Номын сан
10-р хичээл: Үнэнийг эрэлхийл


10-р хичээл

Үнэнийг эрэлхийл

Оршил

Бурханы хүүхдүүдийг “судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэ[хэд]” (С ба Г 88:118) урамшуулан дэмждэг. Энэхүү загварыг дагах нь хувь хүмүүст суралцах үйл явцдаа Ариун Сүнсний тусламжийг хүлээн авах зохистой байхад тусалдаг. Өнөөдөр интернэт болон бусад эх сурвалж Сүмийн сургаал, түүх болон нийгмийн асуудлын талаарх баримтлах байр суурийн талаар үнэн, худал, төөрөгдүүлсэн янз бүрийн мэдээлэл цацаж байна. Энэ нь үнэнийг худлаас ялган танихад туслах Ариун Сүнсэнд найдах шаардлагыг бий болгож байна. Мэдээллийн тохиромжтой эх сурвалжийг олж тогтоож, ашиглах нь энэ үйл явцын нэг хэсэг нь юм.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Дийтр Ф.Угдорф, “Үнэн гэж юу вэ?” (Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2013 оны 1-р сарын 13), lds.org/broadcasts.

  • “Gospel Learning,” Gospel Topics, lds.org/topics.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 88:118, 121–26

Суралцах загвар

Огайогийн Көртланд дахь Бошиглогчдын сургуулийн талаарх дараах тодорхойлолтыг чанга унш:

“1833 онд бошиглогч болон Көртландын хэсэг гэгээнтэнд сайн мэдээ судлах ховорхон боломж тохиожээ. Тэр жилийн нэгдүгээр сард бошиглогч Их Эзэний зарлигийн дагуу (С ба Г 88:127–141-ийг үзнэ үү) санваар эзэмшигчдийг үйлчлэлийн ажилд нь сурган дадлагажуулах, сайн мэдээг номлоход бэлтгэхийн тулд Бошиглогчдын сургуулийг үүсгэн байгуулжээ. Уг сургууль бошиглогчийн амьдарч байсан Ньюел К.Витнейн дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлаж байв. Тэнд 25 орчим ах хичээллэдэг байснаас зарим нь сайн мэдээг судлах онцгой боломжийн төлөө хэдэн зуун километрийн холоос ирсэн байжээ. Энэ өрөө 3.35 м x 4.27 м хэмжээтэй байсан аж. Эдгээр хүнээс олон нь хожим төлөөлөгч, Дал, Сүмийн бусад удирдагчид болжээ. Бошиглогч болон бусад ах үе үе хэл судалдаг байсан ч, өглөө эртээс эхлээд үдээс хойш оройхон болтол шаргуу хичээллэж, гол анхаарлаа сайн мэдээний сургаалууд дээр төвлөрүүлдэг байв. Энэ сургууль дөрвөн сар үргэлжилсэн ажээ. Ийм сургуулиуд хожим нь Көртланд, Миссурид нээгдэхэд хэдэн зуун хүн оролцсон байв” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 295–297).

Сургаал ба Гэрээ 88 нь Бошиглогчдын сургуульд суралцах хүмүүст хандан өгсөн Их Эзэний зааврыг агуулдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:118-ыг дотроо уншаад, Их Эзэний тодорхойлсон суралцах загварыг олж мэдэхэд урь. Дараа нь дараах асуултуудыг ярилц:

  • “Судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэх” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

  • Энэ загварыг дагах нь ямар арга замаар бидний суралцах чадварыг дээшлүүлдэг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч бид суралцах үйл явцдаа итгэлийг оролцуулах юм бол Их Эзэний тусламжийг хүлээн авах зохистой байж чадна гэдэг санаа тодорхой байгаа эсэхийг бататга.)

Цөөн хэдэн суралцагчийг Их Эзэний Бошиглогчдын сургуульд өгсөн цаашдын зааврыг цэдэглэсэн Сургаал ба Гэрээ 88:121–126-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, хэрхэн итгэлээр суралцахыг ойлгоход туслах зарчмуудыг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэнээ тэмдэглэхийг зөвлөж болно. Суралцагчдыг хуваалцах хооронд эдгээр зарчмыг самбар дээр жагсааж бичих талаар бодож үз. Та мөн суралцагчдад “хэрхэн итгэлээр суралцахыг зааж буй” үг хэллэгүүдийг эдгээр шүлгийн хажууд судрын зайн дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно. (Тайлбар: Судрын зайн дээрээ тэмдэглэгээ хийх нь чухал зарчмуудыг хялбархан олж, санахад суралцагчдад тусалдаг.) Хэрэв цаг гарвал та суралцагчдаас нэмэлт зарчмуудыг Алма 32:28, 41–43 мөн Иохан 7:17-оос олохыг хүсэж болно.

