Номын сан
15-р хичээл: Эсэргүүцлээс ирэх хүч


15-р хичээл

Эсэргүүцлээс ирэх хүч

Оршил

1837 болон 1838 онд Огайогийн Көртланд болон Миссури мужийн хойд хэсэгт байх Сүмийн зарим удирдагч болон гишүүдийн дунд нэг нэгнээсээ алдаа хайдаг, зөрчилдөөн болон урвалтын сүнс тархав. Зарим хүн бошиглогч Иосеф Смитийг илт эсэргүүцэх үед асуудал хурцдаж эхэлсэн байна. Эхэн үеийн гэгээнтнүүдийн туршлагаас бид зөв шударга амьдарч, Их Эзэний үйлчлэгчдийг дэмжвэл эсэргүүцэлтэй тулгарах үед сүнслэг хүч чадлыг хүлээн авдаг болохыг сурч болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 112:10–15

Огайогийн Көртланд дахь урвалт

Дараах үгсийг самбар дээр бич: уурласан, гомдсон, атаархсан. Суралцагчдыг эдгээр мэдрэмжийг мэдэрч байсан үеэ санахад урь.

Дараах түүхийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь. Суралцагчдаас Томас Б.Маршийг самбар дээр бичигдсэн мэдрэмжүүдийг мэдрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг олж тогтоохыг хүс.

1835 онд Томас Б.Марш төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараа удалгүй Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр томилогдсон байна. 1837 оны хавар, ерөнхийлөгч Марш Арванхоёр төлөөлөгчийн нэг болох ахлагч Парлей П.Праттыг өөрийнх нь удирдамжгүйгээр Англи руу номлолд явах гэж байгааг олж мэдэв. Миссурид байсан ерөнхийлөгч Марш ахлагч Пратт болон Арванхоёрын бусад гишүүнд захидал бичиж, 1837 оны 7-р сарын 24-нд Огайогийн Көртландад номлолын төлөвлөгөөгөө нэгтгэх талаар түүнтэй уулзахад урьсан байна. Гэвч энэ уулзалт болохоос нэг сарын өмнө, Арванхоёрын өөр хоёр гишүүн болох ахлагч Хебер С.Кимбалл, Оорсон Хайд нар бошиглогч Иосеф Смитээс номлолын дуудлагаа хүлээн авсныхаа дараа Англи руу явсан байв. Ерөнхийлөгч Марш Арванхоёрын гишүүдээс өөрийнх нь оролцоогүйгээр сайн мэдээг Англид номлохоор явж эхэлсэнд сэтгэл дундуур байсан юм.

  • Энэ нөхцөлд, самбар дээр дурдагдсан мэдрэмжүүдийг мэдрэхгүйн тулд ерөнхийлөгч Марш юу хийж болох байсан бэ?

  • Ийм мэдрэмжээр бодол болон үйлдлээ удирдуулах нь ямар аюултай вэ? (Эдгээр мэдрэмж нь Ариун Сүнсийг гутаан доромжилдог бөгөөд ихэвчлэн өөр илүү ноцтой нүгэл рүү хөтөлдөг.)

Нэг суралцагчаас дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.

Ерөнхийлөгч Марш бошиглогч Иосеф Смитэд санааг нь зовоож байгаа зүйлээ хуваалцаж, түүний зөвлөгөөг эрэлхийлэв. Их Эзэн хариуд нь Сургаал ба Гэрээ 112-т цэдэглэгдсэн илчлэлтийг өгсөн байна.

1837 оны долдугаар сард, Их Эзэн энэ илчлэлтийг өгөх үед Сүм эв нэгдэлгүй байдал, сөргөлдөөн, урвалттай тулгарч байлаа. Бардамнал ба шунал нь Сүмийн зарим гишүүнийг бошиглогч Иосеф Смитийг илт шүүмжилж, түүний эрх мэдэлд эргэлзэж эхлэхэд хүргэсэн байна. Тэр ч байтугай Сүмийн зарим гишүүн тэр дундаа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын зарим гишүүн ерөнхийлөгч Иосеф Смитийг Сүмийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас нь буулгах оролдлого хийв.

