Номын сан
17-р хичээл: Наувуд сайн мэдээг заах нь


17-р хичээл

Наувуд сайн мэдээг заах нь

Оршил

Гэгээнтнүүд Иллинойн Науву дахь эхний хэдэн жилийг амар тайван, хөгжил дэвшилд өнгөрүүлсэн. Энэ үед бошиглогч Иосеф Смит илчлэлт хүлээн авч, дараа нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн онцгой сургаалыг зааж сурган, тодруулж байлаа. Үүнд ариун сүмийн зорилго, Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болох бидний бурханлаг чадавх болон Итгэлийн тунхагт заасан зарим сургаал орсон байв. Энэ хичээл нь суралцагчдад бошиглогч Иосеф Смит агуу хүн болохыг мөн өөрсдийн бурханлаг чадавхын талаар ойлгоход нь тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • “Мөнхийн Эцэг Бурхан,” Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 2-р бүлэг (2007), 43–54.

  • “Doctrinal Developments in Nauvoo,” chapter 20 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 251–262.

  • “Becoming Like God,” Gospel Topics, lds.org/topics.

Заах зөвлөмж

Итгэлийн тунхаг

Сайн мэдээний талаарх чухал мэдэгдлүүд

Иллинойн Наувуд байхдаа Иосеф Смит мормончуудын талаар мэдээлэл авахыг хүссэн Chicago Democrat сонины эрхлэгч Жон Вентвөртөд захиа бичсэн байна. Бошиглогч захианыхаа хамт хожмын үеийн гэгээнтнүүдийн түүх, түүнчлэн сүүлд Итгэлийн тунхаг нэрээр мэдэх болсон итгэдэг сургаалынхаа товч жагсаалтыг явуулав. (Захиа нь бүрэн эхээрээ Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 493–506-д байгаа.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Ахлагч Л.Том Пэрри

“[Итгэлийн Тунхаг] дахь сургаалууд бол сүм дэх хамгийн чухал, хамгийн товч тодорхой сургаал юм. Хэрэв та Есүс Христийн сайн мэдээг судлахдаа тэдгээрийг удирдамж болгон ашиглах аваас та өөрийгөө сэргээгдсэн үнэний тухай гэрчлэлийг дэлхийд тунхаглахад бэлэн болсноо мэдэх болно. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд итгэлийн үндэс сууриа энгийн, үнэн зөв мөн дорвитой арга замуудаар тунхаглаж чадна” (“Итгэлийн тунхаг дахь сургаал ба зарчмууд,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–56).

  • Та ахлагч Пэрригийн захиасыг хэрхэн нэгтгэн дүгнэж хэлэх вэ? (Суралцагчдыг нэгтгэн дүгнэсэн мэдэгдлээ хуваалцах хооронд, тэдэнд энэ үнэнийг ойлгоход нь тусал: Бид Итгэлийн тунхагт заасан сургаалыг судалснаар өөрийн итгэл үнэмшлийг бусдад тунхаглахад илүү сайн бэлтгэгдэх болно.)

  • Та бусдад сайн мэдээг ойлгоход нь туслахын тулд хэзээ Итгэлийн тунхгийг ашигласан бэ?

Суралцагчдыг Итгэлийн тунхаг хэсгийг нээн, дотроо уншихад урь. Хангалттай хугацаа гаргаж өнгөрсний дараа, дараах асуултуудыг ярилц:

  • Та нар Итгэлийн тунхгийн аль хэсэгт, яагаад талархалтай байдаг вэ?

  • Итгэлийн тунхаг дахь сургаал нь хэрхэн таныг удирдан залж, Иосеф Смит Бурханы бошиглогч гэсэн гэрчлэлийг тань хүчирхэгжүүлсэн бэ?

Сургаал ба Гэрээ 124:25–28; 37–42

Ариун сүмийн ёслолуудын сэргээлт

Гэгээнтнүүд Иллинойн Наувуд суурьшсаны дараа бошиглогч Иосеф Смит ариун сүм барих зарлиг хүлээн авсан юм. Энэ ажил нь хожмын үеийн гэгээнтнүүдээс Огайогийн Көртландад ариун сүм барьсны адил асар их золиослолыг шаардаж байв.

Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 124:25–28, 37–42-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, яагаад гэгээнтнүүдэд ариун сүм хэрэгтэй байсан талаарх Их Эзэний сургаалыг олж мэдэхийг хүс. Эдгээр шүлэгт дүгнэлт хийхээсээ өмнө, тэд Мосе болон түүний хүмүүсийн барьсан асрын талаар ярьж байсныг тайлбарла. Мосегийн хүмүүс нас барагсдын төлөө баптисм хүртдэггүй байсан. Аврагч нас барсныхаа дараа сүнсний дэлхийд Өөрийн биеэр уг ажлыг зохион байгуулах хүртэл нас барагсдад зориулан ямар ч ажил хийгдэж байгаагүй. Дараа нь суралцагчдаас асуу:

  • Эдгээр шүлэг дэх Их Эзэний сургаалын дагуу яагаад Науву дахь гэгээнтнүүдэд ариун сүм хэрэгтэй байсан бэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах сургаалыг онцол: Их Эзэн авралын ёслолыг зөвхөн ариун сүмд хийсэн тохиолдолд л хүлээн авна.)

