Номын сан
13-р хичээл: ‘Үзэгдэл’


13-р хичээл

“Үзэгдэл”

Оршил

Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн үзэгдэл нь алдар суугийн зэрэглэлүүд болон үхлийн дараах амьдралын тухай үндсэн ойлголтуудыг бидэнд өгдөг. Мөн бид үүнээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын оршихуйд эргэн амьдрахын тулд юу хийх ёстойгоо мэдэж авдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Л.Том Пэрри, “The Plan of Salvation,” Ensign эсвэл 2006 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69–72.

  • Маттью Макбрайд, “‘The Vision’: С ба Г 76,” Revelations in Context series, 2013 оны 3-р сарын 11, history.lds.org.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 76

Үхлийн дараах амьдралын тухай үндсэн ойлголт

1830 онд олон Христийн шашинтан диваажин, тамын тухай “уламжлалт”, “нийтлэг” үзэл хэмээн тодорхойлогдож байсан хоёр ерөнхий ойлголтын нэгэнд нь итгэдэг байв. “Уламжлалт” үзэл нь диваажин нь зөв шударга хүмүүст, харин там нь дуулгаваргүй хүмүүст зориулагдсан гэдэгт итгэдэг байжээ. “Нийтлэг” үзэл нь Бурхан нүгэлтнүүдийг үүрд шийтгэхгүй ба эцэстээ бүгд Бурханы хаант улсад аврагдана гэдэгт итгэдэг байв. Тэр үед Есүс Христийн Сүмийн гишүүд диваажин, тамын тухай бусад Христийн шашинтнуудаас арай илүү ихийг мэддэг байсан юм. 1832 оны 2-р сард Иосеф Смит, Сидней Ригдон хоёр хожмын үеийн гэгээнтнүүдийн энэ амьдралын дараах амьдралын тухай ойлголт, итгэлийг агуу ихээр өөрчилсөн нэгэн үзэгдлийг хүлээн авав. Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн энэ үзэгдэл нь Бурханы хайр, нигүүлсэл, шударга ёс, шүүлтийн нарийн ээдрээтэй хэлхээ холбоог илчилсэн ба энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай илүү төгс үзлийн хаалгыг нээсэн юм. Олон жилийн турш, Сүмийн эхэн үеийн гишүүд энэ үзэгдлийг “Үзэгдэл” гэж нэрлэсээр иржээ. (Маттью Макбрайд, “‘The Vision’: С ба Г 76,” Revelations in Context series, 2013 оны 3-р сарын 11, history.lds.org-ийг үзнэ үү.)

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 76-д юу цэдэглэгдсэн талаар товч хэлж, тайлбар өгөхийг хүс. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Вилфорд Вудраффын (1807–1898) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф

“Би Сургаал ба Гэрээг хүн төрөлхтний гэр бүлд өгөгдөж байсан хамгийн бурханлаг тунхгуудыг [агуулсан] гэж үздэг. Би [76-р хэсэг дэх] ‘Үзэгдэл’ нь дан ганцаараа бидний уншиж байсан ямар ч номд байдаг илчлэлтээс илүү гэрэл, үнэн мөн зарчмыг өгдөг илчлэлт гэж хэлнэ. Энэ нь бидний одоогийн нөхцөл байдлыг тодорхой болгож, бидний хаанаас ирсэн, яагаад энд байгаа болон хаашаа явж байгааг харуулдаг. Ямар ч хүн энэ илчлэлтээр дамжуулан өөрийнхөө үүрэг ба нөхцөл байдлыг мэдэж болно” (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 120–121).

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 76-р хэсгийн оршлыг чанга уншихыг хүс. Өөр нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 76:15–19-ийг чанга уншихыг хүс.

  • Иосеф, Сидней хоёр энэ илчлэлтийг хүлээн авахад хүргэсэн юуг хийж байсан бэ?

  • Бид судалж, тунгаан бодохын үнэ цэнийн талаар тэдний туршлагаас юу мэдэж авч болох вэ? (Суралцагчид судруудын тухайд бясалгах, илчлэлт хүлээн авах хоёрын хоорондох уялдаа холбоог ойлгож байгаа эсэхийг бататга.)

Тайлбар: Судруудыг тунгаан бодоход суралцах нь Ариун Сүнсэнд бидэнд үнэнүүдийг илчлэх илүү агуу боломж өгдөг судар судлах үнэ цэнэтэй ур чадвар гэдгийг онцол.

Сургаал ба Гэрээ 76:1–10

Итгэлтэй хүмүүст өгөгдсөн амлалтууд

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, Есүс Христийг дүрсэлж буй үг, үг хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэнээ тэмдэглэхийг зөвлөж болно. Эдгээр шүлэгт дүрсэлсэн Аврагчийн зан чанар нь судрын жагсаалтад байдаг жишээ гэдгийг тайлбарла. Судрын жагсаалт нь “хоорондоо уялдаа холбоотой бодол, санаа буюу заавруудын дэс дараалал юм. Судруудаас жагсаалтыг хайх нь багш, суралцагчдад бичээчийн онцолж буй чухал санаануудыг олж харахад тусалдаг” (Gospel Teaching and Learning [2012], 23). Сургаал ба Гэрээ 76 нь хэд хэдэн судрын жагсаалтыг агуулдаг гэдгийг онцол.

