Санваар сэргээгдсэн алдар суут өдөр
Их Эзэн Өөрийн Сүмийг болон санваарыг дэлхий дээр сэргээсэнд бид хэчнээн их талархвал зохилтой вэ.
Аврагч Есүс Христ дэлхий дээр ирээд, хамгийн түрүүнд Өөрийн Сүмийг зохион байгуулсан. Тэр “залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв” хэмээн Шинэ Гэрээнд бичигдсэн байдаг. Маргааш өглөө нь Тэр бууж ирээд, Өөрийн төлөөлөгчдийг цуглуулан, “тэднээс арван хоёрыг сонгон, элч нар гэж нэрлэжээ” (Лук 6:12–13).
Дараа нь Тэрээр Петр, Иаков, Иохан нартай хамт ууланд гарч, Петр тэнд санваарын түлхүүрүүдийг хүлээн авсан (Maтай 17:1–9; мөн 16:18–19-ийг үзнэ үү). Петр Аврагчийг явсны дараа дэлхий дээрх бүх түлхүүрийг атгаж, Сүмийг удирдах үүрэг хариуцлагыг хүлээн авсан байна.
Аврагчийн зааврын дагуу (Maрк 16:15-ыг үзнэ үү) төлөөлөгчид сайн мэдээг номлож, Сүмийн салбаруудыг зохион байгуулав. Олон тохиолдолд тэд салбаруудаар нэг л удаа айлчлах боломжтой байсан учраас тэдэнд бусдад зааж, мөн сургах боломж хомс байсан юм. Удалгүй буруу номтны үзэл санаа шургалж, Аврагчийн сургаалын хэсгүүд өөрчлөгдөх буюу гуйвуулагдсан байна (Исаиа 24:5-ыг үзнэ үү). Урвалт тархахын хэрээр Их Эзэн санваарыг дэлхийгээс татан авах шаардлагатай болсон юм. Үүний үр дүнд дэлхий дээр хэсэг хугацааны турш санваарын адислалууд байхгүй болсон билээ.
Их Эзэн Өөрийн хаант улсыг санваарын хүчтэй хамт дэлхий дээр дахин байгуулахын тулд сайн мэдээг сэргээсэн юм.
Сэргээлтийг сана
Иосеф Смит Мормоны Номыг орчуулж, Оливер Каудери түүний бичээчээр үйлчилж байх үед тэд амилсан Аврагч Америк тивд айлчилсан түүхийг 3 Нифайгаас уншжээ. Тэд баптисмын талаарх Түүний заасан зүйлийг олж мэдээд (3 Нифай 11:23–28-ыг үзнэ үү), тухайн үед янз бүрийн байдлаар хийгдэж байсан баптисм болон хэн баптисм хүртээх эрх мэдэлтэй байх талаар бодож байв.
Иосеф, Оливер хоёр Их Эзэнээс асуухаар шийдэж, Иосеф, Эмма хоёрын гэрийн ойролцоох ой руу орж, залбирчээ. Иохан Баптист үзэгдэж, тэдний толгой дээр гараа тавин, “Миний нөхөд үйлчлэгч та нарт би Мессиагийн нэрээр, тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгагч Аароны санваар хүртээж байна; мөн энэ нь Левийн хөвгүүд Их Эзэнд зөв шударга байдалд дахин өргөл өргөх хүртэл дэлхийгээс хэзээ ч дахин авагдахгүй байх болно” гэж хэлжээ (С ба Г 13:1).
Энэ бол алдар суут үйл явдал байлаа. 1829 оны 5-р сарын 15-нд Сүмийн түүхэнд тохиосон нэгэн ариун үйл явдлыг бүх санваартан санаж байгаа гэж найдаж байна.
Итгэлийн тунхагт “Сайн мэдээг номлох хийгээд үүний ёслолуудыг гүйцэтгэхийн тулд хүн бошиглолоор мөн эрх мэдэл бүхий тэдний гар тавилтаар Бурханаас дуудагдах ёстой гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:5) хэмээн бичигдсэн байдаг.
Хүн тохиолдлоор бус, харин илчлэлт ба бошиглолоор дуудагддаг. Санваарыг ашиглахаар дуудагдсан хүмүүст Их Эзэний илчлэлт шууд ирдэг. Их Эзэн Өөрийн Сүмийг ийм арга замаар удирддаг бfөгөөд Тэр бошиглогч Иосеф Смитийг мөн ийм маягаар дуудсан юм.
Санваар хүртэхүйц зохистой бай
Санваар хүртэх нь зохих насанд хүрмэгц шууд өгөгддөг зан үйл биш юм. Бид “энэхүү хоёр санваарыг хүртэхэд … итгэлтэй” (С ба Г 84:33), мөн зөв зохистой байх ёстой. Бид санваарыг хүлээн авахад шаардлагатай нөхцөлүүдийг заадаг Мелкизедек санваарын тангараг ба гэрээг анхааралтай уншиж судлах ёстой:
“Тиймийн тул, санваарыг хүлээн авдаг тэд бүгд зөрчиж ч үл болох, мөн хөдөлгөж ч үл болох, Эцэгийн минь энэхүү тангараг хийгээд гэрээг хүлээн авдаг бөлгөө.
“Гэвч үүнийг хүлээн авсныхаа дараа уг гэрээг зөрчдөг, мөн үүнээс бүрмөсөн нүүр буруулах хэнд ч болов, энэ дэлхийд ч, мөн ирэх дэлхийд ч нүглүүдийн өршөөл байх нь үгүй” (С ба Г 84:40–41).
Энэ бол хөнгөмсөг хандаж болохгүй зүйл билээ. Эрэгтэй хүн Аароны болон Мелкизедек санваарыг хүлээн авахаас зайлсхийж болно гэж та нар бодож магадгүй, гэхдээ дараагийн шүлэг нь “энэхүү санваарт үл ирэх тэдэнд халаг” (С ба Г 84:42; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн хэлдэг.
Хэрэв бид санваар хүлээн авч, зохистой амьдрах аваас Их Эзэний адислалуудыг хүлээн авдаг. Хэрэв бид гэрээгээ зөрчиж, санваараас нүүр буруулбал Их Эзэний адислалуудыг хүлээж авахгүй бөгөөд “Бурханы сонгосон хүмүүс” (С ба Г 84:34) болж чадахгүй.
Гэрээгээр хүлээн авагддаг Аароны санваар нь залуу эрэгтэйчүүдийг тангараг ба гэрээгээр хүлээн авагддаг илүү дээд Мелкизедек санваар хүлээн авахад бэлтгэдэг.
Бусдад үйлчил
Санваар бол ах дүүсэг агуу харилцаа бөгөөд дэлхий дээрх хамгийн агуу ахан дүүсэг харилцаа ч байж магадгүй. Санваартан ах нарын харилцаа нь гэр бүл доторхоос бусад харилцаанаас илүү хүчтэй байх ёстой. Ах дүүсэг харилцаанаас гадна санваар нь үйлчилдэг байгууллага бөгөөд бид бусдад үйлчилж, аливаа зүйлийг сайжруулахад өөрсдийгөө зориулдаг.
Залуу эрэгтэй Аароны санваар хүлээн авч; диконы, эсвэл багшийн юм уу, пристийн албанд томилогдох үеэс эхлээд санваарын чуулгад харьяалагддаг. Чуулга доторх ах дүүсэг харилцаа нь залуу эрэгтэй Мелкизедек санваар хүлээн авч, ахлагчийн албанд томилогдох хүртэл үргэлжилдэг. Санваарын чуулгууд бол маш чухал зүйл.
Номлолд явж буй нэг залуу эрэгтэй саяхан ариун ёслолын цуглаан дээр үг хэлсэн юм. Тэр дөрвөн найзтайгаа хамт диконы чуулгад явж эхэлсэн гэж тайлбарласан. Тэд бэрхшээл тохиолдох үед, мөн Аароны санваарын албадад томилогдох үед бие биедээ дэмжлэг үзүүлж байсан нь тэдэнд бүрэн цагийн номлолд үйлчлэх зорилгодоо хүрэхэд нь тусалсан гэж тэр хэлж билээ.
Би нэг чуулгад харьяалагддаг. Энэ нь маш онцгой чуулга. Энэ нь өөр өөр ажил мэргэжилтэй эрэгтэйчүүдээс бүрдсэн чуулга. Гэхдээ бид чуулгаараа ажиллах үедээ зорилгоороо нэгддэг.
Чуулгын гишүүд аливаа зүйлийг дагахаар санал нэгдэж, Ариун Сүнсний нөлөөн дор хамт үйлдэх үедээ Их Эзэний хүслийн дагуу үйлддэг. Чуулгын гишүүд бүрэн санал нийлэх хүртэл ах нар аливааг хийдэггүй. Энэ нь та нарыг амьдралын тань турш хэрхэн хамгаалж болохыг бодоод үз.
Чуулга бүрийн удирдагч чуулгынхаа гишүүдийн нэрсийн жагсаалттай байх ёстой бөгөөд яаж амьдрахаа сайн мэдэхгүй байгаа хүмүүсийг мэдэж байх ёстой. Хэрэв чуулга дотор ийм залуу эрэгтэйчүүд байвал удирдагч нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст эн тэргүүнд анхаарлаа хандуулбал зохино. Дараа нь удирдагч ба чуулгын бусад гишүүн тэдэн дээр айлчилж, тэдэнтэй найз болж, тэднийг буцааж ирүүлэх арга замаар чуулгын нэг хэсэг болгох хэрэгтэй.
Аароны санваарын чуулга нь “сануулж, тайлбарлаж, ухуулж, мөн зааж, Христэд ирэхэд бүхнийг урих” (С ба Г 20:59) үүрэгтэй. Санваарын чуулга дахь үйлчлэл нь дэлхий дээр биднийг өсөж хөгжихөд амин чухал юм. Тиймээс бүх чуулгын гишүүд эдгээр үүргийг Тэнгэрлэг Эцэгийн хаант улс дахь үйлчлэх үүрэг гэж авч үзэх ёстой.
Мөнх бус амьдралд бид бэрхшээлүүдтэй тулгардгийг бид бүгд мэддэг. Амьдралын маань туршид бидэнд туслах дэмжлэг байхгүй бол биднийг удирдан чиглүүлэх бат бөх төлөвлөгөө, зүг чиг, эсвэл газрын зураг байхгүй байх болно. Сайн ажиллаж байгаа чуулга нь Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд буцаж очиход биднийг удирдах төлөвлөгөө, газрын зургийг бий болгоход бидэнд тусалдаг.
Талархалтай бай
Бишопууд тойргоо тэргүүлэх түлхүүрүүдийг атгадаг бөгөөд үүнд Аароны санваартай залуу эрэгтэйчүүд багтдаг. Бишоп нь чухамдаа тойргийнхоо пристүүдийн чуулгын ерөнхийлөгч юм. Тэр залуу эрэгтэйчүүдэд Аароны санваар хүлээн авч, албадад томилогдон, Мелкизедек санваар хүлээн авахад бэлтгэхэд нь тусалдаг. Тэрээр санваартнуудын үүрэг хариуцлага, үүнээс ирдэг адислалуудыг ойлгоход тэдэнд тусалдаг. Тэр тэдэнд бусдад үйлчилж, тохинуулахад нь туслах үүрэг даалгавар өгөх замаар санваараа эрхэмлэн биелүүлэх талаар суралцахад нь тусалдаг.
Аароны санваарт хамааралтай түлхүүрүүд нь бидэнд сэргээгдсэн санваарт болон үүний хүч, эрх мэдэл, үүргүүдэд талархаж байх ёстойг сануулдаг: “Доод буюу Аароны санваарын хүч хийгээд эрх мэдэл бол тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг атгах, мөн гаднах ёслолууд, сайн мэдээний заавар, нүглүүдийн ангижралын тулд наманчлалын баптисм, гэрээнүүд хийгээд зарлигуудад нийцүүлэн гүйцэтгэх нь болой” (С ба Г 107:20).
Би залуу эрэгтэйчүүдийг өөрсдөдөө байгаа санваарыг хүндэтгэж, Мелкизедек санваар хүлээн авах нэмэлт адислалд бэлтгэхийн тулд Аароны санваарын бүх албанд томилогдож, бүрэн цагийн номлогчоор Их Эзэнд үйлчлэхэд, мөн ирээдүйд Түүний ариун сүмд гэрлэхэд уриалж байна.
Энэ Сүмийг ямар ч мөнх бус хүн удирддаггүй гэдгийг би гэрчилж байна. Энэ бол Аврагчийн Сүм бөгөөд Тэр үүнийг санваараар удирддаг. Тэр энэхүү эрх мэдлийг дэлхий дээр эрэгтэйчүүдэд итгэмжлэн олгодог бөгөөд тэд Түүний Сүмийг удирдаж, ариун нандин ёслолуудыг гүйцэтгэх ажилд Түүнийг төлөөлдөг. Их Эзэн Өөрийн Сүмийг болон санваарыг дэлхий дээр сэргээсэнд бид талархдаг байх ёстой.