  • Эдгээр шүлэгт заасан зарчмууд нь хэрхэн биднийг судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахад тусалдаг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд та эдгээр зарчмыг дагах нь бидэнд Сүнсний тусламжийг хүлээн авах зохистой байхад тусалдаг гэдгийг онцолж болно.)

  • Биднийг Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах зохистой байх үед уг Сүнс хэрхэн үнэнийг эрэлхийлэх эрэл хайгуулд маань нөлөөлдөг вэ?

Сургаал ба Гэрээ 91:1–6

Үнэнийг худлаас ялган таних нь

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Дэлхийн аль ч түүхэнд ийм их мэдээллийг одоогийнх шиг амархан олж авч байсангүй. Эдгээр мэдээллийн зарим нь үнэн, зарим нь буруу, ихэнхдээ үнэний хувьтай байдаг.

Мөн дэлхийн түүхэнд одооных шиг үнэн худлыг зөв ялгаж сурах ийм их шаардлагатай үе байсангүй” (“Үнэн гэж юу вэ?” [Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2013 оны 1-р сарын 13], 3, lds.org/broadcasts).

  • Бид үнэнийг худлаас ялган танихад суралцахгүй бол ямар үр дагавар гарч болох вэ?

Дараах асуултыг самбар дээр бич.

Бид үнэн, худал хоёрын ялгааг хэрхэн зөв ялган таних вэ?

Сургаал ба Гэрээ 91-д цэдэглэгдсэн илчлэлт нь Иосеф Смитэд Апокрифаас уншсан ямар нэгэн зүйл үнэн бол хэрхэн үүнийг ялган танихыг заажээ. Нэг суралцагчаас 91-р хэсгийн толгой гарчгийг уншихыг мөн ангийнхнаас уг хэсгийг дагаж харахыг хүс. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 91-ийг судлах хооронд тэднийг самбар дээрх асуултыг бодож үзэхэд урь.

Апокриф бол иудей хүмүүсийн ариун нандин номын цуглуулга гэдгийг тайлбарла. Эдгээр ном нь Еврей Библи (Хуучин Гэрээнд) эх хувиараа цэдэглэгдээгүй ч Христийн цаг үеэс өмнөхөн Библийн Грек орчуулгад цэдэглэгдсэн байв. Эртний Христийн шашинтнууд хэд арван зууны дараа Библийн номыг эмхэтгэхдээ Апокрифын номыг хавсралт болгон багтаажээ. Зарим Христийн шашинтан Апокрифын номыг судар гэж үздэг боловч бусад шашин тэдгээрийг сүнсээр удирдагдсан бичээс гэдэгт итгэдэггүй. Иосеф Смитийн сүнсээр удирдагдсан орчуулга хийхдээ ашигласан Библийн хувилбар Апокрифыг багтаасан байдаг. Иосеф түүний хийж буй Библийн орчуулгад эдгээр ном орох ёстой эсэхийг Их Эзэнээс асуужээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 91:1–3-ыг чанга уншихад урь.

  • Иосеф Смит Апокрифын талаар юу мэдэж авсан бэ? (Оруулга гэдэг нь гар бичмэлд оруулсан материал бөгөөд заримдаа эх бичмэлээсээ зөрсөн байдаг гэдгийг тайлбарла.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 91:4–6-г чанга уншихад урь.

  • 4–6-р шүлэг дэх зөвлөгөө нь хэрхэн биднийг үнэнийг худлаас ялган таньж, уншиж буй зүйлийнхээ бодит байдлыг дүгнэж цэгнэхэд тусалдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга: Ариун Сүнс бидний уншиж буй зүйл үнэн эсэхийг мэдэхэд бидэнд тусалдаг.)

