Номын сан
25-р хичээл: Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүс дэх хядлага


25-р хичээл

Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүс дэх хядлага

Оршил

1850-аад оны үед хожмын үеийн гэгээнтнүүд болон Нэгдсэн Улсын удирдагчдын хоорондын хурцадмал байдал, үйл ойлголцол нь 1857–1958 оны Ютагийн дайныг эхлүүлэхэд хүргэсэн юм. 1857 оны 9-р сард, Ютагийн умард хэсэг дэх зарим хожмын үеийн гэгээнтэн болон Калифорни руу шилжин суурьшихаар явж байсан битүү тэрэгний цуваа хоёрын хооронд сөргөлдөөн үүсэж, уур хилэн, айдас түгшүүрт автсан хожмын үеийн гэгээнтнүүд ойролцоогоор 120 шилжин суурьшигчийг хөнөөхөөр төлөвлөж, төлөвлөгөөгөө гүйцэлдүүлсэн байна. Энэ аймшигт хэргийг одоо Маунтэйн Мийдөүс дэх хядлага гэдгээр мэддэг байна.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Бага Ричард Төрлий, “The Mountain Meadows Massacre,” Ensign, 2007 оны 9-р сар, 17–21.

  • “Peace and Violence among 19th-Century Latter-day Saints,” Gospel Topics, lds.org/topics.

  • Хэнри Б.Айринг, “150th Anniversary of Mountain Meadows Massacre,” 2007 оны 9-р сарын 7, mormonnewsroom.org/article/150th-anniversary-of-mountain-meadows-massacre

Заах зөвлөмж

Эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүд болон Нэгдсэн Улсын засгийн газрын хооронд хурцадмал байдал үүсэв

handout iconХичээлийн төгсгөлд байгаа тараах материалыг суралцагч бүрд тарааж өг. Нэг суралцагчийг “Байдал хурцдаж, Ютагийн дайныг эхлүүлэхэд хүргэв” нэртэй тараах материалыг уншихад урь.

тараах материал, Маунтэйн Мийдөүс дэх хядлага
  • Хэрэв та 1857 онд хожмын үеийн гэгээнтэн байсан бол мөн танай хот руу нүсэр арми ирж байгааг сонссон бол танд ямар санагдах байсан бэ? (Гэгээнтнүүд Миссуригийн Огайо болон Иллинойгоос зэрлэг балмадаар хөөгдөн, олон хүн үнэ цэнэтэй эд зүйлс, газраа орхин явсан, зарим нь алагдан эсвэл эдгээр хавчлагын үед нас барсан гэдгийг суралцагчдад дурдаж болно. Арми ойртон ирж байгаа мэдээ зарим гэгээнтэнг эдгээр үйл явдал Ютад дахин эхлэх нь гэж бодоход хүргэсэн байна.)

Нэг суралцагчийг “Нутаг дэвсгэрээ хамгаалахад бэлтгэсэн нь” нэртэй тараах материалыг уншихад урь.

Хожмын үеийн гэгээнтнүүд болон шилжин суурьшихаар явж байсан битүү тэрэгний цувааны гишүүдийн хооронд сөргөлдөөн үүсэв

газрын зураг, битүү тэрэгний цувааны чиглэл

Энд байгаа газрын зурагтай адил зургийг үзүүлэх буюу самбар дээр зур.

Нэг суралцагчийг “Шилжин суурьшихаар явж байсан битүү тэрэгний цуваатай үүссэн зөрчил” нэртэй тараах материалыг уншихад урь.

Суралцагчдыг хэн нэгэнтэй эсвэл хэсэг бүлэг хүнтэй зөрчилтэй байсан тохиолдлынхоо тухай бодоход урь. Нэг суралцагчийг 3 Нифай 12:25-ыг чанга уншихад урь. Ангийнхныг уг хэсгийг дагаж хараад, бусадтай зөрчилдөх үед биднийг чиглүүлэн залах Их Эзэний заасан зарчмыг олж мэдэхийг хүс.

