Номын сан
6-р хичээл: Сүм зохион байгуулагдсан нь


6-р хичээл

Сүм зохион байгуулагдсан нь

Оршил

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ Түүний Сүм 1830 оны 4-р сарын 6-нд зохион байгуулагдах ёстой хэмээн зарлиглажээ (С ба Г 20, толгой гарчиг; С ба Г 20:1-ийг үзнэ үү). Энэ илчлэлт нь мөн Аврагчийн номлол, сургаалуудын талаар илүү агуу ойлголтыг гишүүдэд өгдөг. Сургаал ба Гэрээ 1:30-д цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн сэргээгдсэн Сүмийг “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” хэмээн тодорхойлсон юм. Энэ хэсэг нь хожмын өдрүүдэд болон бидний амьдралд Сүмийн гүйцэтгэх чухал үүргийг онцолдог.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Хэнри Б.Айринг, “Үнэн бөгөөд амьд Сүм,” Ensign эсвэл 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 20–24.

  • “Organization of the Church of Jesus Christ,” chapter 6 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 67–68.

  • Боид K.Пакэр, “The Family and Eternity,” Ensign, 1985 оны 2-р сар, 80-83.

  • Жэффри Г.Каннон, “‘Build Up My Church’: С ба Г 18, 20, 21, 22,” Revelations in Context series, 2013 оны 1-р сарын 3, history.lds.org.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 20:1–3

Есүс Христийн Сүмийн Сэргээлт

Суралцагчдаас Шинэ Гэрээний үед Есүс Христийн зохион байгуулсан Сүмийн тухай мэддэг зүйлээ хэлэхийг хүсэн, хичээлээ эхэл. Дараа нь асуу:

  • Бидний итгэж байгаагаар төлөөлөгчдийг нас барсны дараа Есүс Христийн Сүмд юу тохиолдсон бэ?

  • Энэ нь Есүс Христийн Сүмийн сэргээлт шаардлагатай байсныг хэрхэн тайлбарлаж байна вэ?

Ангийнхныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зохион байгуулагдсанаар Шинэ Гэрээний үед Есүс Христийн байгуулсан Сүмийн чухал онцлог талуудыг сэргээсэн арга замуудын тухай сонсож байх хооронд нэг суралцагчаас дараах хэлсэн үгийг чанга уншихыг хүс.

“Мормоны Номыг худалдаанд гаргасан тухай зарласнаас хойш яг арваннэг хоногийн дараа 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Нью-Йоркийн Фейетте дэх эцэг Петр Витмерийн дүнзэн байшинд 60 орчим хүн цуглав. Цуглаан дээр Иосеф Смит хожим нь илчлэлтээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэсэн Сүмийг албан ёсоор зохион байгуулсан билээ (С ба Г 115:4-ийг үзнэ үү). Энэ бол Сүнс өгүүлшгүй их мэдрэгдсэн баяртай үйл явдал байлаа. Ариун ёслолыг гүйцэтгэж, итгэгчдэд баптисм хүртээн, Ариун Сүнсний бэлэг өгч, эрчүүдийг санваарт томилжээ. Цуглааны үеэр өгсөн нэг илчлэлтдээ Их Эзэн Иосеф Смитийг Сүмийн удирдагч: ‘үзмэрч, орчуулагч, бошиглогч, Есүс Христийн төлөөлөгч, сүмийн ахлагчаар Бурхан Эцэгийн таалал хийгээд мөн Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр’ (С ба Г 21:1) томилсон билээ. Тийнхүү Есүс Христийн Сүм дэлхий дээр дахин үндэслэгдэн бий болсон юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 11–12).

Суралцагчдыг Есүс Христийн сэргээгдсэн Сүм болон Шинэ Гэрээний үеийн Сүмийн хоорондох адил төстэй зарим онцлог талыг тодорхойлоход урь.

Сургаал ба Гэрээнээс унших үед толгой гарчгуудыг унших нь тустай байдгийг тайлбарла. Энэ нь илчлэлтүүдийн түүхэн хам сэдвийг гаргахад тусалдаг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20-ийн толгой гарчгийг чанга уншихад урь. (Та Сургаал ба Гэрээний 2013 дахь хэвлэлд 1981 дэх хэвлэлд багтаагүй зарим түүхэн мэдээлэл толгой гарчигт багтсан гэдгийг онцолж болно.) Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг уг хэсгийг дагаж хараад, сайн мэдээний Сэргээлтийн тухай ойлголтуудыг олж мэдэхийг хүс. Асуу:

  • Сайн мэдээний Сэргээлтийн тухай ямар ямар үнэн эдгээр шүлэгт заагдсан байна вэ? (Суралцагчдын олж тогтоох ёстой үнэнүүдийн нэг нь Иосеф Смит Бурханаар дуудагдсан бөгөөд Есүс Христийн Сүмийг зохион байгуулах зарлигийг хүлээн авсан явдал юм.)

