Их Эзэний баталгаанд итгэхүй
Бидний бэрхшээлүүд үргэлж алга болохгүй ч, бид Их Эзэний баталгааг эрэлхийлснээр хэцүү үеүдэд ч бүх зүйл дажгүй байх болно гэдгийг мэдэж болно.
Би ариун сүмийн селестиел өрөөнд суугаад, амьдрал маань миний төлөвлөснөөс өөр чиглэлд явж байгааг тунгаан бодож байлаа. Бусад олон залуучуудтай адил олон зүйл миний санааг зовоож байв. Би сурлага, нийгмийн амьдралаа хэрхэн тэнцвэртэй байлгаж чадах вэ? Би хэрхэн ажлаасаа гарч, өөр ажил олох вэ? Би ямар ч мөнгөгүй байж, яаж хуримтлал бий болгох вэ? Би яагаад одоо болтол гэрлээгүй байгаа юм бэ? Жагсаалт энэ маягаар үргэлжилсээр байлаа. Би тайвшрал эрэлхийлж, амьдрал минь Тэнгэрлэг Эцэгийн гарт байгаа гэсэн баталгааг залбирч авахын тулд ариун сүм рүү явсан юм. “Амьдралд минь бүх зүйл сайхан болох болов уу?” гэж би асуулаа. “Бүх зүйл сайхан болно” гэсэн хариулт тэр дороо, миний оюун ухаанд баттай ирсэн.
Миний амьдрал төлөвлөснөөс минь өөр байсан ч, би Түүний төлөвлөгөөний дагуу явж, Тэр бүх зүйлийг хариуцаж байгааг тэрхүү мөчид ойлгосон юм. Тэр миний бэрхшээлүүдийг үргэлж алга болгодоггүй ч гэсэн, намайг мэддэг бас надад санаа тавьж байгаа гэсэн сайхан баталгаа нь олон бэрхшээл дундуур намайг авч гарсан юм. Бид эдгээр баталгааг ойлгож, эрэлхийлж, мөн хүсэн хүлээснээр Их Эзэн биднийг, үүрч буй ачаа дарамтуудын дундуур дэмждэг гэдгийг мэдэж чадна.
Чөлөөлөлтөөс урьтаж ирэх баталгаа
Их Эзэн биднийг гуймагц бэрхшээлээс минь тэр даруй чөлөөлдөггүй нь тодорхой юм. Харин Тэр хувийн илчлэлтээр дамжуулан үнэлж баршгүй баталгаагаар Тэр бидний амьдралыг удирдаж байгаа бөгөөд биднийг бэрхшээлүүдээс чөлөөлнө гэсэн баталгаагаар адисалж болно. Эдгээр баталгаа нь биднийг бэрхшээлүүдээс чөлөөлөхгүй ч бидэнд өөрсдийгөө чөлөөлөх хүч чадлыг өгч болно. Энэхүү чөлөөлөлт нь Ариун Сүнсний тайтгарал мэт энгийн зүйл байж болно. Их Эзэн ихэнхдээ чөлөөлөлтөөс урьтаж баталгаа өгдөг олон жишээг би судруудаас анзаарсан юм.
Хиламан 2060 залуу дайчинг, мөн нифайчуудын өөр армийг удирдаж байхдаа тэд Их Эзэний баталгааг хүлээн авчээ. Хоол хүнс, нэмэгдэл хүчийг хэдэн сар хүлээсний эцэст тэднийг өлсөж үхэхийн даваан дээр цөөхөн эрэгтэй хоол хүнс авчирсан байна. Хүчээ цөөн хүнээр нэмэх нь хангалтгүй гэж айсан тэд эцэст нь Их Эзэнд хандаж, “тэрээр [тэднийг] хүчирхэгжүүлж, мөн [тэднийг] дайснуудын гараас чөлөөлж … өгөөсэй хэмээн [тэд] сэтгэл оюунаа Бурханд хандсан залбиралд юүлсэн болой.” Тэд залбирсны дараа юу болсон тухай Хиламан: “Их Эзэн Бурхан минь, тэрээр биднийг чөлөөлөх болно хэмээх баталгаагаар бидэнд зочилсон юм; тийм ээ, үүний хэрээр тэр бидний сэтгэл оюунд амар амгаланг өгч, мөн агуу итгэлийг бидэнд соёрхож, мөн биднийг түүгээр дамжин ирэх чөлөөлөлтөндөө найдах болгосон билээ” гэжээ (Aлма 58:10–11). Эдгээр баталгаа нь Хиламанд болон түүний дайчдад тэсэн гарч, дайснуудаа ялах хүчийг өгсөн юм.