  • “Өстөнтэйгөө … хурдхан эвлэр” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Энэ үгийг суралцагчдад ойлгоход нь туслахын тулд та нэг суралцагчийг Далын ахлагч Дэвид Э.Сорэнсэний хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ахлагч Дэвид Э.Сорэнсэн

“‘Өстөнтэйгөө … хурдхан эвлэр’ хэмээн хэлснээрээ Их Эзэн биднийг ‘хэсэг зуурын сэтгэл хөдлөлдөө автан, биеийн эсвэл оюун санааны харгис үйлдэл хийж, уур хилэндээ боолчлогдохгүйн тулд үзэл бодлынхоо ялгааг эртхэн шийдвэрлэх’ зарлиг өгсөн байдаг” (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 11-р сар, 11).

  • Та 3 Нифай 12:25-д буй Аврагчийн сургамжийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчимтай ижил төстэй зарчмыг самбар дээр бич: Хэрэв бид Их Эзэний арга замаар зөрчлийг шийдвэрлэх юм бол хэрүүл маргааны сөрөг нөлөөнөөс зайслхийж чадна.)

  • Битүү тэрэгний цувааны гишүүдийг хөнөөхөөр төлөвлөж байсан хүмүүс энэ зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох байсан бэ?

Нэг суралцагчийг “Сөргөлдөөн ширүүссэн нь” нэртэй тараах материалыг чанга уншихад урь.

  • Виллиам Дэйм цагдаагийн цэргийг ашиглахгүй байхыг зөвлөхөд Седар хотын зөвлөл юу хийх ёстой байсан бэ? Тухайн үед өгсөн зөвлөгөөг хүлээн аваагүй нь тэднийг юу хийхэд хүргэсэн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич: Хэрэв бид зөв зүйл хийх зөвлөгөөг үл тоомсорловол тааруухан, тэр ч бүү хэл нүгэлт сонголтуудыг хийхэд хялбар болдог.) Сүмийн удирддаг зөвлөлийн систем нь маш ухаалаг систем болохыг онцолж болно.)

Цөөн хэдэн суралцагчийг “Шилжин суурьшигчид руу халдсан нь” хэсгийг ээлжлэн чанга уншихад урьж, бусад суралцагчийг Седар хотын удирдлага өгсөн зөвлөгөөг үл тоомсорлосныхоо дараа хэрхэн нүгэлт сонголтуудыг үргэлжлүүлэн хийснийг олж мэдэхэд урь.

  • Цагдаагийн газрын командлагч Виллиам Дэймийн зөвлөгөөг Седар хотын удирдагчид дагаагүйн үр дүнд юу болсон бэ?

  • Энэ үед халдлагад буруутай хүмүүст ямар сонголтууд байсан бэ? (Тэд хийсэн зүйлдээ гэмшин, үр дүнг нь хүлээн зөвшөөрөх эсвэл өөрсдийн гэмт үйлдэл, нүглээ нуун дарагдуулахыг оролдож болно.)

Суралцагчдыг дараах асуултуудын талаар тунгаан бодохыг хүс.

  • Та нар ямар нэгэн буруу зүйл хийснийхээ дараа юу хийдэг вэ? Та хийсэн буруу зүйлдээ гэмшин, үр дүнг нь хүлээн зөвшөөрдөг үү эсвэл өөрсдийн гэмт үйлдлийг нуун дарагдуулахыг оролддог уу?

Зарим хожмын үеийн гэгээнтэн Маунтэйн Мийдөүс дэх хядлагыг төлөвлөж, хэрэгжүүлсэн

Шилжин суурьшигчдын эсрэг халдлагад оролцсон Сүмийн гишүүд өөрсдийн нүгэлт үйлдлийг далдлан нуух гэж оролдсон гэдгийг тайлбарла. Суралцагчдыг “ Маунтэйн Мийдөүс дэх хядлага” нэртэй тараах материалыг ээлжлэн уншиж байх хооронд ангийнхныг энэ шийдвэрийн үр дүнд юу болсон талаар сонсоход урь.