Суралцагчдад Көртландын ариун сүмийг “юуны өмнө эрх мэдлийн түлхүүрийг сэргээх зорилгоор барьсан” гэдгийг тайлбарла (Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–1956], 2:242). Наувугийн ариун сүмд эдгээр түлхүүрийг амьд болон нас барагсдыг төлөөлөн хийх авралын ёслолыг гүйцэтгэхэд ашигладаг байсан. Иосеф Смит амьдралынхаа сүүлийн хоёр жилийн туршид ариун сүмийн хишиг хүртэх ёслолыг цөөн тооны итгэлтэй гишүүдийн жижигхэн бүлэгт танилцуулсан байна. Түүнчлэн тэр эхнэр, нөхрийг мөнхөд хамтад нь лацдан холбох ёслолыг танилцуулав.

Нэг суралцагчаас дараах хэлсэн үгийг чанга уншихыг хүс. Ангийнхныг яагаад ариун сүмийн ёслолууд Тэнгэрлэг Эцэгт чухал байдаг талаар сонсоход урь:

“Бошиглогч болон гэгээнтнүүд Их Эзэний зарлигийн хариуд Их Эзэний өргөөг барих ажлыг аль болохоор түргэн эхлэхээр шамдаж байлаа. Гэвч барилгын ажил олон жил үргэлжлэхийг бас ариун сүмийн бүрэн адислал гэгээнтнүүдэд хэрэгтэй байсныг бошиглогч ойлгож байлаа. Иймээс ариун сүм дуусаагүй байсан ч, Иосеф Смит итгэлтэй ах нарын жижигхэн бүлэгт хишиг хүртэх ёслолыг 1842 оны 5-р сарын 4-нд үйлджээ.

Энэ бүлэг, нөхцөл боломжийнхоо хэрээр ариун сүмийн дотор тал болгон засч янзалсан бошиглогчийн улаан тоосгон дэлгүүрийн дээд давхрын том өрөөнд цугласан ажээ. …

Бошиглогчийн түүхэнд өгүүлсэн нь: ‘Би өдрийг дэлгүүрийн дээд хэсэгт … Спрингфиелдийн генерал Жеймс Адамс, патриарх Хайрум Смит, бишоп Ньюел К.Витней, Жорж Миллер нар, ерөнхийлөгч Бригам Янг, ахлагч Хебер С.Кимбалл, Виллард Ричардс нартай зөвлөлдөж, санваарын зарчмууд болон жаягийн талаар тэдэнд зааварлан, угаалга, тослолт, ариун сүмийн хишиг, Аароны санваар, тэрчлэн Мелкизедек санваарын хамгийн дээд жаягт хамаарах түлхүүрүүдтэй харьцах болон эртний өдрүүдэд хамаарах жаягийг тодорхойлоход оролцон өдрийг өнгөрүүлэв. Ийнхүү Ууган Хүүгийн Сүмд бэлтгэгдсэн бүрэн адислалыг хүртэх боломжийг хүн бүрд олгодог бүх төлөвлөгөө болон зарчмууд тодорч, мөнхийн ертөнцүүдэд Элохимын дэргэд оршин байх болов’” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 467–469).

Суралцагчдаас асуу:

  • Яагаад ариун сүмийн ёслолуудын сэргээлт шаардлагатай байсан бэ?

Суралцагчдыг хариулах хооронд, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах үгийг хуваалцан, тэдний ойлголтыг гүнзгийрүүл:

Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Ариун сүмийн үндсэн зорилго бол селестиел хаант улс дахь бидний өргөмжлөлд шаардлагатай ёслолуудыг гүйцэтгэх явдал мөн. Ариун сүмийн ёслолууд биднийг Аврагч руу чиглүүлж, Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг адислалуудыг бидэнд өгдөг” (“Blessings of the Temple,” Ensign, 2009 оны 10-р сар, 48).

  • Таны амьдрал ариун сүмийн ёслолууд сэргээгдсэнээр хэрхэн адислагдсан бэ?

Суралцагчдыг ирэх хэдэн долоо хоногийн турш Их Эзэний өргөөн дэх шүтлэг бишрэлийг хэрхэн өөрийн амьдралд нэн чухал хэсэг болгох талаар тунгаан бодоход урь.

