Номын сан
20-р хичээл: Олон эхнэр авах ёс


20-р хичээл

Олон эхнэр авах ёс

Оршил

Их Эзэн өөрөөр зарлиглаагүй бол нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хоорондын гэрлэлт нь Түүний хууль юм (Иаков 2:27–30-ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смитэд олон эхнэр авах ёсыг сэргээх зарлиг өгөгдсөн бөгөөд уг ёс ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф Их Эзэний сүнсний өдөөлтөөр халах хүртэл хагас зуун жил хэрэгжсэн байна. Олон эхнэр авах ёс нь Иосеф Смит болон үүнийг хэрэгжүүлж байсан олон хүний хувьд итгэлийн томоохон сорилт байв. Суралцагчид итгэлээ хөгжүүлэхийн хэрээр хожмын өдрүүдэд олон эхнэртэй байх ёсыг хэрэгжүүлж байсан нь бүх зүйлийг сэргээх ажлын нэгэн хэсэг байсан болохыг олж мэдэх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Gospel Topics, lds.org/topics.

  • “Plural Marriage in Kirtland and Nauvoo,” Gospel Topics, lds.org/topics.

  • “Plural Marriage and Families in Early Utah,” Gospel Topics, lds.org/topics.

  • “The Manifesto and the End of Plural Marriage,” Gospel Topics, lds.org/topics.

Тайлбар: Эдгээр сайн мэдээний сэдвийн нийтлэл нь танд өгөгдсөн хугацаанд багтаан заах боломжгүй их материалаар хангана. Хичээлдээ бэлдэн, зааж байхдаа үүнийг анхааралдаа ав.

Заах зөвлөмж

Иаков 2:27–30; Сургаал ба Гэрээ 132:1–2, 34–48, 54, 63

Их Эзэн олон эхнэр авах ёсыг илчлэв

1831 онд Иосеф Смит Иосеф Смитийн орчуулга гэх Хуучин Гэрээний сүнсээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байхдаа эртний бошиглогчдын зарим нь олон эхнэртэй байсан талаар уншжээ (мөн олон эхнэртэй байх ёс гэж нэрлэгддэг). Эдгээр бошиглогч дунд Абрахам, Иаков, Мосе болон Давид нар байв. Тэдгээр бошиглогч хэрхэн энэ үйлдэлдээ зөвтгөгдсөнийг олж мэдэхийн тулд Иосеф Смит судрыг судалж, тунгаан бодсон байна (С ба Г 132:1–2-ыг үзнэ үү). Их Эзэн түүний асуултын хариултыг одоо Сургаал ба Гэрээ 132 гэдгээр мэдэх илчлэлтээр илчилжээ. Хэдийгээр илчлэлт өгсөн огноо 1843 оны 7-р сарын 12 гэж байгаа ч Иосеф Смит энэ хэсэгт цэдэглэгдсэн зарчмуудыг 1831 оноос эхлэн урт хугацааны туршид авч байсан бололтой.

Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:34–36-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, яагаад Абрахам, Сара хоёр олон эхнэр авах ёсыг дагах болсон талаар олж мэдэхийг хүс.

  • 34-р шүлэгт цэдэглэснээр, яагаад Сара Абрахамд өөр эхнэр авч өгсөн бэ? Энэ нь олон эхнэр авах ёсын талаар бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулах хооронд, дараах зарчмыг самбар дээр бич: Олон эхнэр авах ёсыг зөвхөн Их Эзэний зарлигийн дагуу хүлээн зөвшөөрдөг.)

Нэг суралцагчийг Иаков 2:27 болон 30-ийг чанга уншихад урь. Дараах зарчмыг онцол: Бурхан өөрөөр зарлиглаагүй бол нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хоорондын гэрлэлт нь Түүний жишиг юм. Эдгээр шүлэгт итгэлтэй эцэг, эхэд төрөх хүүхдүүдийн тоог нэмэгдүүлснээр “бодгалиудыг [Их Эзэнд] авчирч болохын тулд” Их Эзэн олон эхнэр авах ёсыг өгсөн шалтгаан бас багтаж байгааг онцол (мөн С ба Г 132:63-ыг үзнэ үү).

