Эргэцүүллүүд
Соно бялзуухайг аварсан нь
Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Калифорнид амьдардаг.
Бид соно бялзуухайг аварснаар сүнслэг байдлаараа сул дорой хүмүүст хэрхэн туслахаа ойлгосон юм.
Калифорнийн уулархаг нутагт болсон залуу эмэгтэйчүүдийн аяллаар охид болон удирдагчид жижиг байшин дотор оройн хоолоо хүлээж байлаа. Биднийг хүлээх зуур хэсэг охин ширээн дор нэг зүйл байгааг анзаарчээ. Соно бялзуухай байшинд нисэж орж ирээд, гарч чадалгүй шалан дээр унасан байжээ. Тэд надаас тусламж хүссэн юм.
Шувуу бараг үхэх гэж байгаа юм шиг харагдсан бөгөөд хошуу нь аалзны шүлсэнд орооцолдож, өд нь салбарсан байлаа. Би шувууг аяган дотор эвтэйхэн хийж, гадаа авч гарав. Би түүнийг өөрөө сайжирчихаж магадгүй гэж найдсан ч байгалийн жамаар үхчих вий дээ гэж бас бодлоо. Гэвч би соно бялзуухайг гаргахаар аягыг зөөлөн хөмрөх гэтэл, тэр аяганы амсраас жижигхэн савраараа зуурав. Би аягыг дээш нь харуулан барьж байсан ба шувуу амсраас нь зуурсан чигээрээ, нүд нь аниастай ирмэг дээр гарч ирэв. Одоо яах вэ? гэж би бодлоо.
Шувууг харсан нэг удирдагч ус, элсэн чихрийн уусмал надад авчирч өгөв. Эхлээд би зүү шиг хурц хошуунаас нь аалзны торыг салгахаар зөөлөн арчив. Шувуу айж цочсонгүй. Дараа нь би элсэн чихэртэй усанд хуруугаа дүрээд, хошуун дээр нь дусаав. Шувуу хэдийгээр хөдлөөгүй боловч дусал ус алга болов. Хошуугаараа сорчихов уу даа? Би хуруугаа дахин усанд дүрж, шувууны хошуун дээр дусаалаа. Энэ үед тэр ширхэг үснээс ч нарийхан хэлээрээ миний хурууны үзүүрийг долоосон юм.
10–15 минутын турш соно бялзуухай усыг дусал дуслаар уув. Энэ хооронд өөр хэдэн удирдагч миний хажууд ирэхэд би тэднээс шувуунд ус өгөх үү гэж асуулаа.
Шувуу гэнэт нүдээ нээж, салбарсан өд сөд нь ч хэвэндээ орсон юм. Тэр дахин хэдэн дусал ус уугаад, далавчаа дэвж, хэдэн секундийн турш биеэ дасгалжуулснаа дээш нисэв. Шувуу хэсэг зуур бидний дээр эргэлдсэнээ нисэн одсон юм.
Бид тэнд алмайран зогсож байлаа. Тэгтэл шувуу гэнэт нисэж одсонтой адил, дараах сүнслэг сургамж толгойд орж ирэв:
-
Идэвх султай хүмүүст туслах бидний оролдлого ихэнхдээ нэмэргүй мэт санагддаг. Гэхдээ соно бялзуухайн хөдөлгөөнгүй хошуу руу чихэрлэг уусмал уусан орсон шиг бидний хайр тэдэнд сүнслэг тэжээл өгч, хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгөх болно.
-
Заримдаа бид өөрсдөө ч цаашаа явж чадахааргүй болдог ба бидэнд халамж үзүүлэх гар хэрэгтэй болдог.
-
Зарим үед хүмүүс нүглийн юм уу донтолтын торонд орооцолддог бөгөөд үүнээс чөлөөлөгдөхийн тулд тэдэнд найзын эсвэл санваарын удирдагчийн тусламж, Аврагчийн дэмжлэг хэрэгтэй болдог.
-
Бидэнд тэвчихэд туслах байнгын сүнслэг тэжээл хэрэгтэй бөгөөд эс бөгөөс бидний сүнслэг хүч шавхагдаж, бид хорон муу нөлөөнд автагдах болно.
-
Соно бялзуухай тэвчсээр байсан. Шууд утгаараа шүү. Тэсэж байсан учраас л тэр амьд үлдсэн юм. Бид амьдралдаа хүнд, заримдаа аймшигт бэрхшээлүүдтэй тулгарах үедээ итгэлтэйгээр тэвчих хэрэгтэй болдог.
Аврагч бор шувуу унахыг хүртэл мэддэг гэж Шинэ Гэрээнд гардаг билээ (Maтай 10:29–31-ийг үзнэ үү). Тэрээр соно бялзуухай унахыг ч бас мэддэг гэдгийг би мэднэ. Тэр та нарыг ч мөн мэддэг.