Зарим хожмын үеийн гэгээнтэн удирдагч болон Ютагийн нутаг дэвсгэрийн оршин суугчдын сонголт Маунтэйн Мийдөүс дэх хядлага гэх эмгэнэлт үйл явдал болоход хөтөлсөн гэдгийг тайлбарла. Харин эсрэгээр Солт Лэйк хот дахь Сүмийн болон нутаг дэвсгэрийн удирдагчид 1858 онд Нэгдсэн Улсын засгийн газартай энхийн гэрээ хэлэлцээр хийж, зөрчлийг шийдвэрлэсэн байна. Хожим нь Ютагийн дайн гэж нэрлэгдсэн энэхүү зөрчилдөөний үеэр Нэгдсэн Улсын цэргүүд болон Ютагийн цагдаагийн цэргүүд довтлоход бэлэн байсан боловч тулаанд ороогүй юм.

  • Маунтэйн Мийдөүс дэх хядлагад хүргэсэн сонголтуудыг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

  • Бид энэ эмгэнэлт түүхээс юу олж мэдэж болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг агуулсан олон зарчмыг олж тогтоож болно: Гэм нүглээ нуун дарагдуулах гэж оролдох нь биднийг өөр олон нүгэл рүү хөтөлж болно. Гэм нүглээ нуун дарах гэж оролдох нь гэмшил, гай зовлонг авчирна.

Алдаа, гэм нүглийн замаар алхалж эхэлсэн бол цаашид сэтгэлийн зовлонд унаж, гэмшихгүйн тулд Их Эзэн рүү хандаж, нүглээ наманчилж болно гэдгийг суралцагчдад баталж хэл.

Нэг суралцагчийг “Сүмийн удирдагчид хядлагын талаар мэдсэн нь” нэртэй тараах материалыг чанга уншихад урь.

Орон нутагт амьдарч байсан нэлээн хэдэн хожмын үеийн гэгээнтэн Маунтэйн Мийдөүс дэх хядлагыг төлөвлөж, гүйцэтгэсэн тул энэ үйл явдал зарим хүний нийт Сүмийн талаарх үзэл бодолд сөргөөр нөлөөлсөн байна.

  • Сүмийн зарим гишүүний буруу үйлдэл сайн мэдээний үнэн зөв байдлыг тодорхойлдоггүй гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчаас “Маунтэйн Мийдөүс дэх хядлагын 150 жилийн ой” нэртэй тараах материал дээрх Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

  • Сүмийн гишүүд Есүс Христийн сургаалын дагуу амьдрахгүй байгааг олж мэдвэл бид хэрхэн хариу үйлдэл хийх ёстой вэ?

Нэг суралцагчийг Хиламан 5:12-ыг чанга уншихад урь. Ангийнхныг уг хэсгийг дагаж хараад, Сүмийн гишүүд Есүс Христийн сургаалын дагуу амьдрахгүй байхыг харах зэрэг хэцүү цаг үед итгэлээ гуйвуулахгүйн тулд гэрчлэлээ хөгжүүлж, хадгалан авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

  • Хиламан 5:12-т цэдэглэснээр, гэрчлэлээ хөгжүүлж, авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах зарчмыг самбар дээр бичиж болно: Бид Есүс Христийн суурь дээр итгэлээ суурилуулснаар хүчирхэг гэрчлэлтэй болж чадна.)

Энэ зарчмыг харуулахын тулд дараах хэсгийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь.

“Жэймс Сандэрс нь аллагын дараа амьд үлдсэн хүүхдийн нэгнийх нь гуч хүү юм [бас Сүмийн гишүүн]. … Сандэрс ах хэлэхдээ … түүний өвөг дээдэс аллагын үеэр үхсэн болохыг олж мэдсэн нь ‘өөр ямар нэгэн хүн дээр биш харин Есүс Христ дээр суурилсан түүний итгэлд огтхон ч нөлөөлөөгүй’ гэсэн байна” (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, 2007 оны 9-р сар, 21).

  • Сүмийн гишүүд Аврагчийн сургаалын дагуу амьдарч чадаагүй тохиолдлын талаар олж мэдэхэд хэрхэн Есүс Христэд итгэх итгэл маань биднийг хүчирхэгжүүлэх вэ?

  • Итгэлээ Есүс Христийн суурь дээр барихад тань тусалдаг ямар зүйлийг та хийдэг вэ?