Их Эзэн Иосеф Смитэд Сургаал ба Гэрээ 132:37–43-т цэдэглэснээр, Түүний зарлигийн дагуу олон эхнэр авах ёсыг дагаж байгаа Түүний хүмүүс садар самууны нүгэлд буруугүй болохыг илчилжээ. Гэхдээ Их Эзэний бошиглогчоор дамжуулан Түүний зарлигийг хүлээн аваагүйгээр олон эхнэр авах ёсыг дагасан хэн ч гэсэн садар самууны нүгэлд буруутай. Суралцагчдад 41 болон 54-р шүлэг дэх устгагдах гэсэн үг нь гэрлэлтийн гэрээ зэрэг ариун гэрээнүүдээ зөрчсөн хэн боловч Бурхан болон Түүний гэрээт хүмүүсээс тусгаарлагдана гэсэн утгатай болохыг онцол (мөн Үйлс 3:22–23; 1 Нифай 22:20-ийг үзнэ үү).

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 132:40-ийг дотроо уншаад, олон эхнэр авах ёсыг дагах өөр ямар шалтгааныг Их Эзэн өгсөн болохыг олж тогтооход урь.

  • 40-р шүлэгт цэдэглэснээр, сүүлчийн эрин үед Их Эзэн юу хийх гэж байсан бэ? (“Бүх зүйлийг сэргээх.”)

“Бүх зүйл” гэсэн үг нь өмнөх эрин үед илчлэгдсэн сайн мэдээний хууль ба ёслолуудыг хэлж байгааг тайлбарла. Дараах үнэнийг самбар дээр бич: Хожмын өдрүүдэд өгөгдсөн олон эхнэр авах зарлиг нь бүх зүйлийг сэргээх ажлын нэгэн хэсэг байсан (мөн Үйлс 3:20–21-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:45, 48-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, ямар зүйл Иосеф Смитийг бүх зүйлийг сэргээх ажилд оролцох боломжтой болгосон болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдад дараах зарчмыг ойлгоход нь тусал: Олон эхнэр авах ёсыг зөвхөн Сүмийн ерөнхийлөгчид олгогдсон санваарын түлхүүрээр дамжуулан зөвшөөрч болно.

handout iconХичээлийн төгсгөлд байгаа тараах материал-ыг суралцагч бүрд тарааж өг. Нэг суралцагчийг “Олон эхнэр авах ёс” нэртэй эхний хэсгийг уншихад урь.

тараах материал, Олон эхнэр авах ёсыг ойлгох нь
  • Олон эхнэр авах ёсыг дагах зарлиг бошиглогч Иосеф Смитэд илчлэлтээр өгөгдсөн гэдгийг мэдэх нь Сүм байгуулагдсан эхэн үед уг ёсыг хэрэгжүүлдэг байсныг илүү сайн ойлгоход тань хэрхэн туслах вэ?

Олон эхнэр авах ёсыг дагах нь итгэлийн шалгуур байсан

Ангийн нэг хэсгийг “Хэцүү зарлиг” нэртэй тараах материалыг уншихад урь. Ангийн нөгөө хэсгийг “Итгэлийг шалгуур” нэртэй тараах материалыг уншихад урь. Дараа нь дараах асуултуудыг ярилц:

  • Иосеф Смит болон бусад хүнд олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлэхээс эмээх ямар шалтгаанууд байсан бэ?

  • Иосеф Смит, Люси Вокэр болон бусад хүнд маш их бэрхшээлийг даван туулж, улмаар олон эхнэртэй байх ёсыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхэд нь тусалсан ямар зүйл тэдэнд тохиолдсон бэ?

Хэдэн суралцагчаас тараах материалын “Иосеф Смит ба олон эхнэр авах ёс” нэртэй хэсгийг ээлжлэн уншихыг хүс.

