2015
Миний хоол хэтэрхий энгийн байсан уу?
зургадугаар 2015


Миний хоол хэтэрхий энгийн байсан уу?

Жэннифэр Клингосмит, АНУ, Юта

illustration of casserole dish with hands clasping in front of it

Маргааш нь үдээс хойш би өөртөө хийсэн оройн хоолоо Морган эгч, түүний нөхөр хоёрын хуримын ойд зориулан аваачиж өгөх ёстой гэж сүнслэгээр мэдэрлээ.

Зураг чимэглэлийг Брэдли Х.Кларк

Би хэдэн жилийн турш Морган гэдэг нэртэй хөршийнхөө буюу найз эгчийнхээ айлчлагч багш байсан юм. Тэр надаас олон насаар эгч байсан учраас би түүнд заахаасаа илүү түүнээс болон түүний амьдралаас их зүйлийг сурдаг байлаа.

Намайг Морган эгчийн айлчлагч багш байх үед тэр хорт хавдартай гэж оношлогдсон юм. Би түүнийг эмчилгээнүүдээ хэрхэн зоригтой хийлгэхийг, бас нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулан явдгийг гайхдаг байв.

Тэрээр нэг удаа түүн дээр айлчлан очих үеэр маргааш хуримынх нь ой болно гэж билээ. Бидний яриа удалгүй өөр зүйлс рүү шилжиж, айлчлал маань ч өндөрлөсөн.

Маргааш үдээс хойш нь би өөртөө хийсэн оройн хоолоо Морган эгч, түүний нөхөр хоёрын хуримын ойд зориулан аваачиж өгөх ёстой гэж сүнслэгээр мэдэрлээ. Би энгийн өдөр тутмын хоол хийж байсан учраас эхлээд энэ өдөөлтийг үл тоомсорлосон юм. Ийм онцгой үйл явдлын үеэр энгийн хоол өгөх нь тохиромжгүй шүү дээ.

Гэвч өнөөх өдөөлт намайг орхисонгүй. Би ажил дээрээ байсан нөхөр рүүгээ залгаж, түүнийг ч бас үүнийг сайн санаа биш гэж хэлэх байх гэж найдаж байлаа. Харин тэр намайг Морган эгч рүү утасдаад, оройн хоол аваачиж өгөх гэж байгаагаа хэл гэж зөвлөв.

Би энгийн хоолноосоо санаа зовон, өөрийнхөө таамаглалаас болоод найз руугаа утасдаж чадаагүй ч, оройн хоолоо хуваалц гэсэн мэдрэмжийг эсэргүүцэж чадсангүй. Тиймээс би хоолоо саванд хийж, авч гарснаа тээнэгэлзэн алхав.

Би тэдний хашаанд ороод, Морган ах, эгч хоёрыг машиндаа сууж байгааг харлаа. Би тэдний хуримын ойд зориулан оройн хоол авчирснаа, мөн тэд хоолыг авна гэж найдаж байгаагаа хэлсэн юм.

Морган эгчийн нүүрэнд инээмсэглэл тодров. Тэр хавдрын эмчилгээнээс болж маш их ядарсан учраас хоол хийж, эсвэл өөр тийшээ явж чадахгүй учраас тэр хоёр ойрхон байдаг түргэн хоолны газарт очиж, хуримын ойгоо тэмдэглэх гэж байснаа тайлбарласан юм. Тэр оройн хоолоо гэртээ идэх болсондоо сэтгэл нь амарсан харагдаж байв.

Тэд миний хийсэн энгийн хоолыг хүлээн авахад би сэтгэл уужирч, аз жаргалаар дүүрч билээ.

Морган эгч хоёр сар хүрэхгүй хугацааны дараа хавдрын эмчилгээгээ дуусах үед хайртай нөхөр нь өвчний улмаас гэнэт нас барав. Хэдхэн долоо хоногийн өмнө тохиосон хуримын ой тэдний сүүлчийнх байсан юм.

Тэр зун би бусдад үйлчлэхэд урьдаг Сүнсний намуун, зөөлөн дуу хоолойг дагах талаар маш их зүйл сурсан. Бидний хийх үйлчлэл нь амархан биш, эсвэл бидний нүдэнд энгийн байж болох боловч энэ нь яг хэрэгтэй тэр зүйл нь байж болно. Энэ туршлага нь Их Эзэний хүссэн болгонд үйлчлэх зоригийг надад өгч, “тэнгэр элчүүдийн ажлыг” хийх итгэлийг маань нэмэгдүүлсэн юм (“Сионы эгч нар,” Hymns, дугаар 309).