцүүлэн бодох үед та нарт ямар бодол төрж байна бэ?

  • Та нар зөв шударга амьдрал дахь аз жаргалыг үлгэр жишээгээрээ харуулсан эмэгтэйчүүдийг мэдэх үү? Тэд хэрхэн мэддэг хүмүүсийнхээ амьдралыг өөрчилсөн бэ?

Энэ хичээл нь Халамжийн нийгэмлэгийн Есүс Христийн сэргээгдсэн Сүм дэх Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүдийг адисалдаг арга замууд дээр төвлөрөх болно гэдгийг тайлбарла.

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 25-ыг дэлгээд, толгой гарчгаас энэ илчлэлт дээр Их Эзэний хандаж ярьсан хүнийг олохыг хүс. Дараа нь 3-р шүлгийг чанга унш. Суралцагчдад Эмма Смит нь Бурханы мэлмийд “сонгогдсон хатагтай” байсан гэдгийг тайлбарла. Наувугийн Эмэгтэйчүүдийн Халамжийн нийгэмлэгийн анхны уулзалтад “сонгогдсон гэдэг нь тодорхой ажилд сонгогдсон гэсэн үг” болохыг Иосеф Смит тайлбарласан байна. Түүнчлэн тэр Эмма Смитэд өгсөн илчлэлт нь “Эмма эгч [Халамжийн] Нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд сонгогдсоноор биелсэн болохыг хэлэв” (in History of the Church, 4:552–553). Суралцагчдыг хоёр бүлэгт хувааж, нэг хэсгийг нь Сургаал ба Гэрээ 25:4–9-ийг, нөгөө хэсгийг нь Сургаал ба Гэрээ 25:10–15-ыг уншихад урь. Суралцагчдыг Их Эзэний Эмма Смитэд өгсөн даалгавар буюу дуудлагыг олоход урь. Тэд тэдгээр үүргийн жагсаалтыг гаргаж эсвэл судар дээрээ тэмдэглэж болно. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өнгөрсний дараа, олж мэдсэнээ хуваалцахад урь.

  • Эдгээр үүргийн биелэл нь хэрхэн Сүмийн өсөлт хөгжилд хувь нэмэр оруулах вэ?

  • Их Эзэн Эмма Смитэд тушаалуудад нь дуулгавартай байвал ямар адислал өгнө хэмээн амласан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 25:16-г чанга уншихад урь.

  • Энэ нь Эмма Смитэд өгсөн илчлэлт хэдий ч, ямар байдлаар бид Их Эзэний энэ үгийг өөрсөдтэйгөө адилтгаж болох вэ? (Энэ илчлэлтээр заасан дуулгавартай байдлын талаарх сургаал болон сайн мэдээний зарчмууд нь бүх хүнд хамаатай. [Тайлбар: Судрыг өөрийнхөө туршлагатай адилтгах нь өөрсдийн болон судар дээрх хүмүүсийн туршлагын ижил төстэй зүйлийг олж харахад тусалдаг судар судлах чухал чадвар юм.])

Суралцагчдыг энэ асуултын хариултыг хуваалцаж байх хооронд, тэдэнд дараах үнэнийг ойлгоход нь тусал: Бид тушаалуудыг итгэлтэйгээр даган, Их Эзэнээс ирсэн үүрэг даалгаврыг биелүүлснээр зөв шударгын титмийг хүлээн авна. Та энэ үнэний талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.

Халамжийн нийгэмлэг нь Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн нэгэн чухал хэсэг юм.

Суралцагчдад Их Эзэн Сүмийн зохион байгуулалтыг шат шатаар илчилсэн гэдгийг хэл. Тэрээр энэ үйл явцын нэг хэсэг болгон Эмма Смитэд маш чухал дуудлагыг өгсөн юм. Нэг суралцагчийг Халамжийн нийгэмлэг хэрхэн байгуулагдсан тухай товч түүхийг чанга уншихад урь. Суралцагчдаас Халамжийн нийгэмлэгийн талаарх бошиглогч Иосеф Смитийн ойлголт хэрхэн эмэгтэйчүүдийн үүний талаарх анхны ойлголтыг тэлсэн болохыг сонсохыг хүс.

