Номын сан
3-р хичээл: Мормоны Ном ирсэн нь


3-р хичээл

Мормоны Ном ирсэн нь

Оршил

Их Эзэн Мормоны Номыг хүлээн авч, орчуулахад Иосеф Смитийг бэлтгэхийн тулд тэнгэр элч Моронайг илгээжээ. Түүний орчуулах явцын талаар мэдээлэл бага байдаг. Иосеф Смит Мормоны Ном нь “Бурханы бэлэг ба хүчээр” (Мормоны Номын удиртгал, 1830 оны хэвлэл) орчуулагдсан гэж хэлжээ. Их Эзэн гэрчүүдийн хуулийн дагуу (2 Коринт 13:1-ийг үзнэ үү) өөр бусад хэдэн хүнд энэхүү эртний цэдгийн гэрч байх боломжийг өгчээ. Тэдний гэрчлэл бүх дэлхий дэх Мормоны Номын үнэн байдлыг хүчирхэгжүүлдэг.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Нийл А.Максвэлл, “By the Gift and Power of God,” Ensign, 1997 оны 1-р сар, 36–41.

  • “Book of Mormon Translation,” Gospel Topics, lds.org/topics.

  • “Coming Forth of the Book of Mormon and Restoration of the Priesthood,” chapter 5 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 52–66.

Заах зөвлөмж

Иосеф Смит—Түүх 1:30–35, 42–54

Бурханы бэлэг болон хүчээр орчуулав

1823 оны 9-р сарын 21-ний шөнө залуу Иосеф Смит дээр хүрч ирсэн тэнгэр элч Моронайн айлчлалын тухай санаж байгаа зүйлээ ангийнханд нэгтгэн дүгнэж хэлэхэд нэг эсвэл хоёр суралцагчийг урь. Шаардлагатай бол дараах мэдээллийг хуваалц.

“Иосеф 1823 оны 9-р сарын 21-ний орой Нью-Йоркийн Палмира дахь гэрийнхээ дүнзэн байшингийн дээврийн өрөөнд унтахаар хэвтсэн ч, гэрийнхнээ унттал, өөрийнх нь талаар Бурхан ямар зорилготой байгааг бүр тодорхой мэдэхийн тулд чин сэтгэлээсээ залбирах гэж сэрүүн байжээ. …

Иосеф залбирлынхаа хариуд ‘үд дундынхаас илүү гэрэлтэй’ мэт болтол үргэлжлэн нэмэгдэх нэгэн гэрэл өрөөнд нь улам тодрон гэрэлтэхийг харав. ‘Үлэмж цагаан’ орхимжтой тэнгэрийн нэгэн элч орных нь хажууд хүрч ирэн, агаарт зогсож байлаа. Иосеф Смит—Түүх 1:30–31. Энэ элч бол Мормоны Номонд бичигдсэн ялтсуудыг олон зууны тэртээ газарт булсан, эдүгээ энэхүү ариун цэдэгт хамаарах түлхүүрүүдийг эзэмшиж байсан нифайчуудын сүүлчийн бошиглогч Моронай байсан аж (С ба Г 27:5-ыг үзнэ үү). Тэрээр Бурхан Иосефын нүглийг өршөөснийг бас хийх нэгэн агуу ажил түүнд байгааг Иосефт хэлэхээр иржээ. Энэ ажлын нэг хэсэг нь Иосеф алтан ялтсууд дээр бичигдсэн ариун цэдгийг булсан ойролцоох гүвээ рүү очих явдал байв. Иосеф … цэдгийг орчуулж, дэлхийд авчрах ёстой байв.

Маргааш нь Иосеф Мормоны Номын ялтсуудыг булсан гүвээ рүү очив. Тэнд тэр Моронайтай уулзаж, ялтсуудыг харсан ч ялтсуудыг авахын тулд дахиад дөрвөн жил хүлээх хэрэгтэй гэдгийг Моронай түүнд хэлжээ. …

1827 оны 9-р сарын 22-нд, [Иосефын эхнэр Эмма] Иосефтой хамт Кумора гүвээ рүү очиж, Моронай ялтсуудыг бошиглогчид гардуулж өгөх үед ойрхон хүлээж байжээ” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 69–70).

Суралцагчдыг Мормоны Номын нүүр хуудсыг нээснийхээ дараа эхний догол мөрийг гүйлгэж хараад, энэхүү эртний цэдэг хэрхэн ирж мөн орчуулагдсан тухай мэдээллийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг уншсаны дараа тэднээс олж мэдсэнээ хуваалцахыг хүс. (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох хэрэгтэй: Мормоны Ном Бурханы бэлэг ба хүчээр орчуулагдсан.)

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:34–35-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Мормоны Номыг орчуулахад нь Иосеф Смитэд тусалсан Их Эзэний нэг арга замыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Иосеф Смитийг эртний цэдгийг орчуулахад тусалсан Их Эзэний нэг арга зам юу вэ? (Их Эзэн орчуулгад нь зориулж Урим ба Туммимыг өгсөн.)

Иосеф Смитийн Мормоны Номыг орчуулж байхдаа ашигласан өөр нэг зэмсэг бол жижигхэн зууван хэлбэртэй чулуу бөгөөд үүнийг заримдаа “үзмэрч чулуу” гэж нэрлэдэг байв. Тэрээр түүнийг алтан ялтсуудыг авахаасаа хэдэн жилийн өмнө олж нээсэн байдаг (“Book of Mormon Translation,” Gospel Topics, lds.org/topics-ийг үзнэ үү). Бошиглогч орчуулга хийхдээ заримдаа Урим ба Туммимыг, харин зарим үед үзмэрч чулууг ашигладаг байсан гэдгийг түүхэн цэдэг харуулдаг.

Их Эзэн Урим ба Туммим болон үзмэрч чулуугаар дамжуулан Мормоны Номын англи хэл дээрх орчуулгыг бошиглогчид илчилсэн гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах өгүүлбэрийг чанга унш:

Хүмүүсийг Иосефоос орчуулгын явцын тухай нарийн тодорхой тайланг хүсэх үед тэрээр хэд хэдэн нөхцөлд энэ нь ‘Бурханы бэлэг ба хүчээр’ орчуулагдсан гэдгийг дурдаад, ‘Мормоны Ном хэрхэн ирсэн тухай нарийн тодорхой тайланг дэлхийд өгөх шаардлагагүй’ гэж нэмж хэлжээ.

Гэсэн хэдий ч, орчуулгыг хөндлөнгөөс ажиглаж байсан бичээчид, бусад зарим хүн энэхүү үйл явцын тухай ойлголтыг нэмж өгсөн олон цэдгийг үлдээсэн байдаг. Зарим цэдэг Иосефыг ялтсууд дээрх үсгүүдийг судалдаг байсан гэдгийг нотолдог. Ихэнх цэдэг Иосефын Урим ба Туммимыг (орчуулагч эсвэл үзмэрч чулуу) ашиглаж байсан тухай өгүүлдэг бол олон цэдэг түүнийг нэгэн чулуу ашиглаж байсныг дурддаг. Эдгээр цэдэгт өгүүлснээр, Иосеф орчуулагч буюу үзмэрч чулууг бүрх малгайнд хийгээд, дараа нь гадны гэрлээс халхлахын тулд нүүрээ уг малгайнд оруулан, уг зэмсгэн дээр гарч ирсэн англи үгсийг чанга уншдаг байжээ. Дээр тайлбарласан үйл явц нь Бурханы ‘харанхуйг гэрлээр гийгүүлэх чулууг бэлтгэн’ [Алма 37:23–24] өгч буй Мормоны Номон дахь түүхийг санагдуулдаг” (“Book of Mormon Translation,” Gospel Topics, lds.org/topics).

Их Эзэний тусламж Иосеф Смит богино хугацаанд Мормоны Номыг орчуулсан гэдгийн нотолгоо болсон гэдгийг тайлбарла. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Иосеф Смит Мормоны Номыг маш богино хугацаанд орчуулсан тухай бодоод үз. 1828 оны 4-р сараас 6-р сар хүртэл Иосеф хожим нь Мартин Харрисын алдсан 116 хуудсыг орчуулсан. Иосеф 1829 оны 4-р сарын 7-ноос эхлэн бичээч Оливер Каудерийн хамт дахин орчуулж эхэлжээ. Уг гар бичмэлийг 85 өдрийн дараа буюу тэр жилийнхээ 6-р сарын 30-нд дуусгасан байна. Мэдээж хэрэг энэ үед дан ганц орчуулгын ажлыг хийгээгүй нь лавтай. … Мэдэж байгаагаар, бошиглогч болон түүний бичээчийн энэхүү номыг орчуулахад зарцуулсан үлдсэн 65 өдөр эсвэл үүнээс ч бага байж магадгүй өдрүүд нь одоогийн хувилбараар 531 хуудсыг агуулсан байв. (John W. Welch, Ensign, 1988 оны 1-р сар, х. 46–47-г үзнэ үү.) Тооцоолж үзвэл өдөрт найман хуудас орчуулж байсан байна. Та ямар нэгэн ном орчуулахдаа эсвэл Мормоны Номыг унших хуваариа төлөвлөхдөө энэ тухай бодож үз” (“A Treasured Testament,” Ensign, 1993 оны 7-р сар, 61–62).

  • Мормоны Ном “Бурханы бэлэг ба хүчээр” ирсэн ямар ямар арга зам байдаг вэ?

  • Хэрэв бид Мормоны Ном хэрхэн ирсэн тухай бүх нарийн тодорхой мэдээллийг мэдэхгүй бол энэ ном үнэн гэдгийг хэрхэн мэдэж чадах вэ? (Бид Мормоны Номын орчуулгын тухай бүх нарийн тодорхой мэдээллийг мэдэхгүй үедээ ч Мормоны Номын сүнслэг гэрчийг хүлээн авч чадна.)

  • Мормоны Номын тухай гэрчлэлтэй болоход танд юу тусалсан бэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Анхны үзэгдлийн дараагаар ирж айлчилсан анхны гэрч Моронай Мормоны Ном болон орчуулагдсан ялтсуудтай ирсэн. Ямар онцгой мөн гайхамшигтай зүйл байв аа. Иосефын алтан ялтсуудын түүх ер бусын юм. Энэ нь итгэхэд хэцүү мөн эсэргүүцэхэд амархан байв. Тэр үүнийг хувийн чадавхаараа бичиж чадах байсан уу? Хүн болгон харах, барих мөн унших Мормоны Ном энд байна. Түүний бидэнд тайлбарлаж өгснөөс гадна уг сурвалжийг тайлбарлах оролдлого болгон нь бүтээгүй. Тэр бага боловсролтой байсан хэдий ч маш богино хугацаанд 500 гаруй хуудсаас бүрдсэн орчуулгыг гаргаж авчирсан. …

Эдгээр он жилийн турш шүүмжлэгчид Мормоны Номыг тайлбарлахыг хичээсээр ирсэн. Тэд үүний эсрэг ярьсан. Тэд үүнийг тохуурхсан. Гэвч шүүмжлэгчдээс нь ч Мормоны Ном амьд хэвээр үлдсэн. Мөн үүний нөлөөлөл нь өнөөдөр түүхийн аль ч цаг үед байснаас илүү байгаа билээ” (“The Stone Cut Out of the Mountain,” Ensign эсвэл 2007 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85).

  • Мормоны Ном үнэн гэдэгт итгэхийг хичээж байгаа хэн нэгэнд туслахын тулд та юу хэлж болох вэ?

Мормоны Ном Бурханы бэлэг болон хүчээр ирсэн гэдгийг гэрчил.

Сургаал ба Гэрээ 17

Гурван гэрч ба Найман гэрчийн гэрчлэл

Иосеф Смит Мормоны Номыг орчуулж байхдаа Их Эзэн гурван гэрчид эртний ялтсуудыг харах зөвшөөрлийг өгөх юм байна гэдгийг мэджээ (2 Нифай 27:12–13; Ифер 5:2–5-ыг үзнэ үү). Тэр үед Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар онцгой гэрч байх хүслээ илэрхийлэв. Сургаал ба Гэрээ 17 нь эдгээр хүнд өгсөн Их Эзэний зааврыг агуулдаг.

Хэд хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 17:1–6-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн гэрчүүдийг ялтсуудыг харсныхаа дараа юу хийхийг тэдэнд зааварласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцсаны дараа, дараах асуултыг асуу:

  • Их Эзэн эдгээр гэрчид ялтсуудыг харахыг зөвшөөрөхөөс өмнө тэд яагаад эртний бошиглогчдын адил итгэлээ харуулах шаардлагатай болсон гэж та бодож байна вэ?

  • 3–5-р шүлэгт цэдэглэснээр, эдгээр гэрч ялтсуудыг харсныхаа дараа ямар үүрэг хариуцлагатай болсон бэ?

  • Их Эзэнийг бидэнд Мормоны Номын үнэнийг илчлэх үед бид ямар үүрэг хариуцлагатай болдог вэ? (Суралцагчид дараахтай төстэй зарчмыг олж тогтоох хэрэгтэй: Бид үнэний гэрчийг олж авсныхаа дараа үүнийг хуваалцах үүрэг хариуцлагатай болдог. [Мөн С ба Г 88:81-ийг үзнэ үү.]) Та энэ зарчим нь судруудаас олж болох загварын жишээ гэдгийг онцолж болно. “Загвар гэдэг нь ямар нэгэн зүйлийг дахин дахин хийхэд зориулсан удирдамж болгон ашиглах төлөвлөгөө, үлгэр дуурайл эсвэл жишиг юм” (Бригам Янгийн Их сургууль, галын дэргэдэх цугларалт, 2007 оны 2-р сарын 4), 5, speeches.byu.edu].)

  • Үнэнийг гэрчлэх нь хэрхэн бидний итгэлийн нотолгоо болдог вэ?

Нэг суралцагчийг Иосеф Смитийн Гурван гэрчтэй хамт олж авсан туршлагыг чанга уншихад урь:

“Мартин Харрис, Давид Витмер, Оливер Каудери болон миний бие ойролцоох төгөлд ирээд, амлалтуудын биеллийг хүлээн авахын тулд хичээнгүйлэн, даруухан залбирсан юм. Биднийг хоёр дахь удаагаа бүтэлгүйтсэний [дараа] Мартин Харрис биднээс холдох ёстой гэдгээ мөн өөрийнхөө тэнд байгааг бидний хүссэн зүйлийг хүлээн авахад саад болж байгаа шалтгаан гэдэгт итгэж байгаагаа хэлсэн юм. Түүнийг биднээс холдоход бид дахин өвдөг сөхөрч, залбиралд нэгдэв. Залбирч эхлээд хэдэн минут өнгөрөхөд тэнгэр элч [Моронай] бидний өмнө зогсож байв. Тэрээр гартаа ялтсуудыг барьсан байв. … Бидэнд тэдгээрийг харж, бичээсүүдийг ялган таних боломжтой байлгахын тулд тэрээр хуудсуудыг нэг нэгээр нь эргүүлсэн юм. … Бидний дээрх хурц гэрлээс нэгэн дуу хоолой ‘Эдгээр ялтас Бурханы хүчээр илчлэгдсэн ба эдгээрийг Бурханы хүчээр орчуулсан. Та нарын харсан тэрхүү орчуулга үнэн зөв бөгөөд би та нарт харсан мөн сонссон зүйлийнхээ талаар гэрчлэхийг зарлиглаж байна’ хэмээн хэлсэн юм.

Би Давид, Оливер хоёрыг орхиод, Мартин Харрисыг олохоор явсан ба түүнийг нэлээд хол газар хичээнгүйлэн залбирч байгааг харсан юм. Удалгүй тэр надад хараахан Их Эзэнээр нөлөөлөгдөөгүй байгаа гэдгээ хэлж, бидний хүлээн авсан адислалыг хүлээн авч болохын тулд намайг түүнтэй хамт залбирахыг чин сэтгэлээсээ хүссэн юм. Бид залбиралд нэгдэж, эцэст нь хүссэн зүйлээ хүлээн авсан билээ. Биднийг залбирлаа дуусгах гэж байтал бидний өмнө нь үзсэнтэй адил үзэгдэл үзэгдсэн ба ядаж л надад дахиад үзэгдэж би дахин нэг удаа тэдгээр зүйлийг харж мөн сонссон юм; тэр үед Мартин Харрис агуу их баяр хөөрт автан “Энэ хангалттай; энэ хангалттай; миний нүд болгоолоо; миний нүд болгоолоо” (History of the Church, 1:54–55) хэмээн дуу алдсан юм.

Иосеф Смит Витмерийн гэрт буцаж очоод, түүний аав ээжид “Их Эзэн надаас өөр гурван хүнд ялтсуудыг үзүүллээ. Тэдэнд гэрчилсэн тэнгэр элчийг тэд харсан мөн тэд намайг хүмүүсийг хууран мэхэлж яваагүйг өөрсдөө мэдсэн учир миний хэлсэн үнэнийг гэрчлэх ёстой боллоо. Үүрч явахад хэт хүнд байсан ачаанаасаа чөлөөлөгдсөн мэт санагдаж байна. Энэ нь миний бодгалийг баясгаж, би дэлхийд ганцаараа биш боллоо” (in Lucy Mack Smith, History, 1844–1845 он, 8 дахь ном, 11-р хуудас, josephsmithpapers.org/paperSummarylucy-mack-smith-history-1844-1845) хэмээн хэлжээ.

  • Иосеф Смит яагаад энэ туршлагыг олж авсныхаа дараа баяр баясгаланг мэдэрсэн гэж та бодож байна вэ? (Тэрээр ялтсууд болон тэнгэрлэг элчүүдийн цорын ганц гэрч байхаа больсон.)

Мөн өөр найман нэмэлт гэрч ялтсуудыг харах боломжтой болсон гэдгийг тайлбарла.

Ангийн хэсэг суралцагчийг “Гурван гэрчийн гэрчлэл” мөн бусад суралцагчийг “Найман гэрчийн гэрчлэл”-ийг уншихад урь. Энэ хоёр гэрчлэлийг Мормоны Номын Удиртгал хуудаснууд дээрээс үзэх боломжтой. Суралцагчдаас гэрчүүдийн олж авсан туршлагын чухал хэсгүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, олж мэдсэнээ хуваалцахад урь.

  • Гурван гэрчийн олж авсан туршлага хэрхэн Найман гэрчийнхээс өөр байна вэ? (Гурван гэрч Бурханы дуу хоолойг сонсож, тэнгэр элчийг харсан боловч ялтсуудад хүрч үзээгүй. Найман гэрч ялтсуудыг Иосеф Смитийн гар дээрээс харсан ба тэдгээрт хүрч үзсэн. Найман гэрчид ялтсуудын талаар илүү биет гэрчлэл байдаг ба Гурван гэрчид илүү сүнслэг туршлага байдаг.)

  • Мормоны Номыг авчрахад олон гэрч яагаад тийм чухал байсан гэж та бодож байна вэ?

Зарим суралцагч Гурван гэрч гурвуулаа мөн Найман гэрчийн зарим нь эцэстээ Сүмийг орхисон гэдгийг мэдэхгүй байж болно. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ахлагч Даллин Х.Өүкс

“Байж болох бүхий л эсэргүүцэлтэй харьцуулахад Мормоны Номын Гурван гэрчийн гэрчлэл хүчирхэг хэвээр үлдсэн юм. … Сүмийн бусад удирдагчийн зөрчилдөөн, атаархлаас болж гурван гэрч гурвуулаа гэрчлэл нь хэвлэгдэж гарснаас хойш найман жилийн дараа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэлээс хасагджээ. … Эдгээр гурван гэрчийн аль нь ч амьдралынхаа эцсийг хүртэл хэвлэгдэж гарсан гэрчлэлээ үгүйсгээгүй бөгөөд үүний үнэн байдлын талаар ямар нэгэн эргэлзээ төрүүлсэн юу ч хэлээгүй юм.

Мөн өөр ямар ч гэрч тэдний гэрчлэлийг няцаагаагүй юм. Хэн нэгэн магадгүй тэдний гэрчлэлийг үгүйсгэж болох ч агуу доромжлол, хувийн сул дорой байдалтайгаа тэмцэлдэн байхдаа амьдралынхаа эцсийг хүртэл, хэвлэгдэж гарсан гэрчлэлдээ нэгдэж, гэрчлэлээ хадгалж үлдсэн эдгээр сайн хүний талаар хэрхэн тайлбар өгөх билээ? Мормоны Номтой л адил харсан зүйлээ ярьсан сайн мөн шударга эрчүүдийн чин сэтгэлийн гэрчлэл дэх тайлбараас илүү дээр тайлбар байхгүй” (“The Witness: Martin Harris,” Ensign, 1999 оны 5-р сар, 36).

  • Сүмийн гишүүнчлэлээс хасагдсаныхаа дараа ч гэрчлэлээ үгүйсгээгүй нь хэрхэн Гурван гэрчийн гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн гэж та бодож байна вэ? (Оливер Каудери, Мартин Харрис хоёр хожим нь дахин баптисм хүртсэн гэдгийг тайлбарла.)

Суралцагчдын анхаарлыг Сургаал ба Гэрээ 17:6 руу хандуулж, энэ шүлэг нь Мормоны Номын бодит байдлын тухай хамгийн агуу гэрчүүдийг агуулдаг гэдгийг онцол. Энэ нь Мормоны Ном үнэн гэдгийг тангараглаж буй Бурханы Өөрийнх нь гэрчлэлийг агуулдаг.

Мормоны Номын талаарх суралцагчдын хувийн гэрчлэл нь Мормоны Номын хувь болгонд цэдэглэгдэх боллоо гэж төсөөлөн бодохыг тэднээс хүс. Суралцагчдыг гэрчлэлдээ юу багтаахаа хуваалцахад урь.

Суралцагчдыг дараагийн хичээлээс өмнө Мормоны Номын тухай гэрчлэлээ хэн нэгэнд хуваалцахад урь.

Суралцагчийн унших материал