19-р хичээл
Мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн тухай сургаал
Оршил
Есүс Христийн сайн мэдээ гэрлэлт ба гэр бүл нь Бурханаас томилогдсон гэх сургаалыг онцолж заадаг. Бошиглогч Иосеф Смит гэрлэсэн хос амилуулалтын дараа эхнэр, нөхөр хэвээр үргэлжлүүлэн амьдарч болно гэж заасан. Их Эзэнээс ирсэн илчлэлт тэрхүү “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд” (С ба Г 131:2) орох нь өргөмжлөлийг хүртэхэд шаардлагатай болохыг тайлбарладаг. Энэ хичээл нь гэрлэлтийг мөнхөд байлгахын тулд хос нь санваарын түлхүүрийг атгадаг хэн нэгнээр лацдан холбогдон, дараа нь зөв шударга амьдрах ёстой болохыг суралцагчдад тодотгож өгнө.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Рассэлл М.Нэлсон, “Селестиел гэрлэлт,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107–111.
-
Дэвид А.Бэднар, “Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны 6-р сар, 82–87
-
Жошуа Ж.Пэркий, “Why Temple Marriage?” New Era, 2013 оны 8-р сар, 30–32.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 49:15–17; 131:1–4
“Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ”
Тайлбар: Энэ хичээлийг заахдаа гэр орондоо хэцүү амьдралтай эсвэл гэрлэлт болон үр хүүхэдтэй холбоотой сэтгэлийн шарх эсвэл зовлонг мэдэрсэн суралцагчид байгаа эсэхийг анхаар. Хичээлдээ бэлдэн, зааж байхдаа тэдгээр суралцагчийн хэрэгцээг анхаар.
Суралцагчдад 1831 онд Огайогийн Көртландад Леман Коплей гэдэг хүн Сүмд элссэн гэдгийг хэл. Тэр бүжиглэхдээ биеэ сэгсчиж, хөгжимд алгаа таших маягаар шүтэн биширдэг байсан учраас ерөнхийдөө сэгсрэгчид буюу шейкерүүд гэж нэрлэгддэг байсан Христийн Хоёр дахь ирэлтэд итгэгчдийн нэгдсэн нийгэмлэгийн гишүүн байв. Леман Коплей сайн мэдээнд итгэдэг байсан хэдий ч шейкерүүдийн зарим сургаалд мөн адил итгэдэг байлаа. Тэр Иосеф Смиттэй уулзаж, уулзалтын үр дүнд Их Эзэн Иосефт Сургаал ба Гэрээ 49 гэдгээр нь мэдэх илчлэлтийг 1831 оны 5-р сарын 7-нд өгчээ. (Сургаал ба Гэрээний өмнөх хэвлэлийн хэсгийн оршлуудад энэ огноог 1831 оны 3-р сар гэж бичсэн байдаг.) Түүхчид 1831 оны 5-р сарын 7 гэсэн огноо нь илүү зөв болохыг сүүлийн үед олж тогтоожээ.
Шейкерүүд гэрлэлтийг эсэргүүцэж, (бэлгийн харьцаанаас татгалзан) ганц биеэр амьдрахад итгэдэг байв. Их Эзэн энэ худал сургаалыг илчлэлтээрээ залруулахаас гадна Леман Коплей болон бусад хүнд сайн мэдээг шейкерүүдэд номлохыг зарлиглажээ.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 49:15–17-г уншаад, Их Эзэн гэрлэлт болон гэр бүлийн ач холбогдлын талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд урь. Асуу:
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн гэрлэлтийн талаар юу гэж заасан бэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох хэрэгтэй: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаар томилогдсон.)
-
‘Дэлхий өөрийн бүтээлтийн зорилгыг хэрэгжүүлж болохын тулд’ гэрлэлт Бурханаар томилогдсон гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Суралцагчдын хариулт дараах үнэнүүдийг багтааж болно: Эхнэр, нөхөр хоёрт хүүхэдтэй болохыг зарлигласан. Бурханы хүүхдүүд гэр бүлээрээ амьдарч болох газрыг бий болгохоор дэлхийг бүтээсэн.)
-
Эдгээр шүлэгт заасан үнэнийг ойлгох нь хэрхэн бидэнд гэрлэлтийн талаарх Сүмийн сургаалыг тайлбарлахад туслах вэ?
Он жилүүд өнгөрсний дараа мөнхийн гэрлэлт, гэр бүлийн ач холбогдлын талаарх гэгээнтнүүдийн ойлголт ихээхэн өргөжин тэлсэн гэдгийг тайлбарла. 1843 оны 3-р сарын 16-нд Иосеф Смит Иллинойн Рамус руу аялсан байна. Бэнжамин болон Мэлисса Жонсоны гэрт байхдаа бошиглогч тэдэнд мөнхийн гэрлэлтийн талаар заасан юм. Рамуст байхад нь бошиглогчид өгсөн удирдамжийн зарим нь Сургаал ба Гэрээ 131-т цэдэглэгдсэн байдаг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг чанга уншихад урь.
-
Бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох хэрэгтэй: Бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орсон байх ёстой.) Энэ хам сэдэв дэх шинэ гэдэг үг уг гэрээ нь энэ эрин үед шинээр сэргээгдсэн гэсэн утгатай. Үүрдийн гэсэн үг хэллэг нь уг гэрээ нь үргэлжид байсан бөгөөд мөнхөд байх болно гэсэн утгатай болохыг тайлбарла. Та суралцагчдад эдгээр тодорхойлолтыг судрынхаа зайд бичиж авахыг зөвлөж болно.)
-
Бидний үед эрэгтэй, эмэгтэй хүн энэ “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд” хэрхэн ордог вэ?
Эрэгтэй, эмэгтэй хүн энэ гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд зөвхөн ариун сүм дотор орж болно. Ариун сүмийн гадна гэрлэсэн хүмүүс гэрлэлтийнхээ тангарагт “энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэсэн” гэх үг хэллэгийг ашиглаж болох ч Бурхан тэдгээр гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй юм.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь. Яагаад гэрлэлт чухал болох талаар ахлагч Нэлсоны заасан зүйлийг олж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
“Дэлхий даяар гэрлэлтийн талаарх сэдвээр хүмүүс ярилцан маргалддаг бөгөөд хамтран гэр бүл болдог янз янзын арга замууд байдаг. Миний энэ сэдвээр ярьж байгаагийн гол зорилго нь хүмүүсийн гэрлэлт нь ариун бөгөөд энэ нь Бурханаас томилогдсон болохыг Их Эзэний төлөөлөгчийн хувьд зарлан тунхаглах явдал юм. Түүнчлэн би ариун сүмийн гэрлэлтийн ач холбогдлыг гэрчилж байна. Бидний Бүтээгчийн Өөрийн хүүхдүүдэд өгч чадах гэрлэлт нь хамгийн эрхэм болоод хамгийн удаан үргэлжилдэг нь билээ.
Аврал нь хувь хүмүүсийнх бол, өргөмжлөл нь гэр бүлийн хэрэг явдал билээ. …
… Мөнхийн амьдралд тэнцэхийн тулд бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ үүрд мөнхийн гэрээг хийх ёстой [С ба Г 132:19-ийг үзнэ үү]. Ариун сүмийн гэрлэлт нь зөвхөн эхнэр, нөхөр хоёрын дундах төдийгүй энэ нь Бурхантай хамтардаг [Матай 19:6]” (“Селестиел гэрлэлт,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107–111).
-
Та “Аврал нь хувь хүмүүсийнх бол, өргөмжлөл нь гэр бүлийн хэрэг явдал” гэсэн өгүүлбэр ямар утгатай гэж бодож байна вэ?
-
Мөнхийн гэрлэлтэд “Бурхантай хамтардаг” гэдэг нь юу гэсэн үг вэ? Яагаад гэрлэлтэд Бурхантай хамтрах нь чухал гэж та бодож байна? (Зөвхөн гэрлэлтээр хувь хүн өөр нэгэн хүн болон Бурхантай гэрээнд ордог. Сайн мэдээний бусад гэрээ нь хувь хүн, Бурхан хоёрын хооронд хийгддэг.)
-
Мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн талаарх сэргээгдсэн сургаал нь хэрхэн элэгсэг дотно, тогтвортой гэр бүлийн амьдралыг бий болгох гэсэн хувь хүний хүслийг өргөх вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Парлей П.Пратт (1807–1857) энэхүү сэргээгдсэн сургаалын талаарх мэдлэг түүнд хэрхэн нөлөөлсөн болохыг тайлбарласан байдаг. Нэг суралцагчийг дараах үгийг уншихад урь.
“Миний хайрт эхнэр маань энэ амьдралд болон үүрд мөнхөд надтай байна гэдгийг би түүнээс [Иосеф Смитээс] олж мэдсэн юм. … Бид эдгээр хүсэл эрмэлзлээ хөгжүүлэн мөн адил зүйлд үүрд мөнхөд өсөн нэмэгдэн, бидний үүрдийн холбооны үр дүнд бид тэнгэр дэх одод эсвэл далайн эргийн элсэн ширхгийн адил тоолж барамгүй олон үр удамтай болох боломжтой гэдгийг мэдсэн юм. … Би өмнө нь хайрлаж байсан ч яагаад гэдгээ мэддэгүй байв. Харин одоо би цэвэр ариунаар, өндөрлөгт хүрсэн, өргөмжлөлийн мэдрэмжээр хайрлах боллоо” (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 297–298).
Хичээлийг цааш үргэлжлүүлэхийнхээ өмнө дараах зүйлийг ярилцах нь зүйтэй байж магадгүй:
“Сүмийн зарим гишүүн хэдийгээр гэрлэхийг хүсч байгаа ч, өөрсдийнх нь буруугаас биш ч ганц бие хэвээр үлддэг. Хэрэв та ийм нөхцөлд байгаа бол, ‘Бурханыг хайрладаг тэдний сайн сайхны төлөө бүх юмыг хамтдаа ажиллуулна’ (Ром 8:28) гэдгийг сана. Хэрэв та зохистой хэвээр байх аваас хэзээ нэгэн өдөр танд энэ амьдралд эсвэл дараачийн амьдралд мөнхийн гэр бүлийн харилцааны бүх адислалууд өгөгдөх болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 76)
Сургаал ба Гэрээ 132:1–21
Селестиел гэрлэлт нь өргөмжлөлд зайлшгүй чухал
Иосеф Смит Сургаал ба Гэрээ 131 дэх зааврыг өгснөөс хоёр сарын дараа одоо Сургаал ба Гэрээ 132 гэдгээр мэдэх илчлэлтийг бичүүлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 132-р хэсгийн толгой гарчгийг чанга уншихыг хүс. Олон эхнэр авах ёсын талаар дараагийн хичээл дээр судлах болно гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:3–6-г чангаар уншихад урь. Ангийнхнаас хамт хараад, гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орохын ач холбогдлыг харуулсан үг, хэллэгийг олж мэдэхийг хүс Дараах асуултуудыг ярилц:
-
Ямар үг, хэллэгүүд мөнхийн гэрлэлтийн ач холбогдлыг тодотгож байна вэ?
-
Энэ сургаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь ямар үр дагавартай вэ? (Та яллагдана гэдэг үг нь тухайн хүний мөнхийн өсөлт хөгжил зогссон гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.)
Тайлбар: Хэдэн минутын дотор суралцагчдад чухал үг, хэллэгийг олж харах судар судлах чухал чадварыг дөнгөж сая Сургаал ба Гэрээ 132:3–6 дээр ашигласан гэдгийг онцолж өг. Судар судлахдаа үг, хэллэгийг анхаарч, ойлгох нь чухал юм. 3–6-р шүлгийн хувьд дараах үгсийг ойлгох нь чухал: “хүлээн авч мөн дуулгавартай дагах,” дуулгавартай дагах ёстой,” “гэрээг үл баримталбаас, тэгвэл та нар яллагдах болой,” “эсэргүүцэх хэнд ч гэсэн,” “баримтлах ёстой.” Эдгээр үг хэллэгийн зарим нь мөн судар дахь санаануудын хоорондын холбогдлын жишээ юм. Холбогдол нь санаануудын хоорондын харилцаа холбоо эсвэл холбоосыг харуулдаг. Жишээлбэл: 3-р шүлэг нь бэлтгэх, хүлээн авах, дагах гэсэн санаануудын хоорондын уялдаа холбоог харуулж байна.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 132:7–8-ыг дотроо уншаад, эхнэр, нөхөр хоёрыг энэ амьдралын дараа гэрлэсэн хосын хувьд амьдрах боломжийг олгож буй Их Эзэний хуулийн нөхцөлийг олж мэдэхэд урь.
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр, гэрлэлтийг мөнхөд үргэлжлүүлэхийн тулд ямар нөхцөлийг хангасан байх шаардлагатай бэ? (Суралцагчдыг хариулах хооронд, дараах үнэнийг самбар дээр бич: Гэрээ нь зохих санваарын эрх мэдлээр хийгдэж, Амлалтын Ариун Сүнсээр лацдан холбогдсон бол мөнхөд үргэлжлэх болно.)
Амлалтын Ариун Сүнсний дараах тодорхойлолтыг хуваалц: “Ариун Сүнс бол Амлалтын Ариун Сүнс юм (Үйлс 2:33). Тэрээр Бурханд хүлээн зөвшөөрөгдөхүйц зөв шударга үйл, ёслол, гэрээнүүдийг баталдаг. Аврагч ёслолууд зохих ёсоор гүйцэтгэгдсэн хийгээд тэдгээртэй холбоотой гэрээнүүд сахигдаж байгааг амлалтын Ариун Сүнс Эцэгт гэрчилдэг” (Судруудын Удирдамж, “Амлалтын Ариун Сүнс,” scriptures.lds.org).
Суралцагчдад энэхүү зарчмыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг үзүүл:
“Лацдан холбогдоно гэдэг нь батлах, зөвтгөгдөх, эсвэл зөвшөөрөх гэсэн үг. Иймээс, Амлалтын Ариун Сүнсээр лацдан холбогдсон үйлдэл нь Ариун Сүнсээр батлагдан, Их Эзэнээр зөвшөөрөгдсөн гэсэн үг. Мөн үүрэг хариуцлагыг өөр дээрээ хүлээн авсан хүн хийсэн зүйлдээ Сүнсээр зөвтгөгдөх юм. Батлан лацдалт нь зөвхөн гэрээнд орж буй хүмүүс хувийн зөв шударга байдлын үр дүнд бурханлаг зөвшөөрлийг авахуйц зохистой болох үед ирнэ” (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 361–362).
Их Эзэн Сургаал ба Гэрээ 132:19–21-д цэдэглэснээр, мөнхийн гэрлэлтэд зориулсан нөхцөл, адислалуудыг тодорхойлж өгсөөр ирсэн. Суралцагчдад энэ шүлгийг судлахаар хоёр хоёроороо ажиллахыг даалга. Хосуудаас хоёр жагсаалт гаргахыг хүс: (1) гэрлэлтийг мөнхийн гэрлэлт болгох нөхцөл, (2) эдгээр нөхцөлийг биелүүлснээр хүлээн авах адислалууд. Хийж дууссаны дараа, жагсаалтад дараах зүйлсийг багтаасан байж болно.
Гэрлэлтийг мөнхийн гэрлэлт болгох нөхцөл
-
Гэрлэлт нь Их Эзэний хууль мөн “шинэ бөгөөд үүрдийн гэрээний” дагуу гүйцэтгэгдсэн байх ёстой.