  • Ямар мэдрэмж Сүмийн зарим гишүүнийг үнэний талаарх өөрсдийн гэрчлэлийг үл тоомсорлон, бошиглогч Иосеф Смитийг нээлттэй эсэргүүцэхэд хүргэсэн бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 112:10–12 болон 15-ыг уншаад, Сүмийн гишүүдэд удирдагчдаа шүүмжлэхээс зайлсхийхэд нь туслах, ерөнхийлөгч Марш болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын бусад гишүүнд өгсөн Их Эзэний зөвлөгөөг олж мэдэхэд урь.

Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Дараа нь асуу:

  • Эдгээр шүлэг дээрх зөвлөгөө нь хэрхэн Сүмийн гишүүдэд удирдагчдаа шүүмжлэхээс зайлсхийхэд нь туслах вэ? (Суралцагчдыг хариултаа хуваалцах хооронд, тэдэнд дараах зарчмыг ойлгоход нь тусал: Хэрэв бид даруу байвал Их Эзэн бидний залбиралд хариулна. Их Эзэн биднээс Сүмийг тэргүүлэх түлхүүрүүдийг атгасан удирдагчдаа дэмжихийг шаарддаг. Та суралцагчдад 15-р шүлгийг Сургаал ба Гэрээ 84:35–38-тай харьцуулж уншихыг санал болгож болно. Түүнчлэн Арванхоёрын гишүүдэд сануулах зөвлөгөөг Сүмийн гишүүдэд биш харин Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчид өгсөн гэдгийг онцолж болно.

тараах материал, Хүчирхэг хэвээр үлдэх нь

handout iconЭнэ хичээлийн төгсгөлд байгаа тараах материалын нэг хувийг суралцагч бүрд тарааж өг. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваан, бүлэг бүрийг “Көртланд дахь урвалт: Сүмийн удирдагчдыг итгэлтэйгээр дагах шаардлага” нэртэй хэсгийг хамтдаа уншихад урь. Суралцагчдаас хэсгийн төгсгөлд байгаа асуултуудыг бүлгээрээ ярилцахыг хүс.

Та Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хебер С.Кимбаллын (1801–1868) хэлсэн дараах үгийг үзүүлэн, хичээлийн энэ хэсгийг дуусгаж болно:

Ерөнхийлөгч Хебер С.Кимбалл

“Наувуд байхдаа Иосеф Смит ахын өгдөг байсан түлхүүрийг би чамд өгье. Энэ Сүмд болон хаант улсын удирдагчдад итгэх итгэлээ алдсанаар, урвалтын анхны алхам эхэлдэг ба хэдийд ч чиний ялган таньж болох тэрхүү сүнсийг эзэмшигч нь урвалт руу хөтөлдөг зам дээр байдаг гэж тэр хэлж билээ” (“Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит” [2007], 359).

Бошиглогч болон Сүмийн удирдагчдыг итгэлтэйгээр дагахын ач холбогдлыг илүү тодотгож өгөхийн тулд тухайн үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан Бригам Янгийн (1801–1877) амьдралд тохиолдсон дараах туршлагыг унш.

Ерөнхийлөгч Бригам Янг

“Көртландад байхдаа Бригам Янг бүр ариун сүм дотор бошиглогч Иосеф Смитийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж байсан урвагчдын бүлэгтэй тулгарчээ. Тэр ‘Би босч, шулуухан, итгэлтэйгээр Иосеф бол бошиглогч мөн, үүнийг би мэднэ, тэд түүнийг зэмлэн буруутгаж, өөрсдөдөө таалагдсанаар гүтгэж гүжирдэж болох ч тэд Бурханы бошиглогчийнх нь томилолтыг устгаж чадахгүй, харин тэд зөвхөн өөрсдийнхөө эрх мэдлийг алдаж, бошиглогчтой болон Бурхантай өөрсдийг нь холбосон хэлхээ холбоог таслан, өөрсдийгөө тамд живүүлэх болно гэдгийг энгийн атлаа шаардсан өнгө аясаар тэдэнд хэллээ’” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 79).