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг чанга унш:

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Иосеф Смит хамтрагчдынхаа хамт Нью-Йоркийн Фейеттегийн нам гүм тосгон дахь Петр Витмерийн ферм дэх жижигхэн дүнзэн байшинд уулзаж, Христийн Сүмийг зохион байгуулжээ. …

Анхны зургаан гишүүнээс итгэгчдийн томоохон гэр бүл бий болсон. … Өнөөдөр Сүм тэрхүү нам гүм тосгоноос дэлхийн 160 гаруй үндэстэнд тархаад байна. … Энэ нь гайхамшигтай өсөлт хөгжилт юм. Сүмийн ихэнх гишүүд Америкаас өөр улс орнуудад амьдарч байна. Энэ ч бас үнэхээр гайхамшигтай зүйл юм. Америкт үүсч бий болсон өөр ямар ч сүм ийм хурдан цар хүрээгээ тэлээгүй юм. … Энэ нь урьд өмнө үзэгдэж харагдаагүй үнэхээр гайхалтай үзэгдэл юм” (“The Church Goes Forward,” Ensign, 2002 оны 5-р сар, 4).

  • Хожмын өдрүүд дэх Сүмийн хурдацтай өсөлтийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?

  • Бид хувь хүнийхээ хувьд өнөөдөр хэрхэн Их Эзэний Сүмийн өсөлтөд хувь нэмэр оруулж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 20:17–37; 68–69

Есүс Христийн Сүмийн сургаал ба баптисм хүртсэн гишүүдийн үүрэг хариуцлага

Сургаал ба Гэрээ 20 нь эртний Сүмийн гишүүдэд Сүмийн тунхаг ба гэрээ гэж нэрлэгддэг байсан гэдгийг тайлбарла. Энэ хэсэг нь Есүс Христийн Сүмийн сургаал, гишүүдийнх нь үүрэг хариуцлагын тухай Их Эзэний өгсөн олон зааврыг агуулдаг. Энэ илчлэлтийг Сүмийн зарим эртний чуулган дээр чанга уншиж өгдөг байв.

Суралцагчдыг өөрсдийгөө Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд юунд итгэх хэрэгтэйгээ мэдэхийг хүсэж буй 1830 оны Сүмийн шинэ гишүүд гэж төсөөлөхөд урь. Ангийн хэсэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:17–28-ыг мөн ангийн бусад суралцагчийг 29–36-р шүлгийг дотроо уншаад, Их Эзэний сэргээгдсэн Сүмийн гишүүн бүрийн хувьд мэдэх хэрэгтэй сургаалыг олж мэдэхэд урь. Та тэдэнд олж мэдсэнээ тэмдэглэхийг зөвлөж болно.

Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, олж тогтоосон үнэнүүдээ хуваалцаж, яагаад үнэн бүр тэдэнд чухал болохыг тайлбарлахад урь. Дараах зарчмыг самбар дээр бичих талаар бодож үз: Их Эзэн илчлэлтээр дамжуулан Өөрийнх нь сайн мэдээ суурилсан сургаал, зарчмуудыг тодорхой болгожээ.

Ангийн хэсэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:37-г уншаад, баптисм хүртэхийг хүсч буй хүмүүст тавигдах шаардлагыг олж мэдэхэд урих талаар бодож үз. Ангийн бусад суралцагчаас Сургаал ба Гэрээ 20:68–69-ийг уншаад, баптисмын дараа Их Эзэний биднээс хүсэн хүлээдэг зүйлсийг олж мэдэхийг хүс. Эдгээр шүлэг дэх зааврууд нь Сүмийн гишүүдийн дагах тодорхой загварыг харуулдаг.

Дараах асуултуудыг ангийнхантай ярилц:

  • Хүн баптисм хүртэхээсээ өмнө юуг батлан харуулах ёстой вэ? (Суралцагчид дараах хүлээлтийг олж тогтоох ёстой: Хувь хүн баптисм хүртэхээсээ өмнө өөрийгөө даруусгаж, наманчилж, Есүс Христийн нэрийг өөр дээрээ авахад бэлэн байж мөн эцсээ хүртэл Түүнд үйлчлэх шийдвэр төгс байх ёстой.)

  • Биднийг баптисм хүртсэний дараа Их Эзэн биднээс юу хүсэн хүлээдэг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой: Бид баптисмын дараа бурханлаг алхаа хийгээд яриагаараа Их Эзэнд зохистой байгаагаа харуулдаг.)

  • “Бурханлаг алхаа хийгээд яриагаараа харуулах” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (C ба Г 20:69).

  • “Их Эзэний өмнө цэвэр ариун байдалд” алхаж буй Сүмийн гишүүдэд яагаад адислал ирдэг вэ? (C ба Г 20:69).