Суралцагчдад Сүмийн эхэн үед олон эхнэртэй байх ёсыг хэрхэн дагаж байсан талаар бидэнд мэдэхгүй зүйл их бий гэдгийг тайлбарла. Жишээлбэл: лацдан холболт гэдэг нэр томьёоны тухай одоогийн бидний ойлголт нь лацдан холбох ёслол нь шинэ бөгөөд энэ ёслолын зарим хэсгийн талаарх бүрэн дүүрэн ойлголтгүй байсан 1840-өөд оны үе дэх энэ нэр томьёоны ойлголттой яг адил биш юм. Бид лацдан холболт гэсэн нэр томьёог сонсоход шууд л гэрлэлт бодогддог байхад Иосеф Смит болон эхэн үеийн гэгээнтнүүдийн хувьд лацдан холболт гэсэн үг нь үргэлж гэрлэлт гэсэн үг бүрэн утгаараа буюу эхнэр нөхрийн хувьд хамт амьдрах гэсэн утгаар хэрэглэгддэггүй байв. Олон эхнэр авах ёсны тухай ихэнх мэдээллийг нууцалдаг байсан бөгөөд бид түүхэн баримтуудаас бүх асуултынхаа хариуг олох боломжгүй. Суралцагчдыг хичээлийн төгсгөлд жагсаасан олон эхнэр авах ёсны тухай Суралцагчийн унших материалыг судлахад нь урамшуулан дэмж.

Олон эхнэр авах ёсны тухай судлах явцдаа бошиглогч Иосеф Смит сайн мэдээг судлахдаа дагаж мөрдсөн загварыг санаж байхыг суралцагчдадаа сануул. Тэр мэдлэгийг олж авахын тулд судлан, тунгаан бодож, залбирсан байна. Түүнчлэн тэд интернэт болон хэвлэгдэн гарсан материалууд дунд олон эхнэр авах ёсны талаар олон баталгаагүй мэдээлэл байдгийг мартаж болохгүй. Сүмийн болоод түүхийнх нь тухай бичсэн зохиогчид мэдээллийг нөхцөл байдлаас гадуур эсвэл үнэнийг хэсэгчлэн оруулсан байдаг тул энэ нь төөрөгдөлд хүргэх магадлалтай. Тэдгээр материалын зорилго бол итгэлийг устгах явдал юм.

Албан Тунхаг 1

Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүдэд олон эхнэртэй байх ёсыг зогсоохыг илчилсэн

Олон эхнэр авах ёс нь гэгээнтнүүд Ютад ирснээс хойш цар хүрээгээ тэлсэн бөгөөд хожим нь илчлэлтийн дагуу зогссон гэдгийг тайлбарла. Суралцагчдаас “Олон эхнэр авах ёсыг эсэргүүцсэн нь” болон “Хоёр дахь тунхаг бичиг” нэртэй тараах материалыг ээлжлэн чанга уншихыг хүс.

  • Олон эхнэр авах Их Эзэний зарлигийг дагасны улмаас эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүд ямар үр дагавартай нүүр тулсан вэ?

Хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээн дэх Албан Тунхаг 1-ийн сүүлийн хоёр догол мөрийг мөн Албан Тунхаг 1-ийн дараа байх “Тунхаг бичгийн талаарх ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гурван удаагийн хэлсэн үгнээс авсан хэсэг”-ийн нэг ба долоодугаар догол мөрийг ээлжлэн уншихад урь. Дараа нь асуу:

  • Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф гэгээнтнүүдэд юу гэж заасан бэ? (Түүний заасан зарчмууд дараах үнэнийг багтаадаг: Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчид Сүмийг буруу замаар удирдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчид өгөх илчлэлтээр дамжуулан Сүмээ удирддаг.)

Дараах мэдээлэл нь олон эхнэр авах ёсыг зогсоох шийдвэрийг цааш тайлбарлахад тусалж магадгүй:

Ерөнхийлөгч Жорж К.Каннон

“Ерөнхийлөгч Жорж К.Каннон тунхаг бичгийг гаргахад хүргэсэн илчлэгч үйл явцын талаар тунгаан бодоод, ‘Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл таны явсны адил явж, таны алхалсны адил алхах ёстой. Тэд Бурханаас ирэх илчлэлтэд найдах ёстой. Тэд эхлэл төгсгөлийг Их Эзэний адилаар харж чадахгүй’ гэж хэлжээ. Ерөнхийлөгч Каннон Тэргүүн Зөвлөлийнхний талаар хэлэхдээ, ‘Бидний хийж чадах цорын ганц зүйл бол Бурханы оюун ухаан, хүслийг эрэлхийлэх юм. Тэр цаг үе бидэнд ирэхэд бид урьд өмнө нь мэдэрч байсан бүхий л мэдрэмжээ мэдэрч болох ч бидэнд Бурханы заасан замаар алхаж, Түүнд итгэхээс өөр сонголт байхгүй билээ’” гэжээ (“The Manifesto and the End of Plural Marriage,” Gospel Topics, lds.org/topics).

