Солилцоогоор явахгүй
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Номлолын ерөнхийлөгч маань андуурсан байлгүй дээ, би энэ газар удаан байлаа гээд юу сурах юм бэ?
Би 2005 онд Калифорнийн хойд хэсэгт бүрэн цагийн номлогчоор үйлчлэхээр Тайваний Нан Цэ дахь гэрээсээ явсан. Хамтрагч бид хоёрын томилогдсон газар жижигхэн газар байсан тул дөрвөн сар хагасын дотор бид хоёр хотын төв хэсгийн бүх гудамжин дахь айлуудын хаалгыг тогшсон байв. Номлолын ажил хэцүү байсан бөгөөд хүмүүс ихэнхдээ бидэн рүү хашгичдаг байлаа. Бидэнд цөөхөн сонирхогч байсан юм. Надад ажил урагшлахгүй байгаа юм шиг санагддаг байв. Би тэнд дөрвөн сар болсны дараа тэндээс явахад бэлэн болсон байлаа. Би солилцоогоор явна гэдэгтээ итгэчихсэн байсан билээ.
Ням гаргийн орой би утасныхаа хажууд бүсийн удирдагчийнхаа ярихыг хүлээж байлаа. Гэтэл тэр намайг энэ газраа дахин зургаан долоо хоног ажиллахаар томилогдсон гэж хэлэхэд нь би чихэндээ ч итгээгүй юм. Эндүүрсэн байлгүй дээ гэж би бодсон!
Дараагийн долоо хоног миний хувьд ч, хамтрагчийн маань хувьд ч, мөн бидэнтэй хамт үйлчилдэг хүмүүсийн хувьд ч жинхэнэ сүйрэл болох нь тэр. Энд үлдэх нь зөв шийдвэр гэдэгт би итгэхийг хүсээгүй. Хэдийгээр би хүмүүсийг харж, ярилцах бүрдээ нүүр дүүрэн инээмсэглэж байсан ч дотроо гунигтай байсан юм. Би бардам зандаа хөтлөгдөн, энд байх ёсгүй гэж өөртөө үргэлжлүүлэн хэлсээр байв. Номлолын ерөнхийлөгч маань над руу ярьж, өөр газар руу солилцоогоор явах тухай хэлнэ гэж би найдсаар л байлаа.
Баталгаа ирсэн нь
Дараагийн ням гаргийн өглөө намайг сүмдээ явах бэлтгэлээ дурамжхан гэгч хийж байхад утас дуугарлаа. Номлолын ерөнхийлөгч байв. Тэр дасал болсон найрсаг хоолойгоор надтай мэндлээд, “Чо эгч ээ, би өчигдөр өдрийн хоол идэж байгаад таны тухай бодож, таныг зөв газраа байгаа гэдгийг утасдаж хэлэх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн. Та байх ёстой газраа л байгаа” гэж хэлэв. Эдгээр үгийг сонсоод, нулимс минь урсаж билээ.
Би түүнд талархаад, утсаа тавив. Намайг уйлж эхлэхэд энэ газарт миний хийж дуусгаагүй ажлууд байгаа гэсэн маш ойлгомжтой мэдрэмж тун хүчтэй төрсөн. Тэнгэрлэг Эцэг миний бодол, бухимдлыг мэдэж байсныг би мэдэрсэн. Тэр миний сул дорой чанаруудыг ойлгож байсан бөгөөд надад баталгаа өгөхөөр Тэр Өөрийн үйлчлэгчийг илгээсэн юм.
Утсаар ярьсныхаа дараа би хэвийн байдалдаа оров. Би өдөр бүр хүч чадалтай байхын төлөө залбирч, Их Эзэний надаар хийлгэхийг хүсэж буй зүйлийг хэрхэн хийж чадахаа илүү тодорхой ойлгохыг хүсэж байлаа. Дараагийн таван долоо хоногийн турш хамтрагч бид хоёр шаргуу ажиллах хангалттай итгэлээ харуулснаар олон гайхамшиг тохиолдов. Маш сайн бэлтгэгдсэн нэг сонирхогч манай газарт нүүж ирж, тэр солилцоон дээр баптисм хүртсэн.
Мөн өмнө нь хүлээж аваагүй хүмүүс биднийг гэртээ урьсан. Бид хэцүү асуудалтай олон хүнтэй уулзаж, Бурханы тайтгаруулагч үгсийг тэдэнтэй хуваалцах боломжоор адислагдсан юм. Хэдийгээр зарим хүн баптисм хүртэх сонголт хийгээгүй ч, би тэдний гэрэлтсэн царайг болон Сүнс ба Бурханы хайр тэдний болон миний зүрх сэтгэлд хэрхэн нөлөөлснийг хэзээ ч мартахгүй.
Миний сурсан зүйл
Их Эзэн бидний хүн нэг бүрийг үнэхээр мэддэгийг би сурсан. Тэр Өөрийн номлогчдыг зорилгогүйгээр аливаа газарт явуулдаггүй. Бид ямар нэг газарт томилогдоход, Их Эзэн тэнд биднийг Өөрийн ажлыг гүйцэлдүүлэх зэмсэг болгон ашиглахыг хүсдэг гэдгийг би мэдсэн. Бид өөрсдийгөө Түүний мутарт даатгахад, бидэнд боломжгүй мэт санагдаж байсан ч гайхамшгууд тохиож, зүрх сэтгэл зөөлөрдөг.
Хамгийн чухал нь номлолын ерөнхийлөгч маань Сүмийн бусад удирдагчтай адил үнэхээр Бурханаар дуудагдсан гэдгийг би мэдэж авсан. Их Эзэн бидний бодгалийн сайн сайхан байдалд хэрэгтэй илчлэлтүүдийг хүлээн авах чадварыг удирдагчдад маань өгдөг.
Би солилцоогоор өөр тийш яваагүйн үр дүнд надад ирсэн туршлагад үүрд талархах болно.