Аврагчийн сургаалаар амьдарч, итгэлээ Түүн дээр мөн Түүний сайн мэдээн дээр суурилуулах нь ямар ач холбогдолтой болохыг гэрчил: Суралцагчдыг өөрсдийн итгэлийг Есүс Христийн суурь дээр хэрхэн илүү сайн барих талаар тунгаан бодож мөн ийнхүү хийх зорилго тавихад урь.

Суралцагчийн унших материал

  • “Peace and Violence among 19th-Century Latter-day Saints,” Gospel Topics, lds.org/topics.

Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүс дэх хядлага

Сэргээлтийн үндэс—25-р хичээл

Байдал хурцдаж, Ютагийн дайныг эхлүүлэхэд хүргэв

Анхны хожмын үеийн гэгээнтнүүд Солт Лэйкийн хөндийд ирж суурьшсанаас хойш гурван жилийн дараа Нэгдсэн Улсын засгийн газар Ютагийн нутаг дэвсгэрийг байгуулан, Бригам Янгийг бүс нутгийн анхны захирагчаар томилов. 1857 оны дундуур хожмын үеийн гэгээнтэн удирдагчид засгийн газар Бригам Янгийг татан буулгаж, нутаг дэвсгэрийн шинэ захирагчаар солих гэж байна мөн уг хүнийг холбооны улсын олон цэрэг дагалдан ирэх гэж байна гэх цуу яриаг сонссон байлаа. 1857 оны 7-р сарын 24-нд ерөнхийлөгч Бригам Янг Солт Лэйкийн хөндийд ирснийхээ 10 жилийн баярын ойг хэсэг гэгээнтэнтэй тэмдэглэж байхдаа цэргийн арми Солт Лэйк рүү ирж байна гэсэн мэдээний баталгааг хүлээн авсан байна.

Өмнөх жилүүдэд болж өнгөрсөн маргалдаан, үл ойлголцол эцэст нь хожмын үеийн гэгээнтнүүд болон Нэгдсэн Улсын удирдагчдын хооронд хурцадмал байдлыг үүсгэж байв. Гэгээнтнүүд өөрийн хүссэн удирдагчаар удирдуулахыг хүсэн, холбооны улсаас томилогдсон, тэдний эрхэмлэн хүндэлдэг зүйлийг хуваалцдаггүй, зарим нь үнэнч бус, авилгад автсан, ёс зүйгүй нэгнийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Холбооны улсын зарим албан тушаалтан гэгээнтнүүдийн үйлдэл, хандлагыг Нэгдсэн Улсын засгийн газрыг эсэргүүцэж байна гэж ойлгож байв.

Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жэймс Бушанан ойролцоогоор 2500 хүнтэй армийг шинэ амбан захирагчийг Солт Лэйк хот руу аюулгүйгээр Ютад авчран, түүний ойлгосноор гэгээнтнүүдийн бослогыг дарахаар илгээсэн байна. Тэр энэ шийдвэрийг Ютад болж буй үйл явдлын талаар ямар ч үнэн зөв мэдээлэлгүйгээр гаргасан байв (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 368–371-ийг үзнэ үү).

Нутаг дэвсгэрээ хамгаалахад бэлтгэсэн нь

Гэгээнтнүүдэд хандсан сургаалдаа ерөнхийлөгч Янг болон Сүмийн бусад удирдагч ирж буй цэргүүдийг дайсан хэмээн дүрсэлжээ. Цэргүүд тэднийг Миссуригийн Огайо болон Иллинойн адил Ютагаас шахан гаргана гэж айж байв. Олон жилийн туршид гэгээнтнүүдийг үр тариагаа хадгалахыг шаардаж байсан ерөнхийлөгч Янг цэргүүдээс зугтах хэрэгтэй бол идэх хоол хүнстэй байхын тулд өөрийн удирдамжийг сэргээсэн байна. Юта нутаг дэвсгэрийн захирагчийн хувьд тэрээр бүс нутгийн цагдаагийн цэрэгт нутгаа хамгаалахад бэлтгэлтэй байх үүрэг даалгавар өгсөн байв.