Дараах асуултыг асуун, хичээлийг дуусга.

  • Хэн нэгэн хүн хожмын үеийн гэгээнтнүүд олон эхнэр авах ёсыг дагадаг эсэхийг асуувал та нар сурсан зүйл дээрээ үндэслэн юу гэж хариулах вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг хуваалцах талаар бодож үз:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Хэрэв манай гишүүдийн дундаас хэн нэгэн нь олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлж байвал тэд Сүмийн хамгийн хатуу шийтгэлийг хүлээх буюу гишүүнчлэлээс хасагдана. … Зуу гаруй жилийн өмнө Бурхан Өөрийн бошиглогч Вилфорд Вүдраффт олон эхнэр авах ёс халагдах ёстой буюу нэг үгээр одоо энэ нь Бурханы хуулийн эсрэг болохыг тодорхой илчилсэн. Иргэний болон шашны хуулийн ёсоор олон эхнэр авах нь зөвшөөрөгдсөн улс орнуудад ч гэсэн Сүм ганц эхнэртэй байх ёстой хэмээн заадаг бөгөөд олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлдэг хүмүүсийг гишүүдийнхээ эгнээнд оруулахыг зөвшөөрөхгүй” (“What Are People Asking about Us?” Ensign, 1998 оны 11-р сар, 71–72.)

Сүмийн одоогийн дэг жаягийн талаар ярилцахад тань дараах богино тэмдэглэл тус болж болно:

“Иосеф Смитийн сургаалын дагуу Сүм эхнэр нь нас барсан эрэгтэй хүнд өөр эмэгтэйтэй гэрлэснийх нь дараа лацдан холбогдохыг зөвшөөрдөг. Үүнээс гадна, дэлхий дээр амьд байхдаа нэгээс олон удаа гэрлэж байсан нас барсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмнөөс албан ёсоор гэрлэсэн бүх эхнэр, нөхөртэй нь лацдан холболт хийлгэхийг гишүүдэд зөвшөөрдөг. Дараах амьдралд тэдний энэхүү харилцаа ямар байх талаар тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд өөр олон гэр бүлийн холбоо тэр үед шийдвэрлэгдэнэ. Хожмын үеийн гэгээнтнүүдийг Өөрийн хүүхдүүдэд хайртай, тэднийхээ өсөлт хөгжил, авралын төлөө бүхнийг хийгч, ухаалаг Тэнгэрлэг Эцэгтээ найдахыг урамшуулан дэмждэг” (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” Gospel Topics, lds.org/topics).

Хичээлээ өндөрлөхийнхөө өмнө, өнөө үед Сүмээс урвасан зарим хүн олон эхнэр авах ёсыг дагаж байгаа гэдгийг суралцагчдад хэлэх нь зүйтэй. Өнөө үед тэд олон эхнэр авах ёсыг дагах нь зөв эсэх талаар залбиран, тунгаан бодоход хүмүүсийг уриалдаг. Бид Их Эзэн Өөрийн бошиглогчдоор дамжуулан илчилсэн зүйлийн эсрэг илчлэлт хүлээн авахыг эрэлхийлэх ёсгүй. Их Эзэн Өөрийн бошиглогчоор дамжуулан Сүмд олон эхнэр авах ёсыг халах ёстой хэмээн илчилсэн. Өнөө үед олон эхнэр авах ёсыг дэмжиж байгаа хэн ч болов Их Эзэний үйлчлэгч биш юм.

Бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ хуваалц. Тэр Абрахам, Исаак, Иаков зэрэг эртний бошиглогчдын адил Бурханаас илчлэлт хүлээн авч, дагадаг байсан гэдгийг гэрчилж болох юм (С ба Г 132:37-г үзнэ үү).

