Номын сан
2-р хичээл: Анхны үзэгдэл


2-р хичээл

Анхны үзэгдэл

Оршил

Агуу Үнэт Сувд дээрх Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай цэдэг нь Сүмийн талаарх хуурамч мэдэгдлүүдийг залруулахын тулд бичигджээ. Бошиглогч Иосеф Смит амьдралынхаа туршид Анхны үзэгдлийн талаар хэд хэдэн цэдгийг бичсэн байдаг. Эдгээр цэдэг нь энэхүү туршлагын талаарх ойлголтыг маань өсгөж, Сэргээлтэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлэх болно. Энэ хичээлийн зорилго нь энэхүү онцгой чухал үйл явдлын талаар гэрчлэлтэй болохын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах явдал юм.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Гордон Б.Хинкли, “The Marvelous Foundation of Our Faith,” Ensign, 2002 оны 11-р сар, 78–81.

  • “First Vision Accounts,” Gospel Topics, lds.org/topics.

Заах зөвлөмж

Иосеф Смит—Түүх 1:1–2

Бошиглогч хуурамч мэдэгдлүүдийг залруулахын тулд Анхны үзэгдлийн тухай бичив

1838 онд Иосеф Смит өөрийнхөө албан ёсны түүхийг бичиж эхэлсэн гэдгийг тайлбарла. Агуу Үнэт Сувд дээрх Иосеф Смит—Түүх гэсэн хэсгийг илүү урт түүхээс хэсэгчилж авчээ.

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смитийн өөрийн түүхийг бэлтгэсэн шалтгааныг олж мэдэхийг хүс.

  • 1-р шүлэгт цэдэглэснээр, Сүмийн эхэн үед хүмүүсийн дунд юу тархаж байсан бэ?

  • Сүмийн эсрэг мэдэгдэл өгсөн хүмүүсийн зорилго нь юу байсан бэ?

  • Үүнтэй төстэй ямар нөхцөл байдал бидний өдрүүдэд байдаг вэ?

Өнөөдөр ч гэсэн Сүмийн талаар хуурамч буюу буруу мэдээлэл тарааж, итгэл бишрэлийг нураах хүсэлтэй хувь хүмүүс болон бүлэг хүмүүс байсаар байгааг тайлбарла.

  • Иосеф өөрийнхөө түүхийг ямар шалтгаанаар бичсэн гэж хэлсэн бэ? (“Хүмүүсийн буруу ойлголтыг залруулах мөн … холбогдох баримтуудыг болсон байдлаар нь үнэнийг эрэлхийлэгч бүхэнд мэдэгдэх” [Иосеф Смит—Түүх 1:1].)

  • Сэргээлтийн талаар “үнэнийг эрэлхийлэгч бүхэн” Иосеф Смитийн шууд эх сурвалжаас авсан цэдгийг унших нь яагаад чухал вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бошиглогчийн цэдэгт найдах нь хувь хүмүүст буруу эсвэл хуурамч мэдээлэлд хууртагдахаас зайлсхийхэд туслах болно гэсэн санаа тодорхой байгаа эсэхийг бататга.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний өгсөн дараах зөвлөгөөг үзүүлж, суралцагчдыг дотроо уншихад урь:

Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Сүмийг гутааж, итгэлийг устгахыг хүсдэг цөөн хүмүүс ямагт байсаар ирсэн ба одоо ч байна. Өнөөдөр тэд интернэтийг ашиглаж байна.

Манай Сүмийн тухай тараадаг зарим мэдээлэл бодит мэт санагдавч үнэн бус байдаг” (“Итгэлийн тань сорилт,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 51).

  • Бид Анхны үзэгдэл, сайн мэдээний Сэргээлт болон Сүмийн түүхэн дэх бусад үйл явдлын тухай үнэнийг мэдэх өөрсдийн хувийн эрэл хайгуулыг хийхдээ юуг эрэлхийлж, юунд найдах ёстой вэ? Яагаад? (Суралцагчдад дараах зарчмыг ойлгоход нь тусал: Үнэнийг эрэлхийлэгч хүмүүс буруу эсвэл хуурамч мэдээлэлд хууртагдахаас зайлсхийхийн тулд интернэтээс олж авсан мэдээлэл эсвэл уншиж, сонссон ямар ч мэдээллээ зүгээр нэг хүлээн авахын оронд Сүм, Сүмийн түүхийн тухай итгэл үнэмшилтэй мэдээллийн эх сурвалжуудыг эрэлхийлэх ёстой.)

