2015
Сайн мэдээн дэх эгч дүүс
зургадугаар 2015


Сайн мэдээн дэх эгч дүүс

Зохиогч нь Мексикийн Мехико хотод амьдардаг.

Би сайн мэдээнээс ирэх адислалуудыг амьдралдаа мэдэрсэн учраас үүнийг найзуудтайгаа хуваалцахыг хүссэн юм.

Би найз Лупитагаа эгч шигээ хайрладаг. Бид зургаадугаар ангидаа танилцсан бөгөөд хоёулаа сургуулийн үлээвэр найрал хөгжимд явдаг байсан. Дараа жил нь бид хоёр илүү дотно найзууд болж, бие биедээ найддаг болж эхэлсэн юм. Түүний аав нь байхгүй, ээж нь түүнд хангалттай анхаарал хандуулдаггүйгээс учирсан бэрхшээлүүдээ тэр надад ярьж билээ. Аав, ээж нь түүний амьдралд оролцдоггүй байсан учраас тэр гунигладаг байсан юм. Тэр ганцаарддаг байсан ч, би түүнтэй хамт байв.

Би Есүс Христийн сайн мэдээ бүхий гэр бүлд төрсөндөө талархдаг. Энэ нь миний олон найзад байдаггүй амар амгаланг надад өгсөөр ирсэн. Сайн мэдээ миний амьдралыг адисалсан учраас би үүнийг Лупитатай хуваалцахыг хүсэж байв.

Би түүнийг Сүмд, мөн надтай хамт мючелд ирэхэд урьсан. Тэр урилгыг минь хүлээн авч, надтай болон миний гэр бүлтэй хамт Сүмийн цуглаан, тойргийн үйл ажиллагаа зэрэгт оролцож эхлэв. Би түүнийг номлогчидтой танилцуулж, тэд түүнийг баптисм хүртэхэд урьсан юм. Тэр гэрчлэлтэй болж, мөн баптисм хүртэх талаар ээжээсээ асуухад зөвшөөрсөн байна.

Тэр Тэнгэрлэг Эцэгийг дурсан санаж, Түүний зарлигуудыг сахих гэрээ хийсэн учраас баптисмын өдөр нь маш онцгой байлаа. Тэр өдөр би түүнтэй өөрийнхөө гэрчлэлийг хуваалцаж, түүнийг зөв газраа байгаа бөгөөд Тэнгэрлэг Эцэг түүгээр бахархаж байгаа гэдгийг хэлсэн. Би Лупитад хайртай. Мөн би түүний найз байгаадаа, бас одоо сайн мэдээн дэх эгч дүүс болсондоо баяртай байна. Тэр өөрөө, мөн түүний ирээдүйн гэр бүл сайн мэдээний адислалуудыг хүртэх учраас түүний амьдрал илүү аз жаргалтай байх болно гэдгийг би мэднэ.

Лупита сайн мэдээг хуваалцах шийдвэр гаргасанд минь талархаж байгаагаа надад хэлсэн. Тэр Сүмийн цуглаанд оролцож эхэлснээс хойш амьдрал нь илүү сайжирч, мөн амар амгаланг мэдэрсэн гэдгээ бас хэлсэн юм. Энэ бол Сүнс үнэнийг түүнд баталж байгаа хэлбэр гэдгийг би мэднэ. Тэр мөн хэзээ нэгэн өдөр ариун сүмд гэрлэнэ гэж ярьдаг. Би найзаа олсондоо, мөн хамгийн үнэ цэнэтэй зүйлээ хуваалцах үедээ мэдэрдэг баяр баясгалангийн төлөө Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байна.