Интернэт дэх маш их мэдээлэл нь ялган таних сүнсний бэлэгтэй байх (С ба Г 46:23-ыг үзнэ үү) шаардлагыг улам их ихэсгэж байгаа бөгөөд ингэснээр бид үнэнийг худлаас зөв ялган таньж чадна. (Ялган таних чадвар яагаад бидний амьдралд маш чухал тухай өөр бусад мэдээллийг авахын тулд ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үг болох “Quick to Observe,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 12-р сар, 31–36-г үзнэ үү.)

handout iconСуралцагч бүрд Далын ахлагч Стивэн Э.Снөүгийн хэлсэн дараах үгийг хувилж өг. Суралцагчдыг Сүмийн түүх болон сургаалын талаар унших мэдээллээ дүгнэж цэгнэх тухай ахлагч Снөүгийн өгсөн зөвлөгөөг мэдэхийн тулд эхний хоёр догол мөрийг олоход урь.

тараах материал, Сүмийн түүхийг судлахад хэт нэг талын үзэл баримтлалыг барихаас зайлсхийх нь

Сүмийн түүхийг судлахад хэт нэг талын үзэл баримтлалыг барихаас зайлсхийх нь

Сэргээлтийн үндэс—10-р хичээл

Ахлагч Стивэн Э.Снөү

Далын ахлагч Стивэн Э.Снөү:

“Интернэт нь Сүмийн түүхтэй холбоотой мэдээлэл зэрэг сайн, муу, үнэн, худал янз бүрийн мэдээллийг бидний хуруу хүрэм газар байрлуулжээ. Та нар бидний түүхийн талаар олон зүйлийг уншиж болох ч үүний тухай уншиж, үүний агуулгыг ойлгох нь чухал юм. Онлайнаар байгаа зарим мэдээлэл агуулгаас гажсан мөн дутуу дулимаг мэдээлэлтэй байгаа нь асуудал болоод байна.

Сүмийг гутаан доромжлохыг оролдож буй мэдээлэл нь ерөнхийдөө маш гуйвуулагдсан, шударга бус байдаг. Бид итгэл болон түүхийг маань илүү үнэн, зөв тодорхойлсон эх сурвалжуудыг эрэлхийлэх ёстой. Зарим вэбсайт увайгүй зорилготой байдгаас мэдээллийг хэрхэн танилцуулж байгаагаараа маш маргаантай байдаг. Сүмийн гишүүн эсвэл гишүүн бусаас үл хамааран олонд хүлээн зөвшөөрөгдсөн, хүндэтгэл хүлээсэн түүхчдийн эх сурвалжуудыг эрэлхийл.

Зарим залуучууд тэдгээрийн эсрэг хамгаалагдаагүй байдаг учраас интернэт дэх мормончуудын эсрэг мэдээллийг үзээд, гайхширдаг. Тэд өөрсдийгөө ирж болох зүйлд бэлтгэж, хүчирхэгжүүлэх сүнслэг зүйлст хангалттай цаг зарцуулаагүй байдаг. Амьдралын туршлагууд хүнд хэцүү давааг бий болгохоор ирэх үед тэд бидний үргэлж ярьдаг үндсэн зүйлсийг хийх, судруудыг үргэлжлүүлэн судлах, Тэнгэрлэг Эцэгт утга учиртай залбирал өргөх зэрэг хамгийн чухал зүйлсийг хийдэг байх хэрэгтэй. Тэдгээр үндсэн зүйл нь онлайнаар ирж болох мормончуудын эсрэг өгүүлэл, нийтлэл зэрэг бүх төрлийн саад бэрхшээлд хүмүүсийг бэлтгэх болно (“Balancing Church History,” New Era, 2013 оны 6-р сар, 21–22).

  • Бид Сүмийн түүх болон сургаалуудын талаарх мэдээллийн эх сурвалжуудын үнэн бодит байдлыг анхааралтай үнэлж цэгнэх хэрэгтэй байдаг болохоор та Сүмийн тухай унших ямар нэгэн зүйл үнэн эсэхийг үнэлж дүгнэхэд тань туслах ахлагч Снөүгийн сургаалуудыг хэрхэн ашиглах вэ?

Суралцагчдыг ахлагч Снөүгийн хэлсэн үгийн гурав дахь догол мөрийг дотроо уншихад урь. Дараа нь дараах асуултыг ярилц:

  • Таны итгэлийг шалгах мэдээлэлтэй тулгарах үед ахлагч Снөүгийн зөвлөгөө хэрхэн туслах вэ?