Дуулал 82:6; Матай 5:48; Иохан 10:32–34; Ром 8:16–17; 2 Петр 1:3–4; 1 Иохан 3:2–3; Сургаал ба Гэрээ 93:11–20; 132:20

Бидний бурханлаг чадавх

Библи нь бидний бурханлаг чадавхын талаар бичсэн эртний бошиглогчдын үгсийг цэдэглэсэн гэдгийг тайлбарла. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бичээд, суралцагчдыг тэднээс уншиж, тэд бидний бурханлаг чадавхын талаар юу бичсэнийг олж мэдэхэд урь: Дуулал 82:6; Матай 5:48; Иохан 10:32–34; Ром 8:16–17; 2 Петр 1:3–4; 1 Иохан 3:2–3. Та суралцагчдыг эдгээр эшлэлийг судлах явцдаа хооронд нь харьцуулж эсвэл холбоход урамшуулан дэмжиж болно.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, дараах асуултыг асуу:

  • Бид эдгээр шүлгээс өөрсдийн чадавхын талаар юуг олж мэдэж болох вэ? (Тэд өөр өөрөөр хэлж болох ч дараах сургаалыг ойлгох хэрэгтэй: Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд бидэнд Түүнтэй адил болох чадавх бий.)

  • Эдгээр шүлгийн ямар үг хэллэг бидний бурханлаг чадавхыг дүрсэлж байна вэ?

Бидний бурханлаг чадавхын тухай орчин үеийн сударт бас заадаг болохыг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:11–13, 19–20 мөн Сургаал ба Гэрээ 132:20-ийг чанга уншихад урь. Суралцагчдад энэ сургаалыг ойлгоход нь тусал: Бид ч гэсэн Аврагчийн адил Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авах хүртэл ач ивээлээс ач ивээл рүү өсөн хөгжих боломжтой.

handout iconБошиглогч Иосеф Смит хамгийн чухал номлолуудынхаа нэгийг 1844 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар өгсөн гэдгийг тайлбарла. Энэхүү номлолынхоо үеэр бошиглогч нас бараад удаагүй байсан Кинг Фоллетт ахад хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үгийг Кинг Фоллеттэд зориулан хэлсэн үг гэдгээр нь мэдэх болсон юм. Бүх суралцагчид “Кинг Фоллеттэд зориулан хэлсэн үгээс эш татсан хэсгүүд” гэх тараах материалын хувийг тарааж өг. Тэднийг эш татсан хэсгүүдийг уншин, яагаад бид Бурханы зан чанарыг ойлгохыг эрэлхийлэх ёстой болохыг тайлбарласан үгсийн доогуур зурахад урь.

тараах материал, Кинг Фоллеттэд зориулан хэлсэн үг

Кинг Фоллеттэд зориулан хэлсэн үгээс эш татсан хэсгүүд

Сэргээлтийн үндэс—17-р хичээл

Бошиглогч Иосеф Смит (1805–1844) заасан нь:

Бошиглогч Иосеф Смит

“Хэрэв хүн зөвхөн идэх, уух, унтахаас өөр юу ч сурч мэдэхгүй, Бурханы бүтээлүүдээс алиныг нь ч ойлгодоггүй бол, хүн амьтнаас ялгагдахгүй болно шүү дээ. Амьтад идэж, ууж, унтдаг ч Бурханы тухай юу ч мэддэггүй. Хэрэв бид Бүхнийг Чадагч Бурханы Сүнсний нөлөөгөөр ухан ойлгох чадваргүй байх юм бол, амьтдаас ялгагдахгүй болох бус уу? Хэрэв хүмүүс Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол, тэд өөрсдийгөө ойлгож чадахгүй. …

Миний анхдагч зорилго бол цорын ганц мэргэн, үнэн Бурханы зан чанарыг мөн Тэрбээр ямархуу хүн бэ гэдгийг танин мэдэх явдал мөн. …

Бурхан Өөрөө нэгэнтээ одоогийн бидэн шиг байсан бөгөөд эдүгээ өргөмжлөгдсөн хүмүүн Тэрбээр тэнгэрт хаан ширээндээ заларч байгаа билээ! Энэ бол агуу нууц юм. Хэрэв хөшиг өнөөдөр нээгддэг юм аа гэхэд энэ дэлхийг тойрог замд нь барьж байдаг, бүх ертөнц болон бүх юмсыг Өөрийн хүчээр өргөн барьж байдаг аугаа Бурхан Өөрийгөө харуулах юм бол, хэрэв та нар Түүний өнөөдөр харж чаддаг юм аа гэхэд, Тэрбээр дүр төрх, хэлбэр дүрсээрээ, яг л хүн шиг, өөрсөдтэй чинь адилхныг та нар харах болно хэмээн би хэлнэ. Учир нь Адам Бурханы хэв загвар, дүр төрх, адил төстэй байдлаар бүтээгдсэн бөгөөд түүнээс заавар хүлээн авч, нэг хүн нөгөөтэйгөө ярьж байгаа лугаа адил Түүнтэй ярилцан, хамт алхалж явсан билээ” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 43–54).

