Хурдан хэмнэлтэй дэлхийд амьдрах нь
2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.
Хэрэв амьдрал болон үүний тэвдүүхэн хурд, мөн олон дарамт нь баярлаж наадахад тань саад болж байвал, энэ нь одоо хамгийн чухал зүйлс рүүгээ хандах сайн цаг нь байж магадгүй юм.
Та нарыг нисэх үеэр онгоц донсолж байсан уу? Донслох хамгийн нийтлэг шалтгаан нь агаарын гэнэтийн хөдөлгөөний өөрчлөлтөөс болоод онгоцны хошуу дээш доош, нэг хажуугаас нөгөө тийш шидэгдэж, онгоцыг хөрвөхөд хүргэдэг явдал юм. Онгоцнууд бидний жирийн нислэгийн үеэр тохиолдох ямар ч зүйлээс хамаагүй илүү хүчтэй донсолгооныг даван гарахуйцаар хийгдсэн байдаг ч зорчигчид сандарч тэвдэж болно.
Онгоц донсолж эхлэхэд нисгэгчид юу хийдэг гэж та нар бодож байна? Оюутан нисгэгч бол үүнийг хурдхан шиг өнгөрөөхийн тулд хурдаа нэмэх нь зөв арга гэж бодож болох юм. Гэвч энэ нь буруу зүйл байж магадгүй. Донсолж байхад явах тохиромжтой хурд гэж байдаг бөгөөд энэ нь онгоцны донсолгооны сөрөг нөлөөг багасгадгийг мэргэжлийн нисгэгчид мэддэг. Ихэнхдээ энэ нь хурдаа багасгах гэсэн утгатай байдаг. Энэхүү зарчим нь замын хурд сааруулах газрын овгор гадаргууд мөн адил хамааралтай юм.
Иймээс сөрөг нөхцөл байдалтай тулгарсан үедээ бага зэрэг удааширч, явдлаа тогтворжуулж, зайлшгүй чухал зүйл дээр анхаарах нь маш сайн зөвлөгөө юм.
Орчин үеийн амьдралын хурд
Бид саад тотгор, үймээн самуунаас үл шалтгаалан зогсолтгүй хурдалсаар байгаа нь өнөөгийн амьдралын нэг онцлог шинж болж байгаа мэт санагддаг.
Шударгаар хэлэхэд, завгүй байх нь илүү амар байдаг. Бид цагийн хуваариасаа хэтэрсэн хийх зүйлсийн жагсаалтыг гаргаж чадна. Тэр байтугай, зарим хүн өөрсдийнх нь хувийн үнэ цэнэ хийх ёстой зүйлсийн жагсаалт нь хэр урт байгаагаас шалтгаалдаг гэж бодож ч болох юм.
Ухаалаг хүн өдөр тутмын амьдралын яаруу тэвдүү байдалд уруу татагдахгүй байж чаддаг. Тэд “амьдралд хурдыг нь ихэсгэхээс илүү их зүйл байдаг”1 гэсэн зөвлөгөөг дагадаг. Товчоор хэлбэл, тэд хамгийн чухал зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлдэг билээ.
Ахлагч Даллин Х.Өүкс саяхны Ерөнхий чуулган дээр “Бидний Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлдэг тэр илүү сайн юм уу, хамгийн сайн зүйлсийг сонгохын тулд зарим нэг сайн зүйлийг ардаа орхих ёстой” гэж заажээ.2
Тэрхүү хамгийн сайн зүйлсийг хайх нь биднийг Есүс Христийн сайн мэдээний үндсэн зарчмууд руу зайлшгүй хөтөлдөг. Үүнд хайртай, мөнхийн, бүхнийг мэдэгч Тэнгэр дэх Эцэгийн маань бидэнд илчилсэн энгийн бөгөөд гайхамшигт үнэнүүд ордог билээ.
Би юу хамгийн чухал болохыг хэрхэн сурч мэдэх вэ?
Бидний ихэнх нь үндсэн гол зүйлс нь хэчнээн чухал болохыг зөн совингоороо мэддэг гэж би бодож байна. Гэвч заримдаа бид илүү дур булаам санагдах зүйлст сэтгэл татагддаг.