  • 1–4-р шүлэгт дурдсан Есүс Христийн ямар ямар зан чанар танд хамгийн чухал санагдаж байна вэ? Яагаад?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:5–10-ыг дотроо уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн амлалтуудыг олж мэдэхэд урь. Суралцагчдыг 6–10-р шүлэг дэх жагсаасан амлалтуудыг анхаарахад урь. Та суралцагчдад Их Эзэний амлалтуудыг онцлохын тулд энэ жагсаалт дээр тэмдэглэгээ хийхийг зөвлөж болно.

  • 5-р шүлэгт цэдэглэснээр, бид Аврагчийн нигүүлсэл, ач ивээл, хүндэтгэлийг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?

Суралцагчдад эдгээр шүлгийг судлахдаа дараах зарчмыг олж тогтооход тусал: Бид Их Эзэнээс эмээж, Түүнд зөв шударга байдалд үйлчлэх юм бол Тэрээр биднийг хүндэтгэж, бидэнд нигүүлсэнгүй хандах болно. Энэ өгүүлбэрт Их Эзэнээс “эмээх” гэдэг нь Түүнийг хүндэтгэн бишрэх гэсэн үг гэдгийг суралцагчдад сануул.

Суралцагчдад энэ зарчмын тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг тавь:

  • Та 5–10-р шүлгээс олж тогтоосон амлалтуудаасаа алийг нь хүлээн авахыг илүү их хүсэж байна вэ? Яагаад?

  • Та энэ адислалыг хүлээн авахын тул юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

Суралцагчдад эдгээр адислалыг хүлээн авахын тулд хичээх нь яагаад үнэ цэнэтэй байдгийг тунгаан бодож мөн Их Эзэнийг хэр сайн хүндэтгэн биширч, зөв шударга байдалд болон үнэнд Түүнд хэр сайн үйлчилж байгаагаа үнэлж дүгнэх цаг гаргаж өг.

11-р шүлгээс эхлээд 76-р хэсэг бүхэлдээ “алдар суун дахь … бүх ойлголтоос давж гарсан” “хаант улсын нууцууд”-ын (114-р шүлэг) тухай Их Эзэний илчлэлтийг цэдэглэдэг гэдгийг онцол. Уг илчлэлт нь мөнхийн гайхамшгуудын тухай бидний ойлголтыг нээж, ирэх амьдралын тухай бидэнд зааж, өмнө нь мэдэгдээгүй зүйлийг мэдүүлж өгдөг.

Сургаал ба Гэрээ 76:19–24

Эцэг мөн Хүүг харсан үзэгдэл

Сургаал ба Гэрээ нь хэд хэдэн дараалсан үзэгдлийг агуулдаг гэдгийг тайлбарла. Иосеф Смит, Сидней Ригдон хоёр эдгээр үзэгдэлд юу харсан тухай суралцагчдад ойлголт өгөхийн тулд хавсаргасан зургийг үзүүл эсвэл суралцагч бүрд хувилж өг. Бүдүүвч зургийн зүйл бүр нэг үзэгдэлд төвлөрч байгааг тайлбарла.

76-р хэсгийн бүдүүвч зураг

Тэр өдөр Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт үзэгдсэн үзэгдлүүдийн нэг нь Эцэг мөн Түүний Хүү Есүс Христийг харсан үзэгдэл байсан. Дараах асуултуудыг үзүүл эсвэл самбар дээр бич.

Бид энэ илчлэлтээс Есүс Христийн тухай ямар ямар үнэнийг мэдэж авдаг вэ?

Та эдгээр үнэнээс алийг нь гэрчилж чадах вэ? Та эдгээр нь үнэн гэдгийг хэрхэн мэдэх вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:19–24-ийг дотроо уншаад, тэдгээр нь хэрхэн самбар дээрх асуултуудад хариулж болохыг бодож үзэхэд урь. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, асуултуудад өгсөн хариултаа хуваалцахад урь. Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч дараах зарчмыг ойлгосон эсэхийг бататга. Есүс Христ бол амьд, алдар суутай бие юм. Есүс Христ бол Эцэгийн Төрсөн Ганц юм. Есүс Христ бол энэ дэлхийн мөн бусад дэлхийн Бүтээгч юм. Энэ дэлхийн мөн бусад дэлхийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид юм.

Аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 76:25–113

Авралын төлөвлөгөө

76-р хэсгийн 25–113-р шүлэг нь авралын төлөвлөгөөний талаар гайхамшигтай үнэнүүдийг заадаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хүснэгтэд жагсаасан эдгээр шүлгээс нэг бүлгийг сонгоод, хурдан уншихад урь. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилаад, тэднээс юу мэдэж авснаа мөн уншсан шүлгүүдээсээ урам зориг авсан юу олж мэдсэнээ ярилцахыг хүс. Дараа нь дараах асуултыг ангиараа ярилц:

  • Сургаал ба Гэрээ 76 нь амьдрал, үхлийн талаар ямар үндсэн сургаалуудыг ойлгоход бидэнд тусалдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Сургаал ба Гэрээ 76-аас бид үхлийн дараах амьдралын тухай мөн бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын оршихуйд дахин амьдрахын тулд юу хийх ёстой тухай үндсэн ойлголтыг олж авдаг гэдгийг ойлгосон эсэхийг бататга.)

Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн хамгийн чухал үзэгдлүүдийн нэг нь селестиел хаант улсын тухай байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:50–53-ыг уншаад, селестиел хаант улсад орох шаардлагуудын жагсаалтыг олж мэдэхэд урь. Та тэдгээр шаардлагыг судар дээрээ тэмдэглэх эсвэл дугаарлахыг суралцагчдад зөвлөж болно. Суралцагчдыг олж тогтоосноо хуваалцсаны дараа, дараахтай адил асуултуудыг тавь:

  • “Есүсийн тухай гэрчлэл”-ийг хүлээн авах гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Аврагчийн гэтэлгэх номлолд итгэлтэй байж, Түүний зарлигуудын дагуу амьдрах.)

  • “Итгэлээр дийлж” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлснээр уруу таталт, нүглийг дийлж, эцсээ хүртэл итгэлтэй тэвчих.)

  • “Амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Амлалтын Ариун Сүнс болох Ариун Сүнс нь бид Түүний сайн мэдээний авралын ёслолуудыг зохих ёсоор хүлээн авсан ба хийсэн гэрээнүүдээ итгэлтэй сахисан гэдгийг Эцэгт гэрчилдэг.)

Эдгээр шүлэг нь селестиел хаант улсын өргөмжлөгдсөн оршин суугчдын хүлээн авах олон адислалыг жагсаадаг гэдгийг тайлбарлан, Сургаал ба Гэрээ 76:54–70-ыг нэгтгэн дүгнэ. Эдгээр шүлгийг уншаад, тэдэнд илүү чухал санагдсан амлагдсан адислалууд эсвэл нөхцөлүүдийг олж мэдэх цаг суралцагчдад гаргаж өг.

  • Итгэлтэй хүмүүст амлагдсан адислалуудаас аль нь танд илүү чухал санагдсан бэ? Яагаад?

  • 69-р шүлэг хэрхэн селестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийн амьдрал дахь Аврагчийн үүргийг ойлгоход бидэнд тусалдаг вэ? (Бидний хүн нэг бүр хэчнээн их хичээсэн ч селестиел хаант улсыг өвлөн авахад шаардлагатай бүх зүйлийг хийж чадахгүй. Бид зөвхөн Аврагчийн цагаатгагч золиослолоор дамжуулан нүглээсээ цэвэршигдэж, төгс болж чадна.)

  • Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн авралын төлөвлөгөөний тухай үнэнүүдийг мэдэх нь хэрхэн амьдралдаа илүү сайн сонголтуудыг хийхэд бидэнд тусалж болох вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Сайн мэдээний төлөвлөгөөний тухай мэдлэггүйгээр гэм нүгэл нь ердийн, гэм буруугүй, бүр зөвтгөгдсөн мэт санагддаг. Үнэнийг мэдэх, уг төлөвлөгөөг мэдэхээс илүү агуу хамгаалалт бидэнд байхгүй!” (Our Father’s Plan [1994], 27).

  • Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үнэнүүдийн тухай мэдлэг нь ямар ямар арга замаар Сатаны нөлөөнөөс биднийг хамгаалахад тусалж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай мэдлэг тань ямар ямар арга замаар таныг хамгаалж, адисалж байсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:114–117-г чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, өөрсдийгөө цэвэршүүлэх тэдэнд өгөгдсөн амлалтыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг энэ хэсэг дэх амлалтыг дүрслэхэд урь.

Суралцагчдыг хариулсны дараа Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдлийн тайлбар болгон бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) хэлсэн дараах үгийг үзүүл.

Бошиглогч Иосеф Смит

“Хэрэв надад зөвшөөрөгдсөн бол мөн хүмүүс хүлээн авахад бэлэн байсан бол би үзэгдэлд надад илэрхийлэгдсэн хаант улсуудын алдар суугаас илүү ихийг тайлбарлаж чадах байсан” (in History of the Church, 5:402).

Суралцагчдад ангид мэдэж авсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах гүйцэд бус өгүүлбэрүүдийг үзүүл эсвэл самбар дээр бич.

Сургаал ба Гэрээ76-г судалсны дараа:

Би … мэднэ.

Би … хүсэж байна.

Би … болно.

Суралцагчдыг эдгээр өгүүлбэрийг цаасан дээр гүйцээж бичихэд урь. Хийж буй сонголтууд нь тэднийг селестиел хаант улсыг өвлөн авахуйц зохистой байлгаж, мөн Сургаал ба Гэрээ 76-д амлагдсан бусад адислалыг хүлээн авахуйц зохистой байхад тусалж байгаа эсэхийг бодож үзэхэд урь. Энэ хичээлд ярилцсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалц.

Суралцагчийн унших материал