Этаны гэрчлэл
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Этанаас бусад нь гэрчлэлтэй юм шиг санагдаж байлаа.
“Сонс, сонс. Ариун Сүнс шивнэх болно. Намуухан зөөлөн дуу хоолойг сонс, сонс” (Хүүхдийн дууны ном, 106).
Этан хуваалцах цаг дээр сууж байхдаа, гэрчлэлээ хуваалцаж байгаа сайн найз Сэмийг харлаа. Түүний найз Сара бас ээлжээ хүлээгээд сууж байв. Сэм хийсэн үйлчлэлийн төслийнхөө тухай ярив. Түүнд үйлчлэлийн тухай гэрчлэл бий гэж тэр хэллээ. Сара гэр бүлийн талаар гэрчлэлээ хуваалцав. Этаны багш бас гэрчлэлээ хуваалцан, ариун сүмийн ажлын талаар ярилаа. Тэд бүгдээрээ энэ Сүм үнэн гэдгийг гэрчилсэн. Этанаас бусад нь гэрчлэлтэй юм шиг санагдаж байлаа.
Надад ямар гэрчлэл байдаг билээ? гэж Этан бодов.
Тэр хэдэн жилийн өмнө найзуудынхаа хамт баптисм хүртсэн тухайгаа бодлоо. Хүүхдийн ангийн багш Калдэр эгч Ариун Сүнсний тухай үг хэлж байсан.
“Ариун Сүнс та нарын зүрхэнд шатах мэт мэдрэмжийг өгдөг. Тэр та нарыг юу үнэн болохыг мэдэхэд тусална” гэж Калдэр эгч хэлсэн юм. “Та нар итгэдэг зүйлийнхээ талаар ингэж л гэрчлэлтэй болдог.”
Этан зөв гэсэн зүйлийг хийж, Ариун Сүнсийг мэдрэхийг хичээсэн. Тэр судруудаа уншиж, залбирсан. Гэвч түүнд хүмүүсийн яриад байгаа шиг шатах мэт мэдрэмж огт төрж байгаагүй. Тийм болохоор түүнд гэрчлэл байхгүй гэсэн үг үү?
Маргааш нь өдрийн турш Этанд энэ асуулт бодогдсоор байв. Этан хичээлийн дараа Сэмтэй скэйтерээр гулгаж байхдаа ч энэ талаар бодсоор байв. Тэр энэ тухай Сэмээс хэрхэн асуух вэ гэж бодлоо.
“Хүүе Сэм, чи өчигдөр гэрчлэлээ хуваалцахдаа айж байсан уу?” гэж Этан арайхийн асуулаа.
Сэм тавцангаасаа үсэрч буугаад, зүлэг рүү алхав. “Бараг л үгүй” гэж хэлээд тэр доош суулаа. “Би урьд нь гэр бүлийн үдэш дээр гэрчлэлээ хуваалцаж байсан.”
Этан түүний хажууд суугаад, скэйтерээ өвөр дээрээ тавив. “Гэхдээ чи гэрчлэлтэй гэдгээ яаж мэдсэн бэ?”
“Аан, би тэр талаар залбирсан чинь надад сайхан мэдрэмж төрсөн юм.”
Этан толгойгоо удаан гэгч дохиод, скэйтерийнхээ дугуйг гараараа эргүүлэв. Яагаад ч юм, Этан ч бас тийм зүйлийг мэдрэхийг хүсэж байлаа.
Тэр орой гэрт харанхуй, чимээгүй болоход Этан залбирахаар орныхоо дэргэд өвдөг сөгдөн суулаа.
“Тэнгэрлэг Эцэг минь, намайг гэрчлэлтэй болоход туслаач. Сүм үнэн гэдгийг мэдэхэд минь туслаач. Иосеф Смит бошиглогч байсан гэдгийг мөн Мормоны Ном үнэн гэдгийг мэдэхэд туслаач.
Этан залбирч байгаад, түр залбирахаа болив. Тэр минут хэртэй бодлоо. Тэгээд “За, би одоо ямар нэг юм мэддэг болчихсон болов уу?” гэж өөрөөсөө асуув.
Тэгтэл түүнд намуухан, амар амгалан мэдрэмж төржээ. Энэ нь шатах мэт хүчтэй мэдрэмж байсангүй. Гэвч Этан энэ бол Ариун Сүнс байсан гэдгийг мэдэв.
Этанд “Би аль хэдийн мэддэг юм байна шүү дээ” гэх нэгэн бодол төрөв. Тэр энэ талаар бодож байхдаа ийм амар амгалан мэдрэмжийг урьд нь мэдэрч байснаа саналаа.
Түүнд Мормоны Номоо унших бүрд энэ нь сайхан бөгөөд зөв гэж санагддаг байв. Одоо Этан тэр мэдрэмж бол Ариун Сүнс байсан гэдгийг мэдэж авлаа. Түүнийг сүм рүү явахад зөв, сайхан мэдрэмж төрдөг байсан нь бас л Ариун Сүнс байжээ. Тэрээр аль хэдийн өөрийн гэсэн гэрчлэлтэй болсон байж.
Тэр бүх зүйлийг яг одоо мэдэх шаардлагагүй юм. Гэвч тэр Ариун Сүнс байдаг бөгөөд түүнийг гэрчлэлтэй болоход түүнд тусалж чадна гэдгийг мэддэг боллоо.
Тэр дахин залбирч эхлэв. Гэхдээ энэ удаа тэрээр баярлалаа гэж хэлэхээр залбирсан юм.