Сүмийг шүүмжлэгчид Иосеф Смит маш олон жилийн дараа л үзэгдэлтэй холбоотой туршлагаа бичсэн гэж хэлснээр Анхны үзэгдлийн бодит байдлыг үгүйсгэдэг. 14 настай Иосеф Смит хамгийн түрүүнд хэлсэн хүмүүсийн үзүүлсэн хариу үйлдлээс болж үзэгдлийнхээ тухай ярихад бэлэн биш байсан (Иосеф Смит—Түүх 1:21–26-г үзнэ үү). Тэрээр бичих цаг нь ирсэн гэж мэдэрсэн үедээ туршлагаа бичсэн. Аврагч Петр, Иаков, Иоханд Өөрийнх нь Амилалтын дарааг хүртэл Хувиралтын уулан дээрх туршлагынхаа талаар ярихгүй байхыг зааварлаж, (Матай 17:9-ийг үзнэ үү) зарим ариун нандин туршлагыг зөвхөн Сүнсний өдөөлтөөр хуваалцах ёстой хэмээн тодорхой хэлжээ.

Анхны үзэгдлийн тухай цэдгүүд

Тэмдэглэл: Та хичээлийн энэ хэсгийг заахдаа Иосеф Смит—Түүх 1:8–20-ийг багтаасан хичээлийн хамгийн сүүлийн хэсгийг заах хангалттай цаг үлдээ.

Иосеф Смит ганцаарчлан мөн бичээчдийн тусламжтайгаар Анхны үзэгдлийн тухай доод тал нь дөрвөн өөр цэдгийг бичсэн гэдгийг тайлбарла. Мөн Иосеф Смитийн цаг үед амьдарч байсан хүмүүс энэ үзэгдлийн тухай хэд хэдэн цэдгийг бичжээ. Цэдэг бүр Иосефын туршлагын өөр өөр талыг онцолсон боловч бүгд Иосефын харж, сонссон зүйлийн чухал хэсгүүдийг агуулдаг. Цэдэг бүр яагаад хоорондоо ялгаатай байгааг тайлбарлахад туслахын тулд суралцагчдаас дараах зүйлийг бодож үзэхийг хүс:

  • Амьдралдаа тохиолдсон чухал буюу үнэ цэнэтэй туршлагынхаа талаар бод. Энэ туршлагын тухай цэдэг нь сонсогчдоос шалтгаалан хэрхэн өөр байж болох вэ? Энэ нь тухайн туршлагын талаар ярих шалтгаан болон ярьж байгаа цаг үеэс шалтгаалан хэрхэн өөрчлөгдөх вэ?

Нэг суралцагчийг дараах үгийг чанга уншихад урьж, бусад суралцагчаас ямар нэгэн туршлагыг олон дахин давтаж хэлэхэд юу болдог гэж түүхчид хэлснийг сонсохыг хүс.

“Анхны үзэгдлийн тухай өөр өөр цэдэг нь тодотгол, тэмдэглэгээ болон нарийвчилсан мэдээллээрээ ялгаатай байдаг ч хоорондоо уялдаатай түүхийг өгүүлдэг. Хувь хүн ямар нэгэн туршлагаа өөр өөр нөхцөл байдалд өөр өөр хүмүүст олон жил хэлэх үед түүх бүр нь уг туршлагын өөр өөр талыг онцолж, өвөрмөц мэдээллийг агуулах болно гэж түүхчид үздэг. Анхны үзэгдлийн цэдгүүд дээр гарсан ялгаанууд нь Дамаскийн зам дахь Паулын үзэгдлийн тухай болон Хувиралтын уулан дээрх төлөөлөгчдийн тухай судрын цэдгүүд дээр мөн гарсан юм [Үйлс 9:3–9; 22:6–21; 26:12–18; Матай 17:1–13; Марк 9:2–13; Лук 9:28–36]. Анхны үзэгдлийн талаар цэдгүүдэд ялгаатай байсан хэдий ч үндсэн чухал, уялдаа холбоотой мэдээллүүд нь үлдсэн байдаг. Зарим хүн ямар нэгэн түүхийг дахин дахин ярих үед өөр өөрөөр ярьж байвал худал хуурмагийн нотолгоо гэж буруу боддог байна. Харин эсрэгээрээ түүхэн шинжтэй баялаг бичээсүүд нь дутуу дулимаг баримтаас бидний олж авч чадахааргүй илүү их зүйлийг мэдэж авах боломжийг бидэнд олгодог” (“First Vision Accounts,” Gospel Topics, lds.org/topics).