Шилжин суурьшихаар явж байсан битүү тэрэгний цуваатай үүссэн зөрчил

Гэгээнтнүүд өөрийн нутаг дэвсгэрийг Нэгдсэн Улсын цэргээс хамгаалахаар бэлдэж байсан яг тэр үед Арканзасаас Калифорни руу очихоор баруун зүгт аялж байсан шилжин суурьшигчдын битүү тэрэгний цуваа Юта руу орж ирэв. Битүү тэрэгний цувааны зарим гишүүн үр тариагаа хураа гэсэн удирдамж авсан гэгээнтнүүдээс тариа буудай авч чадахгүй байгаадаа сэтгэлээр унасан байв. Түүнчлэн шилжин суурьшигчид битүү тэрэгний олон тооны морь, бод малд тун хэрэгтэй хоол, усны эх сурвалжаа хуваалцахыг хүсээгүй гэгээнтнүүдтэй зөрчилдөж байв.

Улмаар Калифорни руу явах чиглэлийн хамгийн сүүлчийн суурин газар болох Седар хотод сөргөлдөөн үүссэн байна. Битүү тэрэгний цувааны зарим гишүүн болон хожмын үеийн гэгээнтнүүдийн хооронд мөргөлдөөн болов. Битүү тэрэгний цувааны зарим гишүүн гэгээнтнүүдийн эсрэг наашилж буй засгийн газрын цэргүүдтэй нийлнэ хэмээн айлган сүрдүүлжээ. Хэдийгээр битүү тэрэгний цувааны ахлагч ийнхүү айлган сүрдүүлсэн хүмүүсийг зэмлэн буруутгасан ч Седар хотын зарим удирдагч болон оршин суугч шилжин суурьшигчдыг дайснаа хэмээн үзэж байв. Битүү тэрэгний цуваа хотод ирээд, ганцхан цагийн дараа явсан ч Седар хотын зарим удирдагч болон оршин суугч тэднийг доромжилсон этгээдүүдийн хойноос мөшгөн, гэсгээхийг хүсжээ.

Сөргөлдөөн ширүүссэн нь

Эдгээр гэгээнтэн шилжин суурьшигчидтай өөрсдийн зөрчлийг Их Эзэний арга замаар шийдвэрлээгүй тул нөхцөл байдал бүр ч их хурцадсан байна. Седар хотын цагдаагийн цэргийн хошууч болон гадасны ерөнхийлөгч Исаак Хайт нь хажуугийн Паравон сууринд амьдардаг байсан цагдаагийн цэргийн командлагчаас цагдаагийн цэргүүдийг дуудаж, тэрэгний цувааны доромжлогчтой үзэлцэх зөвшөөрөл авах хүсэлт гаргав. Цагдаагийн цэргийг командлагч, Сүмийн гишүүн Виллям Дэйм нь Исаак Хайтад шилжин суурьшигчдын сүрдүүлгийг ойшоохгүй байхыг зөвлөжээ. Түүний зөвлөгөөг сонсохын оронд Исаак Хайт болон Седар хотын өөр бусад удирдагч орон нутгийн индианчуудыг битүү тэрэгний цуваа руу дайрч довтлон, малыг нь дээрэмдэж, шилжин суурьшигчдыг хөөж гарга гэж ятгахаар шийдсэн байж. Исаак Хайт нь тухайн газар оршин суудаг Сүмийн гишүүн бөгөөд цагдаагийн цэргийн хошууч Жон Д.Лийг энэ дайралтыг удирдаж, тэр хоёр хамтдаа бурууг индианчуудад тохохоор төлөвлөжээ.

Шилжин суурьшигчид руу дайрсан нь

Исаак Хайт битүү тэрэгний цувааг дайрах төлөвлөгөөгөө орон нутгийнхаа Сүмийн олон нийтийн цагдаагийн цэргийн удирдагчдад танилцуулжээ. Зөвлөлийн зарим гишүүн уг төлөвлөгөөг эрс эсэргүүцэж, энэ талаар Бригам Янгтай зөвлөлдсөн эсэхийг Хайтаас асуув. Тэр үгүй гэдгээ хэлж, нөхцөл байдлыг тайлбарлаж, юу хийх ёстойг асуусан захидал бичин, Жэймс Хасламыг мэдээ хүргэгчээр Солт Лэйк хот руу явуулахаар тохирчээ. Гэхдээ Солт Лэйк хот нь Седар хотоос ойролцоогоор 400 гаруй километрийн цаана байх тул мориор өдөржин шөнөжин давхин очиж, ерөнхийлөгчийн удирдамжийг Седар хот руу буцаан авчрахад нэг долоо хоног болох байлаа.