Хэвлэгдсэн материал, олон нийтийн өргөн цар хүрээтэй мэдээлэл, электрон төхөөрөмж, зэмсгүүд нь бүх хүн зөв хэрэглэх юм бол бидэнд тус болдог. Гэвч эдгээр нь буруу зугаа цэнгэл юм уу, бусдаас хөндийрөн зожгирох аюултай зүйл болж мэднэ.
Гэвч эдгээр өдий олон дуу хоолой, сонголт дунд Галилын даруу Эр гар сунган зогссоор, мөн хүлээсээр л байна. Түүний захиас нь энгийн: “Ирж, Намайг дага” (Лук 18:22). Тэрээр хүчтэй чанга яригчаар ярьдаггүй, харин намуухан хүнгэнэх дуугаар ярьдаг (Хаадын дээд 19:12-ыг үзнэ үү). Биднийг тал бүрээс дайрах янз бүрийн мэдээллүүдийн урсгал дунд сайн мэдээний үндсэн захиас гээгдэх нь амархан байдаг.
Ариун судрууд болон амьд бошиглогчдын хэлсэн үгс нь сайн мэдээний үндсэн сургаал, зарчмуудыг онцолдог. Яагаад бид эдгээр үндсэн зарчимд болон цэвэр ариун сургаалд эргэн ханддаг вэ гэвэл, эдгээр нь гүн утга учиртай үнэний үүд хаалга юм.
Үндсэн гол зүйлс: Гол дөрвөн харилцаа
Бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан хамгийн чухал зүйлсийн талаарх Түүний мэргэн ухааныг асуухдаа дараах гол дөрвөн харилцааны тухай дахин дахин сурдаг. Үүнд: Бурхан бидний хоорондох харилцаа, гэр бүлийн болон найз нөхдийн харилцаа, мөн бидний өөрсөдтэйгөө харилцах харилцаа орно. Бид өөрсдийн амьдралыг оюун санаагаараа шинжиж үзвэл, хэрхэн уг илүү дөт, илүү сайн замаас холдсоноо харах болно. Бидний ойлголтын мэлмий нээгдсэнээр, бид зүрх сэтгэлээ ариусгаж, амьдралаа дахин шинээр чиглүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байгаагаа олж харах юм.
Нэгдүгээрт, Бурхан ба бидний хоорондох харилцаа бол хамгийн ариун нандин бөгөөд зайлшгүй шаардлагатай харилцаа юм. Бид бол Түүний сүнсэн хүүхдүүд. Тэр бол бидний Эцэг. Тэр бидэнд аз жаргал хүсдэг. Бид Түүнийг хайж, Түүний Хүү Есүс Христийн талаар суралцахын хэрээр, мөн Ариун Сүнсний нөлөөнд зүрх сэтгэлээ нээхийн хэрээр бидний амьдрал илүү тогтвортой бөгөөд амар амгалан болдог. Бид Бурханы мөнхийн төлөвлөгөөний дагуу амьдарч, Түүний зарлигуудыг дагахын тулд чадах бүхнээ хийх аваас бид илүү агуу амар амгалан, баяр баясгалан, ололт амжилтыг мэдрэх болно.
Бид Тэнгэрлэг Эцэгийн тухай сурч, Түүнтэй ярьж, нүглээ наманчлан, Есүс Христийг идэвхтэй дагаснаар Түүнтэй харилцах харилцаагаа хөгжүүлдэг. “Хэн ч [Христээр] дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6). Бид Бурхантай харилцах харилцаагаа сайжруулахын тулд ганцаараа байхдаа Түүнтэй хамт цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Бурхантай харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд бидэнд Түүнтэй хоёулхнаа байх утга учир бүхий цаг хугацаа хэрэгтэй. Өдөр бүрийн хувийн залбиралдаа болон судраас суралцахад, мөн ариун сүмийн эрхийн бичгээ байнга хүчинтэй байлгахыг хичээхэд анхаарах хэрэгтэй. “Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд” гэсэн дууллын урилгад анхаарлаа хандуулцгаая (Дуулал 46:10).