-
Гэрлэлт нь Амлалтын Ариун Сүнсээр лацдан холбогдсон байх ёстой.
-
Гэрлэлт нь лацдан холболт хийх түлхүүрүүдийг атгасан нэгнээр гүйцэтгэгдэх ёстой.
-
Гэрлэж буй хос Бурханы гэрээг дагасан байх ёстой.
Хүлээн авах адислалууд
-
Гэрлэсэн хос анхны амилуулалтаар босч ирэх болно.
-
Гэрлэсэн хос хаан ширээ, хаант улс, вант улсууд, мөн хүчин, эзэгнэл, бүх өндөрлөг хийгээд гүнүүдийг өвлөн авна.
-
Гэрлэлт нь нас барсны дараа ч гэсэн мөн адил хүчин төгөлдөр байна.
-
Гэрлэсэн хос тэнгэр элчүүдийн хажуугаар өнгөрнө.
-
Гэрлэсэн хос өргөмжлөгдөж, бүх зүйлд алдар сууг авах болно.
-
Гэрлэсэн хосын “мөнхөд үр удмынх нь хувьд үргэлжлэл байна” (тэдний гэр бүл болон үр удам мөнхөд үргэлжлэх болно. Тэдэнд мөнхийн өсөлт байх болно).
-
Гэрлэсэн хос нь бурхад болж, тэдэнд төгсгөл гэж үгүй болно.
-
Гэрлэсэн хос бүх зүйлийн дээр мөн бүхнээс хүчтэй болж, бүх зүйл тэдэнд захирагддаг болно.
Мөнхийн гэрлэлтэд шаардагдах нөхцөл болон мөнхийн гэрлэлтийн амлагдсан адислалуудыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг ярилц:
-
Гэрлэлтийн гэрээгээ “дагах” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Та дагах гэдэг үгийн нэг утга нь үлдэх эсвэл үргэлжлүүлэх гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно. Түүнчлэн энэ үг нь гэрээнийхээ дагуу амьдрах гэсэн утгатай.)
-
Зөвхөн ариун сүмд лацдан холбогдох нь яагаад мөнхийн гэрлэлтэд хүрэхэд хангалтгүй вэ?
-
Тэнгэрлэг Эцэг танд амласан зүйлийн талаар бодох үед танд ямар бодол төрж байна вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүл:
“Селестиел гэрлэлт бол мөнх амьдралд бэлтгэх бэлтгэлийн нэн чухал хэсэг нь билээ. Энэ нь зөв хүнтэй, зөв газарт, зөв эрх мэдэлтнээр гэрлэсэн байхыг хэлэх бөгөөд мөн тэрхүү ариун гэрээг итгэлтэйгээр дагахыг шаарддаг. Тэгснээр уг нэгэн нь Бурханы селестиел хаант улсад өргөмжлөгдөх баталгаатай болж болох юм” (“Селестиел гэрлэлт,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107–111).
-
Та Сүмийн гишүүн бус хүнд “зөв газар, зөв эрх мэдэлтнээр” гэрлэхийн ач холбогдлыг хэрхэн тайлбарлах вэ?
-
Мөнхийн гэрлэлт болон гэр бүлийн тухай сургаалын ач холбогдлыг харгалзан үзвэл мөнхийн гэрлэлтэд бэлтгэж, бат бөх холбоог бий болгохын тулд та ямар зүйл хийж чадах вэ?
Суралцагчдыг ариун сүмийн лацдан холболт хийлгэхэд эсвэл лацдан холболттой холбоотой гэрээгээ илүү сайн сахихын тулд амьдралдаа ямар зүйлийг өөрчлөх хэрэгтэй байгаа талаар бодоход урь. Мөнхийн гэрлэлтийг эрэлхийлэхэд гаргасан золиослол болон хүч чармайлт үнэ цэнэтэй гэдгийг гэрчил:
Суралцагчийн унших материал
-
Рассэлл М.Нэлсон, “Селестиел гэрлэлт,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107–111.