2015
Иохан Баптисттай адил сайн мэдээг хуваалцах нь
зургадугаар 2015


Иохан Баптисттай адил сайн мэдээг хуваалцах нь

Иохан Баптист Аврагчийн эхний ирэлтэнд хүмүүсийг бэлтгэсэн шиг та нар Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь хүмүүст тусалж чадна.

John the Baptist preaching.

Иохан Баптист цөлд номлож байгаа нь, Роберт Т.Барретт

Та нар Иохан Баптисттай адил “Иудейн цөлд” (Maтай 3:1) номлолд үйлчлэхгүй. Та нар “тэмээний ноосоор” (Maтай 3:4) хийсэн хувцас өмсөхгүй. Та нар “царцаа болон зэрлэг зөгийн бал” (Maтай 3:4) идэх хэрэггүй. Гэхдээ сайн мэдээг хуваалцах та нарын зорилго Иохан Баптистынхтай адил юм. Та нар “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж” (Maтай 3:2) хашгирах арга замаар хүмүүсийг Есүс Христийн ирэлтэнд бэлтгэдэг.

Иохан Баптистын номлол тодорхой байсан: “тэрээр Их Эзэний замыг бэлтгэхээр, Мессиагийн өмнө ирэх нэгэн” (1 Нифай 10:7) байсан юм. Гэвч түүний номлол амар байгаагүй. Түүний өмнөх сүүлчийн бошиглогч нь 400 гаруй жилийн өмнө амьдарч байсан Малахи юм. “Бошиглогчгүйгээр тэр нутаг дахь хүмүүс судруудыг орчуулж, хүмүүсийг удирдах эрхийг өөрсдөдөө олгосон хэсэг, бүлгүүдэд хуваагдаж эхлэв. Иеховагийн талаарх үнэн бодит ойлголт эдгээр бүлгийн дунд багасчээ.”1

Иоханы өдрүүдэд бэрхшээлүүд байсан ч гэлээ, олон хүн түүний номлохыг сонсох гэж цөлд ирсэн бөгөөд тэр олон хүнд баптисм хүртээсэн. Ирээдүйд төлөөлөгч болох хайрт Иохан, Андрей нар Иоханаар дамжуулан Есүстэй танилцсан юм (Иохан 1:40-ийг үзнэ үү).

Сайн мэдээг хуваалцахад өнөөдөр ч гэсэн бэрхшээлтэй байдаг. Орчин үеийн амьдралд анхаарал сарниулах зүйл олон байгаа. Дэлхийн гүн ухаан хүмүүсийг буруу тийш удирддаг. Илүү олон хүн ёс суртахууны өндөр жишгүүдээр амьдрахаа больж байна. Зарим хүн шашин хэрэггүй гэж үздэг.

Young man  talking to people

Эдгээр нөхцөл байдалд та нар Иохан Баптист шиг сайн мэдээг хэрхэн амжилттай хуваалцаж чадах вэ? Түүний амьдралаас авсан, бидэнд тусалж чадах хэдэн зүйлийг доор харуулав:

Иохан өөрийн номлол юу вэ гэдгийг мэдэж байсан. Тэр Христэд ирэхэд нь хүмүүст туслахаар дуудагдсан гэдгээ мэдэж байсан (Лук 1:16-г үзнэ үү). Иохан Аврагчийг хараад, “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун” (Иохан 1:29) хэмээн гэрчилсэн билээ. Тэр хүмүүсийг өөрийг нь дагахад урамшуулахын оронд Есүс Христийн дагалдагчид болоход нь тэдэнд тусалсан. Иохан Баптист Аврагчийн тухай “Тэр өсөж, харин би буурах ёстой” (Иохан 3:30) хэмээн хэлжээ.

Иохан Есүс Христийн сайн мэдээний үндсэн зарчмуудыг заасан юм. Тэр шударга ёс, нигүүлсэл, шударга зан, ёс суртахуун, мацаг барилт, залбирал, наманчлал, нүглийн хүлээлт, усанд умбуулалтаар хийгдэх баптисм, амилалт, шүүлт зэргийн талаар хүмүүст заасан (Maтай 3; Лук 3-ыг үзнэ үү). Түүний заасан зүйлсийг Аврагчийнхтай адил гэж дүрсэлж болно: “Хүмүүс Түүний сургаалыг гайхаж байлаа. Учир нь тэр … эрх мэдэлтэй нэгэн мэт тэдэнд сургаж байв” (Maрк 1:22).

Иохан дэлхийнхнээс өөрөөр амьдарсан. Есүс Иоханыг дэлхийн багш нартай дараах байдлаар харьцуулсан: Иохан “Хээнцэр хувцасласан … хээнцэр гоёмсгоор хувцаслаж, … хаадын ордонд байдаг” (Лук 7:25) хүн байгаагүй юм. Тэрээр “дарс, эсвэл согтоох ундааг хэзээ ч” (Лук 1:15) амсаагүй юм. Иохан “Цөлд хашхирагч нэгний дуу ЭЗЭНий замыг бэлтгэгтүн, Түүний замыг шулуун болгогтун” (Maрк 1:3) гэж хэлэх хүн байсан юм. Тэр Бурханы хүчээр заасан учраас хүмүүс Сүнсийг мэдэрч, мөн хөрвүүлэгдсэн.

Иохан бүхнээ зориулдаг байсан. Нэг эрдэмтэн Иоханы зан чанарыг ийн дүгнэн хэлжээ: “Тэр зорилгодоо бүхнээ зориулж, онцгой дуудлагадаа өөрийгөө зориулж, мөн Бурханы Хүүд үнэнч байсан. Эдгээр чанар болох түүний санваарын эрх мэдэл, байр сууриа хадгалах болон хувийн зөв шударга байдал нь түүнийг судрууд дээрх хамгийн агуу дүрүүдийн нэг болгодог.”2

Та нар Иохан Баптистын амьдралыг судлахдаа, тэр бол Есүс Христэд баптисм хүртээх онцгой адислалыг авсан хүн гэдгээс илүү агуу хүн болохыг харах болно. Түүний амьдрал ба номлол нь та нарынхтай адил хүмүүсийг Аврагчийн ирэлтэнд бэлтгэх явдал байсан гэдгийг та нар харах болно.

Эшлэлүүд

  1. С.Кэнт Браун ба Ричард Нийцл Холзапил, “Алдагдсан 500 жил: Малахигаас Иохан баптистыг хүртэл,” Лиахона, 2014 оны 12-р сар, 30.

  2. Робэрт Ж.Мэттьюс, “John the Baptist: A Burning and a Shining Light,” Ensign, 1972 оны 9-р сар, 79.