Иосеф Смит Либерти шоронд хоригдож байхдаа Их Эзэний баталгааг хүлээн авсан. Тэр залбирах үедээ:
“Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;
Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно” гэсэн үгсийг сонсчээ (С ба Г 121:7–8).
Энэхүү баталгаа нь Иосеф Смитэд хүнд бэрхшээлүүдийг даван гарах зориг, сэтгэлийн тэнхээг өгсөн юм.
Эдгээр болон өөр бусад жишээнд (жишээ нь Moзая 24:8–16-г үзнэ үү) Их Эзэн итгэлтэй хүмүүсийг бэрхшээлүүдээс нь тэр даруй чөлөөлдөггүй. Харин Тэр Өөрийн цаг хугацаанд тэднийг чөлөөлөх болно гэсэн баталгаагаар тэдэнд зочилсон юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлснээр эдгээр баталгаа нь: “бидний замыг гэрэлтүүлэхийн тулд” Тэнгэрлэг Эцэгийн бидний замд тавьдаг “боодолтой сүнслэг нарны гэрлүүд” юм.1 Бид эцэст нь чөлөөлөгдөх болно гэдгийг мэдэж байхад зарим үед бэрхшээлүүдийг даван гарахад энэ баталгаа бидэнд хангалттай байдаг.
Баталгаануудыг эрэлхийлэх нь
Амьдрал хэцүү. Бид эргэлзэж, өөрсдөдөө болон бэрхшээлийг даван туулах өөрсдийн чадварт бүрэн итгэхгүй байх, мөн найдвар алдах үеүд байдаг. Ихэнх тохиолдолд бидний бэрхшээлүүд хэзээ ч дуусахгүй мэт санагддаг. Хэдийгээр зарим баталгаа нь биднээс шалтгаалахгүй ирдэг ч ихэнх тохиолдолд бид бэрхшээлүүдээс чөлөөлөгдөнө гэдгийг сануулдаг баталгааг эрэлхийлэх хэрэгтэй.
Их Эзэний баталгаанууд ихэвчлэн орон нутгийн удирдагчид, институт, ням гаргийн ангийн багш, ялангуяа Түүний бошиглогч, төлөөлөгчид гэх мэт Түүний үйлчлэгчдийн дуу хоолойгоор ирдэг. Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Кэрол Ф.Макконки “Бид тэдний үгсээс Их Эзэний дуу хоолойг сонсож, Аврагчийн хайрыг мэдэрдэг билээ”2 хэмээн бидэнд сануулсан.
Бид чин сэтгэлийн залбирлаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцан, судруудыг уншиж, тунгаан бодож, ариун сүм рүү яван, Сүмийн цуглаанд оролцох үед, мөн бусдад үйлчилж, зөв зүйлийг хийхийг хичээх үед эдгээр баталгаа нь Сүнсний дуу хоолойгоор дамжин ирдэг. Товчхондоо бид “Түүнийг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ эрвэл” (Дэд хууль 4:29), мөн Түүний зарлигуудыг сахивал Их Эзэний баталгаанууд ирдэг юм.
Хиламан болон түүний арми чин сэтгэлийн олон залбирлын дараа баталгаа хүлээн авсан. Мөн Иосеф Смит залбирч, тунгаан бодсоны дараа баталгаа хүлээн авсан билээ. Эдгээр нөхцөл байдалд Их Эзэн тэдэнд баталгаа өгөхөөсөө өмнө тэдний тэвчээр, итгэлийг сорьсон бөгөөд энэ нь бэрхшээл тохиолдох үед бид итгэлтэй байж, тэвчээрээ харуулах хэрэгтэй гэсэн сайхан сануулга юм.