Асуудал гарч ирэх үед итгэлтэй хэвээрээ үлдэх нь

Сүмийн гишүүд заримдаа Сүмийн сургаал, түүх эсвэл нийгмийн асуудлын талаар баримтлах байр суурийн талаар асуудал эсвэл эргэлзээтэй тулгардаг гэдгийг тайлбарла. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг суралцагчидтайгаа хуваалц:

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Асуулттай байна гэдэг нь хэвийн зүйл юм. Чин сэтгэлийн асуултын жижиг үр ихэнхдээ соёолж, ойлголтын агуу том мод болон ургадаг. Ноцтой эсвэл эмзэг асуултуудын талаар хэзээ нэгэн цагт эргэлзэж байгаагүй Сүмийн гишүүд цөөхөн байдаг. Сүмийн зорилгуудын нэг бол зарим үед итгэлийн үрийг бүр эргэлзээ бүхий болон итгэлгүй байдлын элсэрхэг хөрсөнд тарьж, арчилж ургуулах явдал ч байдаг” (“Ирж, бидэнтэй нэгд,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23).

handout iconСуралцагч бүрд асуулт эсвэл эргэлзээтэй хүмүүст өгсөн Сүмийн удирдагчдын зөвлөгөөг агуулсан “Үнэнийг худлаас ялган таних нь” тараах материалыг өг. Суралцагчдыг тараах материал дээрх үгийг дотроо уншаад, хэн нэгэнд найдвартай арга замаар асуулт, эргэлзээгээ тайлахад нь туслах зарчмуудыг олж тогтооход урь. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, тараах материал дээрх уншсан зүйл нь хэрхэн Сүмийн сургаал, түүх эсвэл нийгмийн асуудлуудын талаарх Сүмийн байр суурийн талаар асуулт, эргэлзээтэй хэн нэгэнд тусалж болохыг тайлбарлахад урь.

тараах материал, үнэнийг худлаас ялган таних нь

Энэ амьдралдаа хариултыг нь олж чадахгүй зарим асуулт байж болох ч бид зарлигуудыг дагаж, ялангуяа амьд бошиглогчдын үгс зэрэг мэдээллийн тохирох эх сурвалжуудыг судлан, залбирлаар дамжуулан удирдамж эрэлхийлж, итгэл мөн тэвчээрийг хөгжүүлснээр хамгийн агуу асуултууддаа хариулт авч чадна гэдгийг онцлон, хичээлээ дуусга.

Суралцагчдыг үнэнийг мэдэхэд болон асуултууддаа хариулт олж авахад нь тэднийг удирдсан Их Эзэний тусламжийг мэдэрсэн туршлагаа хуваалцахад урь.

Суралцагчдыг тараах материал дээрх хэлсэн үгийг нэгтгэн дүгнэхэд урамшуулан дэмжээд, судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцах энэ хичээлийн зөвлөгөөг дагахад урь.

Суралцагчийн унших материал

Үнэнийг худлаас ялган таних нь

Сэргээлтийн үндэс—10-р хичээл

Сайн мэдээний эрин үе бүрд хилэнцэт хүчнүүд Бурханыг болон Түүний ажлыг эсэргүүцэж байсан. Гэвч Бурханы ажил хясагдахгүй. Эдгээр хожмын өдрүүдэд чулуу уулнаас таслагдсан ба “өвч дэлхийг дүүргэх хүртлээ … урагш түгэх болно” (С ба Г 65:2). Гэсэн хэдий ч, Сүмийн гишүүд хууртагдаж болох учраас бид “үргэлж сэрэмжилж мөн залбирах ёстой” (3 Нифай 18:18).

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Сайн мэдээний бүрэн байдал сэргээгдсэн энэхүү мэдээллийн эрин үед бид үнэнийг олохын тулд танигдаагүй зам, мэдэхгүй газраар явах шаардлагагүй юм. Хайрт Тэнгэрлэг Эцэг маань бидний явах замыг тодорхойлж, үргэлж зөвийг заах удирдамж —дуулгавартай байдлын зарчмыг өгсөн билээ. Үнэний тухай мэдлэг болон амьдралын хамгийн чухал асуудлуудын хариулт нь Бурханы тушаалуудад дуулгавартай байснаар л бидэнд ирдэг” (Томас С.Монсон, “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103–107)

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Хайрт найз нөхөд минь—итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз. Эргэлзээ биднийг олзлон, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжин ирдэг хайр, амар амгалан, бэлгүүдээс маань холдуулахыг бид хэзээ ч зөвшөөрч болохгүй” (Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26).

