2016
Санваар: Найдвартай зангуу
April 2016


Сайн мэдээний сонгодог бүтээл

Санваар бол найдвартай зангуу

Ахлагч Л.Том Пэрри энэ өгүүллийг залуу санваартнуудтай хуваалцахаар 2015 оны 5-р сарын 28-нд буюу нас барахаасаа 2 хоногийн өмнө бэлдсэн байв.

Aaronic Priesthood members passing the sacrament

Миний амьдралын хамгийн агуу хүч чадал нь Бурханы санваар юм. Санваар нь залуу эрэгтэйчүүд та нарын хувьд ч бас найдвартай зангуу байх болно гэдэгт би итгэдэг. Ийм хүчийг амьдралдаа байлгахын тулд та нар үүнийг ойлгож, ашиглах шаардлагатай.

Санваартай холбогдох эхэн үеийн туршлагууд

Миний бие Юта мужийн Логан хэмээх тав тухтай сайхан газар өссөн билээ. Би хүүхэд насандаа хоол хүнс, гэр орон эсвэл боловсролын талаар санаа зовох зүйлгүй байлаа. Гэвч амьдрал амар хялбар байсан учраас зангуу болж тогтоох ямар нэгэн зүйлээс зууран авах нь надад шаардлагатай байсан байх.

Миний хувьд тэрхүү зангуу нь Бурханы санваар болсон юм. Би онцгой нөхцөл байдалд өсөж торнисон. Миний эцэг намайг нэг настай байхад бишопоор дуудагдсан бөгөөд 19 жилийн туршид манай бишопоор үйлчилсэн юм. Түүний өгсөн эцгийн болон сүнслэг удирдамж надад маш их тус дэм болдог байсан.

Тийм ч учраас би 12 насныхаа төрсөн өдрөөр Аароны санваар хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байж билээ. Аав минь миний толгой дээр гараа тавьж, Аароны санваарын эрх мэдлийг өгсөн тэр онцгой өдрийг би санаж байна. Дараа нь би Аароны санваарын бүх албанд ахисан бөгөөд дуудлага хүлээн авахдаа маш их баяртай байдаг байв.

Ариун ёслолыг түгээх нь миний хувьд маш онцгой байдаг байсан. Хүмүүс Их Эзэний бие, цусыг төлөөлсөн бэлгэ тэмдгээс хүртэхдээ Түүнд өөрсдийгөө дуулгавартай байлгаж, Түүний зарлигуудыг дагана гэдгээ амлаж байгааг та харах боломжтой байдаг.

Санваарын талаарх ойлголт өсөх нь

Цаг хугацаа өнгөрч, би дунд сургуулиа төгсөөд, дараа нь коллежид нэг жил суралцаж байхдаа номлолд үйлчлэхээр дуудагдав. Би номлолынхоо агшин бүрд аз жаргалтай байж, хамтрагчдадаа ч хайртай байсан. Ялангуяа нэг нь надад маш их хүч чадал өгсөн юм. Би түүнтэй хамт үүрэг хариуцлагаа гүйцэтгэж байхдаа түүнээс их зүйл сурч авсан.

Улс орон маань дэлхийн дайнд оролцож байсан тул би номлолоос буугаад Нэгдсэн Улсын Тэнгисийн явган цэрэгт үйлчлэхээр нэгдсэн юм. Дайн дууссаны дараа би коллежид эргэж орсон бөгөөд гэрлэж, гэр бүлтэй болсон. Би мэргэжлийнхээ дагуу Нэгдсэн Улс даяарх олон газарт очиж ажиллахдаа санваарын олон дуудлагад үйлчилж, их ч зүйл олж мэдсэн. Эцэст нь би Массачусетс муж улсын Бостон хотод суурьшиж, тэнд гадасны ерөнхийлөгчөөр үйлчлэх болсон юм. Тэнд байхдаа би эхлээд Арванхоёрын туслахаар дуудагдаж, 17 сарын дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдсан.

