Бид зөв зүйл хийсэн үү?
Карлос Жавиер Леон Угартэ, Перу, Лима
Би Перугийн Лима дахь зарим сайн сонин, сэтгүүлд нийтлэл бичдэг, олонд танигдсан сэтгүүлч байсан боловч Бурханаас холдсон амьдрал маань өдөр бүр намайг тарчлааж байсан юм. Үүнээс болоод би гэрээсээ хол байдаг Вентанилла дүүрэгт төвтэй нэгэн сэтгүүлийн хэвлэлийн хянагчаар ажиллах болов. Би одоогийнхоо найз нөхдийн хүрээнээс холдох арга замыг маш их хайж байлаа. Вентаниллад миний амьдрал өөрчлөгдөнө гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм.
Би найз охин Мариа Кристинатайгаа хамт үе үе сүмд очдог байсан бөгөөд хоёр сайн, зөрүүд номлогч энэ Сүм үнэн эсэхийг Тэнгэрлэг Эцэгээс залбирч асуухыг надад ятгаж чадсан юм. Би асуусан бөгөөд мэдэрсэн зүйл маань дүрслэхийн аргагүй гайхалтай байсан. Би Сүнсийг тэр өдөр мэдэрсэн шиг тийм хүчтэй мэдэрч байгаагүй.
Мариа Кристина бид хоёр гэрлэж, мөн баптисм хүртээд удаагүй байхдаа Вентаниллад нэгэн жижиг, тав тух муутай өрөө түрээсэлж амьдарсан. Би шаргуу ажилласан учраас хэвлэлийн хянагчаас компаний сонин, сэтгүүлийн редактор болж дэвшлээ. Би өмнө нь редактороор ажиллаж үзээгүй ч энэ албан тушаалд ажиллахдаа баяртай байв. Гэсэн хэдий ч манай хэвлэл жишгээ бууруулж, ёс суртахууны хувьд асуудалтай зүйлүүд нийтэлж эхэлснээс хойш бүх юм өөрчлөгдөж эхлэх нь тэр. Захирлуудын хийсэн эдгээр өөрчлөлт Сүмийн зарчим, эрхэмлэдэг зүйлүүдийн эсрэг байлаа.
Би редактор болохыг үргэлж хүсдэг байсан ч ийм нөхцөл байдал надад таагүй санагдаж байв. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэх зүйлүүдийг хийвэл Тэр биднийг адислах болно гэж манай бишоп зөвлөсөн. Иймд эхнэр бид хоёр энэ талаар бодож, залбирсны дараа ажлаасаа гарах ёстой гэсэн мэдрэмж хүлээж авсан юм.
Хэдэн өдрийн дараа миний сэтгэл санаа хямарч, зөв зүйл хийсэн эсэхдээ эргэлзэж эхлэв. Би ажлаасаа гарсны дараа анкет намтраа хэд хэдэн компани руу явуулсан ч ямар ч хариу ирсэнгүй. Мариа Кристинагийн зөвлөсний дагуу бид хоёр хамтдаа дахин залбирсан юм. Бидэнд төлбөрийн нэхэмжлэхүүд овоорч байсан ч бүх зүйл сайнаар эргэхийн төлөө, бас бид итгэлээ алдахгүйн төлөө залбирав.
Хэдэн цагийн дараа эхнэр маань тэр компаниудын нэг рүү залгахыг зөвлөж билээ. Би итгэл муутайхан залгалаа. Тэр компаний ажилтан над руу яг ярих гэж байсныг сонсоод, би ихэд гайхав. Тэр намайг маргаашнаас ажиллаж чадах эсэхийг асуулаа!
Бид баярласандаа уйлсан. Тэнгэрлэг Эцэг маань бидний залбиралд ийнхүү хариулсан юм.
Шинэ ажилд ороод, бид хоёр тойргоо, олон сайн найзаа орхих хэрэгтэй болсон ч бидний гэрчлэл илүү хүчтэй болсон байв. Одоо би өндөр цалинтай сайн ажилтай бөгөөд бид сайхан байранд амьдарч байна. Хамгийн чухал нь, бид Бурханы таалалд нийцэх зүйлийг хийвэл Түүний адислалуудыг авах болно гэсэн гэрчлэлээр адислагдсан юм.