Сургаал ба Гэрээ 121:1–10, 16–17; 122:1–9

Миссури мужийн хойд хэсэг дэх сөргөлдөөн

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд нь хэвээр үлдээн, бүлэг бүрийг “Миссури мужийн хойд хэсэг дэх зөрчил: Эсэргүүцлийг дажгүй давж гарч сурах нь” нэртэй тарааж өгөх материалын хоёр дахь хэсгийг уншихад урь. Энэ хэсэгт гэгээнтнүүдийг Миссури мужийн хойд хэсгээс хөөгдөхөд болон бошиглогчийг Либерти шоронд хийхэд хүргэсэн үйл явдлуудыг дүрсэлдэг болохыг тайлбарла. Суралцагчдаас хэсгийн төгсгөл дэх асуултуудыг бүлгээрээ ярилцахыг хүс.

Суралцагчид тараах материалыг үзэж дууссаны дараа, Сургаал ба Гэрээ 121–123-т бошиглогч Иосеф Смит Либерти шоронд байх хугацааныхаа төгсгөл үед гэгээнтнүүдэд бичсэн захидлын зарим хэсэг орсон болохыг тайлбарла.

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 121:1–6-г ээлжлэн чанга уншихыг хүс. Бошиглогчийн Их Эзэнд илэрхийлсэн асуултуудыг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Та ямар асуултууд олсон бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:7–10, 16–17; 122:7–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, Иосеф Смитийн гуйлтад өгсөн Их Эзэний хариулт хэрхэн дайснуудаас нь үргэлжлэн ирэх эсэргүүцэлтэй нүүр тулахад Иосефыг хүчирхэгжүүлсэн байж болох талаар бодохыг хүс.

Суралцагчдаас уншсан шүлгээсээ сурсан сургаал болон зарчмуудыг хэлэхийг хүс. (Хариулт нь дараахыг агуулж болно: Хэрэв бид эсэргүүцлийг мөнх бус оршихуйд дажгүй давж чадвал, Бурхан биднийг одоо болон мөнхөд адислах болно. Их Эзэний үйлчлэгчдийг буруутгасан хүмүүс нь нүглийн үйлчлэгчид мөн. Бид Их Эзэний Цагаатгалд найдаж, Түүний итгэлтэйгээр тэсвэрлэн гарсан үлгэр жишээг санаж байвал соригдох үедээ хүчирхэгжинэ.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Үндсэндээ сорилтууд нь хүнд байдаг. Тэдгээр нь сэтгэл эмзэглүүлэм, шаналгаа зовлонтой байж, олон шөнө нойргүй хонож, дэрээ нэвтэртэл уйлахад хүргэж болно. Гэвч бидэнд тулгардаг сорилтууд сүнслэг байдлын хувьд биднийг сүйрэлд хүргэх ёсгүй. Сорилтууд биднийг гэрээнүүдээ сахихгүй байхад, Бурханы гэр бүлээс холдон хөндийрөхөд хүргэх ёсгүй. …

Төмрийг ган болгон хувиргадаг цоргим халуун гал лугаа адил бидний итгэл хүндээр соригдох үед сүнсний ариусал бидэнд ирж, бидний сүнсний хүч чадал өсөн нэмэгдэх болно (“Итгэлийн тань сорилт,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 49–52).

Суралцагчдыг итгэл нь соригдох эсвэл эсэргүүцэлтэй тулгарах үед Бурхан тэднийг хүчирхэгжүүлнэ гэдгийг санаж байхын тулд юу хийсэн эсвэл хийх талаар бодоход урь. Суралцагчдад хэцүү цаг үед Бурханд найдах тухай туршлагаа эсвэл бодол санаагаа хуваалцах цаг гаргаж өг.