Суралцагчийн унших материал

Олон эхнэр авах ёсыг ойлгох нь

Сэргээлтийн үндэс—20-р хичээл

Олон эхнэр авах ёс

“Хожмын үеийн гэгээнтнүүд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хоорондын гэрлэлт нь Их Эзэний гэрлэлтийн тухай хууль гэдэгт итгэдэг. Библийн үед Их Эзэн зарим хүнд олон эхнэртэй байхыг буюу нэг эрэгтэй хүн олон эмэгтэйтэй гэрлэхийг зарлигласан байдаг. 1840-өөд оны эхээр Их Эзэн илчлэлтээр дамжуулан Иосеф Смитэд олон эхнэр авах ёсыг Сүмийн гишүүдийн дунд тогтоохыг зарлигласан. Хагас зуунаас илүү хугацааны турш олон эхнэр авах ёсыг хожмын үеийн гэгээнтнүүд Сүмийн ерөнхийлөгчийн удирдлага дор дагасан” (“Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Gospel Topics, lds.org/topics).

Хэцүү зарлиг

Халамжийн Нийгэмлэгийн хоёр дахь ерөнхий ерөнхийлөгч Элиза Р.Снөү (1804–1887) бошиглогч Иосеф Смиттэй лацдан холбогдсон байна. Снөү эгч бошиглогч Иосеф Смит олон эхнэр авах зарчмыг түүний ах Лорензо Снөүд заасан дараах үйл явдлыг тэмдэглэн үлдээжээ:

“Бошиглогч Иосеф Смит сэтгэл доторхоо [Лорензо Снөүд] уудлан нээж, олон эхнэр авах ёсыг танилцуулах үед боловсрол болон нийгмийн ёс заншлын хүчний үр дүнд бий болсон доторх зөрчлөө ялан дийлэхийг хичээн гаргаж буй оюуны хүнд сорилтоо дүрслэн өгүүлсэн юм. Тэр Бурханы дуу хоолойг таньсан байв. Тэр Бүхнийг Чадагчийн түүнд өгсөн зарлиг бол урагш явж, үлгэр жишээ болон селестиел олон эхнэртэй байх ёсыг үндэслэх гэдгийг мэдэж байлаа. Тэр зөвхөн өөрийн мухар сүсэг, итгэл үнэмшлээс гадна түүний нүүр өөд ширтэх бүх Христийн ертөнцтэй тэмцэж, даван гарах хэрэгтэй гэдгийг мэдэж байв. Гэвч бүхний дээр байгч Бурхан зарлиг өгсөн бөгөөд дуулгавартай дагах ёстой байв. Гэсэн хэдий ч Бурханы тэнгэр элчүүд түүний хажууд сэлмээ гарган зогсож, урагш явж, олон эхнэр авах ёсыг үндэслэхгүй бол санваарыг нь түүнээс авч, түүнийг устгах болно гэж хэлэх хүртэл бошиглогч үе үе эргэлзэж, хэрэгжүүлэхгүй хойш тавьсаар байв. Энэхүү гэрчлэлээ—үгүйсгэхийн аргагүй гэрчлэлээ тэр ганц миний ахад бус бас бусад хүнтэй хуваалцсан юм” (Biography and Family Record of Lorenzo Snow [1884], 69–70).

Итгэлийн сорилт

Олон эхнэр авах зарчмыг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан олон хүн уг зарчмыг үнэн болохыг баталсан сүнслэг гэрчийг хүлээн авсан байна.

“Хелен Мар Кимбаллын хэлснээр, Иосеф Смит ‘энэ зарчмыг дагах нь гэгээнтнүүдийн итгэлийн хувьд хамгийн хүнд сорилт байх болно’ гэжээ. Хэдийгээр энэ нь уг эмэгтэйн амьдралын ‘хамгийн хүнд’ сорилт байсан ч, энэ нь мөн түүний хувьд хамгийн агуу адислалын нэг байсан юм’ гэж гэрчилсэн байдаг. …

Люси Вокэр Иосеф Смит түүнийг өөрийн эхнэр болохыг урихад сэтгэлийн дотоод гүн хямралд орсноо дурдсан байна. ‘Миний бодгалийн бүх мэдрэмж үүнийг эсэргүүцэж байлаа’ гэж тэр бичсэн байв. Гэсэн ч хэдэн шөнө өвдөг сөгдөн залбиран, нойргүй хоносны эцэст түүний өрөө ‘нарны цацраг’ адил ‘ариун нөлөөгөөр дүүрэхэд’ түүний сэтгэл амар тайванг олжээ. Тэр, ‘Миний бодгаль урьд хожид мэдэрч байгаагүй амтат, амар амгалангаар дүүрч билээ’ гэж хэлсэн байна” (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” Gospel Topics, lds.org/topics).