Наувуд хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд Сүмд өөрийн гэсэн байгууллагатай болж адислагдсан байна. Сара Гранжер Кимбалл эгч тэргүүтэй хэдэн эгч нар цугларч, ариун сүмийн барилгын ажил дээр ажиллаж байсан эрчүүдэд цамц оёхоор зохион байгуулагдсанаар уг байгууллага нь эхэлжээ. Эмэгтэйчүүд албан ёсоор нийгэмлэгээ зохион байгуулахаар шийдэн, Элиза Р.Снөү эгчээс бүлгийнхээ үндсэн дүрмийг бичиж өгөхийг хүссэн байна. Бошиглогч Иосеф Смитээс зөвлөгөө авахад, тэр тэдний үндсэн дүрэм сайн болсон хэдий ч эмэгтэйчүүдийг илүү сайн арга замаар зохион байгуулагдахад нь тусална гэж амлав. 1842 оны 3-р сарын 17-нд, бошиглогч ахлагч Жон Тейлор, Виллард Ричардс нарын хамт улаан тоосгон дэлгүүрийнхээ дээд давхрын өрөөнд 20 эмэгтэйтэй уулзаж, Наувугийн эмэгтэйчүүдийн Халамжийн нийгэмлэгийг зохион байгуулжээ. Эмма Смит Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдсоноор түүнийг “сонгогдсон хатагтай” (С ба Г 25:3) гэж тодорхойлсон илчлэлт биеллээ олов. Сүүлд бошиглогч уг байгууллагын зорилго бол “ядууст туслах” мөн “бодгалиудыг аврах” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 513) явдал гэдгийг хэлсэн байна.

1842 оны 4-р сарын 28-нд, бошиглогч эгч нартай дахин уулзав. Тэрээр санваарын жаягаар дамжуулан заавар хүлээн авна гэж тэдэнд хэлсэн ба дараа нь “Би энэхүү үүргийг та нарт Бурханы нэрээр өгч байна. Энэ үе бол сайхь нийгэмлэгт ирээдүйд илүү агуу зүйлс тохиож, баяр баяслыг эдлэн, тэнгэрээс мэдлэг, оюун билиг юүлэгдэн ирэх эхлэлийн үе мөн” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 511) хэмээн тунхаглажээ.

Та суралцагчдад эхэн үеийн Халамжийн нийгэмлэгийн хурлын тэмдэглэлийг josephsmithpapers.org/paperSummary/Nauvoo-relief-society-minute-book дээрээс үзэж болно гэдгийг онцолж болно.

  • Бошиглогчийн Халамжийн нийгэмлэгийн чадавхын талаарх дүр зураг хэрхэн Сара Кимбаллын анхны саналыг өргөжүүлж чадсан бэ?

  • Та нар бошиглогч Иосеф Смитийн “Би энэхүү үүргийг та нарт Бурханы нэрээр өгч байна” гэх мэдэгдэл нь ямар утгатай гэж бодож байна вэ? (Халамжийн нийгэмлэг нь санваарын түлхүүрийг атгадаг санваартны удирдлага дор зохион байгуулагдсан.)

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчид байсан Зина Д.Х.Янг (1821–1901) болон Жюли Б.Бэк эгч нарын Халамжийн нийгэмлэгийн зорилгын талаар хэлсэн дараах үгийг үзүүлээд, гурван суралцагчийг уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, эдгээр хэлсэн үг Халамжийн нийгэмлэгийн зорилгын талаар юу зааж байгааг тунгаан бодохыг хүс.

Зина Д.Х.Янг

“Халамжийн нийгэмлэг нь … бараг хагас зууны өмнө бошиглогч Иосеф Смитээр, Ариун санваарын жаягийн загварын дагуу, үүний удирдлага дор ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүст материаллаг адислалыг түгээхээр зохион байгуулагдсан юм. Түүнчлэн, уг байгууллага нь сул доройг урамшуулан дэмжиж, төөрөлдсөн нэгнийг олж тогтоон, уг эмэгтэйд хүмүүний гэр бүлийг гэтэлгэх ажлыг илүү сайн хийж гүйцэтгэх сүнслэг хүч, чадлыг олох боломжийг олгохын тулд эмэгтэйчүүдийн өрөвдөн хайрлах, энэрэх сэтгэлийг илүү сайн хөгжүүлэн, оновчтой хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан” (Зина Д.Х.Янг, “First General Conference of the Relief Society,” Woman’s Exponent, 1889 оны 4-р сарын 15, 172).

Жюли Б.Бэк

Busath.com

“Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн зорилгыг тодорхойлон, эгч нарт зорилгынх нь талаар зааварласан. … Манай байгууллага өнөөдөр ч гэсэн бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр удирдагдаж байгаа юм” “Relief Society: A Sacred Work,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 11-р сар, 110–111).

