2015
Нэг найз маань ямар нэг муу зүйлийг ердөө ганцхан удаа хийхийг хүсэж байна. Хүмүүсийг энэ тухай ярих үед тэр үүнийг хийж үзсэн байх хүсэлтэй байгаа гэнэ. Энэ нь сайхан санаа биш гэдгийг ойлгоход нь би түүнд хэрхэн тусалж чадах вэ?
зургадугаар 2015


Асуулт, хариултууд

“Нэг найз маань ямар нэг муу зүйлийг ердөө ганцхан удаа хийж үзэхийг хүсэж байна. Хүмүүсийг энэ тухай ярих үед тэр үүнийг хийж үзсэн байх хүсэлтэй байгаа гэнэ. Энэ нь сайхан санаа биш гэдгийг ойлгоход нь би түүнд хэрхэн тусалж чадах вэ?”

Чиний хийж чадах хамгийн сайн зүйлүүдийн нэг нь бидэнд яагаад зарлигууд байдгийг найздаа сануулах явдал юм. Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг учраас зарлигуудыг өгдөг. Зарлигууд нь биднийг аз жаргалтай болгож, мөн Түүнтэй адил болоход тусална гэдгийг Тэр мэддэг юм.

Шинэ Гэрээнд Аврагч “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” (Иохан 14:15) хэмээн хэлжээ. Зөв зүйлийг сонгосноороо бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайр болон Есүсийн Цагаатгал ба сайн мэдээнд талархаж байгаагаа харуулдаг гэдгийг ойлгоход нь найздаа тусал.

Чи түүнд муу зүйлийг нэг удаа хийсэн ч гэсэн энэ нь муу үр дагавар авчирдаг гэдгийг сануулж болно. Бид нүгэл үйлдсэн л бол үр дагаврыг нь амсдаг. Зарлигуудыг санаатай зөрчих нь Тэнгэрлэг Эцэгээс нүүр буруулж, Тэр бол найзууд болон бусад хүмүүсээс чухал биш гэж Түүнд хэлж байгаатай адил юм.

Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд бид Түүний зарлигуудыг сахих үед Тэр биднийг Сүнсний удирдамжаар адислах болно. Хэрэв бид дуулгавартай байвал нүгэлтэй орооцолдсоноос илүү их зүйлийг Сүнс бидэнд заана.

Бид нүглийг туршиж үзэх шаардлагагүй.

Би найзад чинь “Учир нь сайн бүхэн Бурханаас ирдэг, мөн хилэнцэт болох юу боловч чөтгөрөөс ирдгийг” (Aлма 5:40) заах байсан. Би бас үйлдэл бүр үр дагавартай байдаг ба бид өөрсдийгөө гэмтээх зүйлүүдийг хийх ёсгүй гэдгийг тайлбарлах байсан. Бид муу зүйлүүдийг хийж үзэх шаардлагагүй. Бидний эргэн тойронд муу муухай зүйл маш их байдаг бөгөөд зарлигуудыг сахидаггүй учраас олон хүн зовлонт байдалд амьдардаг.

Винишиус С., 17 настай, Бразил, Сан Пауло

Чи уруу таталтыг хэрхэн даван туулдгаа хэл

Их Эзэний өмнө хэрхэн зогсож байгаа нь л хамгийн чухал зүйл гэдгийг найздаа хэл. Бид түр зуурын зүйлээр мөнхийн авралаа солих ёсгүй. Хэрэв чи уруу таталтыг хэрхэн даван туулснаа хэлбэл энэ нь илүү тустай байх болно.

Эмили Г., 19 настай, Пуэрто Рико

Бидэнд тэнгэрлэг чадавх бий

Ганц буруу сонголт хийхэд гэм хоргүй мэт санагдаж болох хэдий ч энэ нь илүү ноцтой нүглүүд рүү хөтөлж болно гэдгийг чи найздаа найрсгаар тайлбарлаж болно. Чи энэ судрыг бас хуваалцаж болно: “Учир нь Их Эзэн бибээр нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй” (С ба Г 1:31). Нэг удаа нүгэл үйлдэх нь Сүнсний дуу хоолойг сонсох бидний чадварыг үгүй хийж болно гэдгийг найздаа сануул. Хамгийн чухал нь чи найздаа хайртай гэдгээ, мөн зөв сонголтууд хийх нь Бурханы охины хувьд тэнгэрлэг чадавхынх нь нэг хэсэг гэдгийг хэлээрэй.

Адриана Ф., 17 настай, АНУ, Аризона

Ганц удаагийн үйлдэл нь хор уршигтай

Ганц удаа хийсэн ч бай, бүх муу зүйл нь Сүнсийг холдуулдаг. Хэрэв Сүнс байхгүй бол Сатанд чамайг илүү олон муу зүйл хийлгэхээр уруу татахад амархан байх болно. Мөн чи хэдэн ч удаа хийсэн бай, бүх нүглээ наманчлах хэрэгтэй. Ноцтой нүглүүдийг наманчлах нь урт удаан, шаналгаатай үйл явц байж болдог.

Эмили Л., 14 настай, АНУ, Юта

Хүчтэй бай

Найздаа хайртай гэдгээ, мөн зөвийг сонгоход нь түүнд туслахыг хүсэж байгаагаа хэл. Бид хүмүүсийг илүү сайн ойлгохын тулд тэдэнтэй адил сонголт хийх хэрэггүй гэдгийг би хувийн туршлагаасаа мэднэ. Бид сайн мэдээний дагуу амьдарвал, хүмүүсийг ойлгоход Сүнс бидэнд тусална. Найздаа хүчтэй бай гэж хэл. Ингэснээр тэр ч бас бусдад зарлигуудыг сахихад нь тусалж чадна. Найздаа тусалж, мөн тэрээр үйлчилж болохын төлөө залбир.

Ванина П., 19 настай, Аргентин, Буэнос Айрос

Чи өөрийгөө зогсоох боломжгүй болж магадгүй

Би найздаа энэ талаар бодоод ч хэрэггүй гэж хэлнэ. Буруу зүйлийг нэг удаа хийх нь аюултай. Учир нь чи хийгээд эхэлчихвэл, өөрийгөө зогсоож чадахгүй болж ч болно. Тэнгэрлэг Эцэг биднийг аюулгүй, мөн аз жаргалтай байлгахын тулд зарлигуудыг өгсөн.

Дуглас Б., 13 настай, АНУ, Калифорни

Энэ нь жижиг зүйлээс эхэлдэг

Ахлагч Жэффри Р.Холланд нэг удаа “мянган бээрийн аялал нь нэг алхмаас эхэлдэг учраас алхаагаа цэгнэ” хэмээн хэлсэн (“Place No More for the Enemy of My Soul,” Лиахона, 2010 оны 5-р сар, 45). Би найздаа Сатан биднийг буруу замаар доош удирдахын тулд жижиг уруу таталтуудыг ашигладаг гэдгийг ойлгоход нь тусална. Чи буруу зүйлийг ганц удаа л хийвэл, Сатанд болон түүний дагагчдад үүнийг олон дахин хийлгэхээр уруу татах боломж олгож байгаа юм.

Симилони Ф., 18 настай, Юта, АНУ