Анхны үзэгдлийн тухай цэдгүүд дэх ялгаатай байдлыг харуулахын тулд суралцагчдад “1832 оны цэдэг нь өршөөл эрж буй залуу эрэгтэй Иосеф Смитийн илүү хувийн шинжтэй түүхүүдийг онцолдог бол 1838 оны цэдэг нь ‘Сүмийн өсөлт хийгээд дэвшил’-ийн эхлэлийн хувьд Анхны үзэгдлийг илүү онцолдог” (“First Vision Accounts,” Gospel Topics, lds.org/topics) гэдгийг тайлбарлаж болно. Тэдний унших материал Анхны үзэгдлийн тухай өөр өөр цэдгийн илүү нарийвчилсан судалгааг багтаасан Gospel Topics дээрх “First Vision Accounts” өгүүллийг агуулдаг гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг эдгээр цэдэг бүр хэрхэн Анхны үзэгдлийн тухай бидний мэдлэгт хувь нэмэр болдгийг ойлгохын тулд уг өгүүллийг хичээлээс гадуур судлахад урь. (Тэмдэглэл: Хичээл эхлэхээс өмнө “Суралцагчдын унших материал” дээрх даалгавруудыг уншихын ач холбогдлыг суралцагчдад сануул. Энэ нь тэднийг ангийн ярилцлагад оролцоход туслах болно.)

  • Анхны үзэгдлийн тухай өөр өөр цэдэг нь хэрхэн энэхүү ариун нандин үйл явдлын бодит байдлыг харуулж, бидний ойлголтыг тэлдэг вэ? (Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай өөр өөр цэдэг нь дутуу дулимаг баримтаас бидний олж авч чадахааргүй илүү их зүйлийг мэдэж авах боломжийг бидэнд олгодог.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Шинэ Гэрээнд өөр өөрсдийн гэсэн ойлголттой мөн өөр өөрийн зорилгодоо хүрэхийн тулд үйл явдлуудыг дүрсэлсэн сайн мэдээний дөрвөн өөр бичээч байдагт санаа зовдоггүйтэй адил би бошиглогч Иосеф Смит Анхны үзэгдлийн тухай хэд хэдэн хувилбараар хэлснийг гайхдаггүй” (“God Hath Not Given Us the Spirit of Fear,” Ensign, 1984 оны 10-р сар, 5).

Бошиглогч Иосеф Смитээр дамжин ирсэн Анхны үзэгдэл болон сайн мэдээний Сэргээлтийн бодит байдлыг гэрчил.

Иосеф Смит—Түүх 1:8–20

Сүмийн бодит байдал нь Анхны үзэгдлийн үнэнд тулгуурладаг.

Цөөн хэдэн суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:8–15-ыг ээлжлэн чанга уншихад урь.

  • Иосеф Смитийн өөрийн асуултад хариулт авахын тулд хийсэн зарим зүйл юу вэ?

  • Сатан яагаад Иосеф Смитийн залбирлыг зогсоох гэж оролдсон гэж та бодож байна вэ?

Цөөн хэдэн суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:16–19-ийг ээлжлэн чанга уншихад урь.

  • Бид 16–17-р шүлгээс ямар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулах хооронд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг Иосеф Смит дээр ирэх үед мөнхийн үнэнүүд дэлхийд сэргээгдсэн гэдгийг онцол.)

Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилсэн ахлагч Тэд Р.Каллистэрийн хэлсэн дараах үгийг чанга унш. Та энэ хэлсэн үгийг уншихдаа суралцагчдад Каллистэр ахын онцолсон үнэнүүдийг судрууд дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно. Мөн та суралцагчдад Иосефын мэдэж авсан үнэнийг Иосеф Смит—Түүх 1:16–19-ийн хажууд судрын зайн дээрээ бичихийг зөвлөж болно. (Тэмдэглэл: Судруудыг тэмдэглэж, судрууд дээр тэмдэглэгээ хийхэд суралцах нь суралцагчдад зааж болох судар судлах чухал чадвар юм [Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion (2012), 21-ийг үзнэ үү].)