Иосеф Смит ба олон эхнэртэй байх ёс

Иосеф Смиттэй олон эмэгтэй лацдан холбогдсон ч яг хэд болох нь тогтоогдоогүй байна.

“Олон эхнэр авах ёс хэрэгжиж байхад хожмын үеийн гэгээнтнүүд энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбогдох мөн зөвхөн мөнхөд лацдан холбогдох хоёр хоорондоо ялгаатай гэж үздэг байжээ. Энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбогдохыг энэ амьдралд амлалт үүрэг хүлээлцэн, бэлгийн харилцаанд орж болохыг хэлдэг байв. Зөвхөн мөнхөд лацдан холбогдох нь зөвхөн дараах амьдралд болох харилцаа холбоог илэрхийлдэг байжээ.

… Иосеф Смиттэй хожим нь лацдан холбогдсон зарим эмэгтэй тэдний гэрлэлт энэ амьдралд болон үүрд мөнхөд байсан гэхэд зарим нь тэдний харилцаа зөвхөн мөнхөд байсан гэдгийг гэрчилж байсан байна.

Иосеф Смиттэй лацдан холбогдсон эмэгтэйчүүдийн ихэнх нь түүнтэй лацдан холбогдох үедээ 20-оос 40 настай байжээ. Хамгийн өндөр настай нь 56 настай Фанни Янг байв. Хамгийн залуу Хелен Мар Кимбалл нь 15 нас хүрэхээсээ хэдэн сарын өмнө Иосефтой лацдан холбогдсон ажээ. Ийм насандаа гэрлэх нь өнөө үед зохимжгүйд тооцогдох ч тухайн үед хуулиар зөвшөөрөгддөг байсан бөгөөд зарим эмэгтэй өсвөр насандаа гэрлэдэг байв. Хелен Мар Кимбалл нь Иосеф Смиттэй хийлгэсэн лацдан холболтынхоо талаар “зөвхөн мөнхөд” хийгдсэн буюу бэлгийн харилцаа байгаагүй болохыг хэлсэн байна. …

“… Иосеф Смит урьд нь гэрлэсэн хэдэн эмэгтэйтэй лацдан холболт хийлгэсэн байв. Тэдгээр эмэгтэй болон Иосеф Смитийн аль аль нь уг лацдан холболтын талаар тайлбар өгөөгүй ч тэдгээрээс цөөн хэд нь дан ганц мөнхөд лацдан холбогдсоноо хэлж байсан байна. Бусад эмэгтэй ямар ч тэмдэглэл үлдээгээгүй учраас тэдний лацдан холболт энэ амьдралд болон үүрд мөнхөд байсан уу эсвэл зөвхөн мөнхөд байсан уу гэдгийг мэдэх боломжгүй юм.

“Үүнийг хэд хэдэн янзаар тайлбарлаж болох юм. Эдгээр лацдан холболт нь Иосефын гэр бүл болон Сүм доторх бусад гэр бүлийн хооронд мөнхийн нэгдэл эсвэл холбоосыг үүсгэх арга замыг өгсөн байх магадлалтай. Эдгээр холбоо нь босоо шугамаар буюу эцэг, эхээс хүүхэд рүү мөн хөндлөн шугамаар буюу нэг гэр бүлээс нөгөө гэр бүл рүү аль ч талаар үргэлжилдэг байна. Өнөөдөр энэхүү мөнхийн холбоог өөрийн гэр бүлтэйгээ лацдан холбогдсон хүмүүсийн ариун сүмийн гэрлэлтээр үүсгэдэг болсон” (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” Gospel Topics, lds.org/topics).

Бошиглогч нас барсны дараа ч гэсэн түүнийг амьд байхад ямар ч харилцаагүй байсан олон эмэгтэй түүнтэй лацдан холбогдсон байдаг.