Мэдээ хүргэгчээр захиа явуулсны дараа Исаак Хайт нь Жон Д.Лий болон хэсэг индианчуудтай хамт Маунтэйн Мийдөүс нэртэй шилжин суурьшигчдын хоноглож байсан газарт дайралт хийжээ. Лий дайралтыг удирдаж байсан ч зөвхөн индианчууд байсан мэтээр харагдуулахын тулд өөрийн дүр төрхийг өөрчилсөн байна. Зарим шилжин суурьшигч алагдан, зарим нь шархдаж, үлдсэн хэсэг нь тулалдаж, Лий болон индианчуудын дайралтыг няцаажээ. Шилжин суурьшигчид өөрсдийгөө хамгаалахын тулд маш хурдан битүү тэргүүдээ нэг нэгэнтэй нь ойртуулан, тойрог үүсгэн байрлуулсан байна. Битүү тэргийн цуваа руу таван өдрийн бүслэлтийн хугацаанд дахин хоёр удаа дайрчээ.

Нэг удаа Седар хотын цагдаагийн цэргийнхэн шилжин суурьшигчдын үүсгэсэн тойргоос хоёр эрэгтэй хүн гарч ирэхийг харав. Цагдаагийн цэргийнхэн тэдэн рүү буудаж, нэгийг нь алсан байна. Нөгөө хүн нь зугтсан бөгөөд тэдэн рүү хийсэн дайралтад цагаан арьстай хүмүүс оролцсон гэдгийг битүү тэрэгний цуваанд дуулгажээ. Дайралтыг төлөвлөсөн хүмүүс ийнхүү хуурмаг үйлдэл дээрээ баригджээ. Хэрэв шилжин суурьшигчдыг Калифорни руу явуулбал хожмын үеийн гэгээнтүүд битүү тэрэгний цуваа руу хийсэн дайралтын цаана байсан тухай мэдээ тархах байв. Энэ мэдээ тэдэнд болон тэдний хүмүүст сөрөг үр дагавар авчирна гэдгээс хуйвалдагчид айж байлаа.

Маунтэйн Мийдөүс дэх хядлага

Хожмын үеийн гэгээнтнүүд битүү тэрэгний цуваа руу хийсэн дайралтад оролцсон гэсэн мэдээг тархахаас урьдчилан сэргийлэхээр Исаак Хайт, Жон Д.Лий, Сүмийн болон цагдаагийн цэргийн бусад удирдагч шилжин суурьшигчдын хүүхдүүдээс бусдыг алах төлөвлөгөө гаргажээ. Энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхдээ Жон Д.Лий шилжин суурьшигчид руу дөхөж очин, цагдаагийн цэргийнхэн тэднийг дайралтаас хамгаалан, Седар хот руу хүргэнэ гэж хэлэв. Шилжин суурьшигчид Седар хот руу явж байхад нь цагдаагийн цэргүүд эргэн харж, тэдэн рүү буудаж эхлэв. Оршин суугчдын элсүүлсэн индианчууд нуугдсан газраасаа гарч ирэн дайралтад нэгдсэн байна. Ойролцоогоор битүү тэрэгний цувааны 140 шилжин суурьшигчаас 17-хон хүүхдийн амийг хэлтрүүлжээ.

Хядлага болсноос хоёр хоногийн дараа Жэймс Хаслам орон нутгийн удирдагчдад битүү тэрэгний цувааг тайван өнгөрүүлэхийг зөвлөсөн Бригам Янгийн хариуг Седар хотод авчрав. “Тэрээр Хайт Янгийн үгийг уншаад, хүүхэд адил уйлан, ‘Хэт оройтлоо, хэт оройтлоо’ гэх хэдхэн үгээс өөр юу ч хэлж чадаагүй аж” (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, 2007 оны 9-р сар, 20).

Эмгэнэлт үр дагавар

Мийдөүс уулын хядлага нь ойролцоогоор 120 хүний аминд хүрээд зогсохгүй, амьд үлдсэн хүүхдүүд болон хохирогчдын бусад төрөл саданд ихээхэн зовлон авчирсан юм. Зарим гэгээнтэн шилжин суурьшигчдын амьд үлдсэн хүүхдүүдийг өөрсөд дээрээ авч, халамжилж байв. 1859 онд холбооны албаны хүмүүс эдгээр хүүхдийг хамгаалалтандаа авч, Арканзас дахь төрөл саданд нь эргүүлэн өгсөн байна. Пайют индианчууд мөн гэмт хэрэг үйлдсэн хилс гүтгэлгээс болж зовлон амссан юм.

Сүмийн удирдагчид хядлагын талаар мэдсэн нь

“Хэдийгээр Бригам Янг болон Солт Лэйк хот дахь Сүмийн бусад удирдагч хядлагын талаар удалгүй олж мэдсэн ч, оршин суугчдын оролцооны талаарх ойлголт, гэмт хэргийн тухай айдас төрүүлэм тодорхой мэдээлэл цаг өнгөрөх тусам нэмэгдсээр байв. 1859 онд Хайт болон алан хядлагад оролцсон Седар хот дахь Сүмийн томоохон удирдагчдыг дуудлагаас нь буулгав. 1870 онд тэд Исаак Хайт болон Жон Д.Лий хоёрыг Сүмийн гишүүнчлэлээс хассан байна.

“1874 онд орон нутгийн шүүх алан хядлагад гүйцэтгэсэн үүргийнх нь төлөө есөн хүнд шийтгэл ноогдуулав. Тэдний ихэнх нь эцэстээ баривчлагдсан ч зөвхөн Лий л гэмт хэргийнхээ төлөө шалгагдан, шийтгэгдэж, цаазлуулсан байна. Өөр нэгэн гэмт хэрэгтэн мужийн шүүхэд [сайн дураараа, бусад буруутныхаа эсрэг мэдүүлэг өгч], үлдсэн хүмүүс нь олон жилийн турш хуулиас зугтаасан байдаг. Аллагад оролцсон цагдаагийн бусад цэрэг үлдсэн амьдралынхаа эцсийг хүртэл гэм буруугийн аймшигт мэдрэмж, байнга давтагдах хар дарсан зүүд дор ажиллаж амьдарсан гэдэг” (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, 2007 оны 9-р сар, 20).

Маунтэйн Мийдөүс дэх хядлагын 150 жилийн ой

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийнхүү хэлжээ:

“[Маунтэйн Мийдөүс дэх хядлагад] Маунтэйн Мийдөүсийн ойр хавийн бүсэд байх иргэний болон цэргийн албан тушаалтай байсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн орон нутгийн удирдлага болон тэдний удирдлага дор үйлдсэн Сүмийн гишүүд буруутай юм. …

… Бидний итгэн дагадаг Есүс Христийн сайн мэдээ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хөнөөсөн хүйтэн цуст аллагыг жигшдэг. Чухамдаа энэ сайн мэдээ нь амар амгалан байдал, өршөөл уучлалыг дэмждэг. Олон жилийн өмнө манай Сүмийн гишүүдийн [Маунтэйн Мийдөүст] хийсэн зүйл нь Христэд итгэгчдийн сургаал болон биеэ авч явах байдлаас аймшигтайгаар, уучлахын аргагүй холдсоныг харуулж байгаа юм. … Бурханлаг шударга ёс нь хядлага үйлдсэн хүмүүст зохих шийтгэл хүртээх нь гарцаагүй. …

… Тэнгэрийн Бурханы охид хөвгүүд бид бүгдээрээ Түүний Цорын Ганц Хүүгийн биечлэн үзүүлсэн тэрхүү цэвэр хайр болон уучлалын сүнсийг түгээж, энд амь насаа алдсан хүмүүсийг хүндлэн дурсахад биднийг адислаг” (“150th Anniversary of Mountain Meadows Massacre,” Sept. 11, 2007, mormonnewsroom.org/article/150th-anniversary-of-mountain-meadows-massacre).