“Их Эзэний бошиглогчид ахлагч нар, дээд пристүүдэд зорилго, үүрэг хариуцлагыг нь заасан шиг Халамжийн нийгэмлэгийн эгч нарын талаар хүлээн авсан илчлэлтүүдээ хуваалцдаг юм. Тэдний зөвлөгөөнөөс харахад Халамжийн нийгэмлэгийн зорилго бол итгэл, хувийн зөв шударга байдлыг өсгөх, гэр бүл, гэр орныг бэхжүүлэх, тусламж хэрэгтэй хүмүүсийг олж, тэдэнд туслах явдал гэдэг нь тодорхой харагдаж байна. Итгэл, гэр бүл, халамж—эдгээр энгийн гурван үг Сүм дэх эгч нарын талаар хэлсэн бошиглогчдын бошиглолыг илтгэн харуулж байна” (Жюли Б.Бэк, “Халамжийн нийгэмлэгийн бүлгийн талаарх бошиглогчдын бошиглол: Итгэл, гэр бүл, халамж” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 89–92).

  • Халамжийн нийгэмлэгийн зорилго хэрхэн Сүмийг бүхэлд нь адисалдаг бэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох хэрэгтэй: Халамжийн нийгэмлэг нь итгэл болон хувийн зөв шударга байдлыг нэмэгдүүлэх, гэр бүл, гэр орныг бэхжүүлэх мөн тусламж хэрэгтэй хүмүүсийг олж, тэдэнд туслахыг эрэлхийлэг. Эмэгтэйчүүд эдгээр зорилгыг биелүүлэх үед Сүм бүхэлдээ адислагддаг.)

  • Та Халамжийн нийгэмлэг өөрийн зорилгыг хэрхэн биелүүлж байгааг харсан уу?

Дараах хэлсэн үгийг үзүүлээд, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

“Бошиглогч Иосеф Смит, ‘Эмэгтэйчүүд ийм байдлаар зохион байгуулагдахгүй бол Сүм хэзээ ч төгс зохион байгуулагдахгүй’ [Сургаалаас: Иосеф Смит, 451] гэж тунхаглажээ. …

“Иосеф Смитээс гадна хожмын үеийн бусад бошиглогч ч мөн адил Халамжийн нийгэмлэг байгуулагдсан нь Сэргээлтийн Сүнсээр өдөөгдсөн хэсэг гэдгийг гэрчилсэн байдаг. Иймд Сүм дэх эмэгтэйчүүд нэг нэгэндээ туслан, Сүмийг бүхэлд нь адислахаар Сүмийн албанд дуудагддаг юм. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “Энэхүү байгууллага нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн бодгалийн авралын төлөө үйлчлэхээр бурханлагаар бүтээгдэн, бурханлагаар эрх мэдэл өгөгдөж, бурханлагаар байгуулагдаж, томилогдсон юм” [Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 184]” (Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 7).

  • Сайн мэдээний сэргээлтэд Халамжийн нийгэмлэгийн гүйцэтгэх үүргийн талаар энэ мэдэгдэл юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд тэд өөр үгээр илэрхийлсэн ч дараах үнэнийг ойлгож байгаа эсэхийг бататга: Халамжийн нийгэмлэг нь Есүс Христийн Сүмийн Сэргээлтийн сүнсээр өдөөгдсөн нэгэн хэсэг мөн. Энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Халамжийн нийгэмлэг зохион байгуулагдсан нь Сэргээлтийн нэгэн хэсэг байсан гэдгийг мэдэх нь хэрхэн та нарын амьдралыг өөрчлөх вэ?

  • Эмэгтэйчүүд Сүм дэх дуудлагуудыг хийх нь Сүмд “төгс зохион байгуулагдахад” хэрхэн туслах вэ?

Эмэгтэйчүүд ба санваар

Яагаад эмэгтэйчүүд санваарын албанд томилогддоггүйд эргэлздэг хүмүүс байдгийг суралцагчдад тайлбарла. Хэдийгээр бид яагаад эмэгтэйчүүд санваарын албанд томилогддоггүйг мэдэхгүй ч эмэгтэйчүүд Сүмийн дуудлагаараа мөн гэр орондоо санваарын ажилд оролцдог болохыг онцол.

handout iconНэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс: Эмэгтэйчүүдийн санваарын эрх мэдлийг ашиглаж болох арга замыг тодорхойлоход суралцагчдыг урь:

тараах материал, Эмэгтэйчүүд ба санваар

Эмэгтэйчүүд ба санваар

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс хэлсэн нь:

Ахлагч Даллин Х.Өүкс

“Тухайн үедээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Халамжийн нийгэмлэгт хандаж ийн хэлсэн байдаг: ‘Эгч нарт санваар өгөгдөөгүй мөн энэ нь тэдэнд олгогдоогүй байгаа нь Их Эзэнээс тэдэнд эрх мэдэл өгөгдөөгүй гэсэн үг биш юм. … Их Эзэний өргөөнд эгч нарын хийдэг ажлууд зэрэг бидний авралд зайлшгүй хэрэгтэй мөн шаардлагатай Сүм дэх тодорхой зүйлийг хийх эрх мэдэл нь тухайн хүнд эсвэл эгчид өгөгдсөн байж болно. Их Эзэний хувьд ариун нандин болох зарим агуу хийгээд гайхамшигтай зүйлсийг мөн санваарыг атгагчаар өгөгдсөн адислалуудын адил хүчин төгөлдөр эрх мэдэл тэдэнд өгөгдсөн байдаг’ [‘Relief Society—An Aid to the Priesthood,’ Relief Society Magazine, 1959 оны 1-р сар, 4].

Энэ онцгойлон хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Смит эмэгтэйчүүдэд эрх мэдэл өгөгдсөн тухай дахин дахин хэлсэн байдаг. Эмэгтэйчүүдэд хандан тэрээр, ‘Та нар эрх мэдлээр ярьж болно, учир нь Их Эзэн эрх мэдлийг та нарын дээр байрлуулсан’ гэжээ. Тэрээр мөн Халамжийн нийгэмлэгт “олон агуу зүйлийг хийх хүч хийгээд эрх мэдэл [өгсөн]. Тэдний хийдэг ажил нь тэнгэрлэг эрх мэдлээр хийгдсэн” хэмээн хэлжээ. Мөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хийсэн Сүмийн ажлууд нь ариун сүм эсвэл тойрог мөн салбарт алинд ч бай санваарын түлхүүрүүдийг атгагчийн удирдлага дор хийгдсэн байдаг. Тиймээс Халамжийн нийгэмлэгийн тухай ярьж байхдаа ерөнхийлөгч Смит, ‘[Их Эзэн] хүмүүсийнхээ сүнслэг хийгээд материаллаг хэрэгцээ сонирхлыг хараад … , тэдэнд тойргийнхоо бишопын удирдлага дор үйлчлэх эрх мэдэлтэй байж болох энэ агуу байгууллагыг өгсөн’ [‘Relief Society—An Aid to the Priesthood,’ 4–5] хэмээн тайлбарласан. …

Бид эмэгтэйчүүдийг Сүмийн дуудлагадаа санваарын эрх мэдлийг хүлээн авдаг хэмээн ярьж хэвшээгүй байдаг ч энэ нь өөр ямар эрх мэдлүүд байж болох вэ? Залуу эсвэл ахимаг настай эмэгтэйчүүд сайн мэдээг тунхаглахаар бүрэн цагийн номлолд онцгойлон адислагдахдаа санваарын үүргийг гүйцэтгэх санваарын эрх мэдлүүдийг хүлээн авдаг. Энэ нь санваарын түлхүүрүүдийг атгагч нэгний удирдлага дор Сүмийн байгууллагад алба эсвэл багшийн үүрэг гүйцэтгэхээр томилогдон адислагдсан эмэгтэйд мөн адил байна. Аливаа хүн алба юм уу дуудлагыг санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс хүлээн авснаар томилогдсон үүргүүдээ биелүүлэхдээ санваарын эрх мэдлийг ашигладаг” “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign эвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71).

  • Та ахлагч Өүксээс Сүм дэх эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагын талаар ямар үнэнийг олж мэдсэн бэ? (Суралцагчдыг хариултаа хуваалцах хооронд тэд дараах үнэнийг ойлгож байгаа эсэхийг бататга: Эмэгтэйчүүдийг Сүмд үйлчлэхээр онцгойлон адислах үед тэд тухайн ажлыг хийж гүйцэтгэх санваарын эрх мэдлийг хүлээн авдаг.)

Анги дээр ярилцсан үнэний талаарх суралцагчдын ойлголт болон бодол санааг гүнзгийрүүлэхийн тулд тэднийг хоёр хоёроор нь хувааж, тэднээс дараах зүйлийг ярилцахыг хүс:

  • Бид Сүмд эмэгтэйчүүдийн оруулдаг хувь нэмрийн ач холбогдлыг харуулахын тулд тэдний талаар хэлж ярьдаг зүйлсээ хэрхэн өөрчлөн сайжруулж болох вэ?

Суралцагчдыг эмэгтэйчүүдийн нөлөө болон Их Эзэний шавийн хувьд тэдний хийдэг ажлын тухай бодол санаагаа хуваалцахад урь. Суралцагчдыг хичээлийн турш мэдэрсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд, тэр тусмаа өөрсдийн амьдрал дахь Халамжийн нийгэмлэгийн ач холбогдлыг өсгөхөд нь урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал