Номын сан
16-р хичээл: Нас барагсдын гэтэлгэл


16-р хичээл

Нас барагсдын гэтэлгэл

Оршил

Их Эзэн цаг хугацааны бүрэн байдлын эрин үе, бүх зүйлийн сэргээлтийн нэгэн хэсэг болгон нас барагсдыг гэтэлгэх сургаалыг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн билээ. Энэ сургаал нь “шат шатаар” сэргээгдсэн юм. Нас барагсдыг гэтэлгэх ажил нь амьд болон үхэгсдийн аль алиных нь авралд чухал бөгөөд бошиглогч Иосеф Смит энэ ажилд гар бие оролцохын ач холбогдлын талаар заасан байна: “Энэ дэлхий дээр Бурхан бидэнд хүлээлгэсэн агуу үүрэг бол нас барсан хайртай хүмүүсийнхээ төлөө ажиллах явдал мөн” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 539).

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 137

Селестиел хаант улсын талаарх бошиглогч Иосеф Смитийн үзэгдэл

Дараах түүхэн нөхцөл байдлыг суралцагчидтай хуваалц:

“1823 оны 11-р сард Люси Мак Смит, Ахмад Иосеф Смит нарын ууган хүү Алвин Смит гэнэт хүндээр өвчилж, хэвтэрт оржээ. Алвин бол 25 настай, хүдэр чийрэг, чадварлаг залуу байсан бөгөөд шаргуу ажилладаг байсан нь гэр бүлийнхээ санхүүгийн тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулдаг байв. Ээж нь түүнийг “өгөөмөр, уужуу сэтгэл нь” “байгаа газраасаа” орчныхоо хүмүүсийг цаг тутам адисалж байдаг, “хосгүй нинжин сэтгэлтэй залуу” хэмээн дүрсэлсэн ажээ. …

“Алвин амьд явах хоног нь дуусч байгааг мэдээд дүү нараа дуудаж, хүн бүртэй ярьсан гэдэг. Бараг 18 хүрч байсан боловч алтан ялтсуудыг хараахан аваагүй байсан Иосефт Алвин хэлсэн нь, ‘Айлын сайн хүү нь байж, цэдгүүдийг олж авахын төлөө чадах бүхнээ хийгээрэй гэж би чамаас хүсч байна. Өөрт чинь өгсөн заавар, зарлиг бүрийг сахихад итгэлтэй бай. …’

Алвиныг нас барахад тэднийхэн Нью-Иоркийн Палмира дахь нэгэн пресбитериан үйлчлэгчээс түүний оршуулга дээр ёслол үйлдэхийг хүссэн аж. Алвин энэ үйлчлэгчийн цугларалтын гишүүн биш байсан болохоор тэр аврагдаж чадахгүй гэдгийг тэрээр ёслол үйлдэхдээ хэлсэн гэнэ. Иосефын эрэгтэй дүү Виллям Смит дурссан нь: “Нөгөөх [Үйлчлэгч] … [Алвин] сүмийн гишүүн байгаагүй учраас тамд очихыг ихэд итгэлтэйгээр дотночлон хэлэв. Гэвч тэрээр сайн залуу байсан болохоор аав түүний үгэнд дургүй байв” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 455–457).

  • Алвин нас барах үед нас барагсдын талаарх сургаал сэргээгдээгүй байсан учраас Алвины авралын талаар Иосефын гэр бүлд ямар санаа зовоосон асуудал байсан бэ?

Суралцагчдад энэ хичээл нас барагсдын гэтэлгэлийн сургаалыг Их Эзэн бага багаар, шат шатаар илчилсэн гэдгийг ойлгоход нь тусална гэдгийг хэл. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 137-р хэсгийн толгой гарчгийг дотроо уншихад урь. Энэ илчлэлт нь Көртландын ариун сүмийг онцгойлон адислахаас хэдхэн сарын өмнө өгөгдсөн гэдгийг тайлбарла. (Та Сургаал ба Гэрээний 2013 оны хэвлэлд 137-р хэсгийн толгой гарчигт өөрчлөлт орсон гэдгийг онцолж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 137:1–6-г чанга уншихад мөн ангийнхныг суралцагчтай хамт уншихад урь. Дараах зүйлсийг ярилц:

  • Иосеф Смит селестиел хаант улсад хэнийг харсан бэ? (Энэ үзэгдлийг хүлээн авах үед Иосеф Смитийн аав, ээж хоёр нь амьд байсан хэдий ч илчлэлтийг хүлээн авах үед аав нь түүнтэй хамт байсан нь суралцагчдад сонирхолтой байж болох юм.)

  • 6-р шүлэгт цэдэглэснээр, ах Алвиныгаа селестиел хаант улсад байгааг хараад Иосеф Смит яагаад гайхсан бэ? (Та суралцагчдад Иосеф Смит нас барагсдыг гэтэлгэх сургаалын талаар олж мэдэхээс хэдэн жилийн өмнө энэ үзэгдлийг хүлээн авсан болохыг сануулж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 137:7–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, хожмын үеийн гэгээнтнүүдэд Бурханы Өөрийн хүүхдүүдийг аврах гэсэн төлөвлөгөөг илүү сайн ойлгоход нь тусалсан сургаалыг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христийн сайн мэдээг эсвэл баптисмын ёслолыг хүлээн авах боломжгүйгээр нас барсан Алвинтай адил хүмүүст зориулан Бурхан юу бэлдсэн бэ? (Суралцагчдыг санал бодлоо хуваалцаж байх хооронд, тэдэнд дараах сургаалыг олж тогтооход тусал: Сайн мэдээний талаар ямар ч мэдлэггүй нас барсан ч сонссон бол хүлээн авах байсан бүх хүн селестиел хаант улсыг өвлөн авна.)

  • Энэ сургаал та нарт Тэнгэрлэг Эцэгийн зан төлөв мөн хүүхдүүдээ хайрлах Түүний хайрын талаар юу зааж байна вэ?

  • Энэ сургаал хэзээ та нарыг тайтгаруулсан бэ? Энэ сургаалыг ойлгосноор, магадгүй номлолд байхдаа зааж байсан хүмүүс тань сэтгэлийн тайтгарал хүлээн авч байхыг та хэзээ харсан бэ?

Сургаал ба Гэрээ 124:30–34; 127:5–8; 128:1–18; 138:28–37

Нас барагсдыг төлөөлөн гүйцэтгэх ёслолууд

Бошиглогч Иосеф Смит баптисмын сургаалын талаар гэгээнтнүүд Науву, Иллинойд суурьшсаны дараахан 1840 оны 8-р сарын 15-нд Сеймур Брунсоны оршуулах ёслол дээр анх ярьсан байдаг. Сүмийн гишүүд энэхүү илчлэгдсэн сургаалын талаар олж мэдсэнийхээ дараа гайхаж, сэтгэл нь хөдөлсөн гэдэг. Мэдэгдэл хийсний дараах хэдэн сард гэгээнтнүүд хажуугаар урсах Миссури мөрөнд нас барсан хайртай хүмүүсийнхээ өмнөөс баптисм хүртсэн байна (Сургаалаас: Иосеф Смит, 455; Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 251-ийг үзнэ үү).

  • Энэ номлол нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ аврах төлөвлөгөөг ойлгоход хэрхэн тусалсан бэ? (Суралцагчдыг хариулах хооронд, дараах үнэнийг самбар дээр бич: Баптисмын авралын ёслолыг мөнх бус оршихуйд байхдаа сайн мэдээг хүлээн аваагүй хүмүүст зориулан гүйцэтгэж болно.)

  • Та энэ эрин үед бошиглогч Иосеф Смит нас барагсдын өмнөөс баптисм хүртэх сургаалын талаар хамгийн анхны удаа ярьж байхыг сонссон бол хэрхэн хүлээн авах байсан бэ?