Суралцагчийн унших материал

Эсэргүүцэлтэй тулгарах үед хүчирхэг хэвээр үлдэх нь

Сэргээлтийн үндэс—15-р хичээл

Көртланд дахь урвалт: Сүмийн удирдагчдыг итгэлтэйгээр дагах шаардлага

1837 онд Огайогийн Көртланд дахь гэгээнтнүүд санхүүгийн асуудалтай тулгарав. Гэгээнтнүүдэд санхүүгийн тал дээр бие даахад нь туслахын тулд Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч банктай адил компанийг үүсгэн байгуулж, түүнийгээ Көртланд аюулгүй байдлын нийгэмлэг гэж нэрлэсэн байна. Тухайн үеийн олныг хамарсан эдийн засгийн хямралын үед Нэгдсэн Улс даяар олон банк дампуурсан ажээ. Көртланд аюулгүй байдлын нийгэмлэг ч мөн адил 1837 оны намар дампуурсан байна. Банкны 200 хөрөнгө оруулагч бараг бүхнээ алдаж, тэдний дунд Иосеф Смит хамгийн их алдагдлыг хүлээсэн байна. Хэдийгээр Көртланд аюулгүй байдлын нийгэмлэг нь Сүмийн үүсгэн байгуулсан байгууллага биш ч гэсэн зарим гэгээнтэн уг байгууллагыг Сүмийн банк буюу бошиглогчийн банк гэж үздэг байсан бөгөөд санхүүгийн асуудалд Иосеф Смитийг буруутгаж байв. Зарим нь түүнийг унасан бошиглогч гэж дуудах болжээ. Хэдийгээр банк дампуурсан ч гэсэн мөнгөө алдсан олон хүн итгэлтэй мөн бошиглогчид үнэнч хэвээр үлдсэн байна.

Урвалт болон нэг нэгнээсээ алдаа хайх сүнс олон гэгээнтний дунд өсөн нэмэгдэх болов. 1838 оны 6-р сар гэхэд дөрвөн төлөөлөгч, Мормоны Номын гурван гэрч, Тэргүүн Зөвлөлийн нэг гишүүн нийт ойролцоогоор 200-аас 300 урвагч Сүмийг орхин явсан байна. Хэдий тийм ч, ихэнх гишүүн Бригам Янгийн адилаар энэхүү шалгуурын үеийг итгэлтэйгээр давж гарчээ. Тэд Их Эзэнээр хүчирхэгжиж, гэрчлэлдээ үнэнч хэвээр үлдсэн юм. Энэ үед Сүмийг орхин явсан хэд хэдэн хүн хожим нь эргэн ирж, Их Эзэний Сүмд дахин нэгдэх хүсэлт гаргасан байдаг. Тэдний дунд Оливер Каудери, Мартин Харрис, Лук Жонсон болон Фредерик Г.Виллямс нар байв.

Көртланд дахь энэхүү хүнд бэрх үед хэдэн урвагч нийлж, Иосеф Смитийг алах оролдлого хийсэн байна. Тэр Сүнсний сэрэмжлүүлэг аван, Сидней Ригдонтой хамт 1838 оны 1-р сарын 12-нд Көртландаас явав. Дайснууд нь тэдний араас олон өдөр мөшгөн хөөсөн ч Их Эзэн тэднийг хамгаалжээ. Тэд гэр бүлтэйгээ Миссуригийн Фар Вестэд 1838 оны 3-р сарын 14-нд иржээ.

Дараах асуултуудыг бүлгээрээ ярилц:

  • Эсэргүүцэлтэй тулгарах үед хэрхэн хариу үзүүлэх талаар ямар зарчмыг эдгээр үйл явдлаас сурч болох вэ? Эдгээр үйл явдлаас Сүмийн эсрэг эсэргүүцэлд хэрхэн хариу үзүүлэх талаар бид юу сурч болох вэ?

  • Бусад хүн шүүмжилж байсан ч Сүмийн удирдагчдадаа итгэлтэй хэвээр үлдэхийн тулд бид юу хийж чадах вэ?

  • Та бошиглогчдыг дагасныхаа улмаас ямар арга замаар адислагдаж байсан бэ?

Миссури мужийн хойд хэсэг дэх зөрчилдөөн: Эсэргүүцлийг дажгүй давж гарч сурах нь

1897 болон 1838 онд Фар Вестэд гэгээнтнүүдийн дунд амьдарч байсан зарим үнэнч бус, Сүмээс хөөгдсөн гишүүд Сүмийн болон удирдагчдынх нь эсрэг шүүхэд зарга үүсгэж, Сүмийг хавчиж эхэлсэн байна. 1838 оны 6-р сард, Сидней Ригдон сүүлд нь “Давсны сургаал” гэдгээр нь мэдэх болсон хатуухан үгийг хэлэв. Тэр Матай 5:13-ыг эш татан, хэрэв давс амтаа алдвал юунд ч хэрэг болдоггүй бөгөөд хаях хэрэгтэй буюу Сүмийг орхин явсан хүмүүсийг гэгээнтнүүдийн дундаас хөөн зайлуулах хэрэгтэй гэсэн утгаар хэлжээ. Хоёр долоо хоногийн дараа, 7-р сарын 4-нд Сидней Ригдон үг хэлж, гэгээнтнүүд “устгах дайнд” хүргэх байсан ч, өөрсдийгөө хамгаална гэж амлав. Энэ хоёр үг нь Их Эзэний “амар амгаланг уриал” (Сургаал ба Гэрээ 105:38) гэсэн заавартай зөрчилдөж байсан ч хоёул хэвлэгдэн, хожмын үеийн гэгээнтэн бус хүмүүсийн дунд ихээхэн айдас төрүүлжээ.

Энэ үед Сампсон Авард гэх хөрвөгч түүнтэй нэгдсэн хүмүүстэй Данчууд хэмээн нэрлэгдэх дээрэмчдийн бүлгэмийг байгуулан, нууц тангараг өргөв. Авард нь тэдэнд Миссуригийн оршин суугчдыг дээрэмдэн тонохыг зааварлан, энэ нь Бурханы хаант улсыг байгуулахад тусална гэж хэлж байв. Авард нь өөрийн дагагчдыг Тэргүүн Зөвлөлөөс удирдамж авсан гэдэгтээ итгүүлсэн байна. Хожим нь үнэн илчлэгдэж, Авард сүмээс хөөгдсөн юм. Авардын үйлдэл Сүмийн нэр хүндэд томоохон хохирол учруулан, бошиглогчийг Либерти шоронд хоригдоход нөлөөлсөн байна.

1838 оны 10-р сард Сүмийн гишүүд болон Миссуригийн орон нутгийн цэргийнхний хооронд сөргөлдөөн болж, хоёр талын хоёулангийнх нь цөөн тооны хүн нас барав. Тулалдааны талаарх хэтрүүлэгтэй мэдээлэл Миссури мужийн захирагч Лилбурн В.Боггсын сонорт хүрч, үүний дараа тэрээр устгах тушаал гэдгээр нь мэдэх болсон “Хэрэв ард түмний сайн сайхны төлөө бол мормончуудыг дайсан гэж үзэн, устгах буюу мужаас хөөн гаргах ёстой” гэсэн тушаалыг өгөв (quoted in History of the Church, 3:175). Удалгүй, гэгээнтнүүдийн тоог тавь дахин нугалсан орон нутгийн цэргийнхэн Фар Вест хотыг бүсэлсэн байна. Иосеф болон Сүмийн бусад удирдагч Либерти дэх шоронд хоригдон, тэндээ бүтэн өвлийг өнгөрүүлжээ. Үлдсэн гэгээнтнүүд мужийг орхин гарахаас өөр замгүй болов.

Дараах асуултуудыг бүлгээрээ ярилц:

  • Эдгээр үйл явдлаас бидэнд зөрчлийг дажгүй сайн давж гарахад туслах ямар зарчмыг сурч болох вэ?

  • Бидний хүн нэг бүр уналт эсвэл зөрчлийн үед Аврагчийн үлгэр жишээг дагах нь яагаад чухал байдаг вэ? Зарим гэгээнтэн үүнийг хийгээгүй учраас Миссури мужийн хойд хэсэгт юу болсон бэ?

  • Та хэн нэгэн хүний үг эсвэл үйлдэл нь өөр нэг хүний Сүмийн талаарх үзэл бодолд эергээр нөлөөлж байгааг хэзээ харсан бэ?