Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Гэр бүлүүд мөнхөд хамт байж чадна
Гэр бүлүүдийг үүрд мөнх холбох санваарын хүч нь Бурханы хамгийн агуу бэлгүүдийн нэг юм. Авралын төлөвлөгөөг ойлгодог хүн бүр энэ мөнхийн адислалыг авахыг хүсдэг. Бурхан гэр бүлүүд мөнхөд хамт байх болно гэсэн амлалтыг зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн онцгойлон адислагдсан ариун сүмүүдэд гүйцэтгэгддэг лацдан холбох ёслолоор дамжуулан өгдөг.
Үүнийг боломжтой болгодог санваарын түлхүүр нь Көртландын ариун сүмд бошиглогч Елиагаар дамжуулан Иосеф Смитэд сэргээгдсэн юм. Эдгээр санваарын түлхүүр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх амьд бошиглогчдын тасралтгүй холбоогоор дамжин энэ цаг үед ирсэн билээ.
Аврагч мөнх бус тохинууллынхаа үед Өөрийн ахлах төлөөлөгч Петрт “Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Матай 16:19) хэмээн хэлэх үедээ гэр бүлүүдийг лацдан холбох хүчний тухай түүнд ярьжээ.
Бид гэр бүлээрээ үүрд мөнх хамт амьдарч чадах газар бол зөвхөн селестиел хаант улс юм. Бид тэнд Тэнгэрлэг Эцэгийнхээ болон Аврагчийн оршихуйд гэр бүлээрээ хамтдаа байж чадна. Бошиглогч Иосеф Смит энэ гайхалтай үйл явдлыг Сургаал ба Гэрээнд дараах байдлаар дүрсэлсэн юм:
“Аврагчийг залран ирэхэд бид түүнийг байгаагаар нь харах болно. Тэрээр бидэнтэй адилхан хүн гэдгийг бид харах болно.
“Энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа тэнд бидний дунд байх болно, гагцхүү энэ нь эдүгээ бидний эдэлдэггүй тийм алдар суу болох мөнхийн алдар суугаар хоёр дахин ихсэх болно” (С ба Г 130:1–2).
Бид гэр бүл дэх харилцаагаа тэнгэрлэг жишигт хүргэхээр итгэлтэйгээр хичээж болно гэдгийг энэ судар харуулдаг. Бид амьд болон нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ төлөө санаа тавьж, биднийг тэнгэрт холбох санваарын ёслолуудыг тэдэнд хүртээхийн тулд чадах бүхнээ хийж чадна.
Хөгшин, залуу олон хүн үүнийг хийж байна. Та нар лацдан холбогдож амжаагүй байгаа өвөг дээдсийнхээ нэрсийг хайж байгаа.
Санваарын хүчээр гэр бүлтэйгээ лацдан холбогдоогүй, амьд байгаа хамаатан садангууд бараг хүн бүрд байдаг. Санваарын ёслолуудыг хүлээн авсан боловч Бурхантай хийсэн гэрээгээ сахидаггүй хамаатнууд ч олон бий. Бурхан итгэлээрээ эдгээр хамаатан садандаа хүрч туслах чадвараар та нарыг адислах болно. Бусдыг Өөрт нь авчирдаг дагалдагчдадаа өгдөг Их Эзэний амлалт та нарт ч бас хамаатай юм:
“Мөн та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88).
Би өдөр бүр ажлын өрөөний цонхоороо үзэсгэлэнт цэцэгсийн дунд, дээш цацрах усан оргилуурын дэргэд зургаа авахуулж буй шинэхэн гэрлэсэн хосуудыг хардаг. Ихэнх тохиолдолд зурагчин хуримын зургийг авахдаа, сүйт залуу нь бүсгүйгээ бүх чадлаараа гар дээрээ өргөх тэр хооронд зургийг нь дарж амждаг. Би үүнийг харах болгондоо, гэрлэлтийн дараа удалгүй амьдрал хэцүү болох үед бие биенээ өөр маягаар өргөж явах болсон таньдаг хосуудаа боддог. Хүн ажлаа алдаж болно. Хүүхдүүд нь хөгжлийн бэрхшээлтэй төрж болно. Өвчин зовлон ч ирж болно. Бид бусдыг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүсдэг шигээ тэдэнд ч мөн тийн хандах нь амархан болж, дадаж хэвшсэн үед, мөн бидний бодсоноос ч илүү хүч шаардсан хэцүү цаг үед энэ хэвшил нь биднийг баатрууд болгодог.
Бид Бурханы оршихуйд хүлээн зөвшөөрөгдөхүйц харилцааг гэр бүлдээ бий болгох үүрэгтэй. Бид бусдыг гомдоохгүйг, эсвэл тэдэнд гомдохгүй байхыг хичээх ёстой. Бид уучлах шийдвэрийг хурдан бөгөөд бүрэн дүүрэн гаргаж чадна. Бид өөрсдийнхөөсөө илүү бусдын аз жаргалыг эрэлхийлэхээр хичээж чадна. Бид хэл яриагаа эелдэг байлгаж чадна. Бид энэ бүхнийг хийхийг хичээснээр, гэр бүлдээ болон амьдралдаа Ариун Сүнсийг урих болно.
Бид Их Эзэний тусламж, наманчлагч зүрх сэтгэлээр дамжуулан үүрд мөнхөд хамт байхыг хүсэж буй гэр бүлээ зэрвэсхэн ч болов, төсөөлөн харж чадна гэдгийг би та нарт батлан хэлж байна. Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай. Тэрээр биднийг Өөртөө эргэж ирээсэй гэж хүсдэг. Аврагч биднийг ариун сүмд орж, гэрээнүүдээ хийж, сахихыг, мөн цаг нь ирэхээр селестиел алдар сууд буюу гэртээ гэр бүлээрээ мөнхөд хамт амьдрахын тулд хийвэл зохих бидний зүрх сэтгэлийн өөрчлөлтийг Өөрийн Цагаатгалын хүчээр боломжтой болгосон юм.