Ахлагч Тэд Р.Каллистэр

“Иосеф Смит бол Христийн сүмийг дэлхийд сэргээхээр Их Эзэнээр тослогдсон нэгэн байв. Тэрээр ойн цоорхойгоос буцаж ирэхдээ өнөөгийн Христэд итгэгчдийн олонх нь заадаггүй дөрвөн чухал суурь үнэнийг мэдсэн юм.

Нэгдүгээрт: Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр бол тус тусдаа, бие биенээсээ ялгаатай хүмүүн биес болохыг мэджээ. …

Иосеф Смитийн нээсэн хоёр дахь агуу үнэн бол Эцэг, Хүү хоёр бол яс, махан биетэй, алдар суут хүмүүс болох тухай юм. …

Иосеф Смитийн олж мэдсэн гурав дахь үнэн бол Бурхан өнөөдөр ч хүмүүнтэй харилцдаг, тэнгэр одоо ч бидэнд нээлттэй байгаа тухай мэдлэг юм. …

Иосеф Смитийн мэдсэн дөрөв дэх үнэн бол дэлхий дээр өмнө нь Есүс Христийн бүрэн бөгөөд үнэн Сүм байхгүй байсан тухай юм” (“Иосеф Смит—Сэргээлтийн бошиглогч,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40–41).

  • Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн тухай эдгээр үнэнийг мэдэж, ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • Эдгээр үнэнийг авчрах шаардлага нь Сатаны яагаад Иосеф Смитийн залбирлыг зогсоохыг оролдсон тухай тайлбарлахад хэрхэн туслах вэ?

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн ач холбогдлыг онцлохын тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бидний бүхий л хүч чадал [Анхны үзэгдлийн] бодит байдалд тулгуурладаг. Энэ нь нэг бол бодит, нэг бол бодит биш байх ёстой. Хэрэв бодит биш бол энэ ажил луйвар байх болно. Хэрэв бодит бол энэ нь тэнгэрийн доорх хамгийн чухал, гайхамшигтай ажил байх юм. …

1820 онд гэртээ байхдаа ‘Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно’ (Иаков 1:5) хэмээх Иаковын үгсийг Библээс уншсан нэгэн хөвгүүний залбирлын хариулт болон уг гайхамшигтай илэрхийлэлт ирсэн юм.

Энэхүү Сүмийн үнэн бодит байдал уг ер бусын, гайхамшигт туршлагад тулгуурладаг юм” (“The Marvelous Foundation of Our Faith,” Ensign, 2002 оны 11-р сар, 80).

  • Сүмийн бодит байдал Иосеф Смитийн Анхны үзэгдэлтэй хэрхэн холбогдож байна вэ?

  • Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийг харсан гэдэг гэрчлэлтэй байх нь яагаад чухал байдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч дараах зарчим тодорхой байгаа эсэхийг бататга: Бид Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийг харсан гэдэг гэрчлэлтэй болох юм бол сайн мэдээний Сэргээлт үнэн гэдгийг мэдэх болно.)

Та хичээлээ дуусгахдаа Анхны үзэгдэл үнэн гэдэг хувийн гэрчлэлтэй болохын ач холбогдлыг онцол. Энэхүү илчлэлт дээр суурилсан хувийн гэрчлэл нь биднийг бошиглогч Иосеф Смитийн талаар болон Сүмийн тухай хуурамч мэдээлэлтэй тулгарах үед итгэлдээ бат зогсоход тусалдаг. Иосеф Смитийн үнэнийг суралцах арга зам нь мөн адил бидэнд тус болох болно гэдгийг гэрчил. Бид үнэнийг эрэлхийлж, судруудыг уншин, тунгаан бодож, эцэст нь Бурханаас асууж болно. Тэрээр хариулах болно (Иаков 1:5). Суралцагчдыг Эцэг мөн Хүү Иосеф Смит дээр ирсэн гэсэн гэрчлэлийг хэрхэн олж авснаа тунгаан бодоход урь. Нэг эсвэл хоёр суралцагчид Анхны үзэгдлийн талаар гэрчлэл хэрхэн олж авснаа хуваалцах цаг гарга.

Суралцагчийн унших материал