Хэрэв цаг гарвал та Есүс Христийн Сүм бүх эрин үед үндсэндээ адилхан байсан гэдгийг ойлгоход туслах Мормоны Номонд мөн адил дурдагдсан Сургаал ба Гэрээ 20-д цэдэглэгдсэн сургаалууд болон Сүмийн дэг жаягуудыг суралцагчдад онцолж хэлж болно. Жишээлбэл, Сургаал ба Гэрээ 20:17–36-д тайлбарласан сургаалуудыг Мормоны Номонд мөн адил тайлбарласан байдаг. Жишээлбэл, Сургаал ба Гэрээ 20:73–80-д цэдэглэгдсэн ёслол, дэг жаягууд нь Мормоны Номд мөн цэдэглэгдсэн байдаг.

Сургаал ба Гэрээ 1:30

“Цорын ганц үнэн бөгөөд амьд сүм”

Өнөөдөр маш олон хүн бүх сүм үнэн бөгөөд Бурханы мэлмийд адилхан зөв байдаг гэдэгт итгэдэг. Гэсэн хэдий ч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулагдсанаас хойш нэг жил хагасын дараа Их Эзэн Сүмийн талаар онцгой тодорхойлолт өгчээ. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 1:30-ийг дотроо уншихад урь. Дараа нь асуу:

  • Их Эзэн хэрхэн сэргээгдсэн Сүмийг дүрслэн, тодорхойлсон бэ? (Суралцагчид дараах үнэнийг илэрхийлэх ёстой: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхий дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм мөн.)

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхий дээрх “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? (Суралцагчдыг хариулахаас өмнө та энэ сургаал нь биднийг бусдаас онцгой гэж бодоход зориулагдаагүй гэдгийг тэдэнд сануулж болно.)

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар нарын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг яагаад “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Энэ бол үнэн Сүм, цорын ганц үнэн Сүм. Учир нь үүнд санваарын түлхүүрүүд байдаг. Зөвхөн энэ сүмд Их Эзэн төлөөлөгч Петрийн үетэй адил газарт болон тэнгэрт лацдах хүчийг байрлуулсан юм. Эдгээр түлхүүр Иосеф Смитэд сэргээгдсэн ба тэрээр Арванхоёрын чуулгын гишүүдэд тэдгээрийг хүртээх эрх мэдлийг хүлээн авсан юм” (Хэнри Б.Айринг, “Үнэн бөгөөд амьд Сүм,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 4-р сар, 20).

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол ‘цорын ганц үнэн бөгөөд амьд сүм’ (С ба Г 1:30) хэмээн Их Эзэн тунхагласан байдаг. Энэ сэргээгдсэн Сүм Аврагчийн Сүм учраас үнэн Сүм юм. Аврагч бол ‘зам, үнэн, амь мөн’ (Иохан 14:6). Ариун Сүнсний ажлууд ба бэлгүүдийн учир энэ нь амьд Сүм юм” (Дэвид А.Бэднар, “Ариун Сүнсийг хүлээн авах нь,” Ensign эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107).

  • Ерөнхийлөгч Айринг, ахлагч Бэднар нарын тодорхойлсон үнэнүүд нь хэрхэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг дэлхий дээрх бусад бүх Сүмээс өөр болгож байна вэ? (Энэ бол Аврагчийн Сүм ба үүнд Ариун Сүнсний ажлууд болон бэлгүүд мөн санваарын түлхүүрүүд байдаг. Та суралцагчдад эдгээр санааны заримыг Сургаал ба Гэрээ 1:30-ийн хажуу талд судрын зайн дээрээ бичихийг зөвлөж болно.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэр Сургаал ба Гэрээ 1:30-аас эш татсан ба Сүмийн тухай уг бурханлагаар өгөгдсөн тодорхойлолт нь яагаад маш чухал байдгийг тайлбарласан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Пакэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Энэхүү сургаалд суурил. Та Сэргээлтийг нотолж чадахгүй. …

Бид цорын ганц үнэн Сүмийн сургаалыг санаанаасаа зохиогоогүй. Энэ нь Их Эзэнээс ирсэн. Хүмүүс ямар үзэл бодолтой мөн бид хэчнээн бардам харагдаж, бидэнд ямар ч шүүмжлэл ирсэн бай, бид сургаалыг сонсох хүн бүрд заах хэрэгтэй. …

Бид бусад сүмд үнэн байдаггүй гэж хэлээгүй. Их Эзэн тэдгээрийг “бурханлаг байдлын дүртэй” гэж тодорхойлсон байдаг. Сүмийн хөрвөгчид өөрт байгаа бүх үнэнээ авчраад, үүнийгээ нэмж болно” (“The Only True Church,” Ensign, 1985 оны 11-р сар, 82).

  • Энэ сургаал нь хэрхэн Сэргээлт шаардлагатайг илэрхийлж байна вэ?

Суралцагчдыг хувь хүмүүс хэрхэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн гэдгийг өөрсдөө мэдэж авч болохыг тайлбарлахад урь.

Суралцагчийн унших материал

Хэвлэх