2015
Миагийн гэрчлэл
зургадугаар 2015


Mиагийн гэрчлэл

Зохиогч нь АНУ-ын Миссурид амьдардаг.

“Ариун Сүнс намуухан зөөлөн дуу хоолойгоор шивнэдэг. Тэр Бурхан, Христ хоёрыг гэрчилж, мөн бидний зүрх сэтгэлийг баясгадаг” (Children’s Songbook, 105).

Миагийн унтах цаг өнгөрсөн ч, тэр орондоо ороогүй байв. Тэр өрөөнийхөө шалан дээр суугаад, Дувал эгчийн Хүүхдийн хэсэгт уншиж өгсөн зүйлийн тухай бодож байлаа: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бусдын гэрэлд найдах боломжгүй цаг үе ирэх болно.”1

“Гэрчлэл нь бидний доторх гэрэл гэсэн үг юм” гэж Дувал эгч тайлбарлажээ. “Бид бүгдэд өөрсдийн гэрэл байх ёстой. Тэгснээр амьдрал хэцүү болж, Сатан биднийг уруу татах үед бид хүчтэй байж чадна.”

Миа толгойгоороо ороо налав. “Би сайн мэдээ үнэн гэсэн гэрчлэлтэй болмоор байна” гэж тэр бодлоо. Гэхдээ яаж гэрчлэлтэй болдог юм бол? Залбирал нь гэрчлэлтэй болохын нэг хэсэг гэдгийг тэр мэдэж байв.

“Би залбирна аа” гэж тэр шийдлээ. Тэр залбирч, Сүм үнэн гэдгийг мэдрүүлэх ямар нэгэн зүйл тохиолдох хүртэл үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Шаардлагатай бол тэр шөнөжингөө залбирсан ч чадахаар байв!

Тэр өвдөг сөгдөв. Тэгээд тэр “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, би Сүм үнэн эсэхийг мэдэхийг хүсэж байна. Үүнийг би зүрх сэтгэлдээ мэдэрмээр байна” гэж шивнэв.

Миа тэгээд хүлээлээ. Тэр залбирах үедээ мэдэрдэг намуун зөөлөн мэдрэмжээс өөр юу ч мэдэрсэнгүй. Тэр юуг нь буруу хийсэн юм бол? Түүний гэрчлэл хаана байгаа юм бол?

Түүнийг өвдөг сөхрөөд, нэлээн удаж байтал өрөөнийх нь хаалга бага зэрэг онгойж, аав нь шагайв.

“Би хаалганы чинь завсраар гэрэлтэй байхыг харлаа” гэж аав нь хэлэв. “Чи дахиад юм уншиж байгаа юм уу?” Тэгээд тэр Миагийн хацран дээрх нулимсыг харав. Тэр өвдөглөн суугаад, охиноо тэвэрлээ. “Юу болоо вэ?”

Тэр хэсэг зуур чимээгүй байв. Тэгээд тэр “Аав аа, та яаж гэрчлэлтэй болдог вэ?” гэж асуув.

Аав нь түүнийг улам чанга тэврэв. “Энэ чинь их сайн асуулт байна. Гэрчлэлтэй болохыг хүснэ гэдэг нь хамгийн түрүүнд хийх зүйлсийн нэг юм.”

Миагийн хоолойд тээглэж байсан юм алга болох шиг болохыг тэр мэдрэв.

“Ерөнхийдөө нэг удаа залбираад, гэрчлэлтэй болчихдоггүй. Чи гэрчлэлтэй байсан ч гэсэн үүнийгээ заавал тордож байх хэрэгтэй.”

“Гэхдээ гэрчлэл хаанаас ирдэг юм бол?” гэж Миа асуув.

“Гэрчлэл Ариун Сүнснээс ирдэг” гэж аав нь хэлжээ. “Чи гэр бүлийн үдшийн үеэр, эсвэл сүм дээр байхдаа дулаан, бас сайхан мэдрэмжийг мэдэрч байсан уу?”

Миа энэ тухай бодов. “Сургууль эхлэхээс өмнө та надад онцгой адислал өгөхөд надад сайхан мэдрэмж төрсөн.” Тэр дахин бодлоо. “Би ерөнхийлөгч Монсонг Ерөнхий чуулган дээр ярихыг сонсоод, гоё дулаан зүйлийг мэдэрдэг. Би найзууддаа найрсаг хандах үед, эсвэл судруудыг унших үедээ бас сайхан мэдрэмж мэдэрдэг.”

Аав инээв. “Ариун Сүнс тэдгээр мэдрэмжээр дамжуулан чамтай ярьж байгаа юм. Чамайг зөв зүйл хийхэд, эсвэл үнэн зүйлийг сонсох үед Тэр эдгээр мэдрэмжийг чамд өгдөг.”

“Би одоо халуун дулаан мэдрэмжийг, бас аз жаргалыг мэдэрч байна” гэж Миа хэлжээ. “Энэ Ариун Сүнс мөн үү?”

Аав нь түүнийг дахин тэврэв. “Тийм ээ. Бидний ярьж байгаа зүйл үнэн гэдгийг Тэр чамд хэлж байна. Хүн ингэж л гэрчлэлтэй болдог юм.”

Дараа нь Миа орондоо ороод, өөрийгөө бүтэн гэрчлэлтэй болсон гэж бодоогүй ч, аавынх нь хэлсэн зүйл үнэн гэсэн сайхан, дулаан мэдрэмжийг мэдэрчээ. Энэ мэдрэмж бол эхлэл гэдгийг тэр мэдсэн.

Миа дулаан хөнжилдөө ороод, нүдээ анив. Тэр яг унтахынхаа өмнө, “Тэнгэрлэг Эцэг минь, гэрчлэлтэй болоход минь тусалсанд баярлалаа. Аавыг минь өгсөнд баярлалаа” гэж шивнэлээ.

Эшлэл

  1. Oрсон Ф.Витни, Life of Heber C.Kimball(1967), 450.