1841 оны 10-р сард, Иллинойн Наувуд болсон Сүмийн ерөнхий чуулганаар Их Эзэн нас барагсдын өмнөөс хүртэх баптисмыг Түүний өргөөнд хийж болох хүртэл түр зогсоохыг хүссэнийг бошиглогч Иосеф Смит тунхагласан байна (С ба Г 124:29–34-ийг үзнэ үү). 1841 оны 11-р сард, тухайн үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан Бригам Янг, бүрэн баригдаж дуусаагүй байсан Наувугийн ариун сүмийн доод давхарт нас барагсдыг төлөөлөн баптисмын ёслолыг гүйцэтгэж эхэлжээ.

Суралцагчдаас 127-р хэсэг нь гэгээнтнүүдэд нас барагсдынхаа өмнөөс хүртэх баптисмын бүртгэлийг хөтлөх удирдамж өгсөн Иосеф Смитийн захиа гэдгийг тайлбарласан Сургаал ба Гэрээ 127-р хэсгийн толгой гарчгийг уншихыг хүс. Ойролцоогоор долоо хоногийн дараа Иосеф баптисмын сэдвээр Сургаал ба Гэрээ 128 дээрээс олж болох өөр нэгэн захидлыг бичсэн байна.

Дараах судрын эшлэлийг самбар дээр бич: (Хаалтан доторх материалыг бичих хэрэггүй. Тэдгээр нь багш танд зориулагдсан болно.)

Сургаал ба Гэрээ 127:5–7; 128:8 (Ёслол санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдэж, зохих тэмдэглэлийг хөтөлсөн бол ёслол нь дэлхий болон тэнгэрт аль алинд нь лацдагддаг.)

Сургаал ба Гэрээ 128:6–7 (Нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслолуудын цэдэг нь нас барагсдыг шүүх номонд орно.)

Сургаал ба Гэрээ 128:15, 17–18 (Бидний нас барсан өвөг дээдсийн аврал бидний авралд зайлшгүй чухал.)

Суралцагчдад самбар дээр бичсэн өгүүлбэр бүрийг уншихыг даалга. Тэднээс Бурханы нас барагсдын гэтэлгэлийн төлөвлөгөөг илүү сайн ойлгоход нь тусалсан сургаалыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг судрын шүлэг бүрд заасан нас барагсдын гэтэлгэлийн тухай сургаалыг нэгтгэн дүгнэхэд урь. Хэдэн суралцагчаас самбар дээр шүлэг бүрийн дэргэд сургаалыг бичихийг хүс. Сургаал ба Гэрээ 127 болон 128 дээр цэдэглэгдсэн илчлэлтүүд нь сайн мэдээний сэргээлтийн үеийн нийтлэг загвар болох Их Эзэн үнэнийг нэг мөр биш харин шат шатаар өгсөн гэдгийг харуулж байгааг онцол.

Суралцагчдад эдгээр илчлэлтийг хүлээн авснаас хойш олон жилийн дараа Их Эзэн нас барагсдын гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар илүү гүн гүнзгий ойлголт өгсөн гэдгийг тайлбарла. 1918 онд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит нас барагсдыг гэтэлгэх тухай илчлэлт хүлээн авав. Энэ үзэгдлийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилж байх үед нь жилийн эхээр нас барсан өөрийн хүү Хайрум М.Смитийг алдсанд гашуудан байх үедээ хүлээн авчээ.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 138:28–37-г уншаад, нас барагсдын гэтэлгэлийн тухай ерөнхийлөгч Жозеф Ф.Смитэд илчилсэн үнэнийг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт нас барагсдын гэтэлгэлийн тухай ямар үнэнийг заасан байна вэ? (Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцах хооронд, тэд дараах үнэнийг ойлгосон эсэхийг бататга: Есүс Христийн удирдлага дор зөв шударга тэнгэр элчүүд сүнсний дэлхий дээрх хүмүүст сайн мэдээг заана.)