Төлөөлөгчийн хувьд суралцсан зүйлс

Би Арванхоёрын чуулгад гишүүн байхдаа юу мэдэж авсан бэ?

Санваарт хөтөч, зангуу мөн хамгаалалт байдаг гэдгийг би мэдэж авсан.

Санваар нь үргэлжид байсан. Адамыг газар дэлхий дээр ирэхээс өмнө түүнд санваарын эрх мэдэл байсан. Адамын үр удам санваарын эрх мэдэлтэйгээр тарцгаасан учраас санваарыг захирахын тулд зохион байгуулах шаардлагатай болсон билээ. Их Эзэн Абрахамыг өөрийн санваартан бүхий гэр бүлийн дээр тэргүүн нь байхаар дуудсан. Энэхүү зохион байгуулалт Исаакийн болон Иаковын дор үргэлжилж, хожим нэр нь Израиль болж өөрчлөгдсөн юм.

Олон зууны дараа Израилийн хүүхдүүдийг боолчлолд ороход тэднийг чөлөөлөхөөр Их Эзэн Мосег илгээсэн боловч тухайн үед ард түмэн Мелкизедек санваарыг хүлээн авахад бэлэн биш байгаагаа харуулсан. Тиймээс тэд Аврагчийг ирэх хүртэл Аароны санваартайгаа үлдсэн.

Аврагч үйлчлэлээ эхлүүлэхдээ юуг түрүүлж хийсэн нь тун сонирхолтой байдаг. Тэр Мелкизедек санваарыг зохион байгуулсан. Тэрээр Арванхоёр төлөөлөгчийг дуудаж, санваарын хуулиуд, ариун жаягийн тухай заасан. Аврагч Петрийг гол төлөөлөгчөөр дуудаж, Өөрийн Сүмийн эрх мэдлийн шугамыг байгуулсан юм. Тэр өдрүүдэд ч өнөө үед ч Есүс Христ Сүмийг тэргүүлж удирдах гол төлөөлөгчөө сонгодог бөгөөд түүнийг санваарын үүргүүдэд нь удирдан чиглүүлдэг.

Тиймээс санваар нь Их Эзэнээс гол төлөөлөгчөөр дамжин бусад төлөөлөгч, Сүмийн санваартнуудад хүрдэг шулуун шугам юм. Эрх мэдлийн түлхүүрүүд төлөөлөгчдөд өгөгдөж мөн тэдгээр түлхүүр газар дэлхий дээр байгаа цагт Их Эзэн Өөрөө биднийг удирдах болно. Энэхүү бурханлаг удирдлага нь биднийг хамгаалж байдаг бөгөөд Сүм үнэнээс хазайхгүй гэдгийг бидэнд баталж өгдөг. Сүмийг дэлхийн ямар нэгэн амьд бие удирддаггүй тул үргэлж тогтвортой хэвээр байдаг. Их Эзэн Сүмийг удирддаг.

Санваарын тухай сургаалуудаас суралцах

Залуу эрэгтэйчүүд та бүгдэд өгөх миний хамгийн том зөвлөгөө бол санваарын тухай сургаалуудаас суралцаж, санваарын эрх мэдлээ хэрэгжүүлэх үедээ авах хүч чадлыг ойлгосноор энэ нь та бүгдийн болон бусдын амьдралыг хэрхэн адисалдагт суралцах явдал юм.

Хэрэв та бүхэн санваарын тухай сургаалуудаас суралцаж, санваарын үүрэг хариуцлагаа биелүүлэх юм бол санваар та нарыг сүнслэгээр аюулгүй байлгаж мөн та нарт баяр хөөр авчрах найдвартай зангуу байх болно. Санваарын чуулгадаа үнэнч бай. Найз нөхдөдөө хүрч ажиллан, тэднийг чуулгадаа урьж авчир. Чуулгадаа та бүхний амьдралын байнгын үндэс болох ахан дүүсийн барилдлагыг бий болго.