Би чамд хайртай
Натали Т.Фристрап, АНУ, Юта
Номлолын маань бүсийн чуулган дуусах дөхөж байхад би гадаа зогсоод, “Би энэ гадаад оронд юу хийж байгаа юм бэ? Би хийх ёстой бүх зүйлээ хэрхэн хийх билээ?” гэж бодож байлаа.
Би Италийн Сицилид ирээд долоо хонож байсан ч аль хэдийн сэтгэлээр унасан байв. Номлогчийг бэлтгэх төвд өнгөрүүлсэн хугацаа маань гайхалтай зүүд мэт байсан ч, өөрийнхөө хангалтгүй байдлаас болоод би энд хар дарсан зүүдэн дотор байгаа юм шиг л санагдаж байлаа.
Би “Хайрт Эцэг минь, би агуу номлогч болохыг хүссэн. Гэтэл би одоо энд хийх гэж ирсэн зүйлээ хийх авьяас, чадвар, оюун ухаангүй гэдгээ ойлголоо. Би энэ хэлийг мэддэг гэж бодсон ч хүн бүр маш хурдан ярьж, харин би ямар ч үг хэлэх гэж хичээгээд хэл эвлэрэхгүй юм. Хамтрагч маань надад сайн гэж би бодохгүй байна. Манай номлолын ерөнхийлөгч англиар муухан ярьдаг. Надтай ярилцах хэн ч алга. Надад туслаач” гэж залбирлаа.
Би дотогшоо буцаж орох ёстойгоо мэдэж байсан ч, гудамжинд дахин хэдэн минут зогссон юм. Гэнэт хүрэмнээс маань хэн нэгэн гурван удаа татахыг би мэдрэв. Би эргэж хараад, нэг хөөрхөн бяцхан охиныг харж, чулуу дэвссэн зам дээр түүний хажууд өвдөглөн суулаа. Тэр намайг хүзүүгээр минь тэврээд, чихэнд минь, “Ti voglio bene” гэж шивнэв.
“Чи юу гэж хэлсэн бэ?” Тэр намайг ойлгохгүй гэдгийг би сайн мэдэж байсан ч хариуд нь англиар ингэж асуув.
Тэр миний нэрийн тэмдэг рүү ширтэж, “Сорэлла Доменики” гэж уншаад, “ti voglio bene” гэж хэллээ.
Би энэ өгүүлбэрийн утгыг мэддэг байсан. Энэ бол номлогчдын хамгийн түрүүнд чээжилсэн өгүүлбэрүүдийн нэг байв. Энэ нь бодгальд шууд нэвтэрч чадах өгүүлбэр байсан юм. Энэ нь “би чамд хайртай” гэсэн үг.
Эдгээр үг нь яг тэр үед надад хэрэгтэй байсан үгс байлаа. Аврагч эдгээр үгийг надад хэлэхийн тулд нэгэн онцгой элчийг илгээжээ. Би бяцхан охиныг дагуулан сүмд оров.
“Би түүнийг нэг гишүүний охин байх” гэж бодсон юм. Би олон номлогчийн дундуур явж, түүнийг ээж нь олж харах байх гэж бодов.
Би хамтрагчаа олж очоод, “Чи энэ бяцхан охиныг харж байсан уу?” гэж асуулаа.
Тэр гайхсан янзтай, “ямар бяцхан охин?” гэв.
Би хажуу тийш хартал нөгөө бяцхан охин байхгүй байв.
Би байрны үүдэнд зогсоод, эзэнгүй гудамжны хоёр тийш харлаа. Намайг тунгаан бодох үед тэрхүү шивнээ сонсогдоод зогсохгүй, бодгальд минь ”Сорелла Доменики, би чамд хайртай” гэж цуурайтахыг би мэдэрсэн.
Би тэр бяцхан охин хэн байсныг мэдээгүй ч, Аврагч надад хайртай гэдгийг мэдсэн юм.