2015
Палмирад хүрэх зам
зургадугаар 2015


Палмирад хүрэх зам

2014 оны 2-р сарын 15-нд Ютагийн Прово дахь Номлогчийг Бэлтгэх Төвийн онцгой цугларалтаар хэлсэн “Мормоны Ном, Иосеф Смит ба та нарын уг гарал” сэдэвт үгнээс авав. Мэттью С.Холланд нь Юта Валли Их Сургуулийн захирал юм.

Анхны үзэгдэл, мөн алтан ялтсууд булаастай байсан газар болох Палмирад хүрэх зам нь Иосеф Смит ба түүний гэр бүлийн хувьд асар хүнд, бэрхшээлтэй байсан юм.

Sacred Grove

Гэрэл зургийг Жорж Андэрсон, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв

Үүнд эргэлзсэний хэрэггүй. Та бүрэн цагийн номлогч мөн эсэхээс үл шалтгаалан бүх хожмын үеийн гэгээнтэн нь Их Эзэн Есүс Христийн захиасыг “бүх дэлхийд” (Maтай 24:14) хүргэхээр дуудагдсан юм. Бид Түүний сайн мэдээний үнэн зарчмуудыг болон үйл ажиллагаануудыг Түүний нэрээр номлохоор дуудагдсан. Бид үүнийг хийх үедээ Иосеф Смит бол тэдгээр үнэн зарчим ба үйл ажиллагаануудыг дэлхийд сэргээхэд Түүний зэмсэг болсон гэдгийг заавал зааж мөн гэрчлэх ёстойгоо мартаж болохгүй.

Маш их зүйл аюулд ороод байгаа үед та нар урагш алхаж; бүрэн итгэл, зоригийг харуулан “нэг мянга найман зуун хорин оны хаврын нэгэн сайхан, цэлмэг өдрийн өглөө”1 Иосеф Смит нам гүмхэн ой руу алхаж очин, өвдөг сөгдөн залбирсан бөгөөд үүнээс болж дэлхий орвонгоороо эргэсэн гэж тунхаглаж чадах эсэхээ та нар өөрсдөөсөө асуух нь зүйтэй. Хэрэв та нар Бурханы үйлчлэгчид болж, дуудагдахыг хүсэж байгаа бол үйлдэхэд бэлэн байх ёстой.

Яг одоо бошиглогч Иосеф Смитийн амьдралыг судлах суралцагч болох шийдвэр гарга. Аврагчийн амьдралыг эс тооцвол, өөр ямар ч хүний амьдралд байхгүй хүч, мэргэн ухаан түүний амьдралд байдаг. Та нар хичээнгүйлэн залбирч, Иосефын амьдралын нарийн ширийн зүйлтэй танил болохын хэрээр та нарын түүнийг хайрлах хайр, хүндэтгэл өсөж, номлогчийн ажлын хамгийн хүнд өдрүүдэд ч тайтгарал, урам зориг авч, Иосеф Смитийг бошиглогч биш гэж үздэг орчин үеийн шүүмжлэгчдийн эсрэг ойлголт тань бат бөх болно гэдгийг би амлаж байна. Энэхүү зорилгын улмаас хамгийн гайхалтай энэ хүний амьдралыг цухасхан ч болов хараад үзээрэй.

Бэрх зам

Анхны үзэгдэл болсон өглөө “Иосеф Смитийн анхны залбирал”2 хэмээх дуулалд гардагчлан гайхамшигтай бөгөөд үзэсгэлэнтэй байсан гэдэг нь тодорхой юм. Гэхдээ энэ дүр зургийн хажуугаар бид энэ өглөө болохоос өмнө юу болсныг мартах ёсгүй. Энэхүү ариун нандин явдал болсон газар Палмирад хүрэх зам нь бошиглогч хөвгүүн болон түүний гэр бүлийн хувьд асар хүнд, бэрхшээлтэй байсан юм.

Бошиглогчийн эцэг Ахмад Иосеф Смит, эх Люси Мак Смит нар 1796 онд АНУ-ын Вермонтын Танбрижэд гэрлэжээ. Смитийн гэр бүл фермийн аж ахуйг зургаан жил амжилттай эрхэлсний эцэст дэлгүүр ажиллуулж үзэхээр ойролцоох Рандолф гэдэг газар руу нүүжээ.3

Бостонд суурьшдаг зээл олгогчийн тусламжтайгаар Ахмад Иосефын авч ирсэн барааг хүлээсэн харилцагчид нь тэр даруй авсан боловч бэлэн мөнгөөр биш, харин ургац хураалтын сүүлээр төлнө гэж зээлээр авчээ. Тэр өрөө аваад, зээл олгогчийн өрийг төлөхөөр хүлээж байх зуураа мөнгөө өсгөх өөр нэг боломжийг олж харжээ.

Тухайн үед Хятадын зах зээлд газар авсан хүн орхоодойн үндэс сайн зарагдаж байв. Нэг зуучлагч Ахмад Иосефын тээвэрлэхээр цуглуулж, бэлтгэсэн хүн орхоодойн үндсийг бэлэн мөнгөөр буюу 3000 ам.доллараар авах санал тавьсан ч тэр бараагаа Нью-Йорк руу өөрөө авч яваад, тэндээ нэг усан онгоцны ахмадтай тохиролцож, Хятадад заруулах илүү эрсдэлтэй боловч ашигтай байж болох хувилбарыг сонгожээ. Тэр зуучлагчийн санал болгосноос 4500 ам.доллар илүү олох боломжтой байсан юм. Энэ нь тухайн үедээ асар их хэмжээний мөнгө байв.4

Азгүйтэл үү, эсвэл гай таарсан уу, Ахмад Иосефын барааг ачиж явсан усан онгоцонд өнөөх зуучлагчийн хүү явж байжээ. Зуучлагчийн хүү энэ боломжийг ашиглан Смитийн хүн орхоодойг Хятадад “өндөр үнээр” зараад, өөрөө мөнгийг нь авч, энэ аяллаар ямар ч ашиг олоогүй, харин авдар дүүрэн цайтай ирлээ гэсэн үлгэр зохион ярьжээ.5

Энэ хооронд Смитийн дэлгүүр их хэмжээний барааны өрийг төлөх хугацаа болсон байна. Хатуу өр нэхэгчдийн шахалтаар Смитийн гэр бүл хамаг мөнгөө шавхаад, юу ч үгүй үлджээ. Люси өрөө төлөхийн тулд олон жил хадгалсан хуримын бэлэг болох 1000 ам.доллараа өгч, Иосеф Танбриж дахь гэр бүлийн фермээ 800 ам.доллараар худалдсан юм.6 Энэ үед Америкийн газар нутагт ферм нь санхүүгийн тогтвортой байдал болон урт хугацааны аюулгүй байдлын баталгаа болж байв. Ингээд мөнгө ч үгүй, газар ч үгүй болсон Смитийн гэр бүл 14 жилийн дотор 8 удаа нүүхээс өөр аргагүй болж, гэр бүлээ тэжээх арга зам хайсаар байв.

Энэ олон нүүдлийн нэг нь гэхэд л, 1813 онд Смитийн гэр бүлийн хүүхдүүдийг дайрсан гэдэсний хижиг өвчнөөс шалтгаалсан эмчилгээний төлбөрөөс үүдэлтэй юм. Иосефын халуун буугаад, хэдэн долоо хоносны дараа мөр нь аймшигтай өвдөж эхлэв. Орон нутгийн нэг эмч үүнийг булчингийн суналтаас үүдэлтэй хэмээн буруу оношилсон байна. Хоёр долоо хоногийн дараа өвдөлт тэсэхийн аргагүй ихсэхэд, эмч дахин үзээд, Иосефыг халуурахад хүргэсэн халдвар байгааг олж мэджээ.7

Халдвартай хэсгийн эргэн тойронд их хөндүүр байсан бөгөөд эмчилгээ дутуу хийгдсэнээс болж Иосефын зүүн хөлөнд шинээр халдварлажээ. Үүнээс болж мэс заслын эмч дуудуулсан байна. Эмч өвдөгнөөс шагай хүртэл 20 см зүсэлт хийсэн нь өвдөлтийг бага ч атугай намдааж байв. Гэвч харамсалтай нь, халдвар ясанд нь орсон байлаа.8

Энэ үед гэр бүлийнхэн нь Дартмутын Анагаах Ухааны Их Сургуулийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс хамгийн сүүлийн үеийн зөвлөгөөг авчээ. Люси тухайн үед нийтлэг дэлгэрсэн хамгийн боломжтой байсан арга болох тайрах аргыг хэрэглэхгүй гэж зүтгэж байв. Үүний оронд тэд шинэ, асар их өвдөлттэй мөртлөө амжилттай болох магадлал багатай аргыг хэрэглэхээр шийджээ. Эмч нар Иосефын хөлөнд хагалгаа хийж, ясны хоёр талд хоёр, хоёр нүх өрөмдөх хэрэгтэй болов. Дараа нь тэд халдвартай хэсгийг бүхлээр нь авахын тулд ясны гурван том хэлтэрхийг зорж авах хэрэгтэй болсон юм.9

Энэ бүх ажиллабар нь өнөөдөр өргөн хэрэглэгдэж буй өвчин намдаагчгүйгээр хийгдэх ёстой байлаа. Тиймээс энэ нарийн түвэгтэй ажиллабарын үеэр Иосефыг хөдөлгөөнгүй байлгахын тулд түүнд архи уулгахыг эсвэл түүнийг орноос хүлэхийг гэр бүлийнхнээс нь хүсчээ. Долоохон настай Иосеф энэ хоёрын алийг нь ч зөвшөөрөөгүй юм. Харин тэр аавдаа тэврүүлж мөн ээжийгээ өрөөнөөс гаргах хоёр хүсэлт тавьжээ.10

Joseph Smith, Jr. depicted as a young boy held in the arms of his father. Joseph Smith, Sr. is holding the young Joseph just before or after surgery was performed on the boy's leg.

Лиз Лэмон Свиндлийн Хэрэв аав намайг тэвэрвэл зургийн хэсгээс; гэрэл зургийг Aлан Дэй, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв

Иосеф орь дуу тавин хашгирахад, ээж нь гадаа байж тэсэлгүй хоёр ч удаа өрөө рүү нь орж ирсэн гэдэг. Түүний харсан дүр зураг аймшигтай байлаа. Иосеф цус нэвчсэн орон дээр хэвтэж байсан бөгөөд “царай нь үхсэн мэт зэвхийрч, том том хөлсний дуслууд нүүрэн дээр нь бөмбөрч, биеийнх нь бүх хэсэг туйлын их өвдөж байв.”11 Азаар мэс ажиллабар амжилттай болсон ч Иосеф гурван жилийн турш суга таягтай явжээ.

Энэ зовлон зүдгүүрийн дараа Вермонтын Норвич дахь шинэ эхлэл тэдний өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан тогтвортой байдал, хангалуун амьдралыг авчирна гэж гэр бүлийнхэн нь найдаж байв. Гэвч тэдний найдвар дахин талаар болов. Түрээсийн газар дээр тариалан эрхлэх гэж оролдсон эхний жилдээ тэд ургацаа алджээ. Тэд хоёр дахь жилдээ дахин ургац алдав. Гурав дахь жил буюу 1816 онд Ахмад Смит бүх зүйл сайжрах ёстой гэсэн итгэлээр дахин нэг оролдоод үзэхээр шийджээ.12

1815 онд дэлхийн нөгөө талд Индонезийн Тамбора уул дэлбэрч, дэлхийн агаар мандалд асар их хэмжээний үнс цацагдаж, цаг уурт өөрчлөлт орсон байна. 1816 оны 6–8-р сарыг “зун үзээгүй жил” хэмээн нэрлэсэн ба Шинэ Англид дөрвөн удаа цочмог хүйтэрч, зуны ургацыг дахин сүйтгэжээ.13

Өлсгөлөн газар авч, хүмүүс мянга мянгаараа Вермонтоос явж байх үед Ахмад Смит нэгэн хүнд алхам хийсэн юм. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн 32 км радиус бүхий нутгаас гарч; гэр бүл, найз нөхдөө орхин; баруун урд зүгт 482 км зайд орших Нью-Йоркийн Палмира руу явжээ. Тэндхийн газар үржил шимтэй, удаан хугацааны зээл авах боломжтой гэсэн яриа байв. Аргагүй байдлаас болж Ахмад Иосеф түрүүлж явсан бөгөөд Люси найман хүүхэдтэйгээ эд хогшлоо баглаж, түүний араас явахаар болжээ.14

Өвөл болоход Люси зоригт бяцхан хүүхдүүдтэйгээ, эзэмшдэг бүхнээ чарганд, дараа нь тэргэнд ачив. Хэд хэдэн хүний өрийг төлсний дараа Люсид аялалдаа зарцуулах багахан мөнгө үлдсэн байна. Аяллынхаа сүүлээр тэр дэн буудлын эздэд хувцас хунар ба эм тариагаар төлбөр хийж байв. Тэрээр Палмирад “дөнгөж хоёрхон центтэй” ирснээ дурсан ярьсан байдаг.15

Аялах замд чарга жолоодохоор хөлсөлсөн хүн нь тэдэнтэй нэг зүгт явж байсан Гэйтс хэмээх гэр бүлийн хоёр царайлаг охиныг суулгахын тулд залуу Иосефийг чарганаас буулгаж, алхуулжээ. Бүрэн эдгэрээгүй байсан Иосеф “хэдэн өдрийн турш өдөр бүр цасан дундуур 64 км алхсан” бөгөөд тэр үүнийгээ “хамгийн аймшигтай ядаргаа болон зовиур” хэмээн хэлсэн байдаг.16

Иосефийн хайрт ах Хайрум, Алвин хоёр энэ эрэгтэйгээс удаан явахыг гуйхад, тэр тэднийг ташуурын ишээр цохиж, газарт унагажээ. Ютикад Люси мөнгөгүй болсон тул сайхь эр тэднийг орхисон бөгөөд тэргийг нь хулгайлах гэж оролдоод, эд юмсыг нь газарт хаясан байна.17 Тэд Палмирад аюулгүй очиж, Ахмад Иосеф Смит дээр гунигтайхан ирэх хүртлээ аажуухан урагшилсаар байсан юм.

Магадгүй энэ аяллын хамгийн зүрх шимшрүүлэм хэсэг нь гэр бүлийнхээ аяллын цэдэгт Иосефийн нэмж оруулсан хэсэг байж болох юм: “Ютикагаас явах замд би хамгийн сүүлийн чарганд суухаар үлдсэн бөгөөд чарга ирэх үед жолооч Гэйтсийн хөвгүүдийн нэг нь намайг цохиж унагаад, орхиод явсан юм. Намайг цусандаа хутгалдан хэвтэж байхад үл таних хүн олж, Палмира тосгонд авчирсан.”18 Энэ үйл явдал мартагдах ёсгүй.

Үнэлж баршгүй эрдэнэс

This photograph is from the trail to the Sacred Grove on the Joseph Smith farm near Palmyra, New York.

Лиз Лэмон Свиндлийн Хэрэв аав намайг тэвэрвэл зургийн хэсгээс; гэрэл зургийг Aлан Дэй, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв

Палмирагийн төвөөс гуравхан километрийн зайд орших ойн төгөлд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу үзэгдлүүдийн нэг болсон билээ. Үүнээс таван километрийн зайд тухайн үед мэдэгдээгүй байсан алтан ялтсууд хадгалагдаж байсан Кумора гүвээ орших ажээ.

Иосефийг Палмирад ирэхэд нь Их Эзэн Өөрийн урьдчилан томилогдсон бошиглогчийг үнэлж баршгүй эрдэнэс байгаа газарт авчирсан байна. Энэхүү эрдэнэс нь олон зууны турш үргэлжилсэн сүнслэг харанхуй болон эргэлзээний дараа тэнгэр дахин нээгдсэн гэдгийг харуулах учиртай байв. Есүсийн тохинуулал нь тухайн үеийн Христийн сүмүүдийн төсөөлж байснаас ч илүү сургаалын болон газар зүйн хувьд өргөн цар хүрээг хамарсныг энэхүү эрдэнэс харуулах учиртай байжээ. Энэхүү эрдэнэс нь Бурхан гайхамшигт арга замаар цаг хугацаа, хэл, тив газрыг үл харгалзан хүмүүсийн амьдралд идэвхтэй оролцож байгаа гэдгийг батлах байв. Энэхүү эрдэнэс нь туйлын цэвэр сургаалуудыг агуулах бөгөөд хэрэв хүн тэдгээрийг бодгальдаа гүн таривал тэрээр өөрчлөгдөж, ямар ч зүйлээс илүүгээр хүслийг нь гүйцээх тийм амттай гэдгийг олж мэдэх болно.

Бид эгэл нүдээр хараад, энэ хүний аялсан зам нь амархан, үр дүнтэй, алга ташилтаар угтуулсан байх ёстой байсан гэж бодож болно. Уг хөвгүүн энэ тосгонд ирсний үр дүнд болсон зүйлүүдийг мэдэж байсан, мөн мянга гаруй жилийн өмнө алтан ялтсуудын байх газрыг маш сайн төлөвлөсөн Их Эзэн энэ хөвгүүнийг шулуун дардан, тав тухтай, олонд танигдсан маягаар ирүүлж чадахгүй байсан юм гэж үү?

Их Эзэн үүнийг хийж чадах байсан ч, Тэр тэгээгүй юм.

Бага байхад нь түүнийг сүр дуулиантайгаар тослоогүй (1 Самуел 16:11–13-ыг үзнэ үү). Түүнийг амлагдсан газар руу удирдсан зүүд өгөгдөөгүй (1 Нифай 5:4–5-ыг үзнэ үү). Түүний гэр бүлд аюул ослоос зайлсхийхэд туслах Лиахона ч байгаагүй билээ (1 Нифай 16:10; Aлма 37:38-ыг үзнэ үү). Жигд урт цуваан дунд дээвэргүй лимузин машин явж, хоёр талаар нь уухайлан дэмжих олон үзэгчтэй, сүр дуулиан бүхий жагсаал байгаагүй нь тодорхой.

Харин Иосеф болон түүний гэр бүл азгүйтэл, өвчин эмгэг, алдаа оноо, байгалийн гамшиг, аймшигт өвдөлт, шударга бус байдал, байнгын тодорхой бус, ядуу тарчиг байдлын замаар аялж ирсэн юм. Энэ нь Смитийн гэр бүл үргэлж зовлон шаналал дунд амьдарсан гэсэн үг ч биш. Тийм ч байгаагүй юм. Гэхдээ Палмирад хүрэх зам нь шулуун дардан, хөгжил цэцэглэлт дагуулсан, олон нийтэд танигдахаар байгаагүй билээ. Туйлдсан, цусандаа хутгалдсан, доголон бошиглогч маань агуу ихийг бүтээх газартаа үл таних хүнээр өргүүлж ирсэн юм.

Үүнийг Иосефын амьдралаас болон Мормоны Номын ирэлтээс бидний сурах ёстой эхний сургамж гэж бодож болно. Бүтэлгүйтэл, золгүй явдал, хатуу эсэргүүцэлтэй тулгарсан ч гэлээ, олон тохиолдолд тэдгээрээс болж Иосеф Смит номлолоо гүйцээхийн тулд байвал зохих газартаа ирсэн юм. Одоо, эсвэл ирээдүйд та эргэн тойрноо харахад, таныг ажлаасаа халагдсан үед хичээл зүтгэлгүй нэгэн танил тань ажилдаа амжилт гаргасан байвал; хэрэв гэнэтийн өвчин зовлон таныг удаан хугацааны турш үйлчлэлээс холдуулбал; чухал албан тушаал өөр хэн нэгэнд өгөгдвөл; хэрэв номлолын хамтрагч тань танаас хурдан хэл сурч байвал; сайн санаж хийсэн үйлдлийнхээ хариуд хамтрагчид, тойргийн гишүүд, номлолын удирдагчидтай таарамжгүй байвал; эсвэл гэрээс чинь санхүүгийн бэрхшээл юм уу эмгэнэлтэй явдлын мэдээ ирвэл; эсвэл хэрэв та өдөр бүр бусдын аз жаргалын төлөө бүтээгдсэн мэт санагдах номлол хэмээх жүжигт гол дүр бүтээхгүй байгаагаа мэдэрч шантарч байгаа бол үүнийг сана: 2000 жилийн өмнө Голготад болон цэцэрлэгийн булшинд болсон үйл явдлуудаас хойш дэлхийн түүхэн дэх хамгийн агуу зүйлийн тайз руу очиж байх яг тэр үед Иосеф Смитэд эдгээрийн олон нь тохиолдсон юм.

Та нар “гэхдээ миний амьдрал, хувь тавилан маань хэзээ ч бошиглогч Иосефийнхтой адил байхгүй” гэж хэлж магадгүй.

Үнэхээр ч тийм байж болох юм. Гэхдээ та нарын амьдрал Бурханд хамаатай бөгөөд та нарын болон та нарын номлолдоо уулзах бодгаль бүрийн мөнхийн хувь тавилан нь бошиглогч Иосеф Смитийнхтэй адил ач холбогдолтой гэдгийг би гэрчилж байна. Тиймээс амьдрал эсвэл нэн ялангуяа номлогчийн ажил хүнд, эргэлзээтэй, бүүдгэр болох үед хайрт Иосефийн адилаар та нар хэзээ ч бууж өгөх ёсгүй. Харин Паулын заасанчлан, та нар “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг” (Ром 8:28; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) ойлгох ёстой.

Залуу Иосефийн адилаар Бурхан та нарын мэдэж байгаагаас ч илүү зүйлд та нарыг өдөр бүр бэлтгэж мөн чиглүүлж байгаа!

Эшлэлүүд

  1. Иосеф Смит—Түүх 1:14.

  2. Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х.14

  3. Люси Мак Смит, Biographical Sketches of Joseph Smith, the Prophet, and His Progenitors for Many Generations (1853), 37, 45-ыг үзнэ үү. Смитийн гэр бүл Палмира руу нүүсэнтэй холбоотой товч мэдээлэл авахыг хүсвэл Richard Lyman Bushman, Joseph Smith: Rough Stone Rolling (2005), 17–29-ийг үзнэ үү.

  4. Люси Мак Смит, Biographical Sketches, 49-ийг үзнэ үү.

  5. Люси Мак Смит, Biographical Sketches, 49-50-ыг үзнэ үү.

  6. Люси Мак Смит, Biographical Sketches, 51-ийг үзнэ үү.

  7. Люси Мак Смит, Biographical Sketches, 60, 62-ыг үзнэ үү.

  8. Люси Мак Смит, Biographical Sketches, 62-63-ыг үзнэ үү.

  9. LeRoy S. Wirthlin, “Joseph Smith’s Boyhood Operation: An 1813 Surgical Success,” BYU Studies 21, no. 2 (1981): 146–154-ийг үзнэ үү.

  10. Люси Мак Смит, Biographical Sketches, 64-ийг үзнэ үү.

  11. Люси Мак Смит, Biographical Sketches, 65-ыг үзнэ үү.

  12. Люси Мак Смит, Biographical Sketches, 66-г үзнэ үү.

  13. Church History in the Fulness of Times, 2nd ed. (2003), 24-ийг үзнэ үү.

  14. Люси Мак Смит, Biographical Sketches, 67-г үзнэ үү.

  15. Люси Мак Смит, Biographical Sketches, 68, 70-ыг үзнэ үү.

  16. Иосеф Смит, The Papers of Joseph Smith, ed. Dean C. Jessee, 2 vols. (1989), 1:268.

  17. The Papers of Joseph Smith, 1:268-ыг үзнэ үү.

  18. Иосеф Смит, The Papers of Joseph Smith, 1:268–269-ийг үзнэ үү.