Хоёрдугаар харилцаа нь бидний гэр бүлтэйгээ харилцах харилцаа юм. Өөр ямар ч амжилтаар орлуулж болшгүй чухал учраас гэр бүлийн харилцааг онцгойлон үзэх хэрэгтэй.3 Бид гэр бүлээрээ оройн хоол идэх, гэр бүлийн үдэш хийх болон зүгээр хамтдаа хөгжилтэй байх зэрэг энгийн зүйлсийг цугтаа хийснээр ойр дотно, үнэнч харилцааг бий болгодог. Гэр бүлийн харилцаанд хайр гэдэг үгийг ц-а-г, цаг гэж үсэглэдэг юм. Бие биедээ цаг зарцуулах гэдэг бол гэр орондоо эвтэй найртай байхын түлхүүр. Бид нэг нэгнийхээ тухай ярих биш, харин нэг нэгэнтэйгээ ярьдаг. Бид бие биенээсээ сурч, адил зан чанар болон ялгаатай талууддаа талархдаг. Бид гэр бүлээрээ залбирч, сайн мэдээнээс суралцаж, ням гарагт шүтэн биширснээр Бурханд хамтдаа очих тэнгэрлэг хэлхээ холбоог үүсгэдэг.
Гуравдугаар гол харилцаа нь бидний найз нөхөдтэйгөө харилцах харилцаа юм. Бид бусдын хэрэгцээнд чин сэтгэлээсээ хандаж, тэдэнд үйлчилж, өөрсдийн цаг зав, авьяас чадвараа зориулан хүн нэг бүртэй нөхөрсөг харилцааг бий болгодог. Өндөр настай, өвчин зовлонд шаналсан нэгэн эгч нэг их зүйлийг хийж чадахгүй ч, бусдыг сонсож чадна гэж шийдсэнд нь би гайхаж билээ. Иймээс долоо хоног бүр тэрээр санаа сэтгэл нь зовж, урам хугарсан хүмүүсийг хайж, тэднийг сонсон, тэдэнтэй цагаа хамт өнгөрүүлдэг байжээ. Тэрээр хэчнээн олон хүний амьдралд ямар гайхалтай адислал болсон гээч.
Дөрөвдүгээр гол харилцаа нь бидний өөрсөдтэйгөө харилцах харилцаа юм. Бидэнд өөрсөдтэйгөө харилцах харилцаа байдаг гэж бодоход хачин санагдаж болох юм. Гэвч энэ нь үнэхээр байдаг. Зарим хүн өөртэйгөө таардаггүй. Тэд бүр өөрсдийгөө үзэн ядаж эхэлтлээ бүх л өдөржингөө өөрсдийгөө шүүмжилж, өөртөө сэтгэл дундуур байдаг. Та бүхэн яаруу тэвдүү байдлаа багасгаж, өөрсдийгөө илүү сайн мэдэж авахад цаг гаргахыг би санал болгож байна. Байгалийн сайханд алхаж, нар мандахыг харж, Бурханы бүтээлүүдэд баясаж бай. Сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүдийг тунгаан бодоод, эдгээр нь чиний хувьд ямар утга учиртайг эргэцүүл. Бурхан чамайг Өөрийн тэнгэрлэг чадавх бүхий хайртай охин, хайртай хүү гэж хардаг шиг өөрийгөө харж сур.
Эгэл жирийн зүйлс дэх хүч чадал
Хүч чадал гэдэг нь яарч тэвдсэнээр биш, харин үнэн ба гэрлийн бат бөх сууриа тавьснаар ирдэг юм. Энэ нь анхаарал, хичээл зүтгэлээ Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үндсэн зүйлс дээр төвлөрүүлснээр ирдэг. Мөн энэ нь хамгийн чухал бурханлаг зүйлс дээр анхаарал хандуулснаар ирдэг.
Амьдралаа бага зэрэг энгийн болгоцгооё. Бид бүгдийг үргэлж утга учиртай, баяр хөөртэй, амар амгалан амьдрал руу хөтөлдөг Христийн дагалдагчийн даруу бөгөөд урам хайрласан, энгийн сайхан зам руу өөрсдийгөө эргэн хандуулахад шаардлагатай өөрчлөлтүүдийг хийцгээе.