2016
Болихоор шийдсэн нь
April 2016


Болихоор шийдсэн нь

Зохиогч нь АНУ-ын Нью-Йоркод амьдардаг.

Олон жил давтсан ч төгөлдөр хуур тоглох чадвар маань сайжирсангүй. Эцэг эх маань намайг нэг нөхцөлтэйгөөр тоглохоо больж болно гэсэн юм. Би 50 дуулал тоглож сурах ёстой байв.

playing piano

Нэгэн удаа би төгөлдөр хуурынхаа сэтгэлээр унагам хичээлээс нүдэндээ дүүрэн нулимстай гэртээ ирсэн юм. Би дөрөв дэх жилдээ төгөлдөр хуурын хичээл авч байсан бөгөөд арайхийж “Twinkle, Twinkle, Little Star” дууг тоглож сураад байлаа. Багш маань миний аймшигтай тоглолтын талаар аль болох эерэг зүйл хэлэхийг хичээсэн ч би сэтгэлээр унав. Эцэг эх маань миний хүсээгүй мөн ямар ч ирээдүйгүй төгөлдөр хуурын хичээлд мөнгө төлж байв.

Би эцэг эх маань намайг тоглохоо болихыг зөвшөөрөөсэй гэж хүсэж байлаа. “Зөвшөөрчих л дөө” гэж би гуйв. “Би хэрэгтэй бүхнийг хийх болно. Юу хийх вэ?”

Тэд хоорондоо ярилцаад, “Хэрэв чи 50 дуулал тоглож сурвал бид чамайг тоглохоо болихыг зөвшөөрнө” гэж хэлэв.

Би тэр даруй давтаж эхэллээ. Би болихыг үнэхээр их хүсэж байсан тул төгөлдөр хуур дээр илүү их цаг зарцуулах нь надад асуудал биш байв. Эхний дуулал болох “Бурхан минь, Бошиглогч илгээсэнд бид талархъя” (Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном, 36) дууллыг тоглож сурахад бараг сар болов. Би тоглохоо болимоор байсан тул үргэлжлүүлэн давтлаа.

Сонирхолтой зүйл тохиолдсон нь дууллыг тоглож сурахад амархан болж байсан юм. Би долоо хоногийн турш илүү их аз жаргал мэдэрч байв. Би өдрийн туршид дууллыг амандаа аялж, ариун ёслол дээр илүү чанга дуулдаг боллоо.

Яваандаа би хэчнээн дуулал сурснаа ч тоолохоо болив. Миний төгөлдөр хуур тоглох чадвар сайжирсаар, би шинэ дууллыг 30 минутаас бага хугацаанд төгс тоглож чаддаг болсноо анзаарсан юм.

Эцэст нь би сурсан бүх дууллаа нэмээд үзтэл 50-аас хол давсан байлаа. Ингэж миний төгөлдөр хуур тоглохоо болино гэдэг бодол замхран алга болсон юм. Би тоглох чадвартаа илүү их итгэлтэй болж, амьдралдаа дууллын хүчийг мэдэрсэн.

Дуулал нь судрын нэгэн адил үнэнийг өгүүлдэг. Би дуулал тоглохдоо судруудад умбаж байгаа мэт мэдрэмж надад төрдөг. Дууллыг тоглож сурах нь гэрчлэлээ хөгжүүлж, үнэнийг мэдэх эхний алхам байсан юм. Би өдрийн туршид надад туслах өөр өөр дууллын үгсийг боддог. Төгөлдөр хуур тоглох нь миний гэрчлэлийг хүчирхэгжүүлж, хаана ч байсан надад тусалдаг юм.