Олон эхнэр авах ёсыг эсэргүүцсэн нь

Нэгдсэн Улсын шашны болон улс төрийн олон удирдагч ёс бус, харанхуй бүдүүлэгт тооцогддог байсан олон эхнэр авах ёсыг эсэргүүцэж байв. Хожмын үеийн гэгээнтнүүдийг олон нийтийн илтгэл, ном, сонин, сэтгүүлд элэглэн тохуурхдаг байжээ. Нэгдсэн Улсын Конгрессоос Сүмийн гишүүдийн эрх чөлөөг боосон хууль тогтоол гарган, Сүмийн эзэмших өмч хөрөнгийг хязгаарлан, эдийн засгийн хохиролд оруулж байв. “Энэ хууль тогтоол нь улмаар нэгээс дээш эхнэртэй хүмүүсийг шоронд хорин, тэдний сонгуульд санал өгөх болон гэр орондоо хувь хүний эрхээ эдлэхийг нь үгүйсгэж, иргэний бусад эрх чөлөөг эдлэх эрхийг нь хасаж байв” (Our Heritage: A Brief History of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1996], 97). 1890-ээд оны дундуур хэдэн зуун итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн шоронд хоригдож байв. Зарим нь баригдаж, шоронд хоригдохгүйн тулд нуугдаж байсан юм. Энэ нөхцөл байдлаас болж олон гэр бүл дарамт, уй гашуу, ядуурал, өлсгөлөнд нэрвэгджээ.

Хэдийгээр дэлхийн зүгээс тэднийг олон эхнэр авах ёсыг дагасных нь учир элэглэн дооглож байсан ч олон итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн энэ ёсыг хамгаалж, уг ёсыг Бурхан бошиглогч Иосеф Смитээр дамжуулан илчилсэн гэдгийг мэднэ гэдгээ гэрчилж байсан ажээ.

Энэ хүнд хэцүү нөхцөл байдал ерөнхийлөгч Вилфорд Вүдраффыг гэгээнтнүүдийн олон эхнэр авах ёсны талаар Их Эзэний удирдамжийг залбирч, эрэлхийлэхэд хүргэсэн байна. 1889 онд ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф Сүмийн удирдагчдад олон эхнэр авах зарчмыг цаашид заахаа зогсоох удирдамж өгчээ. 1890 он гэхэд маш цөөн тооны олон эхнэр авсан тохиолдол гарсан бөгөөд тэдгээр нь ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын зөвлөсний эсрэг хийгдсэн байв. Гэсэн хэдий ч, зарим хүн Сүм олон эхнэртэй байх ёсыг өөгшүүлэн дэмжсэн хэвээр байна гэсэн мэдээллийг нийтэлсээр байв. Эдгээр нийтлэл нь Сүмд илүү ширүүн эсэргүүцлийг авчирсан юм. 1890 оны 9-р сард ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф Сургаал ба Гэрээн дэх Албан Тунхаг 1 гэдгээр нь мэдэх тунхаг бичгийг гаргасан юм.

Хоёр дахь тунхаг бичиг

“Тунхаг бичиг [Албан тунхаг 1] нь Нэгдсэн Улсын хууль журамд захирагдана гэсэн ерөнхийлөгч Вүдраффын санааг тунхаглан зарласан байна. Уг бичигт өөр бусад улс орны хууль тогтоомжийн талаар ямар ч зүйл дурдаагүй юм. Мексик болон Канадад суурьших болсон цагаас эхлэн Сүмийн удирдагчид олон эхнэр авах ёсыг тэдгээр улсад дагаж байсан бөгөөд 1890 оны 10-р сараас хойш олон эхнэр авах ёсыг тэнд чимээгүйхэн үргэлжлүүлж байв. … Онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж 1890–1904 оны хооронд Нэгдсэн Улсад цөөн тооны олон эхнэр авсан тохиолдол гарсан байдаг ч тэдгээр нь муж улс дотор хийх зөвшөөрөлтэй байсан эсэх нь тодорхой бус юм” (“The Manifesto and the End of Plural Marriage,” Gospel Topics, lds.org/topics).

1904 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч [Жозеф Ф.] Смит Албан тунхаг 2 гэдгээр нь мэдэх хүчтэй мэдэгдлийг хийж, шинээр олон эхнэр авах аваас Сүмийн гишүүнчлэлээс хасаж шийтгэх болсон юм” (“Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Gospel Topics, lds.org/topics). © 2015 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.