“Эндээс харвал, мөнх амьдрал гэдэг нь цорын ганц мэргэн болоод үнэн Бурханыг танин мэдэх явдал мөн. Та нар өөрсдөө … нэгэн жижигхэн хэмжээнээс арай илүү хэмжээнд, багаахан чадвараас илүү дээд чадварт, нэг өргөмжлөлөөс нөгөөд, нигүүлслээс нигүүлсэлд хүрэх замаар нойрсогсдоос амилуулагдах хүртлээ түймэрлэгч галан дотор амьдарч чадах хүртлээ, үүрдийн хүчиндээ хаан сэнтийд залран буй тэдний адилаар хэрхэн алдар сууд залран бурхад, хаад болон Бурханы санваартнууд болохыг мэдэх шаардлагатай” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 245–256).

Суралцагчдад эдгээр сургаалыг задлан шинжлэхэд нь туслахын тулд дараах зүйлийг асуу:

  • Бидэнд Бурханы зан чанар, төлөв байдал мөн Тэнгэрлэг Эцэг болон бидний хоорондын харилцааны талаар судлах нь яагаад чухал вэ?

  • Бид ямар үйл явцаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болох вэ?

Суралцагчдын бурханлаг чадавхын талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлэхийн тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг үзүүл. Нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Биднийг урагшаагаа мөн дээшээгээ, агуу амжилтад, тэр ч байтугай бурханлаг байдалд хүргэхэд хөтлөх зорилгоор сайн мэдээг бий болгосон юм. Энэ агуу боломжийг бошиглогч Иосеф Смит Кинг Фоллеттэд зориулсан үгээрээ зарлан дуулгаж, [History of the Church, 6:302–317-г үзнэ үү] мөн ерөнхийлөгч Лорэнзо Снөү онцлон тэмдэглэсэн байдаг юм. Энэ нь агуу бөгөөд юутай ч харьцуулшгүй ойлголт юм: Хүмүүн Бурханы одоогийн байгаа байдалтай адил болох боломжтой! [The Teachings of Lorenzo Snow, comp. Clyde J. Williams (1984), 1-ийг үзнэ үү.]

“Үүнд итгэдгийн учир дайснууд маань биднийг шүүмжилсэн билээ. Бидний хариу бол энэхүү эрхэм дээд ойлголт нь Бурхан Тэнгэрлэг Эцэгийн ач холбогдлыг ямар ч замаар бууруулах нь үгүй билээ. Тэр бол Бүхнийг Чадагч! Тэр бол орчлон eртөнцийн Бүтээгч, Захирагч билээ. Тэр бол бүхнээс агуу бөгөөд мөнхөд тийм хэвээр байх болно. Дэлхий дээрх бүх эцэг хүний адил Тэрээр Өөрийн хүү охидыг амьдралын бүхий л амжилтад хүрээсэй хэмээн хүсдэг билээ. Иймээс Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг Түүнтэй адил түвшинд хүрч, Түүний хажууд бурханлаг хүч, мэргэн ухаанд сүр жавхлантайгаар зогсоосой хэмээн хүсэж байгаа” (“Don’t Drop the Ball,” Ensign, 1994 оны 11-р сар, 48).

Нэгтгэн дүгнэхийн тулд суралцагчдаас дараах асуултыг асуу:

  • Тэнгэрлэг Эцэг болон өөрсдийнхөө бурханлаг чадавхын талаарх эдгээр чухал үнэнийг мэдэх нь амьдралыг маань хэрхэн өөрчилж болох вэ?

  • Өнөөдөр ярилцсан зүйлийг эргэн бодоход (Итгэлийн Тунхаг, ариун сүмийн ёслолууд болон бидний бурханлаг чадавх) эдгээр үнэнийг ойлгох нь хэрхэн танд бошиглогч Иосеф Смитэд талархах сэтгэлийг төрүүлж байна вэ? Эдгээр үнэнийг ойлгох нь хэрхэн Бурханы зан чанар, Тэнгэрлэг Эцэг болон та нарын хоорондын харилцааг ойлгоход тань тусалж байна вэ? (Суралцагчдад бодол санаагаа бичих цаг гаргаж өг.)

Суралцагчдыг хэт хувийн биш бол өөрийн бичсэн бодол санаанаас хуваалцахад урь. Энэ хичээлд заагдсан сургаалууд болон бошиглогч Иосеф Смит агуу илчлэгч байсан талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлийг дуусга.

Суралцагчийн унших материал