Баталгаа хүлээх
Тэвчээрийн бүх л сорилттой адил Их Эзэний баталгаанууд бидний хүсэн хүлээсэн байдлаар, эсвэл хүссэн цаг хугацаанд ирэхгүй байж болно. Бид амьдралдаа Их Эзэний мутрыг болон Түүний баталгаануудыг “харах нүдтэй” (Eзекиел 12:2) болохын төлөө залбирах хэрэгтэй байж болох юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Их Эзэний нигүүлсэлд эдгээр баталгаа багтдаг бөгөөд тэдгээр нь “санамсаргүй, эсвэл тохиолдлоор ирдэггүй” хэмээн хэлсэн байдаг. Итгэлтэй, дуулгавартай байдал нь бидэнд тэдгээр чухал бэлгийг хүлээн авах боломжийг олгодог төдийгүй Их Эзэний товлосон цаг хугацаа тэдгээрийг танихад бидэнд тусалдаг.”3
Ихэнх тохиолдолд чөлөөлөлтийг юм уу, чөлөөлөлтийн баталгааг хүлээх нь бидэнд байгаагаас илүү тэвчээр шаарддаг. Бид ямар нэг баталгаа хүлээж авахаасаа өмнө ноцтой хүнд бэрхшээлтэй тулгарах хэрэгтэй ч байж магадгүй. Ахлагч Скотт Их Эзэний өгдөг “боодолтой сүнслэг нарны гэрэл” нь “ихэвчлэн хамгийн хүнд бэрхшээлийн дараа, бүхнийг мэдэгч Эцэгийн энэрэл, хайрын нотолгоо болж ирдэг. Тэдгээр нь илүү агуу аз жаргал, илүү их ойлголтод хүрэх замыг заадаг бөгөөд Түүний хүслийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байх [бидний] шийдвэрийг хүчирхэгжүүлдэг”4 хэмээн тайлбарлажээ. Бид бэрхшээлүүдийн дунд итгэлтэй бөгөөд дуулгавартай байвал Их Эзэний баталгаанууд биднийг цаашид ч ийм байлгахын тулд ирэх болно.
Бидэнд буй хамгийн агуу баталгаа
Эцсийн эцэст, хэрэв бид Есүс Христэд итгэх итгэл, найдваргүй байвал Тэнгэрлэг Эцэг биднийг болон бидний нөхцөл байдлыг мэддэг гэсэн хэчнээн их баталгаа авсан ч, энэ нь бидэнд эцсээ хүртэл тэвчихэд туслахуйц хангалттай биш байх болно. Түүний Цагаатгалаар дамжуулан бид нэгэн өдөр бүх бэрхшээлээсээ чөлөөлөгдөж чадна гэсэн туйлын найдвартай байж чадна. Аврагч “бүх зүйлийн доор бууж ирснээр тэрбээр бүх зүйлийг ухамсарласан” (С ба Г 88:6) учраас Тэр бидэнтэй хамт зовно гэдгийг бид мэдэж чадна. Тэр “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; … тэрээр бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг [мэддэг]” (Aлма 7:11–12) учраас бидний бэрхшээл, зовлонг ойлгодог.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд: “Бурханы төлөвлөгөөн дэх хамгийн агуу баталгаа нь Түүнд итгэх итгэлийнхээ хэмжээгээр шалгуур, сорилтуудыг ялгуусан байдалтай даван туулахад бидэнд туслах Аврагч, Гэтэлгэгч амлагдсан явдал юм. … Энэхүү бурханлаг хайрын тухай бидний ойлголт нь биднийг өөрсдийн багаахан зовлонг эхлээд тэвчихүйц, дараа нь ойлгож чадахуйц, эцэст нь ариусгахуйц болгодог билээ.”5 Түүнийг болон Түүний Цагаатгалаас суралцах явдал нь өөрөө баталгаа болдог.
Бүх юм сайхан болно
Бид Их Эзэний баталгаануудыг ойлгож, эрэлхийлж, мөн хүлээвэл тэд гарцаагүй ирэх болно. Бид тэдгээр үнэлж баршгүй мөчийг санаж, тэмдэглэн авч, мөн олонтоо бодож байх ёстой. Хамгийн чухал нь бид Хиламан ба түүний эрчүүд, мөн бошиглогч Иосеф Смит итгэсэн шиг тэдгээрт найдаж, Их Эзэн бидэнд өгсөн амлалтуудаа биелүүлнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Тэр баталгаануудаараа дамжуулан тэдгээр амлалтыг бидэнд сануулдаг бөгөөд тэдгээр нь бидний бэрхшээлүүдийг алга болгохгүй ч гэсэн Тэнгэрлэг Эцэг бүх зүйлд биднийг дэмжихээр бидэнтэй хамт байдаг гэдгийг бид мэдэж чадна.
Тэр өдөр ариун сүмд болсон үйл явдлын дараа миний бэрхшээлүүд багасаагүй. Би гэнэт сайн дүн авч, эсвэл их мөнгөтэй болж, эсвэл олон болзоонд яваагүй. Хэдийгээр миний олж авсан зүйл нь бэрхшээлүүд ч гэсэн Их Эзэн намайг чөлөөлөх амлалтаа биелүүлэх учраас би ДАЖГҮЙ байх болно гэсэн намуухан баталгаа юм. Энэхүү баталгаагаар дамжуулан би бүх зүйл сайхан болно гэдгийг мэднэ.