  • Эдгээр нэмэлт үнэн нь Алвин Смитийн адил сайн мэдээний ёслолуудыг хүлээн авалгүйгээр нас барсан хүн хэрхэн селестиел хаант улсыг өвлөн авах талаар ойлгоход тань хэрхэн тусалж байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг чанга унш:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүд бид өөрсдийн өвөг дээдсээ хайж, тэдний сайн мэдээний авралын ёслолуудыг хийх үүрэг хариуцлагатай билээ. ‘Тэд бидэнгүйгээр төгс болгогдож чадахгүй’ (Еврей 11:40; мөн Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 539-ийг үзнэ үү). Мөн ‘бид ч өвөг дээдэсгүйгээрээ төгс биш юм’ (С ба Г 128:15)” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–31).

  • Яагаад нас барагсдын гэтэлгэлийн ажил бидний амьдралын чухал хэсэг байх ёстой вэ?

  • Нас барсан төрөл садангийнхаа төлөө авралын ёслолуудыг гүйцэтгэх нь хэрхэн тэдэнд болон бидэнд төгс төгөлдөр болоход туслах вэ?

Арванхоёрын Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг чанга унш:

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажлууд нь сүнсний дэлхий дэх хүмүүсийг адислах хүчтэйгээс гадна амьд хүмүүсийг ч бас адислах хүчтэй. Энэ үйлсэд хүчин зүтгэж буй тэднийг энэхүү ажил ариусган цэвэршүүлэх нөлөөтэй. Үнэхээр тэд гэр бүлүүдийнхээ өргөмжлөлд хүрэхэд тусалж байгаа юм” (“Хайраар холбогдсон үе үеийнхэн,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101).

  • Нас барагсдыг гэтэлгэх сургаал нь хэрхэн Есүс Христийн Цагаатгалын эцэс төгсгөлгүй цар хүрээг гэрчилж байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг чанга унш:

Ахлагч Ричард Г.Скотт

“Их Эзэн баптисмын тухай сүнслэг нөлөө бүхий чухал илчлэлтийг бошиглогч Иосеф Смитэд илчилсэн юм. Үхэл бол хүмүүний хувь тавилангийн үүрд мөнхийн, эргэлт буцалтгүй төгсгөл мөн хэмээн Христийн бусад сүм зааж байсан үед энэхүү илчлэлт ирсэн юм. Баптисм хүртсэн хүмүүст эцэс төгсгөлгүй баяр баясгалан шагнал нь байдаг бол бусад бүх хүн гэтэлгэлийн найдваргүйгээр мөнхийн зовлонд унана хэмээн тэд заадаг байлаа. …

Энэхүү онцгой чухал сургаал бол Есүс Христийн Цагаатгалын бүхнийг хамарсан, төгс, хязгааргүй шинж чанарын бас нэгэн гэрч юм. Тэрбээр наманчилдаг хүн бүрд авралыг боломжтой болгосон билээ. Түүний Цагаатгал үхлийг ялж, Тэрээр зохистой байдалд нас барсан бүх хүнд авралын төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг хүлээн авах боломжийг олгосон юм” (“Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113–116).

  • Ямар туршлага танд нас барагсдын гэтэлгэлийн ажилд гар бие оролцохын ач холбогдлын талаар заасан бэ?

  • Нас барагсдын гэтэлгэлийн ажилд гар бие оролцсоноор таны гэрчлэл хэрхэн өссөн бэ? (Цөөн хэдэн суралцагчийг гэрчлэлээ хуваалцахад урь.)

Суралцагчдыг гэр бүлийн түүхийн судалгаагаа хийж эсвэл ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудад оролцох зэрэг нас барагсдын гэтэлгэлийн агуу ажилд хэрхэн оролцож болох талаар бодож үзэхэд урь. Орчин үеийн ариун сүмүүдэд гүйцэтгэсэн ажлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд аврагдахад шаардлагатай бүх ёслолыг хүлээн авах боломжтой гэдгийг гэрчил.

Суралцагчийн унших материал