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Сатан бол биднийг унагааж болохын тулд мэхлэхээр эрэлхийлсээр байгаа [С ба Г 50:3-ыг үзнэ үү] агуу хууран мэхлэгч бөгөөд ‘ах дүүсийг маань буруутгагч’ [Илчлэлт 12:10], худал хуурмагийн эцэг [Иохан 8:44-ийг үзнэ үү] юм. …

Үнэнийг аль хэдийн олж мэдсэн хүмүүсийн хувьд Сатан тэдэнд эргэлзээ төрүүлэх аргыг ашигладаг. Жишээлбэл: тэрээр Сүмийн олон гишүүнийг Сүмийн талаар сурч мэдсэн зүйлтэй нь зөрчилдөх мэдээллийг олж мэдээд бүдрэхэд хүргэдэг.

Хэрэв танд ийм зүйл тулгарсан бол энэ мэдээллийн эрин зуунд ямар нэгэн зүйлийн талаар эргэлзээ төрүүлдэг хүмүүс хэзээ ч, хаана ч олон байдгийг санаарай. …

… Цаасан дээр буулгасан, интернэтэд тавьсан, дахин давтагддаг эсвэл олон хүнийг байлдан дагуулдаг ямар нэгэн зүйл байлаа гээд үнэн байх албагүй гэдгийг санаж явах нь зүйтэй.

Заримдаа үнэн биш мэдээ мэдээлэл, мэдэгдлүүд нь үнэхээр үнэмшилтэй мэт харагдах тохиолдол бий. …

… Яг одоо эргэлзээтэй санагдаж буй ямар нэгэн зүйл биднийг илүү бодитой, найдвартай мэдээллийг хайж олох тусам илүү ойлгомжтой болж болно” (Дийтр Ф.Угдорф, “Үнэн гэж юу вэ?” [Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2013 оны 1-р сарын 13], lds.org/broadcasts).

Ахлагч Даллин Х.Өүкс

“Биднийг Бурханы үг болон Түүний амьд бошиглогчдын заасан зүйлст өгөгдсөн Бурханы төлөвлөгөө, захиас хэмээн бидний мэддэг зүйлсийн эсрэг орчин үеийн үзэл санааг хэмжиж эхлэхэд … энэ нь биднийг мөнхөд аюулгүй байх газарт аваачдаг гэдгийг бид мэддэг” (Даллин Х.Өүкс, “Тэрээр зүрх сэтгэлдээ тунгаахдаа” [Ахлагч Даллин Х.Өүкстэй хамт нэгэн үдэш, 2013 оны 2-р сарын 8], lds.org/broadcasts).

Ахлагч Жэффри Р.Холланд

“Айдаст автаж, эргэлзээнд идүүлж эсвэл хүнд хүчир цаг үетэй тулгарахдаа олж авсан итгэлээ бүү алд. … Ийм зүйл тохиолдон асуудал үүсч, яаж шийдвэрлэгдэх нь тодорхой бус байх үед олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа” (Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108).

Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Интернэтэд ‘үнэнийг’ шалгах шүүлтүүр байхгүй гэдгийг үнэнийг олж мэдэхийг хүсэгчдэд бид сануулж болох юм. Зарим мэдээлэл хэчнээн үнэмшилтэй ч, шуудхан хэлэхэд үнэн байх нь үгүй билээ” (Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31).

Ахлагч Пол В.Жонсон

“Сүнслэг асуултын хариулт нь зүрх сэтгэлээ хатууруулдаггүй; итгэлээр асуудаг мөн хүлээн авна гэдэгт итгэдэг; зарлигуудыг хичээнгүйлэн дагадаг хүмүүст ирдэг” (Пол В.Жонсон, “A Pattern for Learning Spiritual Things” [Church Educational System address to religious educators, 2012 оны 8-р сарын 7], si.lds.org).

Ахлагч Нийл А.Максвэлл

“Сүмийг урвагчдын нүдээр судална гэдэг нь Есүсийн тухай мэдэхийн тулд Иудасаас ярилцлага авахтай адил юм” (Нийл A.Maксвэлл, “All Hell Is Moved” [Бригам Янгийн Их сургуулийн онцгой цугларалт, 1977 оны 11-р сарын 8], 3, speeches.byu.edu).